Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 104/ШШ2021/00383

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Бурхант 15-201 тоотод оршин суух, Жаргал овогт Эрдэнэ-Очирын Баасансүрэн /РД:ДВ01311701/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймаг, Сайнцагаан сум, 9 дүгээр баг, Мандал, 6-15 тоотод оршин суух, Зуут овогт Галбадрахын Дуламсүрэн /РД:ЗЮ83080101/-д холбогдох

5 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Э.Баасансүрэн,

хариуцагч Г.Дуламсүрэн /цахимаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Золбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр фэйсбүүкээс хүүхэд харах зарын дагуу Г.Дуламсүрэнтэй ярьж, нэг сарын 1 000 000 төгрөгийн цалинтай ажил гүйцэтгэх гэрээг харилцан тохирч бичгээр байгуулан 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 3 настай Энхбаяр гэх хүүхдийг нь Яргайтын зусланд 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл харсан. Үргэлжлүүлээд хараад өгөөч гэхээр нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл дахин ажилласан. Энэ хугацааны хүүхэд харсны төлбөрт надад 3 500 000 төгрөг өгнө гэж хэлсэн. Би тухайн үед онлайн захиалга авч дансандаа 2 000 000 төгрөгийн орлого орсон байсан. Миний карт эвдрэлтэй байсан тул өөрийн данснаас 2 000 000 төгрөгийг бэлнээр авч, Г.Дуламсүрэнгийн Хас банкны хадгаламжийн данс руу 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлсэн. Би Г.Дуламсүрэнгээс 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өөрийн 2 000 000 төгрөг болон ажил гүйцэтгэх гэрээний дагуу 3 500 000 төгрөг, нийт 5 500 000 төгрөгийг авъя гэхэд янз бүрийн шалтгаан тоочин өнөөдрийг хүртэл өгөөгүй. Одоо хариуцагчаар оролцож буй Дуламсүрэн нь надтай тохиролцсон, намайг ажиллуулсан хүн мөн. Иймд хариуцагчаас 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дундговь аймгийн Сайнцагаан сум, 9 дүгээр баг, Мандалын 6-15 тоотод 2 хүү, 1 охины хамт амьдардаг. Том хүү 7 настай, дунд охин 5 настай, бага хүү 1 нас, 10 сартай гэртээ өөрөө хүүхдээ хардаг. Баасансүрэнг би танихгүй, уулзаж байгаагүй, огт мэдэхгүй. Нэхэмжлэгч Баасансүрэнтэй хүүхэд харуулна гэж гэрээ хийгээгүй. Гэрээний мөнгө гэх 3 500 000 төгрөгийг өгнө гэж ярьж байгаагүй. Мөн надад Хас банкны хадгаламжийн данс байдаггүй. Миний дансанд 2 000 000 төгрөг орж ирээгүй. 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр миний ах, дүү 2 Баасансүрэн, түүний ээж, ах нартай нь уулзаж, дүрсээ харж надтай ярьсан. Тэгэхэд намайг болон хүүхдийг маань хараад биш байна гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Үндэслэлгүйгээр шүүхэд өгч намайг дарамтад оруулж байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Баасансүрэн нь хариуцагч Г.Дуламсүрэнд холбогдуулан хүүхэд асарч өгсний төлбөр 3 500 000 төгрөг, данс руу шилжүүлсэн 2 000 000 төгрөг, нийт 5 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд зааснаар шүүхийн өмнө нотлох баримт цуглуулж өгөх замаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа байр сууриа нотлох үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, шүүх өөрийн санаачилагаар аливаа баримтыг цуглуулахгүй бөгөөд мэтгэлцээний байр сууриа хэргийн оролцогч өөрөө нотлоно. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд нотлох баримтын хуваарилалтын хувьд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нь нэхэмжлэгчид хуулиар ногдуулж буй үүрэг юм.

Уг зохицуулалтын хүрээнд авч үзвэл, нэхэмжлэгч Э.Баасансүрэн нь нэхэмжлэлд бичигдсэн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 500 000 төгрөгийн цалинтайгаар хүүхэд асрах гэрээг хариуцагч Г.Дуламсүрэнтэй байгуулж гүйцэтгэсэн, мөн хариуцагчийн Хас банкны данс руу 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн болохоо нотлоогүй, хэрэгт авагдсан бусад баримтаар энэ үйл баримт тогтоогдсонгүй. Нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийхэд Хас банкны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 28/1050 тоот албан бичгээр ирүүлсэн дансны хуулгаар хариуцагчийн 5001866121 тоот дансанд 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд аливаа орлогын гүйлгээ хийгдээгүй байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь Г.Дуламсүрэнтэй харилцсан фэйсбүүк чат, утасны зурвас /цахим/ гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул үнэлсэнгүй. Шүүхийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан эрхээ хэрэгжүүлэх үүднээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримттай холбогдуулан уг баримт хадгалагдаж байгаа гар утас, фэйсбүүк чатанд үзлэг хийх талаар санал асуухад нэхэмжлэгч нь техникийн хувьд одоо үзлэг хийлгэх боломжгүй болсон, тухайн баримт цахим эх сурвалж дээр устгагдсан болохыг шүүх хуралдаан дээр тайлбарласан билээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн дансны хуулгыг эрх бүхий байгууллагаас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан бөгөөд нотлох баримт бүрдүүлэх талаар өөр хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй болно.

Иймд хэргийг оролцогчийн мэтгэлцэх, байр сууриа баримтаар нотлох талуудын зарчмын хүрээнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж хариуцагчийн байр суурийг няцаагаагүй, зохигчийн хооронд хүүхэд асрахтай холбоотой 3 500 000 төгрөгийн цалин олгохоор тохиролцсон Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үүргийн аливаа харилцаа үүсээгүй, нэхэмжлэгчийн 2 000 000 төгрөгийг үүргийн харилцаа үүсээгүй байхад өөрийн дансанд хариуцагч хүлээн авч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн үйл баримтууд тогтоогдохгүй байгаа учир нэхэмжлэгчийн гаргасан 5 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа хаягийг Налайх дүүргээр тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхийн харьялалд нийцсэн. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Дундговь аймагт оршин суудаг болох нь тогтоогдсон боловч зохигч хэрэг шилжүүлэх хүсэлт гаргаагүй, хэргийг шилжүүлэх нь хэргийг бодитой, шуурхай шийдвэрлэгдэнэ гэж үзэх үндэслэлгүйг харгалзан анх хүлээн авсан харьяаллын дагуу хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Дуламсүрэнд холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Э.Баасансүрэнгийн 5 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ