| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0145/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/158 |
| Огноо | 2025-06-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Г |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/158
2025 06 06 2025/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн,
Улсын яллагч М.Г ,
Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт С-ын Г /РД: ...../-т холбогдох эрүүгийн 251200162... дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ....-ны өдөр У. хотод төрсөн, 4.. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гагнуурчин , ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймаг Э сум .... дугаар баг, Т. хорооллын ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Т. овогт С-ын Г /РД: ....../,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Г нь А аймгийн Э сумын ... дугаар баг, Т. хорооллын .... тоот гэртээ 2025 оны ... дугаар сарын ....-ний өдөр өөрийн төрсөн хүү болох насанд хүрээгүй хохирогч Г.У-ыг “заваан амттай хоол хийлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан гараараа шанаа хэсэгт цохих, нэг гараараа хүзүүнээс боон заамдаж байгаад хамар хэсэгт нь толгойгоороо мөргөх, дахин шанаа хэсэгт нь цохиж, 2-3 удаа гуя хэсэгт нь өшиглөх зэргээр зодож, түүний биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн эгэм, бугалга, гуянд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Г: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,
Шүүгдэгч С.Г “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар би буруугаа хүлээн зөвшөөрч байна, уучлалт гуйсан, гэмшиж байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Насанд хүрээгүй хохирогч Г.Ундрахбаяр “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй” гэж шүүхэд мэдэгдсэн тул түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулав.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Г нь А аймгийн Э сумын .. дугаар баг, Т... хорооллын .... тоот гэртээ 2025 оны 0... дугаар сарын ....-ний өдөр өөрийн төрсөн хүү болох насанд хүрээгүй хохирогч Г.У-ыг “заваан амттай хоол хийлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан гараараа шанаа хэсэгт цохих, нэг гараараа хүзүүнээс боон заамдаж байгаад хамар хэсэгт нь толгойгоороо мөргөх, дахин шанаа хэсэгт нь цохиж, 2-3 удаа гуя хэсэгт нь өшиглөх зэргээр зодож, түүний биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн эгэм, бугалга, гуянд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2025 оны ... дугаар сарын ____-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, /хх-ийн 3 хуудас/,
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, /хх-ийн 28-30 хуудас/,
- Согтуурсан мансуурсан хүнийг саатуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл, /хх-ийн 31 хуудас/,
- Насанд хүрээгүй хохирогч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр би бэлтгэлдээ явчихаад гэртээ ирэхэд аав болох С.Г согтуу байсан. Тэгээд надад хандаж “түлээгээ хагалаарай” гэхээр нь би түлээгээ хагалаад гэртээ орж ирээд өөртөө хоол хийгээд хийсэн хоолоо хичээлдээ авч явах гэж байтал аав С.Г гаднаас орж ирээд миний хийсэн хоолыг амталж үзээд “чи яасан заваан хоол хийдэг юм бэ” гэж хэлээд дүрүүлжнээс түлээ аваад над руу шидсэн. Гэхдээ тэр түлээ нь намайг оноогүй. Тэгээд хүрч ирээд гараа атгаж байгаад шанаа хэсэгт 1 удаа цохиод 1 гараараа хүзүүнээс боосон. Тэгээд намайг заамдаж байгаад хамар хэсэгт толгойгоороо мөргөсөн. Тэгсэн миний толгой манараад нэг хэсэг хугацаанд босож чадалгүй суусан. Хамраас цус гараад тогтохгүй байсан. Тэгээд аав гарч яваад би цусаа цэвэрлээд сууж байтал аав ахиж орж ирээд гараараа шанаа хэсэгт 1 удаа цохисон, тэгээд “чи хурдан бос” гээд хоёр гурван удаа миний гуя хэсэгт хөлөөрөө өшиглөөд ахиад гараад явахаар нь би ээж рүү залгаад “ээжээ та хурдан ирээрэй, аав намайг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд ээж хүрч ирээд цагдаа дуудсан юм. ...өглөө гэрээсээ гарахад аав С.Г надад хандаж би чамайг хөөж гүйж байгаад унасан гээд хэлсэн шүү чи тэгж хэлээрэй гэж надад хэлсэн. Тухайн үед бүдэрч унаж мөргөлдсөн зүйл болоогүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 5-7 хуудас/,
- Гэрч Л.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...тухайн өдөр би С.Г гэдэг хүнээр машинаа янзлуулах гээд очсон..., тэгээд би С.Г-т хандаж “чи яах гэж хүүхдээ зодоод байгаа юм бэ” гэж хэлээд л гараад явсан. Тэгээд гадаа зогсож байхад хүүхэд нь "ааваа уучлаарай" гээд орилоод байсан. Би ахиж ороогүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 хуудас/,
- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 135 дугаартай "...1 .Г.Ундрахбаярын биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн эгэм, бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. З.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирол тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 хуудас/,
- яллагдагч С.Г-ийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, би хүүхдээсээ уучлалт гуйсан би буруугаа хүлээж байгаа манай хүүхэд одоо хэвийн сургуульдаа явж ба^гаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 49 хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч С.Г-ийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч Г.У нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байх тул энэ шүүх хуралдаанаас шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх шүүгдэгч С.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгчийн санал дүгнэлтийг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тус тус шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт С-ын Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч С.Г-т шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч С.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг АГ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч С.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР