Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 0219

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Шүүгдэгч Б.Давааням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Даваанямд холбогдох эрүүгийн 1725000090013 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, эгч, эгчийн хүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 33-25 тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Хотгойд овогт Баярцогтын Давааням /РД: ФБ 91110634/,

 

Шүүгдэгч Б.Давааням нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 33-25 тоотод хамтран амьдрагч Г.Энхсувдыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Даваанямын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Хохирогчид 275.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Г.Энхсувдын биед хохирол учруулсандаа харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Г.Энхсувдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Бүрэнбүстээс орж ирээд Даваанямын гэрт ирсэн. Давааням гэртээ ганцаараа эрүүл байсан. Би Даваанямд хэлээд ганц пиво ууя гээд дэлгүүрээс бид 2 пиво авч уугаад хамт хоносон. Давааням бид 2 хуурай ах Очироо гэх айлд очиж архи уусан. Архи ууж байхад Давааням гэрт байсан танихгүй хүмүүстэй маргалдаад байхаар нь би тэнд байсан хүмүүсээс айгаад Даваанямтай хамт гарах гэсэн боловч Давааням гарч ирэхгүй удаад байхаар нь ганцаараа яваад найз охин Мөнгөөнөөгийн гэрт нь очсон. Маргааш нь 10 жилийн ангийн хүүхэд Ганаатай уулзаад Мөнгөөнөө нартай хамт эмнэлгийн арын модонд байхдаа нэг шил архи уусан. Даваанямыг дуудсан. Давааням ирээд ямар нэгэн маргаан болоогүй, архинаас ууж байгаад намайг аваад явсан. Хашаанд юу болсон, гал яаж гарсан, намайг яаж зодсоныг би мэдэхгүй байна. Давааням урьд нь намайг ганц нэг алгадаж хүнтэй хардаж гар хүрч байсан. Бид албан ёсны гэр бүл болоогүй, хүүхэдгүй. Одоо миний биеийн байдал тааруухан шөнөдөө халуурч хоноод баруун гарын мах тасарсан гэж хэлсэн, хөдлөхгүй байгаа. Миний эмчилгээний зардалд 275.000 төгрөг гарсан гэсэн мэдүүлэг /хх 10-11, 13 ху/,

 

-Гэрч Д.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай хүү Давааням дээрээ 3 эгчтэй айлын ганц банди байгаа юм.  Энхсувд манай хүүтэй гэр бүл болох гээд хамт амьдарч байгаа. Энхсувд бид нарт элдэв, ааш зан гаргаж байгаагүй. Харин найз нөхөдтэйгөө нийлж архи уучихаад байдаг. Намайг гэрт ирэхэд ээж намайг Давааням зодоод гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 610 дугаартай дүгнэлтэнд:

 

1. Г.Энхсувдын биед тархи доргилт, хамарын ясны хугарал, нүүр, 2 гар, 2 хөл, хэвлий зөөлөн эдэд олон тооны цус хуралт, баруун ташаанд 1 тооны шалбархай зэрэг гэмтэл үүсчээ.

Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн маажих, самардах, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зөөлөн эдэд олон тооны цус хуралт, хамарын ясны хугарал тархи доргилт нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 23 ху/,

 

-Б.Даваанямыг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 41-43 ху/

 

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 59 ху/

 

              -Хохирол төлсөн баримт /хх 67 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Б.Давааням нь 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 33-25 тоотод хамтран амьдрагч Г.Энхсувдыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Г.Энхсувдын “...Давааням урьд нь намайг ганц нэг алгадаж хүнтэй хардаж гар хүрч байсан. Намайг алгадаж байхад хажууд хүнгүй байсан. Бид албан ёсны гэр бүл болоогүй, хүүхэдгүй. Одоо миний биеийн байдал тааруухан шөнөдөө халуурч хоноод баруун гарын мах тасарсан гэж хэлсэн, хөдлөхгүй байгаа. Миний эмчилгээний зардалд 275.000 төгрөг гарсан” гэсэн мэдүүлэг / хх 10-11 ху/,  мөн гэрч Д.Алтанцэцэгийн /хх 16/ өгсөн гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед тархи доргилт, хамарын ясны хугарал, нүүр, 2 гар, 2 хөл, хэвлий зөөлөн эдэд олон тооны цус хуралт, баруун ташаанд 1 тооны шалбархай зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 610 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Б.Даваанямын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Г.Энхсувд нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 275.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгчээс 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Г.Энхсувдын 5091311253 тоот дансанд 275.000 төгрөг төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Даваанямыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Даваанямд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Б.Давааням нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Даваанямд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА