| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/06665/И |
| Дугаар | 101/ШШ2017/00921 |
| Огноо | 2017-03-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2017/00921
| 2017 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2017/00921 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, шүүгч З.Баярмаа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.г
Хариуцагч: ,
Гэм хорын хохиролд 408 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, хариуцагч нхзул, иргэдийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 01 цагийн үед таазнаас их хэмжээний ус гоожсон. Дээд айлын хаалганы хонхыг нэлээд удаан дарснаар тэднийг сэрээн ус алдаж байснаа дуулгасан. Гэртээ орж ирэн усаа цэвэрлэж дуусаад дахин дуудахад нхзул орж ирж хохирлыг хэрхэн барагдуулах талаар маргааш нь ярилцахаар тохиролцсон. Гэвч нхзул манай нөхөр засаж өгнө гэж хэлээд хэзээ засах нь тодорхойгүй, нөхрийгөө ч уулзуулахгүй цааргалсаар байсан тул материалынх нь мөнгийг өгчих би өөрөө засчихъя гэхэд чадахгүй, шүүхээрээ яв гэсэн.
Иймд хохирлын үнэлгээ болох 368 900 төгрөг, дуудлагын урьдчилгаанд 20 000 төгрөг, үнэлгээ хийсний төлбөрт 20 000 төгрөг, нийт 408 900 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбаргүй бөгөөд шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Хариуцлага алдаж ус алдсан нь үнэн. Манай хүн барилгын компанид ажилладаг учраас хүмүүс авч ирээд янзлуулж өгье гэсэн боловч зав нь болохгүй байсан учраас хугацаа өнгөрсөн. Би нөхөртэйгөө заавал ярилцана гэдэг нь би ажилгүй хүн. Надад өөрийн 100 хувийн мэдлээр мөнгө зарцуулах эрхгүй. Сүүлд орж ирээд ярилцъя гэхэд намайг арчаагүй, заваан гэж доромжилсон учраас би шүүхээр яв гэж хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би интернэтээс үзэхэд үнэ нь бага байсан. Обой, эмульс зэргийн үнэ, хэмжээ зэрэг нь их байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч нхзулд холбогдуулан гэм хорын хохиролд 408 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг орон сууцанд ус алдсаны улмаас учирсан хохирлыг арилгуулна гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч С.Г нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны * тоотод оршин суух бөгөөд тус орон сууцыг өмчилж байна. /х.х-ийн 28 дахь талд/
Тус орон сууцны дээд давхарт буюу Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, * дугаар байрны * тоотод байрлах орон сууцнаас ус алдсан, ийнхүү ус алдсанаас тодорхой хэмжээний хохирол учирсан үйл баримт нь зохигч талуудын тайлбараар тогтоогдох бөгөөд энэ үйл баримтын талаар хариуцагч тал маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Зохигчид гэм хор учруулсан үйл баримтын талаар маргаагүй боловч нөхөн төлүүлэх хохирлын хэмжээний хувьд маргаж байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаар 408 900 төгрөг гаргуулна гэсэн бөгөөд тухайн шаардлагад үнэлгээний байгууллагаар тогтоосон хохиролд 368 900 төгрөг, үнэлгээний байгууллагыг дуудсан урьдчилгаанд 20 000 төгрөг, үнэлгээ хийсний хөлсөнд 20 000 төгрөг гаргуулна гэж тодорхойлжээ.
Хариуцагч тал үнэлгээ хийн тогтоосон хохирлын хэмжээг үндэслэлгүй гэж үзэн шүүхэд хүсэлт гаргаснаар шүүхээс ****** дугаар бүхий захирамжаар шинжээч томилсон байна.
2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гаргасан А ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр үнэлгээний нийт дүнг 368 900 төгрөг гэж тогтоосныг /х.х-ийн 7-12 дахь талд/ 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ***** дугаар бүхий И ХХК-ийн шүүхэд ирүүлсэн дүгнэлтээр үндэслэлтэй гэж үзжээ. /х.х-ийн 52-53 дахь талд/
Иймд хохирлын үнэлгээний дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтэд үндэслэн ус алдсанаас 368 900 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж зохицуулжээ.
Нэхэмжлэгч эд хөрөнгөнд буюу орон сууцандаа учирсан хохирлоо арилгуулахаар шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээдээс уг гэм хорыг хариуцлан арилгах талаар хуульд заасан үүргийг шаардах эрхийн зохицуулалт болон Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зохицуулалтад тус тус нийцэж байна.
Хариуцагчаар иргэн нхзулыг татсан бөгөөд хариуцагч тухайн орон сууцанд оршин суудаг, бүрэн бүтэн байдлыг хангах болон түүнээс учирсан хохирлыг арилгах үүрэгтэй эсэх талаар маргаагүй байна. Хэд хэдэн оршин суугчдын хувьд хэн алинаас шаардах эрх нэхэмжлэгч талд хадгалагдах ба хариуцлага хүлээх этгээдээр нхзулыг татсаныг буруу гэж үзэхгүй.
Хариуцагч ус алдсан гэм буруугаа хүлээн зөвшөөрөх боловч ус тасарсан үед крантаа онгорхой орхисон байсан тул санаатайгаар хохирол учруулаагүй гэж тайлбарлаж байна.
Ус алдсан тухайн үйлдэлд хандах гэм буруугийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд, санаатайгаар гэм хор учруулсан гэж үзэхгүй ч болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэм буруутай байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 368 900 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар арилгуулах хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсанаар үнэлгээний байгууллагыг дуудах урьдчилгаанд төлсөн 20 000 төгрөг нь хавтаст хэргийн 6 дахь талд авагдсан орлогын баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэм хор арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй тул гэм хор учруулсантай холбоотой зардлыг хариуцан арилгаснаар зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээнэ гэж үзэв.
Иймд үнэлгээ хийх байгууллагад урьдчилгаанд төлсөн 20 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үнэлгээ хийсэн ажлын хөлсанд төлсөн гэх 20 000 төгрөгийн шаардлага хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 6 993 төгрөгийг илүү төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нхзулаас 388 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нхзулаас 12 296 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Гд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар илүү төлөгдсөн 6 993 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч С.Гд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН
ШҮҮГЧ З.БАЯРМАА
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ