| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0147/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/180 |
| Огноо | 2025-06-30 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Т.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дгийн Цод холбогдох эрүүгийн 2512001410087 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 29-нд А аймгийн Х суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт А аймгийн Х сумын Б багийн Х гэх газар оршин суух хаягтай, урьд А аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овогт Дгийн Ц/РД:АМ...................../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
* Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 2512001410087 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Б.Агийн өгсөн:
“...2023 оны 07 сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай адуун сүргээс 1 тооны шарга зүсмийн байдас алдагдсан. Тэгээд манай нөхөр энэ хавийн газруудаар явж үзсэн боловч олдоогүй. Тухайн алдсан байдас сүргээсээ биш гэрийн гадаа морины уяан дээрээс алдагдсан. Уяатай хоноод маргааш өглөө нь алга болсон байсан. Тэгээд манай нөхөр Б бид хоёр алдагдсан өдрөөс хойш 3, 4 хоногийн дараа Хын зүг хайж үзтэл Шгийн давааны наана замын урд Б.Бэ гэх нэртэй айлын гадаа байх адуун сүрэгт манай алдсан байдас байсан. Тухайн Б.Бэ гэх айл гүүгээ барьсан байсан ба зэлний гадаа байсан адуун дунд байсан. Тэгээд манай нөхөр бид хоёр Б.Бэтэй уулзаад манай алдсан байдас байна гэж асуутал Хар банди гэх нэртэй хүн авчирч тавьсан гэж хэлсэн. Нарийн юмыг нь манай нөхөр сайн мэдэж байгаа ба хар банди гэх хүнийг нь сайн танихгүй. Тэгээд хойшоо гэр рүүгээ холбогдож хадам дүүг дуудаж байдсаа ачуулж авч явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-11 дүгээр тал/
*Хохирогч Б.Агийн өгсөн:
“...Надад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргахгүй. Өөрийн алдсан шарга зүсмийн байдсаа бүрэн гүйцэт олоод авсан тул надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 81 дүгээр тал/
*Гэрч Б.Бийн өгсөн:
“...Би 2023 оны 07 дугаар сарын сүүлээр болсон А аймгийн 100 жилийн ойн баяр наадмын сүүлийн өдрийн шөнийн 23 цагийн үед нутгийн дүү болох Д.Цын хамт наадам болсон Ара комплекс гэх газраас холдож гол бараадаж хонохоор би хээр зүсмийн зөв талын гуян дээрээ 05 тоо тамгатай хээр морио унаад зөв талын ташаан дээрээ давхар онгин тамгатай хээр зүсмийн морио хөтлөөд Д.Ц толин сартай цагаан хонгор зүсмийн морио унаад бид хөдөлсөн. Тэгээд бид явсаар байгаад янгиртай хясааны дээд талд очоод гол тулаад намгаар явж байтал Д.Ц надад хандан ахаа тэнд морьтой хүмүүс орилолдоод давхиад явчихлаа гэж хэлээд хойноос нь давхиад явсан. Тэгэхээр нь би араас нь явалгүй гол дагаад явж байтал Д.Ц миний хойноос гүйцээд давхиж ирсэн. Д.Ц араас давхиж ирэхдээ саяны орилолдоод байсан хүмүүс энэ 2 тооны морийг орхиод явчихлаа тэгэхээр нь би аваад ирлээ гээд хөтөлсөн ирсэн. Тэгэхээр нь би авч ирсэн адууг нь хартал 1 тооны бүгээн зүсмийн адуу 1 тооны бараан зүсмийн адуу нийт 2 тооны адуу байсан. Тэгээд цааш би өөрийн унаж хөтөлж явсан 2 хээр морьтойгоо Д.Ц хонгор морио унаад араас авч ирсэн бүгээн болон бараан зүсмийн адуугаа хөтлөөд бид хэсэг явж байгаад эр буюу хуурай газар бараадаад хоноглохоор шийдсэн. Тэгээд би маргааш өглөө нь 04 цаг өнгөрч байхад сэрээд сэрснийхээ дараа Д.Цыг сэрээгээд бид цааш хөдөлсөн. Тэгээд хөдлөхдөө би Д.Цын шөнө миний араас гүйцэж ирэхдээ авч ирсэн 2 тооны адууг хартал эрээн мяндсан бугуйл мэт зүйлтэй 4 хөл алаг хээр зүсмийн үрээ, суран хазаартай, шарга зүсмийн байдас байсан. Им тамгыг нь би хараагүй. Тэгээд би Д.Цод хандан наад 2 адуугаа одоо тавьж явуул гэхэд Д.Ц надад хандан агаа шөнө айлгасан залуучууд ирж авч л таарна хоёулаа фэйс дээр тавиад эзнийг нь олж өгөөд архины мөнгө олж авъя гээд байсан. Тэгэхээр нь би Д.Цод хандан за тэгвэл чи өөрөө мэд гээд бид цааш явсан. Тэгээд бид Ц сумын төвийн дээхэн талд байх Отгонцэрэн гэх айлаар ороод тэндээ 1 шил монгол болон цагаан архи уугаад 09-10 цагийн үед хөдлөөд хамар даваагаар даваад Төвшрүүлэх сумын төвийн дэлгүүрээс 1 шил архи аваад сумын төвийнх нь урд морьдоо амрааж өвс идүүлж байгаад цааш хөдөлсөн. Тэгээд шууд Х сумын Хонхор нуур гэх газар байх манай гэрт 20-21 цагийн үед ирсэн. Тэгээд Д.Ц бид хоёр манайд хоноод маргааш өглөө нь морьдоо тавиад байж байтал Д.Ц надад хандан энэ шарга байдас, хээр алаг морь хоёрыг яана аа гэж хэлсэн. Тэгэхээр нь би ам нь хатчихна усал гээд услуулаад шарга байдсыг нь адууны хашаан дээр уяулаад хээр алаг морийг нь морины уяан дээр уяулсан байсан. Тэгээд байж байтал 14-15 цагийн үед саарал өнгийн жижиг тэрэгтэй эмэгтэй, эрэгтэй хоёр хүн ирсэн. Тэгээд тэр хоёр хүн надад хандан танай уяан дээр миний алдсан шарга байдас болон хээр алаг морь байна гэсэн. Тэгэхээр нь би Д.Ц бид хоёр аймгаас нааш явж байтал дээрх хоёр адуу таарсан гэж хэлээд тэр хоёр хүн Ц өнгийн портертой хүн дуудаад дээрх хоёр тооны адууг ачаад явсан. Дэлгүүрийн нэрийг санахгүй байна. Би дээрх хүмүүсийг огт танихгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-35 дугаар тал/
*Хохирогч Б.Чын өгсөн:
“...2023 оны 7 сарын сүүлээр аймгийн 100 жилийн баяр наадам дуусдаг орой 23 цагийн үед хээр зүсмийн 4 хөл шийр алаг морио гэрийнхээ хойд талд аргамжиж хоносон. Тухайн үед манайх Янгиртай хясааны баруун талд төв замын урд зусландаа байсан. Тэгээд маргааш өглөө нь 05 цагийн үед босоод хартал аргамжаанаас нь тайлаад аваад явсан шинжтэй байсан. Аргамжаа нь тасарсан зүйлгүй байсан. Би өөрөө аргамжсан. Аргамжаанаас морио цулбууртай тоон тушиж уясан ба тайлагдах боломжгүй. Х сумын Шгийн даваанаас цааш 5 км яваад төв замын хажууд айлын гадаа морины уяан дээр уясан байдалтай байсан. Би морио олж авсан. Морио авахдаа өөрийн эзэмшлийн Портер маркийн машинаар очиж авч байсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 45-48 дугаар тал/
*Хохирогч Б.Чын дахин өгсөн:
“...Тухайн үед гарсан зардлаа нэхэмжлэхгүй. Тодорхой гаргаад өгөх баримт байхгүй байгаа. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 84-85 дугаар тал/
*Яллагдагч Д.Цын өгсөн:
“...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг/хх-ийн 75-76 дугаар тал/
*Шинжээч А.Бын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай:
“...1 тооны хязаалан байдасны зах зээлийн үнэлгээг 2023 оны 07 сарын байдлаар 900,000/есөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 56 дугаар тал/
*Шинжээч А.Бын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай:
“...1 тооны хавчиг соёолон насны адууны зах зээлийн үнэлгээг 2023 оны 07 сарын байдлаар 1,100,000/нэг сая нэг зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 51 дүгээр тал/
*Шинжээч А.Бын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаартай:
“...1 тооны нас нийлсэн морины зах зээлийн үнэлгээг 2023 оны 07 сарын байдлаар 800,000/найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 89 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Д.Цод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн тогтоогдсон үйл баримтын талаар:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 5 дугаар баг, Мааньтын ам гэх газраас иргэн Б.Агийн 1 тооны шарга зүсмийн байдас хулгайд алдагдаж түүнд 900.000 төгрөгийн, мөн иргэн Б.Чын 1 тооны хээр зүсмийн 4 хөл шийр алаг морь хулгайд алдагдаж 1.100.000 төгрөгийн, нийт 2.000.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Д.Ц нь 2023 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө А аймгийн Э сумын 5 дугаар баг, Мааньтын ам гэх газраас иргэн Б.Агийн 1 тооны шарга зүсмийн байдсыг уяан дээрээс нь хулгайлж 900.000 төгрөгийн, үйлдлээ үргэлжлүүлэн дараагийн айл болох иргэн Б.Чын 1 тооны хээр зүсмийн 4 хөл шийр алаг морийг аргамжаатай байхад нь хулгайлж 1.100.000 төгрөгийн, нийт 2.000.000 төгрөгийн хохирлыг бусдад учруулж, олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Б.Агийн“...2023 оны 07 сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай адуун сүргээс 1 тооны шарга зүсмийн байдас алдагдсан. Тэгээд манай нөхөр энэ хавийн газруудаар явж үзсэн боловч олдоогүй. ... Хын зүг хайж үзтэл Шгийн давааны наана замын урд Б.Бэ гэх нэртэй айлын гадаа байх адуун сүрэгт манай алдсан байдас байсан. Тухайн Б.Бэ гэх айл гүүгээ барьсан байсан ба зэлний гадаа байсан адуун дунд байсан. Тэгээд манай нөхөр бид хоёр Б.Бэтэй уулзаад манай алдсан байдас байна гэж асуутал Хар банди гэх нэртэй хүн авчирч тавьсан гэж хэлсэн. ... Тэгээд хойшоо гэр рүүгээ холбогдож хадам дүүг дуудаж байдсаа ачуулж авч явсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Чын”...2023 оны 7 сарын сүүлээр аймгийн 100 жилийн баяр наадам дуусдаг орой 23 цагийн үед хээр зүсмийн 4 хөл шийр алаг морио гэрийнхээ хойд талд аргамжиж хоносон. ...Тэгээд маргааш өглөө нь 05 цагийн үед босоод хартал аргамжаанаас нь тайлаад аваад явсан шинжтэй байсан. Аргамжаа нь тасарсан зүйлгүй байсан. ...Аргамжаанаас морио цулбууртай тоон тушиж уясан ба тайлагдах боломжгүй. Х сумын Шгийн даваанаас цааш 5 км яваад төв замын хажууд айлын гадаа морины уяан дээр уясан байдалтай байсан. Би морио олж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...Д.Ц надад хандан ахаа тэнд морьтой хүмүүс орилолдоод давхиад явчихлаа гэж хэлээд хойноос нь давхиад явсан. Тэгэхээр нь би араас нь явалгүй гол дагаад явж байтал Д.Ц миний хойноос гүйцээд давхиж ирсэн. Д.Ц араас давхиж ирэхдээ саяны орилолдоод байсан хүмүүс энэ 2 тооны морийг орхиод явчихлаа тэгэхээр нь би аваад ирлээ гээд хөтөлсөн ирсэн. Тэгэхээр нь би авч ирсэн адууг нь хартал 1 тооны бүгээн зүсмийн адуу 1 тооны бараан зүсмийн адуу нийт 2 тооны адуу байсан. ...Тэгээд хөдлөхдөө би Д.Цын шөнө миний араас гүйцэж ирэхдээ авч ирсэн 2 тооны адууг хартал эрээн мяндсан бугуйл мэт зүйлтэй 4 хөл алаг хээр зүсмийн үрээ, суран хазаартай, шарга зүсмийн байдас байсан. ...Тэгээд байж байтал 14-15 цагийн үед саарал өнгийн жижиг тэрэгтэй эмэгтэй, эрэгтэй хоёр хүн ирсэн. Тэгээд тэр хоёр хүн надад хандан танай уяан дээр миний алдсан шарга байдас болон хээр алаг морь байна гэсэн. Тэгэхээр нь би Д.Ц бид хоёр аймгаас нааш явж байтал дээрх хоёр адуу таарсан гэж хэлээд тэр хоёр хүн Ц өнгийн портертой хүн дуудаад дээрх хоёр тооны адууг ачаад явсан...” гэх мэдүүлэг, Шинжээч А.Бын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаартай дүгнэлт, Шинжээч А.Бын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож болно.
Шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлсан нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Цод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Цыг үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ад 900,000 төгрөгийн, хохирогч Б.Чт 1,100,000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч нар нь өөрсдийн алдсан адуугаа буцаан авсан талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Цод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч Д.Цын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1 тооны морь нь түүний эзэмшлийнх болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Цоос 800.000/найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий саарал зүсмийн морийг хураан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дгийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Цыг 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цод оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Цод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Цоос 800,000/найман зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий морийг хураан улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч Д.Ц энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Цод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНД