| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2021/00410/И |
| Дугаар | 104/ШШ2021/00398 |
| Огноо | 2021-11-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 104/ШШ2021/00398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Найрамдлын гудамжинд байрлах, Налайхын Дулааны станц ТӨХК /РД:2604795/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 9-84-1 тоотод оршин суух, Отгоны Наранцэцэг /РД:УД57050407/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1 808 652 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа,
хариуцагч О.Наранцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Налайхын Дулааны станц ТӨХК нь О.Наранцэцэгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 2015 оноос 2020 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны дулааны төлбөр 1 546 487 төгрөг, 2020 оноос эхлэн бодсон алданги 262 165 төгрөг, нийт 1 808 652 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний дагуу зохих шаардлагыг хангасан дулааны эрчим хүч нийлүүлсэн,
- Хуульд заасан хугацаанд төлбөр төлөх талаар шаардаж байсан.
2. Хариуцагч О.Наранцэцэг нь үндсэн төлбөр 1 326 748 төгрөг, алданги 262 165 төгрөг, нийт 1 588 913 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд халаалт өгөөгүй учир энэ хугацааны төлбөр 219 739 төгрөгийг зөвшөөрөхгүй. 2015 оноос одоог хүртэл дулааны төлбөр нэхэмжилж, шаардлага тавьж байсан гэдэгтэй маргахгүй гэж байр сууриа илэрхийлжээ.
3. Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, 2014-2020 оны төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан гэх баримтууд авагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхийн зүгээс Налайхын Дулааны станц ТӨХК-ийн гаргасан үндсэн төлбөр 1 546 487 төгрөг, алданги 262 165 төгрөг, нийт 1 808 652 төгрөг гаргуулах шаардлагаас 1 588 913 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, үлдэх 219 739 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний дагуу 2014-2020 оны дулааны төлбөр 1 546 487 төгрөг, алданги 262 165 төгрөг, нийт 1 808 652 төгрөг гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч нь нэхэмжлэгчээс дулааны эрчим хүч авч байсан, 2015 оноос одоог хүртэл халаалтын төлбөрийг түүнээс нэхэмжилж байсантай маргахгүй гэдгээ тайлбарлажээ.
Зохигчийн хооронд нэг талаас дулааны эрчим хүч нийлүүлэх, нөгөө талаас дулааны эрчим хүчний үнийг төлөхөөр тохиролцсон харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна. Энэ нь зохигчийн маргаагүй байдлаар өгсөн тайлбар, хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, 2014-2020 оны төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч 2014 оноос эхлэн хуримтлагдсан дулааны төлбөрийн талаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд хандсан байгаа боловч хариуцагч нь түүнээс 2015 оноос одоог хүртэл төлбөр нэхэмжилж байсан гэх үйл баримттай маргахгүй гэдгээ тайлбарласан. Энэ нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох үндэслэл болж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх шаардлагыг хангасан гэж үзэв.
Мэтгэлцээний зөрүүтэй байр суурийн хувьд хариуцагчийн гаргасан 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сар хүртэл хугацаанд зохих чанарын шаардлага хангасан халаалт аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хугацааны төлбөр 219 739 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38, 107 дугаар зүйлд заасан үүргийнхээ хүрээнд няцаагаагүй, тухайн хугацаанд зохих чанарын шаардлага хангасан хэмжээнд дулааны эрчим хүчийг хариуцагчид нийлүүлсэн болохоо баримтаар нотлоогүй тул хариуцагчийн маргаж буй 219 739 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, маргаангүй байдлаар төлөхийг зөвшөөрсөн үндсэн төлбөр 1 326 748 төгрөг, алданги 262 165 төгрөг, нийт 1 588 913 төгрөгийг нэхэмжлэгчид олгож байна.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан учир нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 43 888 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан хэсгийн тэмдэгтийн хураамж 40 372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Наранцэцэгээс 1 588 913 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Налайхын Дулааны станц ТӨХК-нд олгож,
нэхэмжлэлийн шаардлагаас 219 739 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 43 888 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 40 372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ