Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 0227

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Л.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч Н.Бат-Очир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бат-Очирт холбогдох эрүүгийн 1725000000014 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, нийгэм судлаач мэргэжилтэй, МСS ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг Төгөл гарден 16а-11 тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх Илжгэн овогт Нямдаваагийн Бат-Очир /РД: ОС84010618/

 

Шүүгдэгч Н.Бат-Очир нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эхнэр Л.Оюун-Эрдэнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Н.Бат-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 21-нээс 23-ны хооронд манай байгууллага хөдөө амарсан. Тухайн үед архи уусан. Би тэр үед эхнэрээ хажууд байгаарай намайг халамжилаарай гэж хэлсэн байсан. Гэтэл буцах болоход эхнэр өөр машинд сууна гэснээс болж эхнэрээ өргөөд өөрийнхөө машинд суулгах үед эхнэр гэдийж санамсаргүй байдлаар машины хаалга мөргөсөн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Л.Оюун-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 21-нээс 23-нд манай байгууллагынхан Хөвсгөл далайд амарсан. Энэ хугацаанд нөхөртэйгөө ойр зуурын асуудлаас болж маргалдсан. Тэгээд 23-нд буцах болоод би бие засах гээд машинаас гарах гэхэд дагаад буусан. Тэгээд би өөр микронд суух гэхэд оруулахгүй гээд намайг тэврээд өөрийнхөө суух микронд оруулах гэж байгаад би толгойгоо цохисон. Бидний хооронд гэр бүлийн хүчирхийлэл болдоггүй. Жижиг сажиг зүйлээс болж маргах явдал байдаг. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч М.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Оюун-Эрдэнэ, Бат-Очир нар хоорондоо их гайгүй харьцаатай байдаг. 2017 оноос хойш Бат-Очир архи их уудаг болчихсон. Архи уусан үедээ агсан согтуу тавьдаг сураг дуулдаж байгаа. Миний охин Оюун-Эрдэнийг Бат-Очир архи уусан үедээ байнга дарамталж хүнтэй хардаж сэтгэл санааны хүнд байдалд байлгадаг болсон. Оюун-Эрдэнийг цохиж зоддог зүйл байхгүй, харин сэтгэл санааны дарамтанд оруулдаг, хоолойг нь боодог, нүцгэнээр нь орцонд гаргаж байсан сурагтай байсан гэсэн мэдүүлэг /хх 10-11 ху/,

 

-Гэрч Б.Оюунцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгаас хамт ажилладаг хүмүүмсийн хамт Хөвсгөл далай орж тэндээ 2 хоночихоод 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймагт ирсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирчихсэн байхад захирал Бат-Очир, Оюун-Эрдэнэ нар хоорондоо маргалдаад Оюун-Эрдэнийг тэврээд машинд оруулах гээд өргөөд толгойг нь цохисон. Бат-Очир захирал Оюун-Эрдэнийг хамт байсангүй гээд уурлаад маргалдаад байсан гэсэн мэдүүлэг /хх 12 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 654 дугаартай дүгнэлтэнд:

1. Л.Оюун-Эрдэний биед духанд зөөлөн эдийн няцрал, хоёр гарын бугалга, шуу, зүүн ташаа зүүн гуянд цус хуралт үүсчээ,

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Төмөр хаалганд дарагдах үед үүсгэгдсэн байхыг үгүйсгэхгүй.

3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ ГЗЗ-ийн 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байхаар байна.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 18 ху/,

 

-Н.Бат-Очирыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 24-26 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Н.Бат-Очир нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эхнэр Л.Оюун-Эрдэнийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Л.Оюун-Эрдэний “...би өөр микронд суух гэхэд оруулахгүй гээд намайг тэврээд өөрийнхөө суух микронд оруулах гэж байгаад би толгойгоо цохисон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч М.Эрдэнэчимэг /хх-10-11/, Б.Оюунцэцэг /хх 12 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед духанд зөөлөн эдийн няцрал, хоёр гарын бугалга, шуу, зүүн ташаа зүүн гуянд цус хуралт гэмтэл үүссэнийг тогтоосон 654 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Н.Бат-Очирын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Л.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Н.Бат-Очирыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Н.Бат-Очирт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5.д зааснаар  шүүгдэгч Н.Бат-Очир нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бат-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Ж.БАЙГАЛМАА