| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/09126/И |
| Дугаар | 101/ШШ2017/00887 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Дампуурлын хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2017/00887
| 2017 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2017/00887 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л ХХК-д холбогдох,
Татварын өрөнд 22 124 562 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
татварын хэлтэстэй харилцагч ********** тоот регистрийн дугаартай Л ХХК нь 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ************ тоот гэрчилгээтэй, материалын эх бэлтгэх, хэвлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Тус ХХК нь Ч дүүргийн ** дугаар хороо, Сургуулийн **тоотод үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлийн газар, татварын албанд бүртгүүлсэн боловч дээрхи хаягандаа үйл ажиллагаа явуулдаггүй нь Ч дүүргийн ** дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, татвар төлөгчтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээр нотлогдож байгаа тул Л ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Э.Дгийн гэрийн хаягаар нэхэмжлэл гаргаж байна. 2011-2013 оны Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 15 200 462 төгрөг, 2012-2013 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 6 924 100 төгрөг, нийтдээ 22 124 562 төгрөгийг төлүүлэх.
Энэ нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 128.1.1 /татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх/ гэсэн заалтыг зөрчиж байна.
Татварын алба татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулахаар дансны гүйлгээг бүрэн зогсоох арга хэмжээ авч, татвар төлөгчид удаа дараа татварын өрийг төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.
Мөн Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 /Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана/-т заасны дагуу арга хэмжээ авахаар улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэл цахимжуулалтын газар, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Үнэт цаас, төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс тус тус лавлагаа авахад тус компанийг хөрөнгөгүй гэсэн лавлагаа ирсэн тул тус хуулийн 64 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авах боломжгүй байна.
Иймд 22 124 562 төгрөгийн татварын өрийг зохих журмын дагуу шийдвэрлэн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гардуулан 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дотор хариу тайлбар гаргах хугацаа өгсөн байх боловч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.
Шүүхэд болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч дүүргийн татварын хэлтэс хариуцагч Л ХХК-д холбогдуулан татварын өрөнд 22 124 562 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч талаас шүүхэд хариу тайлбар гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлийг хуульд заасан татвар төлөх үүргээ зөрчсөн гэж тодорхойлжээ.
Хариуцагч Л ХХК нь 2011 оны 11 дүгээр сахын 01-ний өдөр өргөдөл гарган ********** дугаартайгаар Татвар төлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд /х.х-ийн 4 дэх талд/ тус компанид холбогдох Цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын 15 200 462 төгрөгийн өр, Нэмэгдсэн өртөгийн албан татварын 6 924 100 төгрөгийн өр, нийт 22 124 562 төгрөгийн өр үүссэн нь хавтаст хэргийн 22-25 дахь талд авагдсан татварын тайлангийн маягтад байх мэдээлэл болон 6 дахь талд авагдсан татварын тооцооллын жагсаалтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч талаас татварын өрийг төлөх талаарх мэдэгдлийг тухайн цаг хугацаанд буюу 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр /х.х-ийн 7, 8, 9 дэх талд/, 2013 оны 05 дугаар саын 28-ны өдөр /х.х-ийн 20, 21 дэх талд/, татварын нийт өрийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр /х.х-ийн 10-13 дахь талд/, 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр /х.х-ийн 14-19 дэх талд/ мэдэгдсэн болох нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна.
Татвар төлөх өр үүссэнээс хойш дурдсан хугацаанд мэдэгдэл хүргүүлэхдээ үүргээ гүйцэтгэх хугацааг зааж байсан нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг тодорхой хугацаанд хойшлуулсан гэж үзэх үндэслэлтэй тул тухайн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзэв. Иймд 2013, 2014 оны 12 дугаар сараар тооцоолон тайлагнасан татварын өрийг шаардах шаардлагад хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрээгүй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн тайлбар болон татвар төлөгчийн тайланд тусгасан мэдээлэлд, мэдэгдэх хуудас хүлээн авсан баримт зэргээр хариуцагч Л ХХК-ийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвараа үнэн зөь тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх хуульд заасан үүргээ зөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Татварын ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авах боломжгүй байсан нь хавтаст хэргийн 30, 31 дэх талд авагдсан Хан-Уул дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаар бүхий албан тоот, 32 дахь талд авагдсан Автотээврийн үндэсний төвийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаар бүхий албан тоот, 33 дахь талд авагдсан Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/638 дугаар бүхий албан тоот зэрэг баримтуудаар тогтоогдох бөгөөд татварын өрийн шаардлагыг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байна.
Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт, Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж зохицуулжээ.
Хуульд зааснаар татвар төлөгчийн үүргээ гүйцэтгэхийг холбогдох эрх бүхий байгууллага шаардаж байгаа нь хуульд нийцэх бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны товыг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14.00 цагт товлон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн, хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн байх боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан боловч хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хянан шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л ХХК-иас 22 124 562 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч дүүргийн татварын хэлтэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Л ХХК-иас 268 572 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН