| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2018/04762/И |
| Дугаар | 101/ШШ2018/03630 |
| Огноо | 2018-11-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 101/ШШ2018/03630
| 2018 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 101/ШШ2018/03630 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х.С-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 59.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б өмгөөлөгч Б.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Б өмгөөлөгч Б.Баярмагнай нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Миний бие Х.Стэй 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний нөхцөлийн дагуу зээлдэгч нь зээлдүүлэгчид 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 15 хоногийн хугацаанд 54.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаа буюу 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийн үндсэн хэмжээг хүүгийн хамт нийт 59.400.000 төгрөгийг буцаан төлөх талаар тохиролцож гэрээг байгуулсан. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл зээлдэгч Х.С нь гэрээгээр тогтоосон хугацаанд зээлийн төлбөрөө төлөхгүй өдийг хүрч байна. Иймд хариуцагчаас 59.400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Х.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Х.С нь нэхэмжлэлийн хувийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй.
Мөн хариуцагч шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүлээн авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлон шүүхэд гаргасан баримтыг зохих журмын дагуу үнэлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид 54.000.000 төгрөгийг 15 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тус тус харилцан тохихолцжээ /хх-3/.
Мөн нэхэмжлэгч нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийн Хаан банкин дахь тоот дансанд 8.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банкин дахь тоот дансанд 46.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь Хаан, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байна /хх-5, 6/.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч нь 54.000.000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх тул хариуцагчаас зээл буцаан төлөхийг шаардсан нь үндэстэй.
Түүнчлэн талууд зээлийн гэрээгээр 10 хувийн хүү тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийхээр заасантай нийцэж байх тул нэхэмжлэлд зээлийн хүү 5.400.000 төгрөг /54.000.000*10%/ тооцон нэхэмжилсэн нь мөн үндэстэй байна.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Сээс 59.400.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 500 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2609006167 тоот данснаас, 454.950 төгрөгийг хариуцагч Х.С-ээс тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Б-д олгосугай.
3. Хариуцагч Х.С шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА