Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/169

 

 

 

 

 

 

 

2025       06          23                                           2025/ШЦТ/169

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Орхонтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг,  

Улсын яллагч Б.Т ,

Хохирогч М.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П ,

Шүүгдэгч Ё.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т  овогт Ё-ийн Т-д холбогдох эрүүгийн 2412001400.... дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19....оны ... сарын ...-ний өдөр З  аймгийн И суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, А аймгийн Ц сумын А гэх газар оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, З  аймгийн Т сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 сарын 09-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн Т... овгийн Ё-ийн Т.., /РД:..../,

 

Холбогдсон  хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ё.Т нь 2024 оны 05 сарын 07-ны өдөр А аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Ц” нэртэй газраар ........ улсын дугаартай “Х” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн сэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөний улмаас, даваанаас уруудаж явахдаа тээврийн хэрэгслийг зогсоох, хурдыг нь сааруулах арга хэмжээ авч чадалгүйгээр, сайжруулсан шороон замын хажуу руу орж, овоолсон шороо мөргөсөн зам тээврийн осол гаргаж, тухайн цаг хугацаанд тус тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн, насанд хүрээгүй хохирогч Б.Д эрүүл мэндэд хүндэвтэр, М.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ё.Т-ыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Б.Т : “....яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх...” гэсэн байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

  Хохирогч М.Б “...нүд ирмэх зуур л ийм асуудал болсон, гомдол санал байхгүй...” гэх агуулга бүхий тайлбарыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П  “...шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах...”  гэсэн,

  Шүүгдэгч Ё.Т шүүхийн хэлэлцүүлэгт “...хурд тохируулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байна...” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хавтаст хэргээс:

-  Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын схем, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх1-н 3-9 хуудас/,

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 10-11 дүгээр тал/,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Баруунхараа гэх газраас аав Б, ээж Б нутгийн ах болох Т нарын хамтаар А аймгийн Ц сум руу Портер-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд замдаа манай аав болон Т ах ээлжилж барьж явсан. Тэгээд гэнэт сэртэл осол гарсан байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Жолооны ард Т ах хажууд нь манай ээж Байгалмаа түүний хажууд манай аав Б сууж явж байсан. Харин би нугасанд нь хэвтэж явсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 14-16 хуудас/,

- Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...осол гарах үед Т ах жолоодож явсан юм. Би замдаа хэсэг дугхийгээд явж байсан бөгөөд осол болох үед унтаад явж байсан юм. Тэгсэн гэнэт л зам тээврийн осол гарсан байсан. ...Би голд нь сууж явсан жолоочоор Т ах харин миний баруун гар талд манай нөхөр Б сууж явсан. Харин Б.Д  машины нугасанд сууж явсан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 20-22 хуудас/,

- А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 197 дугаартай “...1.Б.Б-гийн биед хоёр хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт/хх1-н 41- 42 хуудас/,

- А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 185 дугаартай "...1.М.Б-ын биед цээжний баруун талын 1-11 дүгээр хавирганууд, зүүн талын 1-8 дугаар хавиргануудын дан болон хоёрлосон хугарлууд, уушигны эдийн няцрал, цээжний баруун хөндийд хий, шингэн хуралт, тархи доргилт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. З. Гэмтлүүд осол болох нэг цаг хугацаанд үүснэ. 4.Цээжний хоёр талын олон хавирганы хугарал, уушигны эдийн няцрал, цээжний хөндийд хий, шингэн хуралт гэмтлүүд тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3 1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 60-62 хуудас/,

- А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 39 дугаартай “...1, 2. Ё.Т-ын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...” гэх дүгнэлт /хх1-н 91-92 хуудас/,

- А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 194 дугаартай “...1.Б.Д биед зүүн дал ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- с зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 155-156 хуудас/,

- Автотээврийн үндэсний төвийн А аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын 2024 оны 06 сарын 11-ний өдрийн “...тээврийн хэрэгсэл нь зам тээврийн хөдөлгөөнд орох боломжгүй, тоног төхөөрөмжөөр шалгах боломжгүй байна. Иймд техникийн дүгнэлт гаргах боломжгүй...” гэх дүгнэлт /хх1-н 165-166 хуудас/,

- “Дамно үнэлгээ” ХХК-ий 2024 оны 06 сарын 13-ны өдрийн АЦ-24-110 дугаартай “Х” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2024 оны 05 сарын 07-ны өдрийн байдлаар 11.515.000 төгрөгөөр тогтоосон, мөн эвдрэл гэмтлийн улмаас үүссэн хохирлын хэмжээг 6.633.000 төгрөгөөр тогтоосон дүгнэлт /хх-н 175-183 хуудас/,

- Хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд би хэсэг унтаад сэрэхэд Цагаан давааны төлбөр хураах цэг дээр сэрсэн. Тэгээд даваа өгсөөд буух үед Т тормосгүй болчихлоо гээд сандраад байсан тэгээд бид 2 ярилцаад урд замын шороо руу мөргүүл гээд мөргүүлсэн. Миний санахаар жолооч талаар мөргөж хойд тэвш хэсэг босож ирээд эргээд дугуйн дээрээ буусан... Миний хавирга нуруу зэрэг хугарч гэмтсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх1-н 197-198 хуудас/,

- Шинжээч Б.Чулуунбаатарын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай “...2.Уг зам тээврийн осол нь тээврийн хэрэгслийн жолооч Ё.Т-ын Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний -им, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтууд зөрчигдсөн гэж үндэслэлтэй. З.Тус зам нь сайжруулсан шороон, уруу тахир, хуурай үзэгдэх орчин хязгаарлагдмал зам нь осол гарахад нөлөөлсөн гэх зүйл илэрсэнгүй. 4.3ам тээврийн осол хэргийн  газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг Портер маркийн 28-97 АРХ улсын .;."дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн тоормозны мөрийг 26.60м, 21.50м, 21.30м гэж тэмдэглэсэн нь зогсоох арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлтэй...” гэх дүгнэлт /2 дугаар хх-н 8-9 дүгээр хуудас/,

- Хохирогч М.Б, Б.Б, Б.Д  нар эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан тухай нотлох баримтууд /хх-н 239-244 хуудас/,

- Яллагдагч Ё.Т-ын “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуульд заасан эрхийн дагуу өөрийн эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-н 36-37 хуудас/,

- Хохирогч М.Б-ын дахин мэдүүлсэн “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-н 47 хуудас/,

- Хохирогч Б.Б-гийн дахин мэдүүлсэн “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй. Манай хүү Д  2022 онд өвчин ороогоод байхаар нь ламд үзүүлж ламаас Д  гэж нэр авсан юм Хуучин бол А  гэсэн нэртэй байсан юм. Би А аймгийн Ц суманд материал бүрдүүлж нэрийг нь сольж байсан юм. Гэхдээ зарим бичиг баримт нь хуучин нэрээрээ байгаад байгаа юм. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хүүгийнхээ машиныг янзлуулаад авчихмаар байна. Машины засварт гэж 3.500.000 төгрөгийг л өгсөн..." гэх мэдүүлэг /хх2-н 51-52 хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Д дахин өгсөн “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол анал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/2 дугаар хх-н 55-56 хуудас/,

- Хохирогч М.Б-ын дахин өгсөн “...Би малын үнэлгээ гаргуулахгүй, мөн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Учир нь миний өөрийн эзэмшлийн мал байсан болохоор. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 112-113 хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.Цэндсүрэнгийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ00225/360 дугаартай “...5. Осолд холбогдсон тээврийн хэрэгслийн тормосны систем хэвийн бус байгаа нь осолд нөлөөлөх үндэслэлтэй” гэх дүгнэлт,

- Цагаан шонхорын жигүүр НҮТББ-н шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 265 дугаар дүгнэлт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

        Үүнд:

Үйл баримтын талаар:

2024 оны 05 сарын 07-ны өдөр А аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Ц” нэртэй газарт явж байсан .... улсын дугаартай “Х” маркийн тээврийн хэрэгсэл осолдож, тус тээврийн хэрэгсэлд  зорчиж явсан Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн, насанд хүрээгүй хохирогч Б.Д эрүүл мэндэд хүндэвтэр, М.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

 

Шүүгдэгч Ё.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирогч М.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Б.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт нь:

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын схем, зам тээврийн осол дээр тогтоосон акт,

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Насанд хүрээгүй хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 05 дугаар сарын ы орой 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Баруунхараа гэх газраас аав Б, ээж Байгалмаа нутгийн ах болох Т нарын хамтаар А аймгийн Ц сум руу Портер-2 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд замдаа манай аав болон Т ах ээлжилж барьж явсан. Тэгээд гэнэт сэртэл осол гарсан байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Жолооны ард Т ах хажууд нь манай ээж Байгалмаа түүний хажууд манай аав Б сууж явж байсан. Харин би нугасанд нь хэвтэж явсан...” гэх мэдүүлэг,

- Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...осол гарах үед Т ах жолоодож явсан юм. Би замдаа хэсэг дугхийгээд явж байсан бөгөөд осол болох үед унтаад явж байсан юм. Тэгсэн гэнэт л зам тээврийн осол гарсан байсан. ...Би голд нь сууж явсан жолоочоор Т ах харин миний баруун гар талд манай нөхөр Б сууж явсан. Харин Б.Д  машины нугасанд сууж явсан...” гэх мэдүүлэг,

- А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 197 дугаартай дүгнэлт,

- А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 185 дугаартай дүгнэлт,

- А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 39 дугаартай дүгнэлт,

- А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 194 дугаартай дүгнэлт,

- Автотээврийн үндэсний төвийн А аймаг дахь салбарын техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын 2024 оны 06 сарын 11-ний өдрийн дүгнэлт,

- “Дамно үнэлгээ” ХХК-ий 2024 оны 06 сарын 13-ны өдрийн дүгнэлт,

- Хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд би хэсэг унтаад сэрэхэд Цагаан давааны төлбөр хураах цэг дээр сэрсэн. Тэгээд даваа өгсөөд буух үед Т тормосгүй болчихлоо гээд сандраад байсан тэгээд бид 2 ярилцаад урд замын шороо руу мөргүүл гээд мөргүүлсэн. Миний санахаар жолооч талаар мөргөж хойд тэвш хэсэг босож ирээд эргээд дугуйн дээрээ буусан... Миний хавирга нуруу зэрэг хугарч гэмтсэн...” гэх мэдүүлэг,

- Цагаан шонхорын жигүүр НҮТББ-н шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 265 дугаартай дүгнэлт болон шүүгдэгч Ё.Т-ын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Ё.Т “би хурд хэтрүүлээгүй” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн “шинжээчийн дүгнэлтүүдээр буруутай нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгуулна” гэж тус тус маргасан.

 

Аливаа зам тээврийн осол гарахад нөлөөлсөн бүхий л шалтгаан нөхцөл, түүний дотор замын хөдөлгөөнд оролцогч нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн ямар зүйл, заалтыг хэрхэн зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болохыг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтуудад тулгуурлан хөдөлбөргүй тогтоох нь зүйн хэрэг юм.

Хэргийн баримтаас дүгнэхэд 2024 оны 05 сарын 07-ны өдөр А аймгийн Э сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх “Цагаан даваа” нэртэй газарт явж байсан .... улсын дугаартай “х” маркийн тээврийн хэрэгслийг тухайн цаг хугацаанд Ё.Т жолоодож явсан, даваанаас уруудах үед автомашин осолдсон, ослын улмаас тус тээврийн хэрэгсэлд хамт зорчиж явсан Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн, насанд хүрээгүй хохирогч Б.Д эрүүл мэндэд хүндэвтэр, М.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар нь гагцхүү прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагддаг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчлан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй, шүүх хуралдааны явцад нотолдог болохыг зохицуулан хуульчилсан.  

Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад А аймгийн шинжээч Б.Чулуунбаатарын 2024 оны 09 сарын 26-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ00225/360 дугаартай дүгнэлт, нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Инженер техникийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2520 дугаартай дүгнэлтүүд гарсан бөгөөд шүүхээс тус дүгнэлтүүдийг зөрүүтэй гэж үзэж дахин шинжээч томилж бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан.

Нэмэлт ажиллагаагаар дахин гаргасан Цагаан шонхорын жигүүр НҮТББ-н шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 265 дугаар дүгнэлтээр “Х” маркийн ..... улсын дугаартай автомашины жолооч Ё.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гараж) буюу засварын газарт очих хүртэл хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө”, мөн дүрмийн 23.9. “Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч; б/ тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт (энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд) гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг осол нь Х маркийн ...... улсын дугаартай автомашины жолооч Ё.Т Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.А, тээврийн хэрэгслийн эзэмшигч нь мөн дүрмийн 27.2.В дэх заалтыг зөрчсөнөөс болж гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шинжээч Б.Чулуунбаатарын “уг зам тээврийн осол нь тээврийн хэрэгслийн жолооч Ё.Т-ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтууд зөрчигдсөн байх үндэслэлтэй” гэснийг Цагаан шонхорын жигүүр НҮТББ-н шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 265 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр “осол гарах үед тормозны механизм бүрэн ажиллаагүй байх тул жолооч Ё.Т-ыг тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн, хурд тохируулаагүй гэж үзэх үндэслэлгүй байна” гэж  дүгнэснийг шүүх үндэслэл бүхий байна гэж үзсэн тул жолооч Ё.Т-ыг хурд тохируулаагүй гэж буруутгах боломжгүй байна гэж үзлээ.

 

Харин Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Инженер техникийн шинжилгээний хэлтсийн 2520 дугаартай “хойд дугуйн тоормосны ажиллагаа хэвийн бус байна” гэсэн дүгнэлт,

шинжээч Б.Чулуунбаатарын 30 дугаартай Портер маркийн 28-97 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ё.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан жолооч дараах үүргийг хүлээнэ  б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 23.9. Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно, а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч; / тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт (энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд); гэсэн заалтууд зөрчигдсөн байх үндэслэлтэй. ...Зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зурагт Портер маркийн 28-97 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн тоормосны мөрийг 26.60м, 21.50м, 21.30м гэж тэмдэглэсэн нь зогсоох арга хэмжээ авсан гэж үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын автотехникийн шинжилгээний шинжээчийн ЕГО0225/360 дугаартай дүгнэлтийн “...5 дахь хэсэгт “осолд холбогдсон тээврийн хэрэгслийн тоормосны систем хэвийн бус байгаа нь осолд нөлөөлөх үндэслэлтэй” гэсэн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан

- зам тээврийн осол хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,

- схем зураг “Портер маркийн 28-97 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйн тоормозны мөрийг 26.60м, 21.50м, 21.30м гэж тэмдэглэсэн”,

даваа өгсөх үед постон дээр тормос ажиллаж байсан гэсэн шүүгдэгчийн мэдүүлэг

зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд “тухайн автомашины тормоз тухайн үед ажиллагаатай байсан, осол болохоос өмнө тормоз ажиллагаагүй болсон гэх шинжээчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.  

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд шүүгдэгч Ё.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;

-Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалт,

-дүрмийн 3.4-д заасан жолооч дараах үүргийг хүлээнэ  б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 23.9. Дараахь тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно, а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч; / тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт (энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд); гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдож, дээрх заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж, шүүхээс шүүгдэгч Ё.Т-ыг гэм буруутай байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хурдыг тохируулаагүй нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдсэн, тормоз урьд нь ажиллагаагүй болсон нь осол гарах шалтгаан болсон тул шүүгдэгч Ё.Т буруугүй” гэж мэтгэлцсэн байдал нь

Цагаан шонхорын жигүүр НҮТББ-н шинжээчийн дүгнэлтээр,

шүүгдэгч Ё.Т-ын даваа руу өгсөх үед тормоз ажиллаж байсан гэх мэдүүлгээр,

хэргийн газарт үзлэг хийсэн схем зураг,  

дахин гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр няцаагдаж байх ба

шүүгдэгч Ё.Т-ыг хурд тохируулсан эсэх талаар дүгнэлт гаргах боломжгүй гэсэн дүгнэлт, осол гарах үед тормозгүй болсон талаар дүгнэсэн тус тус шинжээчийн дүгнэлт нь тухайн осол болоход шүүгдэгчийг буруугүй гэж дүгнэсэн дүгнэлт биш гэж үзнэ. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн буруугүй гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Ё.Т-ын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн,  шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатай, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан хүний эрүүл мэндэд учирсан хохиролд болгоомжгүйгээр хандсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруугийн холимог хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул түүнийг гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д гэмт хэргийн Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх бөгөөд өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ё.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ё.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-гийн эрүүл мэндэд хөнгөн, насанд хүрээгүй хохирогч Б.Д эрүүл мэндэд хүндэвтэр, М.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч М.Б, Б.Б, насанд хүрээгүй хохирогч Б.Д , иргэний нэхэмжлэгч Б.С  нар “гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч Ё.Т-ыг хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч Б.С  нарт төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

Хохирогч Б.Б, Б.Д, М.Б нар нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 14,822,962 /арван дөрвөн сая найман зуун хорин хоёр мянга есөн зуун жаран хоёр/ төгрөгийн зардал гарсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогддог.

Иймд шүүхээс шүүгдэгч Ё.Т-ыг гэм буруутай гэж үзсэн тул шүүгдэгч Ё.Т-аас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан дээрх хохирлыг төлөөгүй байх тул түүнээс 14,822,962 /арван дөрвөн сая найман зуун хорин хоёр мянга есөн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь үндэслэлтэй.

 

          Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар

улсын яллагчаас “...шүүгдэгч Ё.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэнгээс “...улсын яллагчийн саналаар ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

хохирогч  М.Б “...гомдол саналгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч Ё.Т “тусгайлан хэлэх зүйлгүй” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Ё.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ё.Тад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар А аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ё.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

          Бусад асуудал:

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ё.Тад  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овгийн Ё-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ё.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар А аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Т нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ё.Тад мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ё.Т-аас 14,822,962 /арван дөрвөн сая найман зуун хорин хоёр мянга есөн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгож, шүүгдэгч нь хохирогч М.Б, Б.Б, Б.Д иргэний нэхэмжлэгч Б.С-д нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс хугацааг тоолж, шүүгдэгч Ё.Т-ад оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            6. Шүүгдэгч Ё.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Т-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Д.ОРХОНТАМИР