Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ДШМ/23

 

 

 

 

 

 

 2021         05            19                                         2021/ДШМ/23

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

                                                      Д.Тт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгч: Д.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Содномдорж, В.Энхболд,

Нарийн бичгийн дарга: Ө.Цэрэнпагма нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолтой Д.Тт холбогдох 2038000000282 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Т болон түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Мянгат овогт Д-ийн Д.Т, ... оны …. дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................./.

Шүүгдэгч Д.Т нь согтуугаар 2020 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутагт иргэн С.Гтай маргалдсаны улмаас толгойн тус газар нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Мянгат Д-ийн Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д-ийн Д.Тийг 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн 2038000000282 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Таас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн 2038000000282 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Т болон түүний өмгөөлөгч Д.Содномдорж нар давж заалдах гомдолдоо: ...Гэмт хэрэг юунаас болж, хэн үйлдэв гэдэг нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй гэж өмгөөлөгч би дүгнэж байна. Учир нь 2020 оны 04-р сарын 11-нээс 12-нд шилжих шөнө гэрч Нарангэрэл, Пүрэвдорж нар мэдүүлэхдээ ялтан Д.Т төрсөн ах Одхүүгийн машины гэрэл дохио хагалж байхад хохирогч Гэрэлзаяа урдуур нь орж ирээд цохиулаад унасан гэж мэдүүлдэг. Тухайн шөнө болсон үйл явдлыг архи дарс хэрэглээгүй гэрч Нарангэрэл, насанд хүрээгүй гэрч Пүрэвдорж нар үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэтэл гэрч Буянзаяа, Гэрэлзаяа, Пүрэвдорж, Нарангэрэл, Одхүү нарын мэдүүлэг зөрүүтэй байдаг. Мэдүүлгийн зөрүүг гаргах тухай хүсэлтийг өмгөөлөгч Д.Содномдорж, ялтан Д.Т бид удаа дараа гаргаж өгсөөр байтал мөрдөгч, прокурор, анхан шатны шүүх ханган шийдвэрлээгүйд гомдолтой байна. Мөрдөгч миний байцаалтыг тулгаж, хөтөлж авсан тухай гэрч Буянзаяа амаар, бичгээр гаргаж өгсөн байтал дахин байцаалт аваагүй байдаг. Яллагдагч Д.Т төрсөн ах Одхүүд зодуулсны улмаас хамар нь хугарсан, нүдэнд хөхрөлт үүссэн тухай шинжээч эмчид үзүүлсэн байдагч шинжээч эмч хамар хугарсан, нүд хөхөрсөн тухай дүгнэлтэндээ дурдаагүй байдаг. Шинжээч эмч томилуулах тухай хүсэлтийг мөрдөн байцаагч, прокурор, анхан шатны шүүхэд хүсэлт гаргахад ханган шийдвэрлэлгүй орхигдуулсанд гомдолтой байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэргийн үнэн зөв байдлыг тогтоолгохоор хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т болон түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Т нь согтуугаар 2020 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутагт иргэн С.Гтай маргалдсаны улмаас толгойн тус газар нь сүхээр цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 300 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Тийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцжээ.

Иймд шүүгдэгч Д.Т болон өмгөөлөгч Д.Содномдорж нарын “гэрчүүд зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад мэдүүлгийн зөрүүг гаргаагүй, гэрч Буянзаяагаас мэдүүлэг авахдаа тулгаж, хөтөлж авсан, Д.Тийн биед учирсан гэмтлийг шинжээч эмч дүгнэлтэндээ дурдаагүй, шинжээч томилуулах хүсэлтийг мөрдөн байцаагч, прокурор, анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан” гэх агуулга бүхий давж заалдах  гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Тийн зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба түүнд 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Т болон өмгөөлөгч Д.Содномдорж нарын давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Т түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

                                               ШҮҮГЧИД                               Л.ЭРДЭНЭБАТ

                                                                                    Н.БАЯРХҮҮ