Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 0220

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Э.Ууганбаяр

Шүүгдэгч М.Лхагвачимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Лхагвачимэгт холбогдох эрүүгийн 1725000470019 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, нарийн боовчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, 2 дүү болон хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Хөтөлийн 8-16 тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Мөнхбатын Лхагвачимэг /РД: МЕ 90091267/,

 

Шүүгдэгч М.Лхагвачимэг нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сувд нарийн боовны цехэд согтуугаар Э.Ууганбаяртай маргалдан талхны хэв шидэж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч М.Лхагвачимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр Ууганбаярын нөхөртэй муудалцсан. Нөхөр нь гаднаас согтуу орж ирээд талх өшиглөөд байсан. Ажлын байран дээрээ архи уусан нь миний буруу. Уурандаа талхны сав аваад Ууганбаяр руу шидсэн. Нүүрэн дээр нь оносон. Бид нар гуравуулаа 2 том пиво уусан. Тэр өдөр хамт ажилладаг Цээгий сэтгэлээр унаад байна гээд бид нар пиво уусан. Хохирол төлөөгүй. Одоо нэхэмжилж байгаа 81.400 төгрөгийг төлнө. Хэргийн талаар маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Э.Ууганбаярын шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: ...2017 оны 06 дугаар сарын 29-нд 17 цаг өнгөрч байхад манай нөхөр залгаад Лхагвачимэг согтуу мөнгө нэхээд байна гэж хэлсэн. Тэгээд нөхрийн хамт ажил дээрээ очиход Лхагвачимэг нилээн согтуу байсан. Талхаа хийгээгүй гурилаа савлаж байсан. Шалан дээр гурил асгарсан замбараагүй байсан. Манай нөхөр уурлахад Лхагвачимэг нь яачихаад байгаа юм, Цээгийгийн сэтгэл санаа хэцүү байна гэж хэлсэн. Би тэд нарын цалинг нь маргааш өгнө та нар одоо яв гэсэн. Тэгтэл Лхагвачимэг хэд хоногийн өмнөөс цалингаа урьдчилж авъя гэж хэлээ биз дээ пизда минь гэсэн. Би үгүй гэдгээ хэлээд гурилаа савлаад байж байхад ирээд гурил газар асгасан. Тэгэхээр нь би уурлаад хашгирсан. Тэгээд талхны сав аваад шидсэн. Эхлээд оноогүй, дахиад шидэхэд нь миний нүүрэнд оносон. Цус гараад би уурлаад Лхагвачимэгийг алгадсан. Одоо гомдолтой байна. Гэхдээ ял шийтгэл оногдуулаасай гэж хүсэхгүй. Хүүхдүүдийг нь бодож байна. Нүүрэндээ оёо тавиулсан, тэрнээс хойш гар хүрээгүй. Одоо арьсны цаана нь цэлцэгнүүр шиг зүйл байгаа. Үүнийг шимэгдүүлж байж лазер эмчилгээ хийнэ гэсэн. Тиймд цаашид 1.000.000 төгрөг нэхэмжилнэ.  Улаанбаатар явж эмчид үзүүлж зөвлөгөө авсан, ирж очсоны шатахууны зардал, хоолны мөнгө 81.400 төгрөг нэхэмжилж байна  гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Д.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай эхнэр Ууганбаярыг Лхагвачимэг талхны төмөр сав шидэж гэмтэл учруулсан байна. Ууганбаяр, Лхагвачимэг нар хоорондоо ажил хэргийн холбоотой. Лхагвачимэг цалингаа өгөхгүй байна гэх шалтгаанаар эхнэртэй маань маргалдсан байсан гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 601 дугаартай дүгнэлтэнд:

1. Э.Ууганбаярын биед 2 тооны язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцарсан шарх зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Шинэ гэмтэл байна.

5. Гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарагдана.

6. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 19 ху/,

 

-М.Лхагвачимэгийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25-27 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч М.Лхагвачимэг нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сувд нарийн боовны цехэд согтуугаар Э.Ууганбаяртай маргалдан талхны хэв шидэж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Э.Ууганбаярын “...Лхагвачимэг хэд хоногийн өмнөөс цалингаа урьдчилж авъя гэж хэлээ биз дээ пизда минь гэсэн. Би үгүй гэдгээ хэлээд гурилаа савлаад байж байхад ирээд гурил газар асгасан. Тэгэхээр нь би уурлаад хашгирсан. Тэгээд талхны сав аваад шидсэн. Эхлээд оноогүй, дахиад шидэхэд нь миний нүүрэнд оносон. Нүүрэндээ оёо тавиулсан, тэрнээс хойш гар хүрээгүй. Одоо арьсны цаана нь цэлцэгнүүр шиг зүйл байгаа” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Д.Нямдоржийн мэдүүлэг /хх 16/, хохирогчийн биед 2 тооны язарсан шарх, нүүрэнд зөөлөн эдийн няцарсан шарх зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 601 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч М.Лхагвачимэгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Э.Ууганбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт шатахууны зардал, хоолны мөнгө зэргийн зардал 81.400 төгрөг, цаашид эмчлүүлэх зардалд 1.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилснээс шатахууны зардал, хоолны мөнгө зэргийн зардал 81.400 төгрөгийг шүүгдэгч төлөхийг зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

           Харин хохирогчийн нэхэмжилсэн 1.000.000 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч М.Лхагвачимэгийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч М.Лхагвачимэгийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч М.Лхагвачимэг нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч М.Лхагвачимэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг Орхон аймгийн ШШГА-нд даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Лхагвачимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

   7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйийн 510.1.д зааснаар шүүгдэгч М.Лхагвачимэгээс 81.400 төгрөг гаргуулан хохирогч Орхон аймгийн Баян-өндөр сум Цагаанчулуут баг 33-01 тоотод оршин суух /ВЭ83012604/ Э.Ууганбаярт олгож, нэхэмжлэлээс 1.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д зааснаар шүүгдэгч М.Лхагвачимэгийн  хохирол төлөх хугацааг 1 /нэг/ сараар тогтоосугай.

  9. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА