Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/22

 

 

 

 

 

 

 2021         05            19                                         2021/ДШМ/22

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                      А.Гт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Б.Нх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Т,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.М,

Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжтай А.Гт холбогдох 2038004600358 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Б.Н эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Байчууд овогт Амаржаргалын А, ....... оны .... дүгээр сарын ....ий өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................../.

Шүүгдэгч А.Г нь 2020 оны 7 дугаар сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ус суваг ХХК-ийн баруун хойд талын явган хүний гарц дээр приус-20 маркийн 92-65 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Л.Г-г мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Байчууд овогт Амаржаргалын Ат холбогдох эрүүгийн 20380004600358 дугаартай хэргийг Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч А.Гт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн 2038004600358 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Диск, №749260 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг Аймгийн прокурорын газарт хэргийн хамт хүргүүлж, Тоёота Приус маркийн 92-65 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжлэгдсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Нх эсэргүүцэлдээ: ... Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид дурьдсан үндэслэлтэй маргахгүй бөгөөд харин дараах үндэслэлээр захирамжийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Хөвсгөл аймгийн прокурорын газраас яллагдагч А.Гт холбогдох эрүүгийн 2038004600358 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт удирдлага болгосон хуулийн зүйл, заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “...шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана...” гэж заасан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж, хуульд заасан үндэслэлээс өөр үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргаж, шүүх хуралдааны товыг товлож хийсэн боловч А.Г-т холбогдох гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг хамтатган хийх явцад шүүгч өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь урьдчилсан хэлэлцүүлэгт хамаарах хуулийн зүйл, заалт байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Иймд А.Г-т холбогдох ...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: ... шүүгчийн захирамжид “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй байна” гэх дүгнэлт нь үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэснийг зөрчсөн байна.

Мөн шүүгчийн захирамжийн удирдлага болгосон заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 2, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг...” гэж тус тус хуулийг буруу хэрэглэсэн байна.

Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах зохицуулалттай. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудын аль нь хангагдаагүй болох нь тодорхойгүй бөгөөд шүүгдэгч А.Г-ын тухайд “хялбаршуулсан журмаар хэрэг шийдүүлэх тухай” хүсэлтээсээ огт татгалзаагүй юм.

Түүнчлэн тус хэргийг хүлээн авсан шүүгч нь “А.Г-т холбогдох хэргийг прокурорт буцаах” үндэслэлтэй эсэх талаар шийдвэрээ мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээс өмнө гаргах ёстой юм. Нэгэнт яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа “хэргийг прокурорт буцаах тухай” шийдвэрийг шүүх өөрийн санаачилгаар гаргаж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийг товлож, шийдвэрээ гаргах зохицуулалттай. Гэтэл дээрх хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн бөгөөд 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан биш байсан бөгөөд тухайн өдөр хэргийг хялбаршуулсан журмаар эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд ...“хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 41 дугаартай магадлалд заагдсан мөрдөн шалгах ажиллагаа бүрэн, гүйцэт хийгдсэн байхад, нөгөөтэйгүүр хохирогч болон шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн маргаан байхгүй, эвлэрч тохирсон байхад үндэслэлгүйгээр хэргийг прокурорт буцаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх дүгнэлтийг сонсоогүй, өмгөөлөгч улсын яллагчийн харилцан тайлбар гаргах боломжийг олгоогүй.

 Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн нөхцөл байдлыг хянаж гэсэн үндэслэлээр биш өөр үндэслэлээр хэргийг прокурорт буцаан хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул ... захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаалгахаар гомдол гаргаж байна гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч А.Г нь 2020 оны 7 дугаар сарын 12-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ус суваг ХХК-ийн баруун хойд талын явган хүний гарц дээр приус-20 маркийн 92-65 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Д.Гантулгыг мөргөж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх “...давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь ...заавал биелэгдэх шинжтэй байх бөгөөд хэргийг прокурорт буцаасан үндэслэл арилаагүй байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд оруулж ирж байгаа нь хуульд нийцэхгүй байна” гэсэн үндэслэлээр А.Гт холбогдох хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газарт буцаасан нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Тодруулбал давж заалдах  шатны шүүх “...жолооч А.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хүчинтэй эсэх байдлыг шалгаагүй, ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх” нь тодорхойгүй үндэслэлээр  хэргийг прокурорт буцаасан атал мөрдөгч, прокурор нь дээрх  байдлыг тодруулж, магадлалыг биелүүлэх ажиллагаа хийхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэж заасан ба  жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх  нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөх тул магадлалыг биелүүлж, А.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6, 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 2, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг... зөрчсөн,  ...шүүгчийн захирамжийг хүчингүй болгох” эсэргүүцэл, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх ...”  зэрэг нөхцөл байдлыг хянахаар хуульчилсан.

Шүүгдэгч А.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй  эсэх байдлыг тодруулаагүй тохиолдолд шүүх хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон эсэх талаар дүгнэлт хийх, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй.

Шүүгч захирамж гаргахдаа удирдлага болгох хэсэгт “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх”, “шийдвэр гаргахаар зөвлөлдөх” заалт баримталсан нь тохироогүй байх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 210 дугаар захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАЯРХҮҮ

                    ШҮҮГЧИД                                  Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                 Б.СОСОРБАРАМ