| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0157/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/172 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/172
2025/ШЦТ/172
| / |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,
Улсын яллагч Б.Т ,
Шүүгдэгч А.Б ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт А-ийн Б-д холбогдох эрүүгийн 251200000.... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ....-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э.. сумын 1 дүгээр багийн ..... тоотод оршин суух, урьд нь А аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 сар 01 хоног баривчлах ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б ургийн овогт А-ийн Б /РД:....../,
Шүүгдэгч А.Б-ын холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16-17 цагийн үед А аймгийн Э сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр хуучин Наадмын талбайн хойд талд байх машины зогсоол дээр хохирогч А.М-тай ярилцаж байхдаа хоорондоо үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөх, гараараа цохиж, түүний эрүүл мэндэд баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн,
Шүүгдэгч А.Б. “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, хавтаст хэргээс тусгайлан уншиж судлуулах зүйл байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 14-ний цагийн үед би жолооч найз болох Батжаргал, жолооч Б.. нарын хамт Авто тээврийн товчооны зогсоол дээр архи уугаад хууч хөөрөөд сууж байсан чинь бид нарын хажууд ачаа буулгаж байсан машинаас ченж Т.... гэх залуу ирж ачаа авч байгаа нь харагдсан. Тэгээд би машинаас буугаад бие засаж байгаа Т... гэх залуу дээр очиход “чи манай ачааг үнэтэй ачдаг гэхээр нь би “чи надад хэзээ ачаагаа ачуулж байсан юм” гэх зүйл яриад бид хоёр маргалдсан. Тэр үед Батжаргал намайг боль гээд салгасан. Тэгэхээр нь би Батжаргал руу уурлаад “чи Т....ийн ачааг ачдаг болохоор өмөөрч байна уу” гээд салаавч гаргаад хараасан. Тэгээд би нүүр хэсэг рүү нь мөргөх гэсэн чинь оноогүй газар унасан. Тэгээд намайг босох үед Б... миний баруун нүд хэсэг рүү 1 мөргөхөөр нь би буцаагаад зүүн шанаа хэсэг рүү нь гараар нэг удаа цохисон. Б буцаагаад миний ам хэсэг рүү 1-2 удаа гараараа цохисон. Тэгээд тухайн газар байсан Б, М нар салгасан. ...Тухайн үедээ би эмнэлэг дээр очиж үзүүлэхэд “баруун завьж дотор талдаа язарсан, баруун нүд хөхөрч хавдсан, хамар яс бага зэрэг цуурсан байна” гэж хэлсэн. Би цээж хэсэг рүү мөргөх гэсэн боловч хүрээгүй дараа нь баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон өөр зүйл байхгүй. Харин Б миний баруун нүд хэсэг рүү мөргөсөн, нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохисон өөр зүйл болоогүй, тухайн үед миний баруун нүд хөхөрч хавдсан ил харагдах гэмтэлтэй байсан, Б-ын биед ил харагдах гэмтэл байхгүй байсан. ...архины халуунд хэрүүл маргаан хийгээд зодолдох шалтгаан болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
- Гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд А аймгийн Э сумын нутаг дэвсгэр хуучин наадмын талбайн баруун талд байх том тэрэгний ачаа буулгах зогсоолд А.Б-ын машины ачаанаас буулгалцаж байгаад ажил гараад явсан. Ажлаа дуусаад ...17 цагийн үед буцаад очтол тэнд А.Б , М нар зодоон хийсэн байдалтай цагдаа ирсэн байсан. Юунаас болж зодоон хийсэн талаар би сайн мэдэхгүй. Намайг явах үед Мөнхтүвшин гэх залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
- Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 09 цагийн үед төрсөн ах М над руу гар утсаар залгаж ачаа буулгах гэсэн юм чи хүрээд ир гэсэн. Би А аймгийн Э сумын нутаг дэвсгэрт байх хуучин наадмын талбайн хажуу талд байх том тэрэгний ачаа буулгах зогсоолд яваад очтол ах байсан. Тухайн үед намайг Цэнхэр сум руу ачаа буулгаад ир гээд ...би ирсэн. Намайг ирэхэд ах хүмүүстэй архи ууж байсан. Би ирээд “ачаагаа хурдан буулгаж дуусгая” гээд том машин дотор ачаа буулгаж байтал зодоон болсон. Би юунаас болж зодоон хийсэн талаар сайн мэдэхгүй байна. ...нүд хэсэг рүү мөргөсөн. Гараараа хэд хэдэн удаа цохисон. Би салгах гэж нилээд юм болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
- А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн АРХ0725/161 дугаартай дүгнэлтэд “1. А.М-ын биед баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
- Яллагдагч А.Б-ын “...хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16-17 цагийн үед А аймгийн Э сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр хуучин наадмын талбайн хойд талд байх машины зогсоол дээр хохирогч А.М-ын эрүүл мэндэд баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна
Шүүгдэгч А.Б нь хохирогч А.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгэхээр нь би Батжаргал руу уурлаад “чи Т-ийн ачааг ачдаг болохоор өмөөрч байна уу” гээд салаавч гаргаад хараасан. Тэгээд би нүүр хэсэг рүү нь мөргөх гэсэн чинь оноогүй газар унасан. Тэгээд намайг босох үед Батжаргал миний баруун нүд хэсэг рүү 1 мөргөхөөр нь би буцаагаад зүүн шанаа хэсэг рүү нь гараар нэг удаа цохисон. Батжаргал буцаагаад миний ам хэсэг рүү 1-2 удаа гараараа цохисон. Тэгээд тухайн газар байсан Баяраа, Мөнхтүвшин нар салгасан. ...Тухайн үедээ би эмнэлэг дээр очиж үзүүлэхэд “баруун завьж дотор талдаа язарсан, баруун нүд хөхөрч хавдсан, хамар яс бага зэрэг цуурсан байна” гэж хэлсэн. Би цээж хэсэг рүү мөргөх гэсэн боловч хүрээгүй дараа нь баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон өөр зүйл байхгүй. Харин Батжаргал миний баруун нүд хэсэг рүү мөргөсөн, нүүр хэсэг рүү 2 удаа гараараа цохисон өөр зүйл болоогүй, тухайн үед миний баруун нүд хөхөрч хавдсан ил харагдах гэмтэлтэй байсан, Батжаргалын биед ил харагдах гэмтэл байхгүй байсан. ...архины халуунд хэрүүл маргаан хийгээд зодолдох шалтгаан болсон...” гэх мэдүүлэг,
Гэрч О.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ажлаа дуусаад ...17 цагийн үед буцаад очтол тэнд А.Б, М нар зодоон хийсэн байдалтай цагдаа ирсэн байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч А.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тухайн үед намайг Цэнхэр сум руу ачаа буулгаад ир гээд ...би ирсэн. Намайг ирэхэд ах хүмүүстэй архи ууж байсан. Би ирээд “ачаагаа хурдан буулгаж дуусгая” гээд том машин дотор ачаа буулгаж байтал зодоон болсон. Би юунаас болж зодоон хийсэн талаар сайн мэдэхгүй байна. ...нүд хэсэг рүү мөргөсөн. Гараараа хэд хэдэн удаа цохисон. Би салгах гэж нилээд юм болсон...” гэх мэдүүлэг,
А аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн АРХ0725/161 дугаартай дүгнэлтэд “1. А.Мын биед баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
А.Б нь үл ялих зүйлээр шалтгаалан А.М-ыг зодож эрүүл мэндэд нь баруун зовхинд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч А.Б-ын үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Шүүгдэгч А.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь “сэтгэцэд хор уршиг учраагүй, зэрэглэл тогтоолгохгүй” гэсэн ба А.Б-аас нэг сая төгрөг нэхэмжилж байна гэсэн тайлбарыг гаргадаг боловч хэрэгт баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч А.Б-ыг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж, хохирогч А.М өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “...шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сар хэсэгчлэн төлүүлэх ..” гэсэн,
Шүүгдэгч А.Б нь “...тусгайлан хэлэх зүйл байхгүй...” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа түүний ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч А.Б-ыг 700 нэгжээр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзэв.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч А.Б энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР