| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 320/2025/0201/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/221 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/221
2025 06 24 2025/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б***********ийн Г**********т холбогдох эрүүгийн 253800******** дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ***************** нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн нутаг “Д*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2,283 метр куб хэмжээтэй модыг бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ***************** нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн нутаг “Д*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2,283 метр куб хэмжээтэй модыг бэлтгэж, байгаль экологид 431,227 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 253800******** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *****************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Мод хураасан байсныг хяналт шалгалтын хүмүүс мэдэж надаас эрхийн бичиг байгаа юу гэж асуухад нь байхгүй гэдгээ үнэнээ хэлсэн. Тэгээд энэ хуш мод бэлтгэсэн гэдэг асуудалд орж шалгагдаж эхэлсэн. Би өөрийнхөө эзэмшлийн Зил-131 маркийн **** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж сумын төвд оруулж ирсэн...” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Э*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын даргын энэ оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн №211 дугаартай албан бичгээр тус аймгийн Галт сумын 4 дүгээр багийн нутаг “Яргайтын Д*******" гэдэг газарт тус багийн иргэн ***************** нь 2025 оны 02 дугаар сард зохих зөвшөөрөлгүй ойн сан бүхий газраас Хуш төрлийн мод хууль бусаар бэлтгэсэн гэх гомдолд иргэний нэхэмжлэгчээр оролцож нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна... ***************** гэх хүн Хуш мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авч байсан зүйл байхгүй...Иргэн ***************** гэх хүний үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас),
Гэрч Г.Ө*******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г********** замаараа 5 ширхэг босоо хуш модыг унагаж бэлтгээд ачаад Галт сумын төв рүү орсон. Миний хувьд бол ямар нэгэн хуш мод бэлтгэхэд оролцсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-14-р хуудас),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 15-18-р хуудас),
Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 20-21-р хуудас),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 22-р хуудас),
Хөвсгөл аймгийн “Э******” сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн “...Иргэн *****************ийн бэлтгэсэн гэх модны чанар байдлыг тодорхойлоход хэрэглээний бөөрөнхий хуш мод ...4 метрийн урттай 17 ширхэг хуш мод нь 2,283 м.куб Ойн нөөцийн төлбөр 3-р муж, модны үнэ төгрөгөөр 80312 /бүх төрлийн хуурай мод/,
итгэлцүүр /бөөрөнхий мод/ 1,8,
модны хэмжээ 2,283 м.куб,
экологи эдийн засгийн үнэлгээ /төг/: 431,227...” гэх дүгнэлт (хх-ийн 40-41-р хуудас),
Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 42-р хуудас),
Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн: “...Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ 1,293,681төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 47-р хуудас),
“Ашид Билгүүн хөрөнгө үнэлгээ” ХҮК-ийн шинжээч Ч.Жамъяангийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-925/12126 дугаартай “Хятад улсад үйлдвэрлэгдсэн бензин хөдөлгүүртэй мустанг нэртэй цахилгаан хөрөө зах зээлийн дундаж үнээр 100,000 төгрөг, Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн Зил-131 маркийн хэрэгсэл 7,000,000 төгрөгөөр тогтоов.” гэх дүгнэлт (хх-ийн 50-55-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 70-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 69-р хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 71-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 253800******** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************ийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч ***************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ***************** нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн нутаг “Д*******” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2,283 метр куб хэмжээтэй модыг бэлтгэж, байгаль экологид 431,227 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Э*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас), гэрч Г.Ө*******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 9-р хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-14-р хуудас), эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-ийн 15-18-р хуудас), эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (хх-ийн 20-21-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 22-р хуудас), Хөвсгөл аймгийн “Э******” сум дундын ойн ангийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хх-ийн 40-41-р хуудас), бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-ийн 42-р хуудас), Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 47-р хуудас), “Ашид Билгүүн хөрөнгө үнэлгээ” ХҮК-ийн шинжээч Ч.Жамъяангийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-925/12126 дугаартай дүгнэлт (хх-ийн 50-55-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч ***************** нь ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэсэн гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч *****************ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ. Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг шүүгдэгч ***************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ***************** нь экологи эдийн засагт 431,227 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч ***************** нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1,293,681 төгрөгийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс 1,293,681 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай байна...” гэв.
Шүүгдэгч ***************** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 72-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч *****************т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 7,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Зил-131 маркийн **** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь *****************ийнх мөн болох түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн Галт сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа шүүгдэгч *****************ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Зил-131 маркийн **** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, 2,283 м.куб хэмжээтэй, 4 метрийн урттай, 17 ширхэг хуурай хуш модыг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 253800******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн маниултай, хар өнгийн бариултай, их бие цагаан өнгөтэй, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б***********ийн Г**********ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ***************** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *****************оос 1,293,681 (нэг сая хоёр зуун ерэн гурван мянга зургаан зуун наян нэг) төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн Галт сумын Засаг даргын тамгын газрын хашаанд байгаа шүүгдэгч *****************ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Зил-131 маркийн **** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, 2,283 м.куб хэмжээтэй, 4 метрийн урттай, 17 ширхэг хуурай хуш модыг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 253800******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн улаан өнгийн маниултай, хар өнгийн бариултай, их бие цагаан өнгөтэй, бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө 1 ширхгийг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР