| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0113/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/166 |
| Огноо | 2025-06-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.А |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/166
2025 06 20 2025/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг,
улсын яллагч Т.А,
хохирогч Д.Б,
Хохирогчийн өмгөөлөгч Т.Д /цахимаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М,
шүүгдэгч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Т-ийн О-т холбогдох эрүүгийн 241200375.... дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр У хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Эн зэт констракшины захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, У.. хот, Х дүүрэг ... дугаар хороо ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т... овогт Т-ийн О /РД:......./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.О нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй рестораны дотор хохирогч Д.Б-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг олон удаа гараараа хэвлий, цээж хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн 6, 7, 8-р хавирга эгмийн дунд шугамаар, 9, 10, 11, 12-р хавирга нурууны хажуугийн шугамаар хугарал, зүүн уушгины голомтот няцрал, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Т.А: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол
Хохирогч Д.Б нь “...гомдолтой, хохирол гаргуулна...” гэсэн байр сууринаас,
Хохирогчийн өмгөөлөгч Т.Д “...хохирол гаргуулах, цаашид энэ хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжилнэ....” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.М “...гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” гэсэн,
Шүүгдэгч Т.О нь “...гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байна...” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцов.
Талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд хавтаст хэргээс:
- 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...А аймгийн Э сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Х” ресторанд 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Д.Б нь бусдад зодуулсан...” гэсэн тэмдэглэл, /хх-ийн 1 хуудас/,
- Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 10 сарын 12-ны өдөр үдээс хойш орой 18 цагийн ... иргэн О нь надтай утсаар яриад “Ахтайгаа уулзмаар байна. Баярласан сэтгэлээ илэрхийлмээр байна” гэхэд нь “Би завгүй байгаа талаараа хэлсэн” боловч хоёр гурван удаа залгаад байхаар нь гарч уулзсан юм. Тэр үед О нь М гэх залуугийн хамт машин дотор согтуу архи уучихсан сууж байсан. Ингээд би машинд нь суугаад “архи гэхээр нь “миний гэдэс гүйлгээд байгаа учир архи ууж чадахгүй байгаа” гэхэд нь таныг хүндлээд ирж байхад та уучих” гээд байхаар нь миний машин техникийг түрээсэлж байгаа юм чинь гэж бодоод хэдэн рүүнк архи уусан. Ингээд би одоо боллоо одоо эртхэн яв “манай машины жолооч Улаанбаатар хотынх учир зам мэдэхгүй, чи зам заагаад яв” гэхэд “тэгвэл танай бетон зуурмагийн үйлдвэр дээр чинь нь очъё танай ажилчидтай чинь уулзъя” гээд хөдөлсөн бөгөөд манай ажил руу явж байх замдаа гурван өөр төрлийн /урт, богино/ хутга гаргаж ирж намайг сүрдүүлэх хандлага гаргаж эхэлсэн “зүснэ шүү дээ, хэрчинэ ш дээ” гэх мэтээр ярихад машин жолоодож явсан М гэх залуу нь урт хоёр ширхэг хутгыг нь авч далд хийгээд богино эвхдэг хутгыг нь халаасандаа хийсэн юм. Ингээд манай ажил дээр очоод манай жолооч Л.г дуудаж “та нар чинь Жи пи Эйс ашиглаж мэддэг юм байгаа биз дээ. Тэнэг мангар л биш бол замаа олоод очоорой” гэх зэргээр дарамталсан юм. Тэр үед нь би От хандаж “чи манай ажилчдыг битгий дарамтлаад бай би чамд сэтгэл гаргаад машин техникээ, ажилчдаа гаргаж өгч байхад битгий ийм зан гаргаад бай” гэхэд надад хандаж “чи яасан том нөхөр вэ? Би чамайг сүлбэнэ шүү. Чи халхын атаман Д-ын Хишгээг таних уу? Максийн Г-ыг таних уу? дугаар нь энэ байна. Би одоо залгаад чамтай яриулна. Чи намайг хэн гэдгийг мэдэх үү? Одоо мэдэж ав.” гэх зэргээр дарамталсан. Тэр үед нь би “за та хоёр одоо яваа. Би буулаа" гэхэд М гэх залуу нь “битгий тэгээ одоо явж амарцгаая” гээд хөдөлсөн....О-т хандаж “чи хүнээс юм гуйж ирчхээд ямар зан гаргаж байна вэ? Би ийм хүнд машин техник ажилчдаа өгч явуулахгүй” гэхэд О нь надаас уучлалт гуйгаад “ахыг “Хангайн төгөл” зочид буудалд амраая” гэхээр нь би машинд суугаад хамт явсан ...Ингээд Хангайн төгөл зочид буудлын гадаа очоод одоо амрах гэж байгаа юм чинь “ах надад нэг шил архи аваад өгчих түүнийг чинь уугаад амаръя” гэж хэлсэн ингээд би “Хангайн төгөл” ресторан руу ... орж нөгөө архиа О бид хоёр нэг нэг рүүнк уугаад л О нь “намайг хэн гэдгийг мэднэ биз дээ. Би чамайг ална шүү” гэх мэтээр дарамталж, миний толгой хэсэг рүү гараараа цохисон энэ үед би ухаан алдаад уначихсан юм шиг байгаа юм. Нэг мэдэхэд эмэгтэй хүн та “больё хүн алах нь байна” гэх чимээ гарч байсан. Би сэргээд “одоо болно. Ах нь амь гуйж байна” гээд О-аас гуйсан ингээд түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь би Баасанжаргал гэх найзынхаа гэрт нь хэвтэж байсан юм. Хэн намайг хүргэж өгсөн талаар мэдээгүй юм. Ингээд маргааш өглөө нь О гэх залуу ирээд “дүүгээ уучлаарай муухай юм боллоо. Би эмчилгээний мөнгө төгрөгийг нь өгье. Цагдаад битгий гомдол гаргаач” гээд гуйгаад байхаар нь “за би Улаанбаатар явж биеэ үзүүлнэ” гэж хэлсэн удалгүй О миний утас руу залгаад “ахаа би таны данс руу 5,000,000 төгрөг хийчихлээ. Та гомдол саналгүй гээд хэлчих тэг хүү” гээд гуйгаад байсан юм.” “...Би О-т зодуулсны дараа нэг л хавирга хугарчихлаа гэж бодож байсан ингээд Улаанбаатар хотод ирээд үзүүлэхэд 7 хавирга хугарсан Уушги доод сууриараа шингэн хуралттай байна гэж байсан. Мөн миний тархи толгой болон бусад эрхтнүүд ч гэсэн адилхан өвдөж байна. Өвчин намдаах эм хэрэглээд нэг сар гарган болж байна зүгээр болохгүй байна зүүн гараа эгц дээш нь өргөхөөр цээж рүү хатгаж өвдөөд байгаа. Уруул дотор талдаа хэгзэрсэн мөн үүдэн шүд эмтэрсэн, зүүн нүд хөхөрсөн байсан. Эдгээр гэмтлүүдийг О нь намайг зодож учруулсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34-37 хуудас/,
- Гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр орой цагийн санахгүй байна тэгэхэд эрэгтэй хүн зодуулаад ирсэн байна гэж яаралтайгаас дуудсаны дагуу очиход согтуу хүн ирээд агсан тавиад бүртгүүлээгүй явсан гэж хэлсэн. Тэгээд цээжний хөндийн рентген зураг авсан байсан бөгөөд уг зургаас харахад 7 дугаар хавирга зөрүү багатай хугаралтай байсан оношилж мэс заслын эмчид хариуг бичгээр өгсөн... “...Тухайн үед өвчтөний өвдөж буй газар буюу эмзэглэлтэй хэсэгт нь рентген зураг авсан бөгөөд тухайн үед өвчтөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эмзэглэлтэй газраа бүрэн зааж өгөөгүй бөгөөд зүүн талаараа өвдөж байна гэсэн зовуурьтай байсан болохоор зүүн талын цээж хэсгээр рентген зураг авч үзэхэд 7 хавирга зөрүү багатай хугарсан байдалтай байсан. Рентген зураг нь өөрөө арын хавирга болон урд талын хавирганы давхцуулж хардаг учраас хугарал гэмтэл бүрэн оношлогдохгүй байх магадлалтай. Харин томограф нь цээжний хэнхэрцгийг 3 зүслэгийн нарийвчлалтай хардаг учир гэмтлийн бүрэн оношилдог. Тиймээс Д.Б-ын цээжний хөндийн рентген зургийн тухайн техникчийн авсан 3 зурагт үнэлэлт өгсөн бөгөөд гарсан хавирганы хугарал эцсийн онош болохгүй. Харин томограф гэмтлийг давхцалалгүй харж илүү нарийвчлалтай гаргадаг...“...рентген зураг дээр хавирганы зарим хугарал харагдахгүй байх боломжтой. Мөн өөрөө согтуу байсан болохоор зовиураа бүрэн хэлээгүйгээс болж олон байрлалаас зураг авхуулаагүй дутуу зураг авхуулсан байгаа юм. Тухайн үед манай эмнэлэгт ч гэсэн томограф хийлгэх боломжтой байсан ч өөрийн агсан согтуу тавьснаас болоод үзүүлээгүй явсан байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 40-43 хуудас/,
- Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би хичээлийнхээ хажуугаар хийдэг Хангайн төгөл ресторанд ажиллаж байхад 30-45 насны бололтой 3 хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтсон байдалтай ресторанд орж ирсэн. Энэ үед манай бармен “та гурав гаднаас согтуу орж ирлээ. Манайх гаднаас согтуу орж ирж байгаа хүмүүст үйлчлэхгүй” гэхэд нөгөө гурван хүн манай барменд хандан “Танай байгууллагын даргыг танина, бид нар энэ байгууллагыг чинь барилцсан хүмүүс” гээд барменаас 1 шил 0.75 литрийн “Велуга” нэртэй архи аваад ширээн дээр суусан.Тэгээд би Велуга нэртэй архийг тухайн гурван эрэгтэй хүнд ширээн дээр нь аваачиж өгөхөд цуг яваа хүмүүсээсээ арай настай хүн надад хандан “Ахын дүү эхний хундагыг хийгээд өгчих” гэхээр би настай хүн хэлж байгаа юм чинь гээд нөгөө 3 хүнд архи хундагалж өгөхөд нөгөө хоёроосоо арай настай хүн нэг залуудаа хандаж “чи энэ архийг авч чадахгүй, чиний сарын цалин ч хүрэхгүй” гэж хэлсэн. Би рестораны заалаар явж байгаад нэг харахад нөгөө настай ах газарт нүдний шилээ аваад нөгөө залууд хандан “чи хэзээ ч ийм үнэтэй нүдний шил зүүж чадахгүй” гэж хэлэхэд нөгөө залуу ширээн дээр байсан архийг гартаа бариад хөгшин ахыг цохих гээд босоод ирэхэд ресторанд үйлчлүүлж байсан хүмүүс “болиоч нэгнийгээ архины шилээр цохилоо” гэхэд нөгөө залуу гартаа барьсан байсан архиа ширээн дээр тавиад хөгшин залуу хоёр хоорондоо барьцалдаж авахад эхлээд хөгшин ах залуугийн нүүр хэсэг рүү цохиход залуу нь буцаагаад хөгшин ахыг цохиж газарт унагаад дээр нь гарч сууж байгаад нүүр, гэдэс рүү гараараа цохиж эхэлсэн. Ресторанд үйлчлүүлж байсан хүмүүс болиоч гэж орилолдоод цагдаад дуудлага мэдээлэл өгсөн....Т.О / Залуу/ нь Д.Б-ын / настай ах/ нүүрний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа цохих үед Д.Б нь газарт унасан ба Т.О нь Д.Б-ын дээр гарч сууж байгаад нүүр, хэвлий хэсэг рүү олон удаа гараараа цохиж зодсон....Т.О нь тухайн үед цагдаа дуудсан гэхэд гараад явсан ба Д.Б рестораны шалан дээр ам хамраас нь цус гарсан, доошоо хараад элгээ тэврээд би үхлээ гээд хэвтэж байхад эмнэлэг ирээд аваад явсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 56- 58 хуудас/,
- Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байтал О залгаад Батбаяр ахтай уулзах гэсэн юм хүргээд өгч гэхээр нь би Бүрэн хайпер маркетын гадаа хүргэж өгсөн. Тэгсэн Батбаяр ахтай зуурмагийн талаар ярилцаж байгаад нэг шил архи тэр хоёр хувааж уусан тэгээд хоорондоо нэгийгээ үгээр идээд байсан бөгөөд зуурмагийн үйлдвэр дээр очоод дахин нэг шил архийг хувааж уугаад буцах замдаа хоорондоо маргалдаж заамдалцаад байхаар нь би зогсож салгаад нэгийг нь урд суулгаад нөгөөг ард нь суулгаад Хангай төгөл ресторанд хүргэж өгсөн. Тэгсэн О экс архи авсан чинь Батбаяр гуйлгачны архи авлаа гээд архийг нь буцаагаад Велуга нэртэй архийг Батбаяр ах аваад хоорондоо жаахан маргалдаад үлдсэн. Би тухайн үед ажилтай байсан болохоор явлаа гээд тэр хоёрыг орхиод явсан....Би маргааш нь О-тай ламын гэрт очиж нүд билүү шанаа нь хөхөрсөн байсан санаж байна тэр үед О архи сүү чихэр жимс аваад очсон. Тэгээд ламын гэрийн гадаа байсан машинд Батбаяр О хоёр тухайн авч очсон архиа хувааж уугаад үлдсэн би тэндээс нь орхиод явсан......Ламын гэрээс Батбаяр ах ламтай гарч ирээд машинд суусан тухайн үед ёо ёо л гээд байсан тухайн үед хавирга хугарсан талаар хэлж байсан шөнө нь эмнэлгээр явж үзүүлсэн гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 75-76 хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “...Учир нь Д.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот данс төлбөрийг төлүүлмээр байна. /Гүйлгээний утга дээр: РД, нэр, А/ гэж бичнэ.” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 122-123 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газар А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 445 дугаартай “...1.Д.Б-ын биед зүүн талын 6,7,8,9,10,11,12-р хавирганы хугарал, цээжинд зулгарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 26-27 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газар шинжээч эмч Э.Баасанжав, Э.Эрхэмбаяр, Ц.Оюун-Эрдэнэ нарын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай материалд хийсэн шүүх эмнэлгийн “...1. Д.Б-ын биед зүүн 6, 7, 8-р хавирга эгмийн дунд шугамаар, 9, 10, 11, 12-р хавирга нурууны хажуугийн шугамаар хугарал, зүүн уушгины голомтот няцрал, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. З.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй..” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 59-61 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газар шинжээч эмч Ц.Долгорсүрэн, Х.Балжинням нарын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 281 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний “...1. А аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хангай төгөл ресторанд 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр иргэн Д.Б нь бусдад зодуулсан гэх хэргээс болж Д.Б-ын сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. 3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэсэн дүгнэлт, /хх-ийн 78-80 хуудас/,
- Яллагдагч Т.О-ын 2025 оны 03 дугаар сарын 31 -ны өдрийн “...Миний үйлдэл тохирч байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-113 хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас шинээр гаргаж өгсөн баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А аймгийн Э сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х” нэртэй ресторанд хохирогч Д.Б бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд зүүн 6, 7, 8-р хавирга эгэмийн дунд шугамаар, 9, 10, 11, 12-р хавирга нурууны хажуугийн шугамаар хугарал, зүүн уушгины голомтот няцрал, цээжинд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Т.О нь хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд дээрх гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирлыг учруулсан болох нь:
Хохирогч Д.Б-ын “......Ингээд Хангайн төгөл зочид буудлын гадаа очоод одоо амрах гэж байгаа юм чинь “ах надад нэг шил архи аваад өгчих түүнийг чинь уугаад амаръя” гэж хэлсэн ингээд би “Хангайн төгөл” ресторан руу ... орж нөгөө архиа О бид хоёр нэг нэг рунк уугаад л О нь “намайг хэн гэдгийг мэднэ биз дээ. Би чамайг ална шүү” гэх мэтээр дарамталж, миний толгой хэсэг рүү гараараа цохисон энэ үед би ухаан алдаад уначихсан юм шиг байгаа юм. Нэг мэдэхэд эмэгтэй хүн та “больё хүн алах нь байна” гэх чимээ гарч байсан. Би сэргээд “одоо болно. Ах нь амь гуйж байна” гээд О-аас гуйсан ингээд түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. ...Эдгээр гэмтлүүдийг О нь намайг зодож учруулсан.” гэх мэдүүлэг,
- Гэрч Д.Т-ийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр орой цагийг санахгүй байна тэгэхэд эрэгтэй хүн зодуулаад ирсэн байна гэж яаралтайгаас дуудсаны дагуу очиход согтуу хүн ирээд агсан тавиад бүртгүүлээгүй явсан гэж хэлсэн. Тэгээд цээжний хөндийн рентген зураг авсан байсан бөгөөд уг зургаас харахад 7 дугаар хавирга зөрүү багатай хугаралтай байсан оношилж мэс заслын эмчид хариуг бичгээр өгсөн... “...Тухайн үед өвчтөний өвдөж буй газар буюу эмзэглэлтэй хэсэгт нь рентген зураг авсан бөгөөд тухайн үед өвчтөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эмзэглэлтэй газраа бүрэн зааж өгөөгүй бөгөөд зүүн талаараа өвдөж байна гэсэн зовуурьтай байсан болохоор зүүн талын цээж хэсгээр рентген зураг авч үзэхэд 7 хавирга зөрүү багатай хугарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг,
- Гэрч Б.С-ийн “...Хүмүүс “болиоч нэгнийгээ архины шилээр цохилоо” гэхэд нөгөө залуу гартаа барьсан байсан архиа ширээн дээр тавиад хөгшин залуу хоёр хоорондоо барьцалдаж авахад эхлээд хөгшин ах залуугийн нүүр хэсэг рүү цохиход залуу нь буцаагаад хөгшин ахыг цохиж газарт унагаад дээр нь гарч сууж байгаад нүүр, гэдэс рүү гараараа цохиж эхэлсэн. Ресторанд үйлчлүүлж байсан хүмүүс болиоч гэж орилолдоод цагдаад дуудлага мэдээлэл өгсөн....Т.О / Залуу/ нь Д.Б-ын / настай ах/ нүүрний зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 2-3 удаа цохих үед Д.Б нь газарт унасан ба Т.О нь Д.Б-ын дээр гарч сууж байгаад нүүр, хэвлий хэсэг рүү олон удаа гараараа цохиж зодсон...” гэх мэдүүлэг,
- Гэрч Ц.М-ын “...Тэгсэн О экс архи авсан чинь Батбаяр гуйлгачны архи авлаа гээд архийг нь буцаагаад Велуга нэртэй архийг Батбаяр ах аваад хоорондоо жаахан маргалдаад үлдсэн. Би тухайн үед ажилтай байсан болохоор явлаа гээд тэр хоёрыг орхиод явсан....Би маргааш нь О-тай ламын гэрт очиж нүд билүү шанаа нь хөхөрсөн байсан санаж байна тэр үед О архи сүү чихэр жимс аваад очсон. ...Ламын гэрээс Б ах ламтай гарч ирээд машинд суусан тухайн үед ёо ёо л гээд байсан тухайн үед хавирга хугарсан талаар хэлж байсан шөнө нь эмнэлгээр явж үзүүлсэн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газар А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 445 дугаартай дүгнэлт,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газар шинжээч эмч Э.Баасанжав, Э.Эрхэмбаяр, Ц.Оюун-Эрдэнэ нарын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт,
- Шүүхийн шинжилгээний ерөнхий газар шинжээч эмч Ц.Долгорсүрэн, Х.Балжинням нарын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 281 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Т.О-ын яллагдагчаар болон шүүгдэгчээр хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учир түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон болно.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Б-ын биед учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд “хүний эрүүл мэндэд” хүндэвтэр хохирол учруулсан, эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан гэж үзнэ.
Шүүгдэгч Т.О-ын хохирогч Д.Б-ыг гараараа хэвлий, цээж хэсэгт нь цохиж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай, хууль бус үйлдэл бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн, хууль зүйн хувьд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэн гэм буруугийн хувьд санаатай, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Т.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба шүүгдэгчээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхийг тус тус зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.О шүүхийн хэлэлцүүлэгт Д.Б маргааш нь өөр хүмүүстэй маргалдсан талаар сонссон гэж мэдүүлдэг боловч энэ талаар хэрэгт баримт байхгүй, шүүгдэгч нь хохирогчид учирсан хохирлыг өөрөө учруулснаа хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлдэг.
Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй ба гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтууруулах ундааны зохимжгүй хэрэглээ, биеэ зөв авч явах чадвар дутмаг байдал нөлөөлжээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Улсын яллагч Т.А “...сэтгэцэд учирсан шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын 2 дугаар зэрэг тогтоогдсон бөгөөд учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхих саналтай...” гэсэн,
Хохирогч Д.Б нь шүүх хуралдаанд “...энэ хэргээс болж би 3 сар хэвтрийн дэглэм сахиж ажлаа хийгээгүй, надад хохирол их учирсан. Нийгмийн даатгалын шимтгэлээ сарын цалинг 1,500,000 төгрөгөөр тооцож төлдөг, энэ дүнгээр нэхэмжилнэ, мөн сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулна, эмчилгээнд зориулж 5,000,000 төгрөг авсан...” гэж,
Хохирогчийн өмгөөлөгч “сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэлээр тогтсон, иймд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 12 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож 11 сая орчим төгрөгийг гаргуулна, бусад хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж,
Шүүгдэгч Т.О нь “...эмчилгээнд зориулж 5,000,000 төгрөгийг өгсөн. Цаашид гарах хохирлыг төлнө...” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “хохирлын тухайд сэтгэцэд учирсан хохирол хоёрдугаар зэрэглэлээр тогтоогдсон, тухайн үед буюу 2024 онд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоож шүүгдэгчээс гаргуулж, уг мөнгөнөөс урьд өгсөн хохиролд өгсөн 5,000,000 төгрөгийн хасаж тооцож өгнө үү, бензин маслоны зардал болон эмчилгээ хийлгэсэн гэдэгтэй холбоотой баримт материал хэрэгт байхгүй байгаа боловч бензин масло хийж явсан л байх тэрийг нь хасаад тодорхой хэмжээний зөрүүг шүүгдэгчээс гаргаж хохирогчид олгуулж өгнө үү гэсэн саналтай байна” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Т.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон тул шүүгдэгч Т.О энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэн даатгалын сангаас гарсан төлбөр болох 161,844 төгрөгийг нэхэмжилсэн баримт хэрэгт авагдсан, улсын яллагч уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн, шүүгдэгч Т.О 161,844 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлсөн баримтыг шүүхэд өгсөн тул түүнийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Хохирогч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Д нар мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт сэтгэцэд учирсан хохиролд 2 дугаар зэрэглэлээр хохирол нэхэмжилж, цаашид энэ хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтооно гэж тусгасан. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар 06-ны Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 281 дугаартай дүгнэлтээр: “...Д.Б-ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэжээ.
Хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэсэн байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3.4, 4-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс хувьчилж 5 хувиар тооцож 4,950,000 төгрөгийг хохирогч Д.Б ын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.О хохирогч Д.Б-т эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг өгсөн, хохирогч уг мөнгийг эмчилгээний зардалд тооцож авсан талаар хэн аль нь маргаагүй, хохирогчийн биед эрүүл мэндэд нь зүүн 6, 7, 8-р хавирга эгмийн дунд шугамаар, 9, 10, 11, 12-р хавирга нурууны хажуугийн шугамаар хугарал, зүүн уушгины голомтот няцрал, цээжид зулгаралт бүхий хохирол учирсан нөхцөл байдлыг харгалзан хэдийгээр эмчилгээ хийлгэж зарцуулсан баримт хэрэгт ирүүлээгүй ч түүнийг уг мөнгийг эмчилгээний зардалд өгснөөр тооцов.
Мөн хохирогч Д.Б-ын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлтийг баримт бүрдээгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.О-аас хохирогч Д.Б-ын сэтгэцэд учирсан хохиролд 4,950,000 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь хохирол төлөхөөр шүүх хуралдаанаас түр завсарлага авч, шүүх хуралдааны түр завсарлагын хугацаанд шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч нар хохирогч Д.Б-т 4,950,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, түүний өмгөөлөгчийн тайлбар, шүүхэд гаргасан хүсэлт, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын тайлбараар тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...Шүүгдэгч Т.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Т.О-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай Улаанбаатар хотод оршин суудаг, ажил эрхэлдэг байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн,
Хохирогч “...гомдолтой байна...” гэсэн,
Хохирогчийн өмгөөлөгч “ ...шүүгдэгчид гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Торгох шийтгэлийг шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хэмжээг тогтоож хэсэгчлэн төлөх хугацааг ч мөн өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд зааснаар нийцүүлж тогтоож өгнө үү...” гэсэн,
Шүүгдэгч Т.О нь “...хувиараа хөдөлмөр эрхэлдэг байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн
шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Т.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Шүүгдэгч Т.О энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Т-ийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-т оногдуулсан хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Т.О нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Т.О энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаа хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан,
улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР