| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2019/00311/И |
| Дугаар | 148/ШШ2019/00434 |
| Огноо | 2019-10-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 148/ШШ2019/00434
|
|
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дугаар баг Ганзам * дугаар хэсэг *-**-** тоотод оршин суух, эрэгтэй, одоо М******* х******* с ХХК-ийн Сэлэнгэ аймаг дахь газрын дарга ажилтай ******* овогт *******ы ******* // нэхэмжлэлтэй:
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын * дугаар баг * дугаар хэсэг *** тоотод оршин суух, эмэгтэй, одоо Сүхбаатар сумын 3 дугаар багийн нийгмийн ажилтан ******* овогт *******ийн ******* т /********* / холбогдох
Зээлийн үлдэгдэл, алданги нийт 9,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь өөрийн УТМ ХХК-иас Т.*******ийн өөрийнх нь хүсэлтээр нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл олгосон. Тухайн үедээ Т.******* нь үндсэн зээлээ төлөөгүй зөвхөн хүүгээ л төлж байсан. Хэрвээ Т.******* тухайн хугацаандаа зээлээ төлсөн бол өнөөдөр ийм асуудал гарахгүй би хохирохгүй, олох байсан ашгаа ч алдахгүй байсан. Т.******* гэрээнд заасан зээлийн хугацаа нилээд хугацаа өнгөрсөн, зээлээ төлөхгүй болохоор нь би зээлээ төлөх талаар очиж уулзахад Эгч нь мөнгий нь төлнө, хүүгий нь нийлүүлж байгаад төлье гэхээр нь нилээн хэсэг харсан. Тэгээд зээлээ төлөхгүй болохоор нь дахин очиж уулзан би Эгч минь зээлээ төлөхгүй бол зээлийн хүү, алданги чинь нэмэгдээд байна шүү гэхэд Удахгүй байраа зараад зээл, хүү, алдангийг чинь бүгдийг нь төлнө гэсээр бараг 1 жил гаруй болсон. Сүүлдээ утсаа авахаа ч байсан. Үүнээс болж нилээн хохирсон. Бүр аргаа бараад үндсэн зээл, хүү, алдангийн тооцоо хийгээд очиж Таны үндсэн зээл хүү, нийлээд 9,100,000 төгрөг боллоо, хүү алданги гээд тооцсон бол нилээн их мөнгө гарах байсан гэхэд байр маань зарагдахаа байсан, эгч нь мэдэж байгаа зээл энэ хавьцаа байх гэж бодож байсан гэсэн. Дахиад очиж уулзахад Зээлийн хүүгээ багасгаж болохгүй юу гэхээр нь би Та үнийн дүнгээ зөвшөөрч байгаа юм чинь манай ББСБ-луу таны зээлийг шилжүүлээд гэрээ хийе, хүүгий нь багасгая гэж хоёулаа тохиролцон зээлийн хүүгийн үлдэгдлийг тооцоо хийн гарын үсэг зурж зөвшөөрөн, Т.******* эгч бид хоёр нотариат дээр очиж итгэлцлийн улмаас гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан.
Энэ гэрээ нь бидний хооронд харилцан тохиролцож хийгдсэн болохоос шахаж шаардсан, дарамталсан зүйл байхгүй, намайг гүтгэж байгаад нэр төрөө сэргээлгэхийг хүсч Зөрчлийн тухай хуулинд заасан арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Энэ гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэрээ гэж үзэж байна. Хүнээс зээл авчихаад олон жил болсон, цувуулж төлсөн гээд байгааг ойлгохгүй байна. Зөвхөн зээлийн хүү л төлсөн харин үндсэн зээлээ төлөөгүй гэж үзэж байна. Олон жил болсон учраас хэдэн төгрөг хэзээ өгснийг тооцож үзээгүй юм байна. Ямар ч байсан л хамгийн сүүлд нэг тооцоо хийж 2016 онд гэрээ байгуулсан түүнэээс хойш нэг ч төгрөг өгөөгүй гэж бодож байна. Иймд Т.******* ээс үндсэн зээл, хүү нийт 9,100,000 төгрөг гаргуулж өгнө үү.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Т.******* шүүхэд гаргасан тайлбараас:
Тус шүүхэд Т.******* надад холбогдуулан гаргасан ББСБ-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагч миний хувьд тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хувьд ББСБ-аас зээл аваагүй. Харин 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр УТМ ХХК-иас 5,000,000 /таван сая төгрөг/-ийн зээлийг 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй авсан. 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт хүү, зээл алданги нийт 5,000,000 гаруй төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл 2016 оны 06 сард Б.******* нь хэл ам хийж, ажил дээр ирж мөнгө төгрөг нэхээд, барьцаанд тавьсан байшинг зарж борлуулахаар фейсфүүк Сэлэнгэ зар хуудсанд хүртэл өөрийн нэрээр зар тавьж дарамталсан. Аргагүйн эрхэнд Б.*******ын шаардсанаар түүний хэлсэн зээлийн дүнгээр 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан. Шүүхэд өмнөх 2014 оны зээлийн гэрээний материалаа гаргаж өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үнэн зөвийг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
ББСБ-ын ХХК-ийн нэхэмжлэлтэй Т.*******т холбогдуулан Зээлийн үлдэгдэл, алданги нийт 9,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Зохигчдын хооронд 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 5,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр Зээлийн гэрээ, Сүхбаатар сумын * дугаар баг * дүгээр хэсэгт байрлах 000163495 тоот гэрчилгээтэй Ү-13********* тоот улсын бүртгэлтэй 126.8м2 талбай бүхий хувийн орон сууцыг барьцаалан улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэн, нотариатаар гэрчлүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 156 дугаар зйүлийн 156.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасан харилцаа үүссэн байна.
Зохигчдын хооронд хийгдсэн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3ээлийн гэрээ хийснээс хойш хариуцагч нь гэрээнд заасан хугацаа хэтэрсэн буюу 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б.*******ын ХААН банкны дансанд Ууганаа гэсэн нэрээр 500.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 3,500,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан ХААН банкны 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Орлогын мэдүүлэг, , нарын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2014 он/, Б.*******ын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2014-2015 он/ зэргээр нотлогдож байна.
УТМ ХХК-иас 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Т.*******ийн нэр дээр Зээл төлөлтийн тухай гэсэн тоот хийн уг тоотондоо: 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл үндсэн төлбөр, төлөгдөөгүй хүү, төлсөн төлбөр, өдрийн алданги, хоног, нийт алдангийг тооцон тооцоолбор хийн нийт 8,005,982 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 15-ны дотор яаралтай төлж барагдуулахыг заасан байх бөгөөд зээл төлсөн төлбөрийн талаар тодорхой тооцоолсон тооцоолбор хийсэн эсэх нь тодорхойгүй болно.
Гэтэл дээрх тооцоолборыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зохигчдын хооронд 9,100,000 төгрөгийг 2 сарын хугацаатай 6 хувийн хүүтэйгээр Зээлийн гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлсэн талаар нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа ...зээлээ төлөхгүй болохоор нь дахин очиж уулзан би Эгч минь зээлээ төлөхгүй бол зээлийн хүү, алданги чинь нэмэгдээд байна шүү...Бүр аргаа бараад үндсэн зээл, хүү, алдангийн тооцоо хийгээд очиж Таны үндсэн зээл хүү, нийлээд 9,100,000 төгрөг боллоо, хүү алданги гээд тооцсон бол нилээн их мөнгө гарах байсан гэхэд байр маань зарагдахаа байсан, эгч нь мэдэж байгаа зээл энэ хавьцаа байх гэж бодож байсан гэсэн. Дахиад очиж уулзахад Зээлийн хүүгээ багасгаж болохгүй юу гэхээр нь би Та үнийн дүнгээ зөвшөөрч байгаа юм чинь манай ББСБ-ын ХХК-руу таны зээлийг шилжүүлээд гэрээ хийе, хүүгий нь багасгая гэж хоёулаа тохиролцон зээлийн хүүгийн үлдэгдлийг тооцоо хийн гарын үсэг зурж зөвшөөрөн, Т.******* эгч бид хоёр нотариат дээр очиж итгэлцлийн улмаас гэрээ байгуулан нотариатаар баталгаажуулсан... гэх,
хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд ББСБ-аас зээл аваагүй. Харин 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр УТМ ХХК-иас 5,000,000 /таван сая төгрөг/-ийн зээлийг 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй авсан. 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт хүү, зээл аоданги нийт 5,000,000 гаруй төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл 2016 оны 06 сард Б.******* нь хэл ам хийж, ажил дээр ирж мөнгө төгрөг нэхээд, барьцаанд тавьсан байшинг зарж борлуулахаар фейсфүүк Сэлэнгэ зар хуудсанд хүртэл өөрийн нэрээр зар тавьж дарамталсан. Аргагүйн эрхэнд Б.*******ын шаардсанаар түүний хэлсэн зээлийн дүнгээр 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан... гэх тайлбар мэдүүлгүүдээс үзэхэд зохигчдын хооронд хийгдсэн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ нь 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээ-нд заасан төлөгдөөгүй үлдсэн үлдэгдэл үндсэн зээл, хүү, алдангийг тооцон дахин хүүлж анхнаасаа хүчин төгөлдөр бус, хууль зөрчиж хийгдсэн гэрээ хийсэн гэж үзнэ.
Хариуцагч Т.******* нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ББСБ-ын ХХК-тай хийгдсэн Зээлийн гэрээ-нд заагдсан 9,100,000 төгрөгийг шилжүүлэн аваагүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд болон шүүхэд гаргасан тайлбар мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Харин Б.******* нь хариуцагчаас удаа дараа зээл төлөхийг шаардсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үндсэн зээл, хүү, алдангийн тооцоолбор хийснээс хөөн хэлэлцах хугацааг тоолох бөгөөд хариуцагч нь 4 удаагийн шилжүүлгээр нийт 5,000,000 төгрөгийг Б.*******ын ХААН банкны дансанд гэрээнд заасан хугацаа хэтрүүлэн шилжүүлсэн байгаа хэдий ч 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн гэрээнд заасан үндсэн зээл 5,000,000 төгрөгийг төлсөн гэж тооцон, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй х*******той шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн гэрээнд заасан хүүг нэхэмжлэгч нь авах эрхээ алдсан, гаргах боломжгүй байна гэж үзлээ.
Иймд зохигчдын хооронд хийгдсэн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот Зээлийн гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн...хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт авагдсан УТМ, ББСБ-ын ХХК-ийн хооронд байгуулсан Зээлийн багц шилжүүлэх гэрээ гэх албан бичиг нь он, сар, өдөр байхгүй, иргэн Т.*******тэй гэрээ хийсэн мэт боловч дээрх хоёр компанийг төлөөлөн захирал Б.******* гэж гарын үсэг зуран, зээлдэгч Т.******* тухайн гэрээг зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байх тул хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгч оролцуулах талаар мэдэгдсэн байх тул хэрэгт авагдсан бусад нотолгоог үндэслэн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 160,550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар ББСБ-ын ХХК, Т.******* нарын хооронд хийгдсэн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 160.550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА