Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 104/ШШ2021/00406

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овогт*******ын /РД:/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч И.*******,

хариуцагч Т.,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч И.******* нь Т.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү М., 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүү М., хүү М., 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү М., 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин М., 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр охин М. нарыг өөрийн асрамид авах, хариуцагаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь байнгын архидан согуутрдаг, гэртээ байдаггүй, сэтгэл санааны хүчирхийлэл тогтмол үйлддэг, хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлдэг гэж тодорхойлсон.

 

2.  Хариуцагч Т.нь гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдүүдээ бодоод нэхэмжлэгчтэй эвлэрч хамт амьдрах хүсэлтэй байна гэж байр сууриа илэрхийлжээ.

3.  Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Налайх дүүргийн *******ны 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Налайх дүүргийн цэцэрлэгийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолт, сарын сургуулийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт, М., М., М., М., М., М. нарын төрсний гэрчилгээний хуулбар, ӨЭМТ-ийн тодорхойлолт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны -ны өдрийн шийтгэвэр,

Шүүхийн санаачилагаар М., М., М., М. нараас асрамжийн талаар авсан тайлбар зэрэг баримтууд авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхийн зүгээс нэхэмжлэгч И.*******ийн гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч нь байнгын архидан согуутрдаг, гэртээ байдаггүй, сэтгэл санааны хүчирхийлэл тогтмол үйлддэг, хүүхдийн хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлдэг үндэслэлээр гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч нь эхнэрээсээ салахгүй, цаашид эвлэрч хамт амьдрах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Т., И.******* нар 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүү М., 2007 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүү М., хүү М., 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүү М., 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр охин М., 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр охин М. нар төрсөн нь одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан шийтгэвэрийн хуулбар, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ зэргээр гэрлэгчид гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь хариуцагчийн архи согтууруулах зүйлийн хэрэглээнээс үүдэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичсэн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нөхцөл байдлыг харгалзан уг хэрэгт Гэр бүлийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан урьдчилсан арга хэмжээ болох эвлэрүүлэн зуучлалыг хийлгээгүй, шүүх хуралдаанд санал болгосон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас нэхэмжлэгч татгалзсан болно.

Хариуцагчийн зүгээс гэрлэлтийн харилцааг хадгалан үлдэх санаачилага гаргасан боловч шүүх хуралдааны явцад гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны -ны өдрийн шийтгэвэр, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, асрамжийн талаарх байр сууриа илэрхийлэх хуульд заасан насанд хүрсэн 4 хүүхдийн тайлбар зэргээр хариуцагчийн архи согтууруулах зүйлийн хэрэглээнээс шалтгаалж Гэр бүлийн тухай хуулийн Гэр бүлийн тухай хуулийн 14.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасан гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Т., И.******* нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд хариуцагч асрамжийн талаар мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй тул хүү М., хүү М., хүү М., хүү М., охин М., охин М. нарыг эхийн асрамжид буйг үргэлжлүүлэх нь хуульд заасан асрамжийн талаарх тайлбар өгөх насанд хүрсэн хүүхдүүдийн тайлбар, хүүхдүүдийн асрамж шаардагдах нас, хүйс зэрэгт нийцэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү М., хүү М., хүү М., хүү М., охин М., охин М. нарыг сар бүр эцэг Т.аар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 239 050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн тэмдэгтийн хураамж 122 537 төгрөгийг гаргуулан улсын төсөвт, хариуцагчаас 361 587 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт*******ын , овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.     Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү М., хүү М., хүү М., хүү М., охин М., охин М. нарыг эх И.*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.     Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү М., хүү М., хүү М., хүү М., охин М., охин М. нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.аар нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх И.*******т даалгасугай.

 

4.     Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5.     Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

6.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 239 050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

нэхэмжлэгчээс 122 537 төгрөгийг гаргуулан улсын төсөвт, хариуцагчаас 361 587 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

7.      Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ