Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/176

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    2025/ШЦТ/176

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж,

           Улсын яллагч: Б.Т

            Хохирогчийн өмгөөлөгч: С.П

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Б

            Шүүгдэгч: О.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн О Чад холбогдох эрүүгийн 2412........... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........... гэх газарт оршин суух, урьд Т овгийн Оын Ч /ИБД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Ч нь 2024 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө А аймгийн Ө сумын Х багийн ..... гэх газар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нг хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Эрүүгийн 2412............. дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

Хохирогч Б.Нгийн мэдүүлсэн “...2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр бид хоёр өөрийн машинтай А аймгийн төв явсан. Аймгийн төвд очоод бид хоёр Тэрхийн хажууд зогсоод нутгийн хоёр залуу Ш, О гээд гэр бүлийн хоёр хүнтэй уулзахад тэр хоёр 2.5-тай пиво авч ирсэн. Тэр хоёр манай машин дотор пиво уучихаад явсан. Тэр үед миний цүнхэнд байсан нөхөр бид хоёрын хуримын хос бөгж алга болсон байсныг би мэдээгүй. 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр бөгж алга болсныг мэдсэн хэнийг авсныг мэдээгүй. Тэрнээс хойш манай нөхөр Ч над руу чи бөгж алга болгосон манай аав, ээж авч өгсөн үнэтэй зүйл хэрийн хүний зүүдэггүй юмыг чамд зүүлгэсэн гээд өдөр болгон надаас асуугаад уурлаад байдаг байсан. Бид хоёр бөгжөө олохгүй ламд үзүүлсэн чинь хайж сураглаад хэрэггүй 10 хоногийн дотор би өөрөө сургийг нь гаргаж өгнө гэж байсан. 2024 оны 10 дугаар сарын 10-ны үдээс хойш нөхөр бид хоёрын үзүүлсэн лам яриад танай машинд гэр бүлийн хоёр хүн суусан байна, тэр хоёр хүн чинь авсан байна гэж хэлсэн нөхөр бид хоёр машинд хэн суусныг бодсон чинь Ш О хоёр суусан байсан. Манай нөхөр тэр өдрөө Ш О хоёртой уулзаж асууна гээд тухайн айлдаа 2.5-тай пиво аваад нөгөө айлдаа очсон. Тухайн айлд очсон чинь О байсан нөхөр Ш нь байхгүй байсан. Нөхөр бид хоёр пивоо Отой хувааж уучихаад бөгжөө асуусан чинь хараагүй гэж байсан. Бид хоёр буцаад харьсан. Манай нөхөр утсаар яриад Шыг гэртээ дуудсан. Ш манайд ирсэн манай нөхөр, Ш бид 3 яваад Шийн эхнэрийг авч ирээд манайд бид 4 пиво уугаад хуучлаад хоол идээд байж байхад Н манайд ирсэн. Н ирэхдээ ахдаа өгч байгаа гээд пивотой ирсэн. Нгийн авч ирсэн пивийг уугаад дууссан чинь манай нөхөр дахиж пивонд явна гэхээр нь би явуулахгүй гэсэн чинь надад уурлаад бөгж хэлүүлэх гээд байхад энэ хоёр согтоогүй байна гээд уурлаад байснаа би эхнэрээсээ салах гэж байгаа, авах хүн байвал аваач надад дараагийнх нь бэлэн байгаа, Нг чи авах уу гээд баахан хүний нэр хэлээд энэ энэтэй унтсан, чи аваад яв гээд байсан. Н 7,8 жил амьдарчихаад та тэгж болохгүй шүү дээ гэж хэлсэн. Тухайн үед миний уур хүрээд босоод ирсэн чинь манай нөхөр миний үснээс зулгаагаад чирээд баруун талын орон дээр дараад багалзуурдаад миний хамар руу гараар 2,3 удаа цохиод авсан. Миний хамраас цус гарсан. Би уйлаад аавынд ороод хөнжлөө нөмрөөд хэвтсэн. Тэгсэн миний араас Ш О хоёр орж ирсэн би тэр хоёрыг нөгөө талын орон дээр унтчих гээд ор засаж өгсөн. Ч Н хоёр гадаа маргалдаад байснаа Н орж ирээд зүгээр үү, наад цусаа цэвэрлээч гэхээр нь би зүгээр, зүгээр гээд хэвтэж байсан чинь манай нөхөр Ч орж ирээд ингээд л миний нүдэн дээр унтаад өгч байгаа биз дээ гээд намайг хардаад миний үснээс зулгаагаад, зүүн нүд рүү, хөмсөг рүү, эрүү рүү цохиод дээрээс хөлөөрөө дэвслээд байсан. Би хөнжлөө нөмрөөд зугтаж гарч гүйгээд Нгийн машинд суугаад намайг хүргээд өгөөч гээд Н машинаа асаагаад явсан. Адуучин толгой гэх газар хүрээд Нгийн машин эвдэрсэн. Нгийн утсаар би аав ээж хоёрыг дуудаад намайг аав ээж хоёр ирж аваад би И суманд очоод дүүгийндээ 3 хоног бие өвдөөд хэвтсэн. Манай нөхөр намайг байнга хэл амаар доромжилж, дарамталдаг. Би 7 жил нөхөртэйгөө хамт амьдрахдаа гэрээсээ ганцаараа ч гарч үзээгүй, байнга нөхөртэйгөө хамт явдаг. Гэр бүлийн гадуур харилцаа гаргаж үзээгүй мөнгө санхүүгээ манай нөхөр өөрөө барьдаг. Мал идээ зарсан орлого мөнгөө байнга эгчийнхээ данс руу хийдэг. Надад мөнгө төгрөг зарцуулах эрх байдаггүй. Бид хоёр хамт амьдраад 7 жил болж байна дундаасаа нэг хүүхэдтэй, манай хүүхэд миний нэр дээр байдаг. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Миний нүд, хөмсөг, шанаа, 2 талын гуя хөхөрсөн, тархи толгой хатгуулаад, хамаг бие даагдахгүй өвдөөд шөнө нойр хүрэхгүй байгаа. Би гомдолтой байна. Бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэлд байнга өртөж байна эмчилгээний зардал, сэтгэцийн гэм хорын хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 хуу/,

Гэрч Д.Бгийн өгсөн “...Манайх Ө сумын Х багийн Х гэх газар хүргэн Чын хамт айл байдаг байсан. Би 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос И суманд байдаг хүүгийндээ ирээд амарч байхад шөнийн 05 цагийн үед манай бэртэй манай охин Н утсаар яриад намайг Ч зодож нүдээд хөөж туугаад суулгахгүй байна би урдаас чинь дөхөж байна намайг ирж ав гэж ярьсан байсан. Нөхөр бид хоёр бэрээ аваад Нгийн урдаас явсан. 06 цагийн үед Н дээр очсон. Бид нарыг очиход миний охин Н цус нөжтэйгөө холилдсон нүд нь хөхөрсөн хөл нь бага зэрэг доголсон байсан. Би тухайн үед балмагдаад хэсэг дуу гараагүй. Би О И сум руу авч яваад хүүгийндээ очоод бие өвдөөд байна гэхээр нь өвчин намдаах эм хоёр давхарлаж өгөөд аймгийн төв авч яваад хүүхдийг нь авч ирсэн. Тэгээд би Осоо юу болсон талаар асуусан. Манай охин Н надад бид хоёрын хуримын хоёр бөгж алга болоод тэрнээс хойш Ч намайг бөгж алга болголоо аав ээжийн минь авч өгсөн дурсгалтай бөгж чи тэр бөгжийг олж ир гээд байнга уурлаж уцаарлаад малдаа явна гэж гараад согтуу ирдэг. 2024 оны 10 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө намайг зодоод миний хамаг бие өвдөөд хөндүүр байна, биеэ даахгүй байна гэж байсан. Бид нарыг аймгаас И суманд ирэхэд манай хүргэн Чын машин цайны газрын урд байсан. Бид нар очсон чинь хүргэн машин дотроо байхгүй байснаа цайны газраас гарч ирээд сайн явж байна уу гэхээр нь сайн явах яах вэ? явсан хойгуур юу болоод байгаа юм, архи уугаад миний охины яагаад зодож нүдээд байгаа юм гэсэн чинь би хоёр бөгжөө олчихлоо гэхээр нь би нээрээ олсон бол сэтгэл амар боллоо хэн авсан юм тэр бөгжийг чинь гэсэн чинь Ш авгайтайгаа авчихсан байна лээ гэхээр нь би охиныгоо аваад явлаа гэсэн чинь Нг би аймаг авч явмаар байна, Ш авсан бөгжөө нэг бөө хүнд өгсөн байна тэрийн заалгаж олуулах гэж байгаа гэхээр нь чи өөрөө бөгжөө олж авна биз гэсэн чинь манай охин цуг яваад наад бөгжийг нь авсан хүнийг нь ольё гээд тэр хоёр цуг яваад бөгжөө олоогүй ирсэн. Тэгээд бид нар хөдөө гэр рүүгээ хүргэнтэй хамт явсан. Гэртээ очоод охины бие өвдөөд байхаар өвчин намдаах эм өгөөд би гэртээ хэвтүүлэх гэсэн чинь хүргэн орж ирээд одоо би яах вэ гэхээр нь би гэрээ аваад зайл гэж хэлсэн. Тэгээд гараад явсан. Тэгсэн манай хүргэний эгч Цэцэгээ нөхөртэйгөө орж ирээд манай охин Н рүү чи яахаараа миний дүүг дээрэлхдэг юм гээд дайраад байсан. Нөхөр нь согтуу надад таньдаг цагдаа байна, та нар барах уу гээд гар хуруугаа гозолзуулаад байсан. Би охиныгоо миний охин ямар ч байсан дуугүй бай гэж хэлсэн. Эгч нь манай охин Нтэй барьцалдаж аваад байсан хоёр талын аав нь салгаад суулгасан. Би эгчид нь чи ямар хор шартай юм чамд байдаг хор шар надад ч байдаг юм. Эмэгтэй хүн байж ямар хайр найргүй юм, миний хүүхдийн бие өвдөөд хэцүү байна гэж хэлсэн чинь эгч нь уйлаад гараад явсан. Маргааш нь бид нар И сум яваад манай охины бие өвөөд 3 хоног хэвтсэн. Манай охин байнгын дарамтад байдаг, нөхөртөө байнга зодож нүдүүлдэг миний сэтгэл тайван байдаггүй охиндоо санаа зовоод байна. Миний охины зүүн нүд, эрүү зэрэг нь хөхөрсөн, хөл нь доголоод байсан. Толгой руу харсан чинь үсээ тайрсан байсан яагаад үсээ тайруулсан юм гэсэн чинь миний үснээс чирээд байхаар нь би үсээ богинохон болгоод тайрсан зарим юм аа сайн санахгүй байна толгой өвдөөд даагдахгүй зүүн талын чих юм сонсохгүй шуугиад байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,

Гэрч Д.Нгийн өгсөн “...Манайх А аймгийн Ө сумын Хануй багийн Г бэлэн гэх газар нутагладаг. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр санагдаж байна, би 22 цагийн үед Чынд очсон. Намайг Чынд очиход Ч, Н, Ш, О дөрөв байсан. Ч, Н хоёр хоорондоо маргалдаад Ч эхнэр Нтэйгээ хүмүүсийн нэр холбож хардаад гэрийн баруун талын орон дээрээ эхнэр Нгийнхээ хамар руу цохиод цус гаргасан. Тэгсэн Ш, О хоёр Нгийн аавынд унтахаар гараад би тэр хоёрыг салгаад үлдсэн. Ч сүүлдээ над руу чи хүртэл манай эхнэртэй явалддаг гээд надтай хардаад байхаар нь би гараад Ш, О хоёрын байсан гэрт ороод зүүн талын орон дээр нь сууж байсан чинь миний араас Н нь орж ирээд миний сууж байсан орон дээр хэвтэхээр нь би явлаа гэсэн чинь Н нь намайг байж бай гэсэн. Удалгүй Ч орж ирээд эхнэрээ надтай хардаад эхнэрийнхээ нүүр рүү гараа цохисон. Би явахаар гараад машин дотроо ороод суусан чинь миний араас Н гарч ирээд машин дотор суугаад намайг аав ээж хоёр руу хүргээд өг, манай нөхөр намайг цохиж зодоод байна гээд гуйгаад байсан. Би Нг аав ээж хоёр дээр нь хүргэж өгөх гээд явах замд миний машин эвдрээд Нгийн аав ээж хоёр руу нь утсаар яриад Нгийн аав ээж хоёр ирээд Нг аваад явсан. Ч Нгийн хамар руу болон нүд рүү нь гараараа цохисон хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Нгийн хамраас нь цус гарсан, нүд нь хөхөрсөн байсан. Н миний мэдэхийн Чыг цохиж зодоогүй. Ч эхнэрээ хүмүүстэй холбож хардаад, тэрнээс болж маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/,

Гэрч Р.Б өгсөн “...Манайх А аймгийн Ө сумын Х багийн М гэх газар нутагладаг. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манайд Ч эхнэр Нгийн хамт ирээд манай эхнэр Э бид хоёр тэр хоёртой хамт Чын гэрт очсон. Бид дөрөв 2 литрийн хоёр сав пиво хувааж ууж дуусаад хуучлаад сууж байхад Н 22 цагийн үед л байх 2 литрийн нэг сав пивотой ирээд бид тав тэр пивог нь хувааж уусан. Ч эхнэрээ хардаад баахан хүмүүсийн нэр хэлээд чи тэр тэр хүмүүстэй явдаг гээд байснаа эхнэрийнхээ хамар руу хоёроос гурван удаа цохиод эхнэрийнхээ хамраас цус гаргасан. Н манай эхнэр бид гурав салгаад би эхнэртэйгээ хажуу айлд нь орж унтахаар гэрээс гарсан. Тэгээд хажуу айлд ороод баруун талын орон дээр нь эхнэртэйгээ хэвтэж байхад араас  Н орж ирсэн. Удалгүй Н орж ирсэн. Араас нь Ч орж ирснээ эхнэрээ Нтэй хардаад зүүн талын орон дээр эхнэрийгээ цохиод хэрүүл хийгээд байхаар нь би босоод салгасан.  Тухайн үед гэрт гэрэлгүй харанхуй байсан болохоор би Чыг Нгийн хаана нь цохисныг нь хараагүй. Н явлаа гэж гараад араас нь Н гарсан. Н Нд намайг аав ээж хоёр дээр хүргээд өгөөч гээд гуйгаад байсан. Би хэсэг байж байгаад араас нь гарсан чинь Н, Н хоёр машинтайгаа яваад өгсөн байсан. Ч гэртээ байхдаа Нгийн хамар руу нь хоёроос гурван удаа цохиод Нгийн хамраас цус гарсан. Хажуу гэрт орсны дараа Ч Нгийн хаана цохиж байгаа нь надад харагдахгүй байсан ер нь бол нүүр хэсэг рүү нь цохиод байх шиг байсан. Н Чыг цохиж зодоогүй. Ч эхнэрээ хүмүүстэй холбож хардаад маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/,

Гэрч Ч.Эийн өгсөн “...Ч гэртээ байхдаа эхнэр Нг баруун талын орон дээрээ дараад хамар руу нь хоёроос гурван удаа цохиод Нгийн хамраас цус гараад би нойлын цаас өгч тогтоосон. Аавынхаа гэрт орсоны дараа Ч Нгийн нүүр рүү нь цохиод байсан хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна. Н Чыг цохиогүй.  Ч эхнэрээ хүмүүстэй холбож хардсанаас болж маргалдаад байсан. Би Чынд очоод байдаггүй болохоор тэр хоёрыг маргаан хийдэг үгүйг мэдэхгүй байна. Намайг манай нутгийн хүмүүс намайг О манай нөхрийг Ш гэж дууддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/, 

Иргэний нэхэмжлэгч Ч.М мэдүүлсэн “...гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 1 удаа 93,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/ хх-ийн 102-103 хуу/,

 

Яллагдагч О.Чын өгсөн “...Миний үйлдэл тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 хуу/

 

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 409 дугаартай “...1. Б.Нгийн биед тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. З. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/,

 

Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 07/210 дугаартай албан бичиг /хх-ийн 98 хуу/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ гаргуулах ажиллагааг хохирогчид танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 93-95 хуу/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 36 хуу/,

 

А аймгийн Ө сумын Х багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 62 хуу/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуу/

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/.... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75-87 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 105-160 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч О.Чад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

 

  1. Гэм буруугийн талаар

 

           1.1 Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө, А аймгийн Ө сумын Х багийн Х гэх газар иргэн Б.Н нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Чад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

    1.    Шүүгдэгч О.Ч нь 2024 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө,

А аймгийн Ө сумын Х багийн Х гэх газар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нг хардалтын улмаас зодож, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэйгээр эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: хохирогч Б.Нгийн мэдүүлсэн “...манай нөхөр дахиж пивонд явна гэхээр нь би явуулахгүй гэсэн чинь надад уурлаад бөгж хэлүүлэх гээд байхад энэ хоёр согтоогүй байна гээд уурлаад байснаа би эхнэрээсээ салах гэж байгаа авах хүн байвал аваач, надад дараагийнх нь бэлэн байгаа Нг чи авах уу гээд баахан хүний нэр хэлээд энэ энэтэй унтсан чи аваад яв гээд байсан. Н 7,8 жил амьдарчихаад та тэгж болохгүй шүү дээ гэж хэлсэн. Тухайн үед миний уур хүрээд босоод ирсэн чинь манай нөхөр миний үснээс зулгаагаад чирээд баруун талын орон дээр дараад багалзуурдаад миний хамар руу гараар 2,3 удаа цохиод авсан. Миний хамраас цус гарсан. Би уйлаад аавынд ороод хөнжлөө нөмрөөд хэвтсэн. Тэгсэн миний араас Ш, О хоёр орж ирсэн би тэр хоёрыг нөгөө талын орон дээр унтчих гээд ор засаж өгсөн. Ч Н хоёр гадаа маргалдаад байснаа Н орж ирээд зүгээр үү, наад цусаа цэвэрлээч гэхээр нь би зүгээр, зүгээр гээд хэвтэж байсан чинь манай нөхөр Ч орж ирээд ингээд л миний нүдэн дээр унтаад өгч байгаа биз дээ гээд намайг хардаад миний үснээс зулгаагаад, зүүн нүд рүү, хөмсөг рүү, эрүү рүү цохиод дээрээс хөлөөрөө дэвслээд байсан. Би хөнжлөө нөмрөөд зугтаж гарч гүйгээд Нгийн машинд суугаад намайг хүргээд өгөөч гээд Н машинаа асаагаад явсан. Адуучин толгой гэх газар хүрээд Нгийн машин эвдэрсэн. Нгийн утсаар би аав ээж хоёрыг дуудаад намайг аав ээж хоёр ирж аваад би И суманд очоод дүүгийндээ 3 хоног бие өвдөөд хэвтсэн. Манай нөхөр намайг байнга хэл амаар доромжилж, дарамталдаг. Би 7 жил нөхөртэйгөө хамт амьдрахдаа гэрээсээ ганцаараа ч гарч үзээгүй, байнга нөхөртэйгөө хамт явдаг. Гэр бүлийн гадуур харилцаа гаргаж үзээгүй мөнгө санхүүгээ манай нөхөр өөрөө барьдаг. Мал идээ зарсан орлого мөнгөө байнга эгчийнхээ данс руу хийдэг. Надад мөнгө төгрөг зарцуулах эрх байдаггүй. Бид хоёр хамт амьдраад 7 жил болж байна дундаасаа нэг хүүхэдтэй, манай хүүхэд миний нэр дээр байдаг. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Миний нүд, хөмсөг, шанаа, 2 талын гуя хөхөрсөн, тархи толгой хатгуулаад, хамаг бие даагдахгүй өвдөөд шөнө нойр хүрэхгүй байгаа. Би гомдолтой байна. Бие махбодийн болон сэтгэл зүйн хүчирхийлэлд байнга өртөж байна эмчилгээний зардал, сэтгэцийн гэм хорын хохирлоо нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 хуу/, гэрч Д.Бгийн өгсөн “...бид нарыг очиход миний охин Н цус нөжтэйгөө холилдсон нүд нь хөхөрсөн хөл нь бага зэрэг доголсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/, гэрч Д.Нгийн өгсөн “...Ч Н хоёр хоорондоо маргалдаад Ч эхнэр Нтэйгээ хүмүүсийн нэр холбож хардаад гэрийн баруун талын орон дээрээ Ч эхнэр Нгийнхээ хамар руу цохиод цус гаргасан. Тэгсэн Ш, О хоёр Нгийн аавынд унтахаар гараад би тэр хоёрыг салгаад үлдсэн. Ч сүүлдээ над руу чи хүртэл манай эхнэртэй явалддаг гээд надтай хардаад байхаар нь би гараад Ш, О хоёрын байсан гэрт ороод зүүн талын орон дээр нь сууж байсан чинь миний араас Н нь орж ирээд миний сууж байсан орон дээр хэвтэхээр нь би явлаа гэсэн чинь Н нь намайг байж бай гэсэн. Удалгүй Ч орж ирээд эхнэрээ надтай хардаад эхнэрийнхээ нүүр рүү гараараа цохисон. Би явахаар гараад машин дотроо ороод суусан чинь миний араас Н гарч ирээд машин дотор суугаад намайг аав ээж хоёр руу хүргээд өг манай нөхөр намайг цохиж зодоод байна гээд гуйгаад байсан. Би Нг аав ээж хоёр дээр нь хүргэж өгөх гээд явах замд миний машин эвдрээд Нгийн аав ээж хоёр руу нь утсаар яриад Нгийн аав ээж хоёр ирээд Нг аваад явсан. Ч Нгийн хамар руу болон нүд рүү нь гараараа цохисон хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Нгийн хамраас нь цус гарсан, нүд нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 хуу/, гэрч Р.Б өгсөн “...Ч эхнэрээ хардаад баахан хүмүүсийн нэр хэлээд чи тэр тэр хүмүүстэй явдаг гээд байснаа эхнэрийнхээ хамар руу хоёроос гурван удаа цохиод эхнэрийнхээ хамраас цус гаргасан. Н манай эхнэр бид гурав салгаад би эхнэртэйгээ хажуу айлд нь орж унтахаар гэрээс гарсан. Тэгээд хажуу айлд ороод баруун талын орон дээр нь эхнэртэйгээ хэвтэж байхад араас  Н орж ирсэн. Удалгүй Н орж ирсэн. Араас нь Ч орж ирснээ эхнэрээ Нтэй хардаад зүүн талын орон дээр эхнэрийгээ цохиод хэрүүл хийгээд байхаар нь би босоод салгасан.  Тухайн үед гэрт гэрэлгүй харанхуй байсан болохоор би Чыг Нгийн хаана нь цохисныг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/, гэрч Ч.Эийн өгсөн “...Ч гэртээ байхдаа эхнэр Нг баруун талын орон дээрээ дараад хамар руу нь хоёроос гурван удаа цохиод Нгийн хамраас цус гараад би нойлын цаас өгч тогтоосон. Аавынхаа гэрт орсоны дараа Ч Нгийн нүүр рүү нь цохиод байсан хэдэн удаа цохисныг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/,  Архангай аймгийн Шүүх шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 409 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/, Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 07/210 дугаартай албан бичиг /хх-ийн 98 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

 

           1.3. Шүүгдэгч О.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Нгийн эрүүл мэндэд тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.    

 

1.4. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх хүрэлцээтэй гэж  шүүх дүгнэв.

 

1.5. Шүүгдэгч О.Ч нь хэрэгт авагдсан баримтаар гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Нг хэл амаар доромжилж, үснээс нь зулгааж, багалзуурдаж, нүүр хэсэг рүү нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна. 

 

1.6 Иймд шүүгдэгч О.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

    1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл

мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан. Хохирогч Б.Нгийн биед тархи доргилт, зүүн зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 

 

         2.2 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

         Хохирогч Б.Н нь мөрдөн байцаалтын шатанд “...Эмчилгээний зардал,   сэтгэцийн гэм хорын хохирлоо нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б “шүүгдэгч О.Ч нь хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 4,000,000 төгрөг, мөн 1 тооны үхэр өгөхөөр харилцан тохирсон, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн болно” гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж өгсөн, хохирогчийн өмгөөлөгч С.П “шүүгдэгч О.Чтай хохирогч Б.Н нь харилцан тохирсон тул сэтгэцийн гэм хорын дүгнэлт гаргуулах шаардлагагүй” гэж байна.

 

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас гарсан хохирол хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

          Хохирогч Б.Нгийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгч шүүгдэгч О.Чын “4,000,000 төгрөг дээр нэмж 1 тооны үнээ өгнө” гэснийг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй гэж байна.

          Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах талаар шүүгдэгчийн хохирол төлөх хүсэл зоригийн илэрхийллийг, хохирогчийн өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх зохицуулалт болон хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй тул хохирогчийн сэтгэцэл учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэхгүйгээр шүүгдэгч О.Чаас 4,000,000 төгрөг болон 1 тооны үнээг гаргуулж хохирогч Б.Нгийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.    

 

          2.3. Хохирогч Б.Н нь 2025 оны 02 дугаар сарын 12, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр авсан эмнэлгийн тусламж үйлчилгээнд 93,000 (ерөн гурван мянга) төгрөгийн төлбөр гарсан бөгөөд энэ нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар юм.  Энэ төлбөрийг гэм хор учруулснаас төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхийн хүрээнд нэхэмжилсэн иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд  олгохоор шийдвэрлэв.  

 

  1. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

3.1 Шүүгдэгч О.Ч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

3.2 Шүүгдэгч О.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

3.3 Шүүгдэгч О.Чын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 520 (таван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

  1. Бусад асуудлын талаар:

 

4.1 Шүүгдэгч О.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Оын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт

зааснаар шүүгдэгч О.Чыг 520 (таван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийн ажлыг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч О.Чаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 4,000,000 төгрөг болон нэг тооны үнээ гаргуулан хохирогч Б.Нд олгож, хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чаас 93,000 (ерэн гурван мянга) төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. 

7. Шүүгдэгч О.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.БАЙГАЛМАА