| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/0167/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/174 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Г |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/174
2025/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж
Улсын яллагч: М.Г
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.У
Шүүгдэгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О овгийн Б Бд холбогдох эрүүгийн 2512............ дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 25-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, хоёр хүүхдийн хамт А аймгийн Т сумын У багийн ..... дугаар гудамж, ..... тоотод оршин хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, О овгийн Б Б (ИБД:........)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 7-р багт байрлах “У” зочид буудлын 201 тоот өрөөнд Т.Нтай маргалдаж, түүний толгойн ар дагз хэсэг рүү цохиж хохирогч Т.Нгийн биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2512.......... дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Т.Нгийн “...2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай сумын Тамгын газрын шинэ жилийн арга хэмжээ аймгийн төвд “У” зочид буудлын ресторанд хийхээр болоод орой 18 цагт эхэлсэн. Би арга хэмжээн дээр 19 цагт ирсэн. Тэгээд арга хэмжээ орой 23 цаг өнгөрөөгөөд дуусаж манай байгууллага тус буудлын 201, 208 гэсэн урд урдаасаа харсан 2 хаалгатай өрөөг авсан байсан. Тухайн өрөөнүүдийн 208 тоот өрөөнд манай тамгын газрын ажилчид ороод баярын арга хэмжээг үргэлжлүүлсэн. Тэгээд би С, У нарын хамт 201 тоот өрөөнд орж унтахаар шөнийн 02 цаг өнгөрч байхад хаалгыг нь У татахад цоожтой байсан. Тэгээд У хаалгыг эхлээд тогшоод сүүлдээ онгойлгохгүй болохоор нь чанга нүдэж байсан. Тэгсэн уг өрөөнд чимээ гараад байсан тэгэхээр нь нүдэхээ болиод хэсэг харж байсан дотор гарч байсан чимээ алга болохоор нь У мөрөөрөө түлхээд орсон. Тэгэхэд уг өрөө харанхуй байсан. Дотор нь ороход засаг дарга Б цонхон талын орноос дээгүүрээ хувцас өмсөөд босоод ирсэн. Тэгээд өрөөний гэрэл асахад Б дарга хаалга талын орон дээр доошоо хараад хэвтсэн урд М сууж байсан. У Б даргын хажуугаар хэвтэж байгаа харагдсан. Тэгсэн засаг дарга Б миний урдаас дайраад хэл амаар доромжлоод гуйлгачин мөнгө нь ихэдсэн бацаанууд гэж хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байсан. Буцаад Стай коридорт гарч байж байгаад 208 тоот өрөө рүү орох гэж байхад Б дарга миний араас ар дагз хэсэг рүү гараараа цохих шиг болсон. Би эргэж хараад хоёр гарнаас нь барьж авахад С намайг салгаад араас тэврээд цонх хэсэг рүү аваачсан. Б даргыг Б урдаас нь тэвэрсэн байдалтай үүдэн хэсэгт байж байсан. Тэгсэн Б дарга цагдаа дуудаад байсан. Цагдаа ирээд Б дарга бид хоёрыг авч яваад цагдаагийн газар ирээд намайг эрүүлжүүлэхэд хийгээд Б даргыг явуулсан. Би тухайн 201 тоот өрөөнд анх орохдоо Б даргыг байгаа гэж мэдээгүй, М ганцаараа унтаж байгаа гэж бодоод С, У бид гурав унтаж амрах санаатай л орох гэсэн юм...Миний биеийн ар дагз хэсэг рүү нэг удаа цохих шиг болсон өөр цохиогүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй миний тархи доргисон байсан шинжилгээ хийлгээд толгойгоо бариулаад одоо зүгээр болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,
Хохирогч Т.Нгийн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, Б бид хоёр сайн дураараа эвлэрсэн, ямар нэгэн маргаан байхгүй болсон. Надад гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн санагдаж байна. Тухайн үед миний толгой өвдөөд байсан учир үзүүлсэн. 2025 оны 02 дугаар сард эмнэлэгт үзүүлсэн асуудал бол өөрийнхөө хувийн эрүүл мэндийн улмаас Улаанбаатар хотод ходоодоо дурандуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуу/,
Гэрч Сийн “...Манай Т сум 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 20 цагаас “У”
буудлын ресторанд шинэ жилийн арга хэмжээгээ зохион байгуулсан. Тэгээд уг арга хэмжээ дуусгаад манайх байгууллагаараа 2 өрөө авч амрахаар болоод дээш гарч 201 болон 208 гэсэн хоёр өрөөнд орсон байсан. Би болон Н, Э, Ө, У болон бусад хүмүүс байсан тэндээ нэг лааз пиво уугаад У нэлээд согтсон болохоор 201 тоот өрөө рүү оруулж амруулах гээд хаалгыг нь цохиход онгойлгохгүй байсан. Уг хаалгыг цохиод 10 минут орчим болоод онгойлгохгүй байсан чинь У хаалгыг түлхээд орсон. Тэгсэн дотроос нь засаг дарга Б дээгүүрээ подволк өмсөөд босоод ирсэн. Бид нар уг өрөөнд Засаг дарга Б болон түүний орлогч Б нарыг байгаа гэж бодоогүй. Тамгын газрын бичиг хэрэг Мг л унтаж байгаа гэж бодсон. Тэгсэн засаг дарга Б босож ирээд бид нар руу уурлаад амгалан тайван байдал алдагдууллаа гээд бид нарыг хараагаад гуйлгачин гэх мэтээр хэлж орилоод эхэлсэн. Тэгсэн Н урдаас нь таныг байгаа гэдгийг мэдээгүй гээд тайлбарлах гэж оролдсон чинь Н руу чи санаатай орж ирсэн гээд чи яадаг болсон юм, мөнгө нь ихэдсэн бацаанууд гуйлгачид минь гээд хэл амаар доромжилсон. Тэгээд Нтай барьцалдаад авахаар нь хоёр тийш нь салгаад 208 тоот руу орох гээд явах үед Б Нгийн ар дагз хэсэг рүү нэг удаа гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би Нг хориод цонхны ойролцоо аваад очсон, Бг Б араас нь тэврээд үүдний хэсэгт байлгаж байх үед гаднаас цагдаа ороод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,
Гэрч Ш.Бийн “...Би 208 тоот өрөөнд унтаж байхад хүмүүс чанга дуугараад эхэлсэн чинь цаана чинь юу болж байна Б гараарай гэсэн. Тэгээд коридорт гарахад Б, Н, С, Б, М нар байсан. Харахад Б, Н нар хоорондоо маргалдаад байгаа шинжтэй байсан. Би тэгэхээр нь та нар яагаад байгаа юм бэ одоо больцгоо гээд Б даргыг аваад 208 тоот өрөө рүү орсон. С Нг аваад бас 208 тоот өрөө рүү орсон. Уг өрөөнд ороод хэрэлдээд байсан болохоос нэг нэгнийгээ цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,
Гэрч Э.Угийн “...Баярын арга хэмжээн дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Шөнийн 01 цагийн орчимд 208 тоот өрөөнд орсон. Тэр өрөөнд архи, пиво байсан тэрнээс уугаад би архинд нэлээд согтоод болсон зүйлийг санахгүй байна. Өглөө сэрэхэд 201 тоот өрөөнд унтаж байсан. Тэнд байсан хүмүүс Засаг дарга Б болон багийн дарга Н нар хоорондоо маргалдаад цагдаа ирээд Нг эрүүлжүүлэхэд хонуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/,
Гэрч Н.Мгийн “...архи пиво хэрэглэж байгаад 201 тоот өрөөнд ороход орлогч дарга Б хаалга талын орон дээр доошоо хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би цонхон талын орон дээр нь утсаа оролдоод хэвтэж байсан чинь гаднаас Засаг дарга орж ирээд хаалга түгжээд гэрлээ унтраагаад миний хэвтэж байсан орны урд ирээд өөрийн хувцсыг тайлаад миний хажуугаар орж хэвтээд намайг тэврэх үнсэх гээд байсан. Тэгэхээр нь би та болиочээ гээд цааш нь түлхээд ориллоо шүү та ичихгүй бол би ичихгүй шүү гэж хэлээд нүүр хэсэг рүү нь гараараа түлхсэн. Тэгэхэд миний гар хуруу Б даргын хамрын нүх, нүд ам руу ороод байх шиг байсан. Тухайн үед харанхуй байсан надад юм харагдахгүй байсан болохоор багцаагаар түлхээд байсан. Сүүлд нь би хөлөө татаж аваад жийсэн чинь хойшоо болсон. Тэгэхээр нь босоод гарах гэсэн чинь миний гараас бариад авахаар нь та гараас тавиач ээ гээд орлогч дарга Бийн унтаж байсан орон дээр суусан. Тэр үед гаднаас хаалга тогшихоор нь би хаалга онгойлгох гэсэн чинь өөрөө онгойлгоно чи наанаа сууж бай гээд миний гарыг тавиад өөрөө хувцсаа өмсөж эхэлсэн. Тэгэхэд хаалга улам ширүүн нүдэж эхэлсэн. Өмд гутал, хувцсаа өмсөөд боссон чинь урдаас нь У гэх багийн засаг хаалга онгойлгоод ороод ирсэн. Тэгээд У миний сууж байсан орон дээр Б даргын хажуугаар ороод хэвтээд өгсөн араас нь нягтлан бодогч С, Б багийн Засаг дарга Н хоёр орж ирсэн. Тэгсэн Засаг дарга Б хүн унтаж байхад хүний амгалан тайван байдал алдагдууллаа гээд уурлаад мөнгө нь ихэдсэн бацаанууд гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Засаг дарга Б Н руу дайраад урдаас нь Б тэврээд авсан Н ахыг С ахтай хамт түлхээд 208 тоот өрөө рүү бүгд орсон. 208 тоот өрөө рүү орох явцад засаг дарга Б Нгийн толгой ар хэсэг дагз руу нэг удаа цохисон. Б засаг дарга Бг тэврээд үүдэн хэсэгт зогсож байсан. Нг С бариад цонхны ойролцоо зогсож байсан. Араас нь орлогч дарга Б орж ирээд жижиг буйдан дээр сууж байсан. Тэгсэн засаг дарга Б уурлаад намайг унтаж байхад амгалан тайван байдал алдагдууллаа хаалга үүд эвдэж орж ирлээ гээд цагдаа дуудаад байсан…Б дарга Нгийн толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа гараараа цохиж харагдсан. Засаг дарга Б намайг орон дээр хэвтэж байхад орж ирээд хувцсаа тайлаад тэврэх гээд дайрахаар нь би нүүр рүү нь гараараа түлхэх явцад миний гарын хуруунууд нүд хамрын нүх ам хэсэг рүү ороод байх шиг байсан, мөн цээж хэсэг рүү нь хөлөөрөө жийж хойш нь ухраагаад жоохон зай гарахаар нь би хөрвөөгөөд босоод ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/,
Гэрч Б.Бийн “...Би шинэ жилийн арга хэмжээ дуусаад “У” зочид буудлын 201 тоот унтах гээд ороход манай тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч М байж байсан...хэвтээд зүүрмэглэж байх зуур өрөөний хаалга чанга нүдээд би сэрээд харахад Б дарга гутлаа өмсөөд үүд рүү алхах шиг болоход хаалга эвдээд ороод ирсэн. Манай өрөөнд хүн орж ирээгүй. Б дарга урдаас нь очоод та нар хүн амраахгүй өөрсдөө ч амрахгүй буудлын хаалга үүд эвдээд байдаг чинь ямар учиртай юм бэ гэж загнаад тэр орж ирсэн хүмүүстэй буцаад коридор руу гарах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
Гэрч Э.Сийн “...Би Нг араас нь тэврээд явж байхад нэг гар орж ирээд Нгийн ар дагз
хэсэг рүү цохисон. Б даргын гар байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 хуу/,
Б.Бгийн яллагдагчаар өгсөн “...санал хүсэлт байхгүй, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 104 хуу/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 46 дугаартай “...Т.Нгийн биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. З. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь Т.Нг гараараа түүний толгой хэсэг рүү цохиж эрүүл мэндэд тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Хохирогч Т.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэрээр эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгч Б.Б нь эрүүл мэндийн даатгалын санд 27,900 (хорин долоон мянга есөн зуу) төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бд прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын гаргасан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг баталж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, тэрээр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Б Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг шүүхээс оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Т.Н нь эрүүл мэндэд учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгч Б.Б нь эрүүл мэндийн даатгалын санд 27,900 (хорин долоон мянга есөн зуу) төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА