| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/09473/И |
| Дугаар | 101/ШШ2017/00986 |
| Огноо | 2017-03-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2017/00986
| 2017 оны 03 сарын 22 өдөр | Дугаар 101/ШШ2017/00986 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.А
Нэхэмжлэгч: Т.Х
Хариуцагч: Ч.Д
Хариуцагч: М.А
3 977 920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, Т.Х, хариуцагч Ч.Д, М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.А, Т.Х нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Дамдинжав овогтойД.Аминий бие миний нөхөр болох Т.Х бид хоёр амьдралаа дээшлүүлж, өөрийн гэсэн орон байртай болохын тулд анх Ч.Д 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр уулзсан. Ч.Д болон түүний эхнэр М.А нар нь Чех улс руу ажлын гэрээгээр найдвартай нэг сарын дотор гаргаж өгье. Нэг хүний 1500 евро, очоод үлдэгдэл 1500 еврогоо авъя эхнэр бид хоёр байнга хүн явуулдаг. Та хоёр ингэж болно гэсэн юм. Ингээд ярьж тохиролцоод, итгээд явахаар болж шинжилгээ, цагдаагийн газрын тодорхойлолт энэ тэр гэж өчнөөн явсан. Бид хоёр Орхон аймагт амьдардаг тул дуудсан хугацаанд нь хот руу явж очдог. Энэ үеэс бид хоёр явахаа хүлээж, ажил төрөл хийгээгүй бүтэн жил гаруй хүлээлээ. Цаг авдаг гэж хэлж, цагны мөнгөнөөс эхэлж авсан. Нөхөр маань барилгын ажил хийж хураасан мөнгөө өгч, хүнээс хүртэл мөнгө зээлж өгч Хаан банкаар евро болон төгрөгөөр хэлсэн хугацаанд нь тоот дансанд нийт 3 977 920 төгрөг хийсэн нь баримтаар үнэн болно.
2015 оны 11 дүгээр сарын 11-нд 300 000 төгрөг,
2015 оны 11 дүгээр сарын 18-нд 800 000 төгрөг,
2015 оны 11 дүгээр сарын 23-нд 428 200 төгрөг,
2015 оны 12 дугаар сарын 02-нд 642 720 төгрөг,
2015 оны 12 дугаар сарын 21-нд 35 000 төгрөг,
2015 оны 12 дугаар сарын 24-нд 860 800 төгрөг,
2015 оны 12 дугаар сарын 29-нд 48 000 төгрөг,
2016 оны 01 дүгээр сарын 16-нд 863 200 төгрөгийг тус бүр дансанд хийсэн.
Ч.Дтэй ярихаар та хоёр хүрээд ирээ бүгдээрээ суугаад ярилцъя гэдэг. Нөхөр бид хоёр яваад очихоор заавал явуулна, тун удахгүй, нэг хоёр сард, өнөө маргааш гэсэн бүтэн жил гаруй хугацаа өнгөрлөө. Одоо залгахаар утасаа авахгүй, эсвэл холбогдохгүй байх юм. Холбогдоод авахаараа би эхнэрээсээ салсан миний амьдрал хэцүү байна хэмээн өөрийн зовлонгоо тоочих юмаа.
Нөхөр бид хоёр 2016 оны 10 дугаар сараас эхлээд явахаа больё мөнгөө буцаан авъя гэж хэд хэдэн удаа уулзсан боловч тодорхой хариу өгөхгүй, явуулж өгөх нь тодорхойгүй гэдгээ хэлж, авсан мөнгөнийхээ талыг нь л өгвөл гэх мэтээр залилж байгаагаа илтгэж байна. Одоо би хөл хүнд 3 сар гаруй болж байна. Миний амьдрал хэцүү, нөхөр, хөгшин настай, тэтгэврийн аав ээжийн хамт амьдардаг. Хамгийн сүүлд 2016 оны 11 дүгээр сарын 25-нд Ч.Дтэй уулзаад өгөх гээд байгаа тал мөнгийг нь авъя гэхэд бэлэн мөнгө байхгүй, юм хумаа зарж байж өгвөл өгнө гэсэн. Ингэж ярьж байгаа нь бидэнд ямар ч найдваргүй болсон байна гэдгийг мэдлээ. Иймд бага хожимдсон дээрээ шүүхийн байгууллагаар дамжуулан өөрсдийн мөнгөө эргүүлэн авахыг хүсч байна. Хүнд итгэж мөнгөө өгсөн нь бидэнд хүнд тусч байна. Хүн бодохгүй өөрийн амин хувиа хичээж, бусдын амьдралаар тоглож байгаа тул Монгол улсын Иргэний хуулийн дагуу шийдвэрлүүлж хохирлоо бүрэн дүүрэн нөхөн төлүүлэхэд минь гүн туслалцаа үзүүлнэ үү. Ч.Д болон түүний эхнэр М.А нараас 3 977 920 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ч.Д, М.А нар шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч болох Т.Х,Д.Ань манай ойролцоо байдаг дэлгүүрийн эзний эгчээр дамжуулан Чех улсруу ажлын гэрээгээр явж ажиллаж амьдармаар байна, таньж мэдэх хүн байна уу тусалж өгөөч гэж гуйн танилцсан.
Бид гэр бүлээрээ Чех улсад ажиллаж амьдарч байхад тусалж байсан албан ёсны эрхтэй орчуулагч Довдон овогтой Хишигжаргал эгчид хандаж шаардлагатай төлбөрийг нь дансаар шилжүүлж,
AMD.LOG.sro Tynecka 814/65 Holice Post 77900 OLOMOVC 9
OAM-1212-17/zm-2016 дугаартай Т.Хнэ
OAM-1212-17/zm-2016 дугаартай Д.А нарын хөдөлмөрийн гэрээ ирж Чех улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэх өргөдлөө өгсөн.
2016 оны 07 дугаар сарын 16-нд орон тооны хүлээлэгтэй байгаа тул татгалзаж байна. Өөр үйлдвэрт гэрээ гаргуулах боломжтой гэсэн хариу ирсэн. Ингээд бид 4 биечлэн уулзаж манайд ирэн хөдөлмөрийн гэрээ болон бусад бичиг баримт хариуцан ажилласан Хишигжаргал эгчтэй холбогдуулж өгсөн. Тэд бид хоёрын дэргэд дахин хөдөлмөрийн гэрээ гаргуулах, эсвэл мөнгөө буцаан авах талаар ярилцан тохиролцож Т.Х,Д.Адахин гэрээ гаргуулах санал хэлсэн. Ингээд би дахин шинжилгээнд орох зардлыг нь даан эрүүл мэндийн үзлэгт оруулж бүх бичиг баримтыг нь хөөцөлдөхөөр үлдсэн.
Эхнээс нь бичиг баримтыг нь хөөцөлдөж бүрдүүлж яваад шинжилгээнийх нь хариуг авах гэтэл бэлгийн замын халдварт өвчинтэй тул эмчилгээ хийх шаардлагатай гэх хариуг авч тэр хоёрт хэлтэл бид хоёр эмчлүүлээд дахин шинжилгээ өгье гэх хэлээд 2 сар гаруй болсон. Гэтэл саяхан бид 2 явахаа болилоо. Эрүүл мэндийн шалтгаантай, би 3 сартай жирэмсэн явах боломжгүй, мөнгөө буцааж авмаар байна гэж хэлсэн. Үүнээс болж бидний дунд үл ойлголцох шалтгаан гарч ирсэн. Бидний хувьд бүх бичиг баримт нь элчин сайдын яаманд виз мэдүүлэн зохих журмаараа явсан. Татгалзсаны дараа өөрсдийнх нь саналын дагуу 2 дахь хөдөлмөрийн гэрээ нь ирсэн. Энэ бүхнийг нотлох баримтаар нотолно. Үүнд элчин сайдын яаманд виз мэдүүлэхээр өгсөн баримт, Чех улсруу Довдон Хишигжаргал гэсэн дансанд төлбөр шилжүүлсэн баримт, дахин гаргуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг орно.
Бидний хувьд хүнийг залилъя, завшия гэсэн бодолгүй цаг заваа алдаж ямар ч ашиггүй, эцэст нь өр нэхүүлж, доромжлуулж байгаадаа гомдолтой байна гэжээ.
Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.А, Т.Х нар нь хариуцагч Ч.Д, М.А нарт холбогдуулан гэрээний үүргийн дагуу төлсөн 3 977 920 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.
Зохигч талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тодорхой тохиролцоо хийн Чех улсад ажиллахад холбож өгөх, шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх, визэнд ороход шаардлагатай туслалцаа үзүүлэх үүргийг нэг талаас хүлээн нөгөө талаас тухайн ажлыг хийж гүйцэтгэх зардалд нэг хүний 1 500 евро /хоёр хүний 3 000 евро/ төлөх үүргийг тус тус хүлээсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдох ба талууд ийнхүү хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн талаар маргахгүй байна.
Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, эрх зүйн харилцаа үүсгэх зорилго, агуулга зэргээс дүгнэн үзэхэд, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэг талаас Д.А, Т.Х нар нь Чех улсад хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах хүсэл зориг илэрхийлэн тэдгээрийг ийнхүү ажиллуулахтай холбоотой бичиг баримт боловсруулах, визэнд оруулах, виз гаргаж өгөх, улмаар Чех улсад очин ажилд оруулах хүртэл тодорхой шат дараалал бүхий үйлдэл хийх үүргийг Ч.Д, М.А нар хүлээсэн нь хөдөлмөрийн гэрээ байгуулах гуравдагч этгээдтэй холбож өгөх, тухайн үйлдлийгД.Аболон Т.Х нарын ашиг сонирхлын төлөө хийж гүйцэтгэх шинжтэй байх тул зуучлах үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.
Нөгөө талаас тухайн үүргийг гүйцэтгэсний төлөө нэг хүний 1 500 евро, урьдчилан төлөх, Чех улсад очсоны дараа үлдэх 1 500 еврог төлөх үүргийг Д.А, Т.Х нар хүлээсэн нь зуучлах үйлдэл хийсний төлөө гаргах зардал болон хөлс төлөх шинжтэй байх тул Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт нийцсэн, хариу төлбөртэй зуучлалын гэрээ гэж үзэх үндэслэлтэй.
Гэрээний дагуу зуучлах үйлдэлд Чех улсад очиж ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулахтай холбоотой тодорхой үйлдлүүд хамаарах бөгөөд Чех улсад очиж, ажилд орсноор зуучлах үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр тохиролцсон нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт Чех улсын Отроковице хотод байрлах Томатекс гэсэн нэршил бүхий байгууллагад нормчны ажил хийхээр байгуулагдсан Ирээдүйн хөдөлмөрийн гэрээ авагдсан байна. /х.х-ийн 56-59 дэх талд/
Тус гэрээгээр ажил олгогч байгууллагатай холбож өгөх үйлдэл хийсэн гэж үзэхээр байгаа боловч хэрэгт авагдсан гэрээгээр зуучлалын үүргийг бүхэлд нь гүйцэтгэсэн гэж үзэхээргүй байна.
Нөгөө талаас зуучлагч тал ажил олгогчтой холбож өгөх үүргийг өөр этгээдээр /Д.Хишигжаргал/ дамжуулан гүйцэтгэсэн гэж тайлбарлах бөгөөд тэдгээрийн хооронд зуучлалын эсхүл хамтран ажиллах ямар харилцаа үүссэнийг тогтоох боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нар анхнаасаа гэрээ байгуулах тохиролцоог хариуцагч нартай тохиролцон хийсэн байх тул үүссэн харилцаануудыг тусгаарлан шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагчийн тайлбарт дурдагдах Д.Хишигжаргал гэгчийг зуучлалын гэрээг анх тутамд нэхэмжлэгч нартай тохиролцон байгуулсан гэж үзэхгүй бөгөөд хариуцагч нартай үүссэн байх магадлалтай харилцааг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах гэрээний үүргийн харилцаанаас тусгаарлан шийдвэрлэх нь зүйтэй.
Талуудын тайлбараар зохигчдын хооронд хоёр удаагийн зуучлалын харилцаа үүссэн, эхний удаагийн зуучлалын үед виз гараагүй тул амжилтгүй болсон гэх боловч дараагийн удаа гэрээг дахин байгуулсан, гэрээний үүрэг биелэгдээгүйд нэхэмжлэгч тал өөрсдөө буруутай гэсэн хариуцагчийн тайлбарыг бүхэлд нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээргүй байна.
Учир нь, гэрээний үүрэг биелэгдээгүйгээс гэрээний үүргийг дахин биелүүлэхээр талууд тохиролцож байгааг эхний гэрээ дуусгавар болон шинээр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин зуучлах үүргийг нэг л удаа гүйцэтгэх талаар тодорхой тохиролцоогүй байх тул гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааны талаар нэмэлтээр тохиролцсон гэж үзэхээр байна.
Талуудын байгуулсан гэрээний дагуу зуучлах үүргийг Ч.Д, М.А нар хүлээсэн бөгөөд тухайн үүргийг бүрэн биелүүлээгүй нь өөр этгээдээс болсон буюу гуравдагч этгээд Д.Хишигжаргалаас шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6 дахь хэсэгт, Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ хүлээн авч чадаагүйгээс үүрэг биелэгдээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ. гэж зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл, зуучлагч нар зуучлалын үүргийг биелүүлээгүйгээс үүдэн гарах үр дагаврыг өөрсдөө хариуцах ёстой бөгөөд гуравдагч этгээдтэй /Д.Хишигжаргалтай/ хэрхэн тохиролцсоноос хамаарах үр дагаврыг гуравдагч этгээдээс шаардах эрх хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй юм.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагч нараас 3 977 920 төгрөгийг гаргуулах үндэслэлийг гэрээний дагуу шилжүүлсэн бөгөөд гэрээний үр дагаврыг хүсэхгүй, тухайн үр дагаварт хүрэх боломжгүй нөхцөл байдалтай байгааг тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийг дурдсан шаардлагаар нэхэмжлэгчийг байгуулсан гэрээнээс татгалзаж байна гэж үзэв.
Нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч тал гэрээний үүрэг биелэгдээгүйд буруутай учраас татгалзаж байна гэх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт, Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэсэн зохицуулалтанд дүгнэлт өгөх шаардлагатай.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол арилгуулахаар шаардах эрх нь гэрээний нөгөө тал үүргээ зөрчсөн байх урьдчилсан нөхцлийг шаардаж байна.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч нарыг визэнд оруулж өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэмэлт нөхцөл тусгах шаардлагатай болсон нь гэрээний үүргийн зөрчил гэж үзэж байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зохицуулжээ.
Үүргийн гүйцэтгэлийн дээрх зарчим нь ялангуяа зуучлалын гэрээ буюу туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээдэг гэрээний хувьд зуучлуулагчийн ашиг сонирхлын төлөө үүрэг гүйцэтгэх гол нөхцөлтэй байна.
Гэрээний үүргийн гүйцэтгэл зохих байдлаар бүрэн хангагдаагүйд зуучлагч болон зуучлуулагч талын буруутай байдал аль аль нь нөлөөлсөн гэж үзэв.
Хариуцагч нар виз гаргаж өгөх үүрэг хүлээсэн байх боловч энэ үүргээ биелүүлж чадаагүй гэдэгтэй маргаагүй байна. Энэ зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзах эрх хэрэгжүүлээгүйг гэрээнээс татгалзах эрхээ бүрэн алдсан гэж үзэх үндэслэлгүй. Нөгөө талаас баримт материалыг дахин бүрдүүлж өгөх санаа сэдэл нь зуучлагч талаас гарсан гэдгийг зохигч талууд тайлбарлаж байна.
Иймд гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг шаардах эрх нь хуульд нийцнэ гэж үзэв.
Нэхэмжлэгч нар гэрээний дагуу нийтдээ 3 977 920 төгрөг шилжүүлсэн гэх бөгөөд энэ нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч нар шилжүүлэн авсан төлбөртэй маргаагүй байна.
Харин хариуцагч нар шилжүүлэн авсан төлбөрөөс гуравдагч этгээд буюу Д.Хишигжаргалд 3 798 600 төгрөг шилжүүлсэн болох нь Голомт банкны орлогын мэдүүлгүүдээр /х.х-ийн 39, 40 дэх талд/ тогтоогдож байх боловч зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцаатай холбоотой гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.
Нөгөө талаар хариуцагч нараас Д.Хишигжаргалтай хийсэн тохиролцоог тус нэхэмжлэлийн шаардлагаас тусгаарлан авч үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үнэлэв.
Хэдийгээр гэрээ зорилгодоо хүрээгүйд зуучлагч талын буруутай үйлдэл байгаа боловч зуучлуулагч этгээдээс хамааралтай, тэдгээрийн эрүүл мэнд буюу хувийн шинжтэй холбоотой нөхцөл байдал нөлөөлсөн байна. Энэ нь хэрэгт авагдсан эрүүл мэндийн тодорхойлолтоор /х.х-ийн 54, 55 дахь талд/ тогтоогдох бөгөөд түүнээс гадна нэхэмжлэгч жирэмсэн байгаа нь гэрээ зорилгодоо хүрэх боломжгүй болоход нөлөөлж байна.
Гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ зорилгодоо хүрэх боломжгүй болсон тул гэрээнээс татгалзсаны үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж байгаатай холбоотойгоор гэрээний нөгөө тал буюу зуучлагч гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс, гаргасан зардлаа шаардан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Зуучлуулагч гэрээгээр шилжүүлэн өгсөн 3 977 920 төгрөгөөр хохирсон гэж үзэн шаардлага гаргаж байгааг буруутгах боломжгүй.
Харин Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт зааснаар зөрчигдсөн эрхийг сэргээн хохирлын арилгуулахдаа хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзах хуулийн зохицуулалттай.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар 3 977 920 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй ч хохирогч буюу зуучлуулагч нарын хувийн шалтгаан нь тухайн үр дагавар бий болоход тодорхой хэмжээгээр нөлөөлсөн, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээ буюу зуучлагч нарын гэм буруутай нөхцөл байдлыг аль алиныг харгалзан үзэв. Тухайн тохиолдолд зуучлагч нар зуучлуулагч нарын ашиг сонирхлын төлөө үйлдэл хийх ёстой байсан тул илүү гэм буруутай, нөгөө талаас зуучлуулагч нарын хувийн нөхцөл байдал гэрээ цаашид биелэгдэхгүй болсонд нөлөөлсөн гэж үзэн гэм буруугийн хэр хэмжээгээр харгалзан багасгаж нэхэмжлэлийн шаардлагаас 2 784 544 төгрөгийг /70 хувь/ гаргуулан үлдэх хэсэг буюу 1 193 376 төгрөгийг /30 хувь/ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэг, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг, 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Д, М.А нараас 2 784 544 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А, Т.Х нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 1 193 376 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Д.А, Т.Х нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 597 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ч.Д, М.А нараас 59 502 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А, Т.Х нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН