Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/165

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Т   

              Хохирогч: Ч.Д  

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э   

              Шүүгдэгч: Б.Н  

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бийн Нт холбогдох эрүүгийн 2412000000037 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 01-ний өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт А аймгийн Ц сумын А багийн ........т гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 520.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж уг ялыг эдэлж дууссан, Х овогт Бийн Н/РД:АЮ............/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А аймгийн Э сумын ....ы дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” нэртэй шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан иргэн Т.Гийн гээгдэл эд зүйл болох банкны виза картыг олж авч, шунахайн сэдэлтээр тус карттай холбогдох данснаас 2 удаагийн идэвхтэй үйлдлээр нийт 1.400.000 төгрөг бэлнээр гарган авч, бусдын мөнгөн хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 1 дүгээр багт, хохирогч Ц.Цийн хүн байнга амьдрах зориулалттай Монгол гэрт эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр хана, эсгий зэргийг нь эвдэж, хууль бусаар нэвтэрч гэрт байсан тэжээлийн өвсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 587.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын ..-р багт байрлах “Б” зочид буудлын .....0 тоот өрөө буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Ч.Дын эд хөрөнгө болох “Самсунг галакси А-21 эс”, “Самсунг Галакси А31” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 490.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              Хохирогч Ч.Дын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би тухайн үед тэмцээнд орох гээд А аймагт очсон байсан. Тухайн буудалд хоноод өглөө сэртэл миний 2 утас алга болсон байсан. Гэхдээ би 2 утасныхаа хохирлыг авсан байгаа...” гэх мэдүүлэг,

 

              *Эрүүгийн 2412000000037 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Т.Гийн өгсөн:

“...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй. Миний картнаас авсан 1.400.000 төгрөгийг эргүүлэн авах юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 182-183 дугаар тал/,

 

*Хохирогч Ц.Цийн өгсөн:

“...2024 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр танай гэрт хулгай орсон байна гэж
хажуу айлын хүн гар утсаар хэлсэн. Би хөдөө И сумаас ирээд цагдаад
дуудлага өгсөн. Манай нэг гэр А аймгийн төвд ЭБ сумын 1-дүгээр баг Цагаан
давааны 02-гудамж, 07-тоотод байдаг юм. Сургуулийн хүүхдүүд хичээл амраад хөдөө
Их тамир сумын борт багт гэртэй харьсан манай гэр эзэнгүй байсан. Би хүүхдүүд
амраад гэр эзэнгүй байсан болохоор аймгаас худалдаж авсан ногоон тэжээл өвсний
илүү гарсан 35 ширхэгийг гэртэй оруулж хураагаад орхисон байсан юм. Тухайн үед авч
явах гээд машинд багтаагүй хүүхдүүд амарсан ачаа багталцаагүй 65 ширхгийн авч
яваад 35 ширхэг нь үлдсэн байсан. Одоо 15 ширхэг нь огт байхгүй болсон байна.
Гэрийн цагаан бүрээс, эсгий туургануудыг урж, гэрийн хангийн эвдэлж орсон байна. Миний ногоон тэжээл бага зэрэг шаргал болсон толгойтой ногоон тэжээл
байсан. Би ногоон тэжээл өвсөө 22.000 төгрөгөөр үнэлнэ. Би 2023 оны 12 дугаар
сард 22.000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн жижиг гэрийн цагаан бүрээс 80.000
төгрөг, жижиг гэрийн модон 1 ширхэг ханаа 150.000 төгрөгөөр үнэлнэ. Би намар
хүүхдүүдэд шинэ жижиг гэр бэлдэж аймгийн төвд хашаанд буулгасан. Эсгий туурга 2-
ширхэг урагдсан байна. Би 2 ширхэг туурга 120.000 төгрөгөөр үнэлнэ. Надад нийт
680.000 төгрөгийн хохирол учирсан байна. Надад нэхэмжлэх зүйл байна. Надад учирсан хохирол байгаа. Би өөрийн эзэмшлийн монгол гэрийн эд зүйлс, ногоон тэжээл өвсөө олж авч хохиролгүй
болмоор байна.
..” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 112-113 дугаар тал/

 

*Хохирогч Ч.Дын өгсөн:

“...Би 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр А аймгийн Э сумын 1-р багаас А аймагт 2024 оны 01 дүгээр сарын 12-14-ний өдөр зохион байгуулагдах өвлийн фестивалийн мөсөн шагайн харвааны тэмцээнд оролцохоор ирээд 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тэмцээндээ оролцчихоод А аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б” нэртэй буудалд байрлахаар 20 цагийн үед очсон. Тэгээд тус буудлын 30 тоот өрөөнд байрлаад байж байтал шөнийн 03 цагийн үед Ц сумын харьяат нэрийг Б.Н гэсэн байх аа тийм залуу манай өрөөнд орж ирээд юм ярьж байж байгаад удаагүй гараад явсан. Тэгтэл нутгийн ах Э бид хоёрыг өрөөндөө унтаж байхад уг залуу өглөөний 08 цагийн үед дахин орж ирсэн. Тэгээд уг залууг гараад явсны дараа утсаа хартал гар утас маань байхгүй болсон байсан. Би алдсан гэх самсунг галакси А-21 эс маркийн гар утсыг 2023 оны 08 дугаар сард Улаанбаатараас 300.000 төгрөгөөр, самсунг галакси А-31 маркийн гар утсаа 2023 оны 06 дугаар сард Улаанбаатараас 400.000 төгрөгөөр тус тус худалдан авсан. Самсунг галакси А-21 эс маркийн гар утас нь улаан өнгөтэй, кейсгүй байсан, самсунг галакси А-31 маркийн гар утас нь хар өнгийн мөн хар өнгийн кейстэй байсан. Би самсунг галакси А-21 маркийн гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлж байна, самсунг галакси А-31 маркийн гар утсаа авсан үнээр нь буюу 400.000 төгрөгөөр үнэлж байна. Самсунг галакси А-21 маркийн гар утсанд скайтелын ...5, самсунг галакси А-31 маркийн гар утсанд юнителийн ... дугаарын сим картууд ашиглагдаж байсан. Би алдсан гэх гар утаснуудынхаа имей кодыг мэдэхгүй. Самсунг галакси А-21 маркийн гар утас нь ширээн дээр, самсунг галакси А-31 маркийн гар утас нь миний унтаж байсан орон дээр байсан. Ц сумын харьяат Б.Н гэх залууг сэжиглэж байсан. Тэр залуугаас өөр хүн манай өрөөнд орж ирээгүй...’’гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-14 дүгээр тал/,

 

*Гэрч Т.Гын өгсөн:

“...Т.Г нь манай төрсөн ах байгаа юм. Э суманд ээжийн хамт хоёулаа амьдардаг. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны орой Нефтүнэ бааранд үйлчлүүлж байгаад өөрийн эзэмшлийн хаан банкны картаа алдаж данснаасаа 1.400.000 төгрөг алдсан. Ямар нэгэн бэртэл гэмтэлгүй байсан хүнд зодуулаагүй гэж байсан. Энэ хохирлыг хурдан барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 167-168 дугаар тал/

 

*Гэрч Б.Нгийн өгсөн:

“...Би хажуу айл Ц.Цийн гэрт нь ороогүй Б.Н гэж нэртэй залуутай өөрийн гэртээ архи ууж байгаад манай хажуу айлд өвс байгаа гэж ярьж хэлж байсан. Би хамт хажуу айлын гэрт нь орж хулгай хийсэн зүйл байхгүй. Архи уугаад тасраад унасан байна. Б.Н манай гэрт шарга морьтой ирсэн. Б.Н мориндоо өвс тавьж өгсөн байх. Бид танил хүмүүс байгаа юм. Ах дүү хамаатан садан биш...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 127-128  дугаар тал/

 

*Гэрч Н.Агийн өгсөн:

“...2024 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдөр Ч.Д, Ч.Э гэх хоёр залуу манай буудалд 30 тоот өрөөнд байрласан. Тэгээд уг хоёр залуу Э сумаас өвлийн фестивалийн мөсөн шагайн харвааны тэмцээнд оролцохоор ирсэн гэж ярьж байсан. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны оройн 20 цагийн үед тэмцээнээсээ ирж өрөөндөө орж хоносон. 14-ний өглөө нэг залуу нь над дээр ирэн хоёр гар утас байсан алга болсон байна камер шүүгээд өгөөч хэмээн хэлсэн. Тэгээд би камер шүүж өгтөл 2024 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 03 цаг 30 минутын үед нэгэн залуу, хоёр залуугийн байрлаж байгаа өрөө рүү ороод гарч байгаа харагдсан тэгээд ахин камерын бичлэг шүүтэл 03 цаг 30 минутын үед өрөө рүү орсон залуу 08 цагийн үед мөн тухайн 2 залуугийн байрласан өрөө рүү ороод гарсан байсан. Би тухайн залууг огт танихгүй өмнө нь харж байгаагүй, мөн манай буудалд байрлаагүй хүн байсан. Би тухайн залууг одоо харвал танина. Тухайн залуу нь 175-180 см-ын өндөртэй, махлагдуу, зүүн нүдэндээ хүнд цохиулсан гэлтэй хөхөрч хавдсан байсан. Би 03 цаг 30 минутын үед орохыг нь мэдээд өрөөнөөсөө хөөж гаргасан, 08 цагийн үед орж ирэхэд нь би нойлоо цэвэрлэж байсан. Камерын бичлэг шүүх байх үедээ сүүлд 08 цагт орж ирснийг мэдсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 22-24 дүгээр тал/

 

*Д ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн АЦ-24-15 дугаартай:  

“...2023 оны 06, 08 дугаар сард худалдан авсан самсунг А21 эсс маркийн гар утасны үнэ 250.000/хоёр зуун тавин мянга/ төгрөг, 2023 оны 06, 08 дугаар сард худалдан авсан самсунг А31 маркийн гар утасны үнэ 240.000/хоёр зуун дөчин мянга/ төгрөг, нийт 490.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 32-35 дугаар тал/

 

*Д ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн АЦ-24-13 дугаартай: 

“...15 ширхэг ногоон тэжээл/өвс/-ийн үнэ 285.000 төгрөг, гэрийн цагаан бүрээсийн үнэ 78.000/далан найман мянга/ төгрөг, жижиг гэрийн хана 80.000 төгрөг, 2 ширхэг гэрийн эсгийн туурганы үнэ 144.000 төгрөг, нийт 587.000/таван зуун наян долоон мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 32-35 дугаар тал/

 

*Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 51-57 дугаар тал/

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 2-7 дугаар тал/

*Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 25-26 дугаар тал/

*2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 118-122 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Нын өгсөн:

“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 144-145 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Нын дахин өгсөн:

“...Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А аймгийн Э сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг нэфтүн бааранд орж үйлчлүүлж байхдаа Т.Г гэх ахтай танилцаж нэг ширээнд суусан бөгөөд хамт сууж байгаад Т.Г гэх ах согтоод ширээгээ дэрлээд унтаад өгсөн, би тухайн үед явах гээд куртикээ автал миний куртикний халааснаас миний виза картууд газар унасан байхаар нь хамж аваад гарсан бөгөөд гараад явж байтал миний картаас өөр нэг виза карт байсан бөгөөд нэрийг хартал Т.Г гэх нэртэй карт байсан нэфтүн бааранд тооцоо хийж байхад би Т.Г гэх хүний виза картын нууц дугаарыг нь сонссон байсан учир тэр хүний карт мөн байна гэж бодоод Малчин буудлын АТМ-ээс болон Авто тээврийн төвийн АТМ-ээс хоёр удаа нийт 1.400.000 төгрөг авч архи авч уусан заримыг нь хэрхэн үрснээ ч санахгүй байгаа. Тухайн үед би архи уучихсан нэлээд согтуу байсан согтуудаа согтуурхаад л тийм үйлдэл хийсэн байна би архи уугаагүй байсан бол тийм үйлдэл гаргахгүй байх байсан би буруу зүйл хийсэндээ их гэмшиж байна. Би Т.Г гэх хүнтэй 2024 оны 01 дүгээр сарын 03-ны орой Нэфтүн бааранд л танилцсан юм тэрнээс өмнө таньдаггүй байсан. Тэр өдөр би ганцаараа баар ороод тэр хүнтэй танилцаж нэг ширээнд суусан юм Т.Г гэх хүн надтай танилцах үедээ нэлээд согтсон байсан. Би тухайн виза картаас мөнгө авахдаа ганцаараа явсан мөн тухайн мөнгийг ч гэсэн ганцаараа үрсэн. Би хохирлыг барагдуулна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 144-145 дугаар тал/

 

 *А аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэцийн эмгэг судлалын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ... дугаартай:

“...Шинжлүүлэгч Б.Н нь тархины өвчин гэмтэл үйлийн шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн органик эмгэг өвчтэй байна. Дээрх өвчтэй сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Дээрх өвчин нь олдмол өвчин болно. Б.Н нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчлөөгүй. Б.Н нь дээрх өвчтэй боловч, сэдрэлгүй тул цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. Б.Н нь өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Шинжлүүлэгч Б.Н нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 202-204 дүгээр тал/

 

*Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ..... дугаартай:

“...Б.Н нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байсан гэх эмнэлгийн баримт бичиг байна. Б.Н нь өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байсан байна. Б.Н нь одоо F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. Гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө F07.8 Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байсан гэх эмнэлгийн баримт бичиг байна. Б.Нт албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна. Б.Н нь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Н нь хэрэг хариуцах чадвартай байна. Тархины өвчин гэмтэл үйлийн шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн органик эмгэг өвчтэй хүний өвчин сэдэрсэн цаг хугацаанд болсон үйл явдлыг сэргээн санаж мэдүүлэг өгөх боломжтой. Б.Нын дээрх эмгэг нь тухайн үед засралын байдалтай байсан байна...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 127-131 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 184 дүгээр тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” нэртэй шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан иргэн Т.Гийн банкны виза картыг олж авч, шунахайн сэдэлтээр тус карттай холбогдох данснаас 2 удаагийн идэвхтэй үйлдлээр нийт 1.400.000 төгрөг бэлнээр гарган авч, бусдын эд хөрөнгийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн 2024 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 2-р багт байрлах “Б” зочид буудлын 30 тоот өрөө буюу байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Ч.Дын “Самсунг галакси А-21 эс”, “Самсунг Галакси А31” маркийн гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 490.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Н нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  болох нь хохирогч Т.Гийн”...Миний картнаас авсан 1.400.000 төгрөгийг эргүүлэн авах юм бол гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Т.Гын ”...Т.Г нь манай төрсөн ах байгаа юм. Э суманд ээжийн хамт хоёулаа амьдардаг. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны орой Нефтүнэ бааранд үйлчлүүлж байгаад өөрийн эзэмшлийн хаан банкны картаа алдаж данснаасаа 1.400.000 төгрөг алдсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Дын”...2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тэмцээндээ оролцчихоод А аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б” нэртэй буудалд байрлахаар 20 цагийн үед очсон. Тэгээд тус буудлын 30 тоот өрөөнд байрлаад байж байтал шөнийн 03 цагийн үед Ц сумын харьяат нэрийг Б.Н гэсэн байх аа тийм залуу манай өрөөнд орж ирээд юм ярьж байж байгаад удаагүй гараад явсан. Тэгтэл нутгийн ах Э бид хоёрыг өрөөндөө унтаж байхад уг залуу өглөөний 08 цагийн үед дахин орж ирсэн. Тэгээд уг залууг гараад явсны дараа утсаа хартал гар утас маань байхгүй болсон байсан. Би алдсан гэх самсунг галакси А-21 эс маркийн гар утсыг 2023 оны 08 дугаар сард Улаанбаатараас 300.000 төгрөгөөр, самсунг галакси А-31 маркийн гар утсаа 2023 оны 06 дугаар сард Улаанбаатараас 400.000 төгрөгөөр тус тус худалдан авсан. Самсунг галакси А-21 эс маркийн гар утас нь улаан өнгөтэй, кейсгүй байсан, самсунг галакси А-31 маркийн гар утас нь хар өнгийн мөн хар өнгийн кейстэй байсан. Би самсунг галакси А-21 маркийн гар утсаа 200.000 төгрөгөөр үнэлж байна, самсунг галакси А-31 маркийн гар утсаа авсан үнээр нь буюу 400.000 төгрөгөөр үнэлж байна. Самсунг галакси А-21 маркийн гар утсанд скайтелын ...5, самсунг галакси А-31 маркийн гар утсанд юнителийн ... дугаарын сим картууд ашиглагдаж байсан. Би алдсан гэх гар утаснуудынхаа имей кодыг мэдэхгүй. Самсунг галакси А-21 маркийн гар утас нь ширээн дээр, самсунг галакси А-31 маркийн гар утас нь миний унтаж байсан орон дээр байсан. Ц сумын харьяат Б.Н гэх залууг сэжиглэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Агийн”...2024 оны 01 дүгээр сарын 12, 13-ны өдөр Ч.Д, Ч.Э гэх хоёр залуу манай буудалд 30 тоот өрөөнд байрласан. Тэгээд уг хоёр залуу Э сумаас өвлийн фестивалийн мөсөн шагайн харвааны тэмцээнд оролцохоор ирсэн гэж ярьж байсан. 2024 оны 01 дүгээр сарын 13-ны оройн 20 цагийн үед тэмцээнээсээ ирж өрөөндөө орж хоносон. 14-ний өглөө нэг залуу нь над дээр ирэн хоёр гар утас байсан алга болсон байна камер шүүгээд өгөөч хэмээн хэлсэн. Тэгээд би камер шүүж өгтөл 2024 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 03 цаг 30 минутын үед нэгэн залуу, хоёр залуугийн байрлаж байгаа өрөө рүү ороод гарч байгаа харагдсан тэгээд ахин камерын бичлэг шүүтэл 03 цаг 30 минутын үед өрөө рүү орсон залуу 08 цагийн үед мөн тухайн 2 залуугийн байрласан өрөө рүү ороод гарсан байсан...” гэх мэдүүлэг, Д ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн АЦ-24-15 дугаартай, Д ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн АЦ-24-13 дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх ба нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 2-р багт байрлах “Б” зочид буудлын 30 тоот өрөөнд орохыг тухайн өрөөнд байсан хүмүүс мэдэж байсан, хууль бус нэвтэрсэн гэж үзэхгүй тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй юм. Шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ч.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...манай өрөөнд үл таних хоёр залуу орж ирсэн, тэгээд гараад явсны дараа унтаад өглөө сэрэхэд хоёр утас алга болсон байсан...” гэж мэдүүлдэг бөгөөд камерийн бичлэг харахад өглөө манай өрөөнд нэг залуу орж ирээд гарсан байсан, орж ирсэн гэдгийг унтаж байсан болохоор мэдээгүй гэж тайлбарладаг болно.

 

 

Шүүгдэгч Б.Н нь байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай байр буюу “Б” зочид буудлын  өрөөнд хууль бусаар эзэмшигчийн зөвшөөрөлгүй сэм нэвтэрч нэвтрэн  бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

 

А аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна.

 

Шүүгдэгч Б.Ныг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

      Харин 2024 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 1 дүгээр багт хохирогч Ц.Цийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт эзэмшигчийн зөвшөөрөлгүй хана, эсгий зэргийг эвдэж, нэвтрэн тэжээлийн өвсийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 587,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй, энэ шүүх хуралдаанаар шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх боломжгүй, нотлох баримт хангалтгүй байна. Хохирогч Ц.Цийн гэрээс 15 боодол өвс алга болсон гэх шөнө шүүгдэгч Б.Н нь  хохирогчийн гэрийн хажууд байх гэрч Б.Нгийнд ирж хоносон талаар гэрч Б.Н “...тухайн хэрэг гарах шөнө л манайд ирсэн, өмнөх өдөр нь би Б.Нтой таараад нэг нэг пиво уух үед гэрээ зааж өгсөн. Тэгсэн тэр шөнө Б.Н манайд архитай орж ирээд тухайн архинаас уусан, өглөө сэрэхэд Б.Н байхгүй байсан,  тухай шөнө Б.Н морьтой ирсэн...” гэж мэдүүлдэг, хохирогчийн гэрийн гадна байсан гутлын мөр нь гэрч Б.Нгийн гутлын мөр болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон, улсын яллагч гэрч Б.Нгийн гутлыг шүүгдэгч Б.Н өмсөөд өвс авсан байх магадлалтай гэж шүүх хуралдаанд яллаж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч Б.Н хэрэг гарсан шөнө хохирогчийн хажуу айлд буюу гэрч Б.Нгийн гэрт ирж хоносон гэснээс өөрөөр тухайн хэргийг үйлдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй болно. Хохирогч Ц.Цийн гэрээс 15 боодол өвс алга болсон үйл баримт тогтоогдож байх боловч тухайн 15 боодол өвсийг шүүгдэгч Б.Нын тухайн шөнө хэрхэн авсан, хаашаа, юугаар зөөсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй байна. Иймд шүүгдэгч Б.Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дээрх хэргийг хэрэгсэхгүй болгож, тус хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

            Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Т.Гт 1.400.000 төгрөгийн, хохирогч Ч.Дд 490.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, хохирогч Т.Гт 1.400.000 төгрөгийн хохирлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Н нь төлж барагдуулсан талаар баримт ирүүлсэн, мөн хохирогч Ч.Дд учирсан  хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Ныг  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон шүүгдэгч Б.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих хоёр жилийн хугацаагаар хорих оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөгүй боловч түүний эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа түүний  өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй тул хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулах боломжгүй гэж дүгнэв.

 

              Шүүгдэгч Б.Нын цагдан хоригдсон 77/далан долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар А аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Нт холбогдуулан Ц.Цийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 587.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тус хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.

 

2. Шүүгдэгч Х овогт Бийн Ныг үргэжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн  гэмт хэрэгт буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нт оногдуулсан 2/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нын цагдан хоригдсон 77/далан долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2025 оны 06 дугаар 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч Б.Н нь энэ  тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР