| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/0158/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/175 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Т |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/175
2025 06 24 2025/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж, шүүгч П.Гандолгор, Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч Б.Т,
Иргэдийн төлөөлөгч С.М,
Хохирогч Д.Б,
Хохирогчийн өмгөөлөгч С.П,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э,
Шүүгдэгч Д.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Д-ын Г-д холбогдох эрүүгийн 251200060.... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны ... сарын ....-нд өдөр А аймгийн Х... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, математик, мэдээлэл зүйн багш мэргэжилтэй, А аймгийн Х сумын ....... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Х сумын Н баг, Д хорооллын .... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Г овгийн Д-ын Г , /РД: /
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Г нь Д.Б нартай нийлж 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Х сумын Н багийн Д хорооллын .... тоот дахь гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байхдаа Д.Б гэрээсээ хөөсний улмаас харилцан маргалдаж, улмаар Д.Б-ын хэвлий болон цээжин тус газарт нь хутгыг зэвсэг болгон ашиглаж, хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн шарх, нарийн гэдсийг оёх, хэвлийн хөндийг угааж гуурсдах хагалгааны дараах байдал, цээжний хөндийд нэвтэрсэн ил шарх, цээжний зүун хөндийд цус, хий хуралдалт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Гантулгыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Б.Т яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Хохирогч Д.Б: “...энэ хэрэгт би буруутай, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тайлбарыг гаргаж,
Хохирогчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн “...хохирогчийн эрх ашгийн хамгаалж оролцоно...” гэсэн,
Иргэдийн төлөөлөгч С.М “ Шүүгдэгчийг гэм буруутай байна ” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э “...гэм буруу дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно...” гэсэн,
Шүүгдэгч Д.Г “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.
Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-н 3-7 хуудас/,
- Гэрч О.Соёлмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 14 цагийн орчимд би гэртээ М.Г, Б, А, Г манай нөхөр Д.Г, Б нарын хамт “Болор” нэртэй архийг хуваагаад уугаад сууж байтал гаднаас Д.Б нь согтуу Г нь эрүүл орж ирээд бид нарын ууж байсан архинаас хамт уугаад сууж байтал Ганхуяг ах ганцаараа яваад өгсөн юм. Тэгээд бид нар дахин 2 шил экс нэртэй 0.75 грамын шилтэй архийг уугаад сууж байхад Д.Б гэх хүнийг хамт байсан хүмүүс эхнэртээ агсан согтуу тавилаа гэж загнасан юм. Тэгсэн Д.Б нь хүн хүний урдаас эсэргүүцээд хэрүүл маргаан хийгээд хамт байсан хүмүүс рүү дайраад орилж чарлаад эхнэр М.Г цохиж зодох гээд байхаар нь манай нөхөр Д.Г дундуур нь орж салгаад байсан юм. Бид нар галзууханд хууч хөөрөөд дуу дуулаад сууж байтал Д.Б нь том өрөөний газар хэвтсэн ёолоод байхаар нь яваад очтол гэдэс нь цоорсон байдалтай цус гарсан байхаар нь Эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн юм. Д.Г, Д.Б нар нь нилээн согтуу байсан. Би ч гэсэн нэлээн согтуу байсан. Манай гэрийн хутга мэс, гал тогооны халбага сэрээний ком дотор ногоон өнгийн 1 ширхэг хутга байсан юм. Сүүлд нь харахад ногоон өнгийн хутганы бариул хэсэг нь цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг/хх-н 14-15 хуудас/,
- Гэрч Л.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...архи авчирч уугаад дуусах гэж байтал Д.Г, Д.Б нар нь хоорондоо маргалдаад бие биенээ барьж аваад байхаар нь би босож салгасан юм. Тэгсэн Д.Г 0.75 грамын шилтэй Экс нэртэй архийг гаргаж ирээд дахин ууж байтал Д.Г, Д.Б нар нь хоорондоо маргалдаад Д.Г нь ногоон өнгөтэй хутга барьчихсан Д.Б-ын урдаас хутгаараа чичлээд байсан юм. Тухайн үед Д.Б-ын бие хэсэг рүү хутга орсон үгүйг би хараагүй байж байтал Д.Б газар хоёр хөлөөрөө сөхрөөд суусан. Харин Д.Г-ыг эхнэр нь аваад хойд өрөөндөө орохоор нь эхнэр Б.Э бид хоёр гараад явсан юм. Удалгүй Д.Б хутгалуулсан байна гэж сураг сонссон юм...” гэх мэдүүлэг /хх-н 22-23 хуудас/,
- Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Д.Г нь гал тогооныхоо өрөөнд ороод буцаж гарч ирээд гэнэт хутга гаргаж ирээд миний хэвлий хэсэг рүү хутгалахаар нь би гарнаас нь хутгыг нь барьж аваад газар суусан юм. Тэгтэл хажуу талын өрөөнөөс Соёлмаа гарч ирээд Т ахын гэдэс гарсан байна, хэн хутгалсан бэ гэж орилсон юм. ...Би сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй, шаардлага байхгүй. Надад гомдол санал байхгүй, харин эмчлүүлсэн эмчилгээний зардлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-н 122-123 хуудас/,
- 2025 оны 01 сарын 08-ны өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 28-29 хуудас/,
- 2025 оны 01 сарын 08-ны өдөр хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 30-31 хуудас/,
- А аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн эмч Л.Г-ийн 2025 оны 01 сарын 19-ний өдөр гэрчээр өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны 18 цагийн үед тус сумын Эрүүл мэндийн төвд хүн хутгалуулсан байна гэж дуудлага ирсний дагуу очиход өвчтөн архи уусан шинжтэй газар хэвтэж, хэвлий хэсэг нь зүсэгдсэн шархтай, гэдэсний гогцоо гарч ирсэн, мөн цээж хэсэгт зүсэгдсэн шархтай байсныг анхны тусламж үзүүлж Эрүүл мэндийн төвд хүргэн авчирсан юм. Мөн яаралтай арга хэмжээ авч А аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед гэрт нь ороход Д.Г нь би ахыгаа хутгалаад алчихлаа гээд согтуу, өвчтөний толгой хэсгийг нь өөрийн өвдгөн дээрээ тавьсан байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг/хх-н 51- 52 хуудас/,
- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2025 оны 01 сарын 22-ны өдрийн АРХ0725/057 дугаартай “...1. Д.Б-ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн шарх, нарийн гэдсийг оёх, хэвлийн хөндийг угааж гуурсдах хагалгааны дараах байдал, цээжний хөндийд нэвтэрсэн ил шарх, цээжний зүүн хөндийд цус, хий хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13, 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт/хх-н 80-82 хуудас/,
- А аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч С.Мөнхбатын 2025 оны 01 сарын 25-ны өдрийн АРХ0125/008 дугаартай дүгнэлт /хх-н 141-143 хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Ч.Мягмарсүрэнгийн 2025 оны 02 сарын 07-ны өдрийн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 3 удаа нийт 212.881 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-н 155-156 хуудас/,
- А аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Д.Алтануяагаас 2025 оны 01 сарын 23-ны өдөр ирүүлсэн 07/32 дугаартай, Д.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авсан талаарх албан бичиг /хх-н 150 хуудас/,
- Яллагдагч Д.Г-ын 2025 оны 02 сарын 26-ны өдрийн “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхдээ архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийн үйлдлээ санахгүй байгаа учир зүйлчлэлтэй маргаж чадахгүй байна...” гэх мэдүүлэг /хх- н 169-170 хуудас/ зэрэг болон хохирол төлсөн талаар шүүгдэгчээс хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр А аймгийн Х сумын НоёнХ багийн Дэлгэрэнгүй хорооллын 3-306 тоотод иргэн Д.Б-ын эрүүл мэндэд хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн шарх, нарийн гэдсийг оёх, хэвлийн хөндийг угааж гуурсдах хагалгааны дараах байдал, цээжний хөндийд нэвтэрсэн ил шарх, цээжний зүүн хөндийд цус, хий хуралдалт бүхий хүнд хохирол учирсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Д.Г нь хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд дээрх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь
Хохирогч Д.Б-ын “...Д.Г нь гал тогооныхоо өрөөнд ороод буцаж гарч ирээд гэнэт хутга гаргаж ирээд миний хэвлий хэсэг рүү хутгалахаар нь би гарнаас нь хутгыг нь барьж аваад газар суусан юм. Тэгтэл хажуу талын өрөөнөөс Соёлмаа гарч ирээд Тулга ахын гэдэс гарсан байна, хэн хутгалсан бэ гэж орилсон юм...” гэх мэдүүлэг,
гэрч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгсэн Д.Б нь хүн хүний урдаас эсэргүүцээд хэрүүл маргаан хийгээд хамт байсан хүмүүс рүү дайраад орилж чарлаад эхнэр М.Г-г цохиж зодох гээд байхаар нь манай нөхөр Д.Г дундуур нь орж салгаад байсан юм. Бид нар галзууханд хууч хөөрөөд дуу дуулаад сууж байтал Д.Б нь том өрөөний газар хэвтсэн ёолоод байхаар нь яваад очтол гэдэс нь цоорсон байдалтай цус гарсан байхаар нь Эрүүл мэндийн төвд дуудлага өгсөн юм. Д.Г, Д.Б нар нь нилээн согтуу байсан. ...Сүүлд нь харахад ногоон өнгийн хутганы бариул хэсэг нь цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Л.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...архи авчирч уугаад дуусах гэж байтал Д.Г, Д.Б нар нь хоорондоо маргалдаад бие биенээ барьж аваад байхаар нь би босож салгасан юм. Тэгсэн Д.Г 0.75 грамын шилтэй Экс нэртэй архийг гаргаж ирээд дахин ууж байтал Д.Г, Д.Б нар нь хоорондоо маргалдаад Д.Г нь ногоон өнгөтэй хутга барьчихсан Д.Б-ын урдаас хутгаараа чичлээд байсан юм. Тухайн үед Д.Б-ын бие хэсэг рүү хутга орсон үгүйг би хараагүй байж байтал Д.Б газар хоёр хөлөөрөө сөхрөөд суусан. Харин Д.Г-ыг эхнэр нь аваад хойд өрөөндөө орохоор нь эхнэр Б.Эрдэнэтуяа бид хоёр гараад явсан юм. Удалгүй Д.Б хутгалуулсан байна гэж сураг сонссон юм...” гэх мэдүүлэг,
2025 оны 01 сарын 08-ны өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
2025 оны 01 сарын 08-ны өдөр хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 30-31 хуудас/,
А аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийн эмч Л.Г-ийн гэрчээр өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 07-ны 18 цагийн үед тус сумын Эрүүл мэндийн төвд хүн хутгалуулсан байна гэж дуудлага ирсний дагуу очиход өвчтөн архи уусан шинжтэй газар хэвтэж, хэвлий хэсэг нь зүсэгдсэн шархтай, гэдэсний гогцоо гарч ирсэн, мөн цээж хэсэгт зүсэгдсэн шархтай байсныг анхны тусламж үзүүлж Эрүүл мэндийн төвд хүргэн авчирсан юм. Мөн яаралтай арга хэмжээ авч А аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед гэрт нь ороход Д.Г нь би ахыгаа хутгалаад алчихлаа гээд согтуу, өвчтөний толгой хэсгийг нь өөрийн өвдгөн дээрээ тавьсан байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг,
А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2025 оны 01 сарын 22-ны өдрийн АРХ0725/057 дугаартай “...1. Д.Б-ын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн шарх, нарийн гэдсийг оёх, хэвлийн хөндийг угааж гуурсдах хагаллагааны дараах байдал, цээжний хөндийд нэвтэрсэн ил шарх, цээжний зүүн хөндийд цус, хий хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13, 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт
Хохирогч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Д.Г нь гал тогооныхоо өрөөнд ороод буцаж гарч ирээд гэнэт хутга гаргаж ирээд миний хэвлий хэсэг рүү хутгалахаар нь би гарнаас нь хутгыг нь барьж аваад газар суусан юм. Тэгтэл хажуу талын өрөөнөөс Соёлмаа гарч ирээд Тулга ахын гэдэс гарсан байна, хэн хутгалсан бэ гэж орилсон юм. ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгсэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын нэмэгдэл шинжүүдийн нэгэн адил гэмт хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээнд нөлөөлдөг бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн аутентик тайлбарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийн талаарх ойлголтыг тодорхойлж өгсөн. Уг тайлбарт “зэвсэг” гэдэгт аливаа биетийг устгах, гэмтээх хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн эд зүйлийг хамааруулан ойлгох бөгөөд ахуйн зориулалттай хутга нь зэвсэгт хамаарах ба шүүгдэгч Д.Г нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа зэвсэг буюу хутгыг хэрэглэж гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.Г-ын хохирогчийн зэвсэг хэрэглэн биед нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Д.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.М “ Шүүгдэгчийг гэм буруутай байна ” гэсэн дүгнэлтийг гаргасан нь хэргийн нөхцөл байдал, шүүхээс гаргасан шийдвэртэй нийцэж байгаа бөгөөд үндэслэлтэй байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Г-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба шүүгдэгчээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхийг тус тус зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.
Д.Г-ын яллагдагчаар болон шүүгдэгчээр хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учир түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа би ийм мэдүүлэг өгөөгүй гэж мэдүүлж байх боловч түүнээс хууль сануулж мэдүүлэг авсан, түүний мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон байдлыг шүүхээс харьцуулан дүгнэж үзэхэд шүүгдэгч Д.Г хохирогч Д.Б нар маргалдаж байсан талаар гэрч О.С , Л.Б нар гэрчилдэг ба шүүгдэгч Д.Г-ыг хутга барьсан байдлыг мөн дээрх гэрчүүд давхар нотлохоос гадна шүүгдэгч хохирогчид хохирол учруулсан талаараа гэрч Л.Г-т хэлснийг гэрч давхар мэдүүлжээ. Хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг нотлох баримаар үнэлсэн болно.
Мөн шүүгдэгч Д.Г-ыг тухайд гэмт хэрэг үйлдэх үед хохирогчийн хууль бус зүй бус үйлдлийн улмаас гутаан доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул өөр хуулийн зүйл хэмжээг өрсөлдүүлэн шалгах шаардлагагүй байна гэж үзэв.
Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарыг гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэлгүй байна гэж үзлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ гэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Д.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-д эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдсон тул шүүгдэгч Д.Б энэ хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг барагдуулах үүрэгтэй.
Хохирогч Д.Б нь шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэгтээ хохирол төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэн даатгалын сангаас гарсан төлбөр болох 212,881 төгрөгийг нэхэмжилсэн баримт хэрэгт авагдсан, улсын яллагч уг төлбөрийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн, шүүгдэгч Д.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 212,881 төгрөгийг төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгч Д.Г нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Тулга “...шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн,
хохирогч Д.Б “...тусгайлан хэлэх зүйл байхгүй...” гэсэн,
хохирогчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн “...шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байхгүй, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хор уршиг арилсан, хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байдлыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байал тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр “...Д.Гантулгын тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, хийсэн үйлдэлдээ гэмшсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгасан зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэхэд хориглох нөхцөл байхгүй, ингэж хэрэглэх нь хуульд нийцнэ...” гэсэн,
Шүүгдэгч Д.Г нь “...гэмшиж байна, эхнэр 2 хүүхэд мөн хөгжлийн бэрхшээлтэй дүү нараа асардаг байдлыг харгалзан бага ял оногдуулж өгнө үү...” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг шүүхээс сонгон хэрэглэх бөгөөд ийнхүү шийтгэсэн ял, албадлагын арга хэмжээ нь шударга ёсны зарчмыг хангасан байх учиртай.
Шүүх ялын төрөл, хэмжээг тогтоох асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуульд тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үзэхээр заасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх нь хуульд нийцнэ гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ бус харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд дотоод итгэлдээ тулгуурлан, хуульд нийцүүлэн хэрэглэхээр эрх олгосон заалт гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,
шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон,
гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж тус тус үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Д-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР
ШҮҮГЧИД П.ГАНДОЛГОР
Ч.ЖАРГАЛАН