Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/178

 

 

 

 

                                            2025/ШЦТ/178     

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж

Улсын яллагч: Т.А

Шүүгдэгч: О.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Огийн Жт холбогдох эрүүгийн 2512................ дугаар хэргийг хянан хэлэлцэв.  

 

      Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1993 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Т сумын Х багийн М гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, Б овгийн Огийн Ж /ИБД:............../

 

                                            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Ж нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны үед А аймгийн Т сумын Х багийн Я гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд шинэс төрлийн нойтон босоо модыг огтлон 17 ширхэгт хувааж буюу 1,3161 метр куб мод бэлтгэж, мөн газраас өөрийн эзэмшлийн Портер маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслээр А аймгийн Т сумын Хөх сүм багийн Мойлт гэх өөрийн оршин суух газар хүртэл тээвэрлэж, ойн санд 680,699 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           Эрүүгийн 2512...............  тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

          Иргэний нэхэмжлэгч П.Дгийн өгсөн:  “ ...иргэн О.Жын хууль бусаар мод бэлтгэж ойн санд хэдэн төгрөгийн хохирол учруулсан байна, тэр төлбөр мөнгийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 хуу/ 

 

        Гэрч П.Дгийн өгсөн “...О.Ж нь 2024 оны 11 дүгээр сард надаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан асуудал байхгүй ба 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр О.Жын авга ах болох Н нь галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан юм. Иргэн Над Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Төмст гэх газраас галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг бичиж л өгсөн. А аймгийн Т сумын  Х багийн Я гэх газар нь талбайн тусгаарлалт хийгдээгүй талбай юм. Төмст болон Яргайт гэх газрууд нь хоорондоо 5 км зайтай байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

 

             Гэрч Б.Ч мэдүүлсэн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ц сумандаа үүрэг гүйцэтгэн ажиллаж байх хугацаанд Архангай аймгийн Байгаль орчны газрын ахлах байцаагч М нь утсаар холбогдож А аймгийн Т сумын Х багт хууль бусаар мод бэлтгээд байна гэх мэдээ мэдээлэл байна хамтарсан эргүүл хяналт шалгалт хийе гээд Т сумын Х багийн М гэх газар явахад тус багийн иргэн болох О.Жын гадаа нойтон гэмээр мод хураалгаастай байхаар нь шалгаж уг модны мод бэлтгэх эрхийн бичиг болон бэлтгэсэн гэх газрыг асууж тодруулахад 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус багийн нутаг Яргайт гэх газраас бэлтгэсэн талаар хэлж мод бэлтгэх эрхийн бичигт заасан газар нутаг болон он сар өдрийг тулгахад мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас өөр газраас модоо бэлтгэж мод бэлтгэх эрхийн бичгийн хоног хугацаанаас өмнө бэлтгэсэн асуудал байхаар цагдаагийн байгууллагын гомдол мэдээллээр оруулж ажилласан. Иргэн Жаас асууж тодруулахад шинэс төрлийн нэг ширхэг босоо нойтон мод унагааж бэлтгэсэн гэж хариулж байсан. Би иргэн Жаас хэн хэний хамт бэлтгэсэн талаар асууж тодруулсан ганцаараа бэлтгэсэн талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

 

             Гэрч Ц.М мэдүүлсэн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэнээс ирсэн мэдээллийн дагуу Ц сумын экологийн асуудал хариуцсан байцаагчтай холбогдож Т суманд хамтарсан эргүүл шалгалтаар ажиллах үед Т сумын Х багийн М гэх газар явахад тус багийн иргэн болох Жын гадаа нойтон гэмээр модыг гэрийн зүүн хойд хэсэгтээ хураасан байдалтай байсан. Тухайн модоо хаанаас бэлтгэсэн талаар асууж лавлах үед 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Яргайт гэх газраас бэлтгэсэн талаараа ярьсан. Тухайн модоо бэлтгэх үедээ мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар асуух үед мод бэлтгэх эрхийн бичгээ гаргаж ирж үзүүлсэн. Тухайн мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас өөр газраас модоо бэлтгэсэн талаар нь тайлбарлаж хэлсэн. Иргэн Жаас асууж тодруулахад шинэс төрлийн босоо нэг ширхэг босоо нойтон мод унагааж бэлтгэсэн талаар ярьж байсан. Би иргэн Жаас хэн хэний хамт бэлтгэсэн талаар асууж тодруулсан ганцаараа бэлтгэсэн талаар хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

 

             Гэрч Н.Нын мэдүүлсэн “...А аймгийн Тсумын Х багийн М гэх газарт гэртээ галын түлээний мод дууссан тул мод бэлтгэх эрхийн бичиг Т сумын байгаль хамгаалагч Дгаас мод бэлтгэх АРА-....... дугаартай эрхийн бичиг Төмст гэх газраас бэлтгэхээр бичүүлж авсан. Тэгээд уг өдөр манай ахын хүүхэд болох О.Жыг би гуйж галын түлээний мод бэлтгэхээр Т гэх газар руу явуулсан ба О.Ж нь орой ирэхдээ Т рүү цас их орсон учраас машин гарсангүй Я мод бэлтгээд ачаад ирлээ гэж хэлсэн. Би А аймгийн Т сумын Х багийн Т гэх газраас галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан талаараа дүү болох О.Жт хэлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг байгаль хамгаалагч Дгаас бичүүлж аваад дүү болох О.Жаар галын түлээний модоо бэлтгүүлэхээр явуулсан. Тухайн үедээ манай дүү О.Ж нь ганцаараа явж бэлтгээд өөрийнхөө ................ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн. Мод бэлтгэх эрхийн бичгээ би өөрийн нэр дээр бичүүлж авсан ба би өөрөө баруун гар маань өвчтэй юм өргөж хөдөлгөж чаддаггүй учраас дүү О.Жыг явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/

             

               Яллагдагч О.Жын өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай авга ах болох Н нь А аймгийн Тсумын Хөх сүм багт байрлах гэрт маань галын түлээний модгүй болчихлоо ах нь мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан байгаа гэж хэлэх үед нь би сумын төвд байрлах гэрээсээ хөдөө Н ах дээр очиж галын түлээний мод бэлтгэхээр мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан Т гэх газраас мод бэлтгэх гэтэл тухайн газар цас ихээр орж мод бэлтгэх боломжгүй байсан тул би хөдөө гэртээ ойролцоо Я гэх газраас шинэс төрлийн босоо нойтон мод нэг ширхэгийг унагааж 1.50 см уртаар огтолж өөрийн ................ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж М гэх газар оршин суух гэртээ хурааж тавьсан. Би Я гэх газраас мод бэлтгэх үедээ ганцаараа нэг ширхэг нойтон босоо мод огтолж хятад шар өнгөтэй цахилгаан хөрөө ашиглаж өөрийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101 хуу/  

 

                Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч Б.Б 2025 оны 04 сарын 02-ны өдрийн АРХ/0325/136 дугаар: “...Монгол орны мод сөөг” гарын авлагатай харьцуулахад Нарсны овгийн Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 21,3% чийгтэй байгаа нь нойтон мод гэж үзэх үндэслэл болно. Мөрдөгчийн хэргийн газрын гэрэл зураг, үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан 17 ширхэг мод нь 1,3161 м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 680,699 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 36-38 хуу/

 

   Дамно ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн №АЦ25-93 дугаартай:

            “...2002 онд үйлдвэрлэгдсэн, 2014 онд  Монгол улсад орж ирсэн Бонго Пронтер  маркийн тээврийн хэрэгслийг 2025 оны 04 сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 4,777,500 /дөрвөн сая долоон зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэгдсэн хөрөөний үнэ 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр, 1,3161 метр куб хэмжээтэй шинэс төрлийн мод 131,610 /нэг зуун гучин нэг зургаан зуун арав/ төгрөгөөр тус тус үнэлэв...” гэх дүгнэлт /хх-ийн 62-73 хуу/

 

           Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-21 хуу/

           Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 хуу/ 

           Мод бэлтгэх АРА-........ дугаар эрхийн бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-45 хуу/

           Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-50 хуу/

            А аймгийн Т сумын Х багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 хуу/

            Шүүгдэгч О.Жын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 86-90 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 хуу/

            Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 109-112 хуу/

           Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /хх-ийн 114-120 хуу/           

            Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 122-123 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

  

 Гэм буруугийн талаар: 

 

Ойн тухай хуулийн 34, 35 дугаар зүйлийн 35.2-т “мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох болон мод бэлтгэх ажиллагааны” талаар, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-т “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч О.Ж нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн тээвэрлэсэн үйл явдлыг мөрдөн шалгах явцад хуульд заасан ажиллагааг гүйцэтгэж, үүнд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан, бэхжүүлсэн бөгөөд эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоход хангалттай, хүрэлцээтэй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар О.Ж нь 2024 оны 11 дүгээр сарын 22-ны үед зөвшөөрөл өгөөгүй А аймгийн Т сумын Х багийн Я гэх газраас шинэс төрлийн нойтон босоо модыг огтлон 17 ширхэгт хувааж буюу 1,3161 метр куб мод бэлтгэж, мөн газраас өөрийн эзэмшлийн Портер маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслээр А аймгийн Т сумын Х багийн М гэх өөрийн оршин суух газар хүртэл тээвэрлэж, ойн санд 680,699 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

         Гэрч П.Дгийн өгсөн “...О.Ж нь 2024 оны 11 дүгээр сард надаас мод бэлтгэх эрхийн бичиг авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/, гэрч Б.Ч мэдүүлсэн “...Төвшрүүлэх сумын Х багийн М гэх газар явахад тус багийн иргэн болох О.Жын гадаа нойтон гэмээр мод хураалгаастай байхаар нь шалгаж уг модны мод бэлтгэх эрхийн бичиг болон бэлтгэсэн гэх газрыг асууж тодруулахад 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус багийн нутаг Яргайт гэх газраас бэлтгэсэн талаар хэлж мод бэлтгэх эрхийн бичигт заасан газар нутаг болон он сар өдрийг тулгахад мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас өөр газраас модоо бэлтгэж мод бэлтгэх эрхийн бичгийн хоног хугацаанаас өмнө бэлтгэсэн асуудал байхаар цагдаагийн байгууллагын гомдол мэдээллээр оруулж ажилласан...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/, гэрч Ц.М мэдүүлсэн “...тус багийн иргэн болох Жын гадаа нойтон гэмээр модыг гэрийн зүүн хойд хэсэгтээ хураасан байдалтай байсан. Тухайн модоо хаанаас бэлтгэсэн талаар асууж лавлах үед 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Я гэх газраас бэлтгэсэн талаараа ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/, гэрч Н.Нын мэдүүлсэн “...уг өдөр манай ахын хүүхэд болох О.Жыг би гуйж галын түлээний мод бэлтгэхээр Т гэх газар руу явуулсан ба О.Ж нь орой ирэхдээ Т рүү цас их орсон учраас машин гарсангүй Яргайтаас мод бэлтгээд ачаад ирлээ гэж хэлсэн...тухайн үедээ манай дүү О.Ж нь ганцаараа явж бэлтгээд өөрийнхөө ................ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/, А аймгийн Т сумын байгаль хамгаалагчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-ны өдөр хүртэл мод бэлтгэх тээвэрлэх талаар олгосон АРА 24083837 дугаартай хэрэглээний 5 м.куб хэмжээтэй мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 45 хуу/, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 680,699 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн Хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч Б.Б 2025 оны 04 сарын 02-ны өдрийн АРХ/...... дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч О.Жын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүгдэгч О.Жыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 680,699 /зургаан зуун жаран найман мянга зургаан зуун ерөн ес/ төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан,   (680,699х3=2,042,097) төгрөг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 2,042,097 (хоёр сая дөчин хоёр мянга ерөн долоо) төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.  

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч О.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” -ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.

 

Шүүхээс шүүгдэгч О.Жыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, түүний гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4,777,500 төгрөгийн үнэлгээ бүхий ..... улсын дугаартай Киа Вонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл, 131,610 төгрөгийн үнэлгээ бүхий 1,3161 метр куб хэмжээтэй шинэс төрлийн нойтон мод зэргийг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэсэн 2,042,097 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин цахилгаан хөрөөг шүүгдэгч О.Жт буцаан олгож, шүүгдэгч О.Жаас цахилгаан хөрөөний үнэ 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.      

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                       

                                                        ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Б овгийн Огийн Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж нь шүүхээс оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч О.Жаас 2,042,097 (хоёр сая дөчин хоёр мянга ерэн долоо) төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 26 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Жын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4,777,500 (дөрвөн сая долоон зуун далан долоон мянга таван зуу) төгрөгийн үнэлгээ бүхий ......  улсын дугаартай Киа Вонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл, 131,610 (нэг зуун гучин нэг мянга зургаан зуун арав) төгрөгийн үнэлгээ бүхий 1,3161 метр куб хэмжээтэй шинэс төрлийн нойтон модыг тус тус хураан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэсэн 2,042,097 (хоёр сая дөчин хоёр мянга ерэн долоо) төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.      

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуучин цахилгаан хөрөөг шүүгдэгч О.Жт буцаан олгож, шүүгдэгч О.Жаас цахилгаан хөрөөний үнэ 100,000 (нэг зуун мянга) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

8. Шүүгдэгч О.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч (иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт) нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА