Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/191

 

 

                                                                                 

 

 

 

2025         07            07                                       2025/ШЦТ/191  

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч М.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э

Шүүгдэгч П.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  ургийн овогт П-ийн М-д холбогдох эрүүгийн 25120006.... тоот хэргийг 2025 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, 2 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын Дойт багийн Ц гэх газарт оршин суух, урьд нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ялаар, А аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б... ургийн овогт П-ийн М /РД:...../,

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч П.М  нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагийн үед А аймгийн Ө сумын З  багийн Т  хорооллын хашааны гадна талд эврээрээ модон хашаанд гацсан байсан хохирогч А.М-ийн 1 тооны ямааг иргэн О.С-ын эзэмшлийн ....... улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, хохирогч А.М-т ...... төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Нэг. А аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.М-ыг бусдын малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

    

                 Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч М.Г  яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э  “...гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцоно...” гэсэн,

Шүүгдэгч П.М  “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

Хохирогч А.М-т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн ба “шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн тайлбарыг ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хэлэлцэв.

                      

        Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд "... Хэрэг учрал болсон гэх газар нь А аймгийн Ө сумын З  баг Т  хороолол гэх газар байх ба бор өнгийн модон хашаатай, ногоон өнгийн төмөр хаалгатай байв...” гэсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-18 дугаар хуудас/,

            - Хохирогч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“ ...Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ амарч байгаад 12 цагийн үед Б.Т гэх айлд очиж байж байгаад Б гэх айл руу явсан. Орой 16 цагийн үед нөхөр Д.Б ирээд хоол унд идээд юм ярьж сууж байгаад 22 цагийн үед гэртээ очиход манай дүү Г.А ямаануудаас 1 ширхэг ямаа байхгүй байна” гэж хэлсэн. Манайх нийт 131 ширхэг ямаатай, өнөө өглөө ахин тоолох үед 130 ямаа байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Манайх 18 цагийн үед ямаануудаа хашдаг Тухайн үед нөхөр бид хоёр айлд байсан. Манай дүү болох Г.А нь 20 цагийн үед хашсан гэж ярьж байсан. Манай ямаанууд орой болохоор өөрсдөө хашаандаа хүрээд ирдэг. Улаан зүсмийн бүдүүн эм, шовгор эвэртэй, эвэр нь шар өнгийн будагтай зөв талын чих нь цэнхэр өнгийн 735 дугаарын ээмэгтэй. Би ямаагаа зах зээлийн үнээр нь 150.000 төгрөгөөр үнэлж байна....гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

                 - Гэрч О.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Ө суманд гэртээ байж байхад П.М , С.Л , Н гурав манайд 18-19 цагийн үед хотоос ирсэн. Тэгээд манайд хоол идчихээд тэр гурав гараад явсан....миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. ...би уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэхгүй. Учир нь шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг П.М  төлж барагдуулна гэсэн. Тийм учир нэхэмжлэх зүйл байхгүй. Би уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй....Би хулгайн мал гэж мэдээгүй. М  хэлэхдээ ээжийнд хүргээд өг гээд байхаар нь би чадахгүй гээд 500 метр орчим яваад .... маркийн ...... улсын дугаартай машин дээр хүргэж өгөхөд ...ямааг авч нөгөө машин руу хийсэн. Бид хэд нэг шил архи уугаад сууж байхад цагдаа ирсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23, 179-180 дугаар хуудас/,

     - Гэрч С.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр У  хотоос Н.Н , П.М  нарын хамт А аймгийн Ө суманд 17 цаг өнгөрч байхад О.С-д очсон. Хоол унд идчихээд гэрээс нь гараад хойно улаан худгийн айлын гадаа байж байхад О.С  надад утас авчирч өгсөн. Тэгээд дэлгүүр орж архи авахаар болоод П.М , О.С-ын машинд суугаад бид хоёр араас нь дагаад явсан. П.М дэлгүүр орж архи авчхаад машиндаа суугаад хөдлөөд хашааны урд зогсохоор нь очсон чинь П.М  бууж ирээд явж бай гэхээр нь жоохон явж байгаад зогссон. тухайн үед 19 цаг өнгөрч байсан. Удалгүй хажуугаар өнгөрөөд явахаар нь араас нь дагаад очиход П.М  машинаас улаан зүсмийн ямаа буулгаж ирээд миний унаж явсан  ....... маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын суудал руу оруулсан. Тэгээд тэр гурав архи уугаад сууж байтал цагдаа ирээд шалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,

       - Гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр У. хотоос С.Л , П.М  нарын хамт А аймгийн Ө суманд 18 цаг болж байхад ирээд О.С-ынд очсон. Хоол унд идчихээд гэрээс нь гараад дэлгүүр орж тамхи авчхаад хойно улаан худгийн тэр хавьд зогсож байхад О.С  утас авчирч өгсөн. Тэгээд П.М  “ганц юм уумаар байна” гээд О.С-ын машинд суугаад дэлгүүр рүү бөөндөө хөдөлсөн. Дэлгүүрээс П.М архи авчихаад түрүүлээд хөдлөөд хашааны гадаа зогсохоор нь очсон чинь “та хоёр явж бай араас чинь О.С  бид хоёр очъё” гээд байхаар нь түрүүлээд явсан. Удалгүй араас ирээд П.М  ...... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос улаан зүсмийн ямаа гаргаж ирээд миний ...... маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудал руу улаан зүсмийн ямааг хийсэн. Тэгээд бид хэд нэг шил архи ууж байхад сумын цагдаа ирээд шалгасан. “Ямар учиртай ямаа юм” гэж асуухад П М “ямар нэгэн асуудал байхгүй ээ хөдөө гэртээ аваачиж тавих гэж байгаа юм” гэсэн. “Та намайг гэрт хүргээд өг” гэхээр нь “би чадахгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

         - Насанд хүрээгүй гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Ө суманд гэртээ байсан. Орой 19 цагийн үед гадаа морь усалж байхад хашааны зүүн буланд саарал өнгийн ...... маркийн машин зогсож байсан. Тухайн машин 2-3 минут зогсож байгаад яваад өгсөн. Тэгээд би 20 цагийн үед ямаануудаа хашаа руугаа оруулаад тоолоход нэг ямаа дутуу байсан. Манайх нийт 131 ямаатай тухайн үед тоолоход 130 ямаа байсан. Орой ах, эгчийг гэрт ирэх үед нэг ямаа дутуу байна гэж хэлсэн. Тухайн үед хашааны хаалга онгорхой байсан. ...... маркийн тээврийн хэрэгслийг хашааны урдуур явахаар нь хальт харсан. Саарал өнгийн дээрээ хар өнгийн ачаатай бас антентай байсан. Хальт харсан болохоор улсын дугаарыг нь харж чадаагүй. Машины хаалга нээгдэж, хаагдаж байгаа л чимээ сонсогдсон....урьд өмнө манай ямаанууд нэлээн хэдэн удаа эврээрээ гацаж байсан. Манай хашааны онгорхой хэсэгт ногоон өвс байдаг тул идэх гэж эврээрээ гацдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42, 45-46 дугаар хуудас/,

           - Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...А аймгийн Ө сумын З багт орой 19 цагийн үед сумандаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед .... маркийн ....., ....... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хашааны буланд зогсож байхаар очиж шалгатал Н.Н , С.Л , П.М , О.С  нар ..... маркийн  ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор архи ууж байсан. Би ..... маркийн ...... тээврийн хэрэгслийн ар талын хаалгыг онгойлгоход улаан зүсмийн ямаа байхаар нь тээврийн хэрэгслүүдийг саатуулсан. Ямар учиртай ямаа болох талаар асуухад П.М хашааны завсар хавчуулагдсан байсан болохоор аваад машинд хийсэн гэж байсан. Н.Наранмандах, С.Л , О.С  нар нь “мэдэхгүй П.М-аас асуу” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

           - Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 51-56 дугаар хуудас/,

           - Мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

          - Хөрөнгийн       үнэлгээний   “Дамно           үнэлгээ”         ХХК-ийн        шинжээч Ц.Түвшинцэнгэлийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн АЦ-25-12 дугаартай дүгнэлтэд /машины үнэлгээг 2.250.000 төгрөгөөр үнэлсэн/ /хх-ийн 87-93 дугаар хуудас/,

           - Хөрөнгийн       үнэлгээний   “Дамно           үнэлгээ”         ХХК-ийн        шинжээч

Ц.Түвшинцэнгэлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн АЦ-25-08 дугаартай дүгнэлтэд (1 тооны ямааг 120.000 төгрөгөө үнэлсэн) /хх-ийн 73-77 дугаар хуудас/,

           - Мал амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 61-68 дугаар хуудас/,

           -     Яллагдагч П.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 193-194 дүгээр хуудас/ зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч П.М “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

        мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

       Хоёр: Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

       Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

       Үйл баримтын талаар:

      2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цагийн үед А аймгийн Ө сумын Зэгстэй багийн Тамир хороолол хавиас иргэн А.М  нэг тооны ямаагаа алдсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч П.М үйлдсэн болох нь:

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

            - Хохирогч А.М-ийн “ ...Орой 16 цагийн үед нөхөр Д.Б ирээд хоол унд идээд юм ярьж сууж байгаад 22 цагийн үед гэртээ очиход манай дүү Г.А  ямаануудаас 1 ширхэг ямаа байхгүй байна” гэж хэлсэн. ...Улаан зүсмийн бүдүүн эм, шовгор эвэртэй, эвэр нь шар өнгийн будагтай зөв талын чих нь цэнхэр өнгийн 735 дугаарын ээмэгтэй, би ямаагаа зах зээлийн үнээр нь 150.000 төгрөгөөр үнэлж байна....” гэх мэдүүлэг,

         - Гэрч О.С-ын “...Би хулгайн мал гэж мэдээгүй. Мөнхбат хэлэхдээ ээжийнд хүргээд өг гээд байхаар нь би чадахгүй гээд 500 метр орчим яваад .... маркийн ...... улсын дугаартай машин дээр хүргэж өгөхөд ...ямааг авч нөгөө машин руу хийсэн. Бид хэд нэг шил архи уугаад сууж байхад цагдаа ирсэн..” гэх мэдүүлэг,

            - Гэрч С.Л-ын “...Удалгүй хажуугаар өнгөрөөд явахаар нь араас нь дагаад очиход П.М машинаас улаан зүсмийн ямаа буулгаж ирээд миний унаж явсан  ......   маркийн ..... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын суудал руу оруулсан...” гэх мэдүүлэг,

           - Гэрч Н.Н-ын “...Удалгүй араас ирээд П.М ...... маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос улаан зүсмийн ямаа гаргаж ирээд миний Приус-20 маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудал руу улаан зүсмийн ямааг хийсэн. Тэгээд бид хэд нэг шил архи ууж байхад сумын цагдаа ирээд шалгасан. “Ямар учиртай ямаа юм” гэж асуухад П Мөнхбат “ямар нэгэн асуудал байхгүй ээ хөдөө гэртээ аваачиж тавих гэж байгаа юм” гэсэн. “Та намайг гэрт хүргээд өг” гэхээр нь “би чадахгүй” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

             - Насанд хүрээгүй гэрч Г.Алтанхүүгийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Ө суманд гэртээ байсан. Орой 19 цагийн үед гадаа морь усалж байхад хашааны зүүн буланд саарал өнгийн Приус-11 маркийн машин зогсож байсан. Тухайн машин 2-3 минут зогсож байгаад яваад өгсөн. Тэгээд би 20 цагийн үед ямаануудаа хашаа руугаа оруулаад тоолоход нэг ямаа дутуу байсан...” гэх мэдүүлэг,

             - Гэрч Б.Мөнгөншагайгийн “...Би Приус-20 маркийн 93-27 АРХ тээврийн хэрэгслийн ар талын хаалгыг онгойлгоход улаан зүсмийн ямаа байхаар нь тээврийн хэрэгслүүдийг саатуулсан. Ямар учиртай ямаа болох талаар асуухад П.М хашааны завсар хавчуулагдсан байсан болохоор аваад машинд хийсэн гэж байсан. Н.Наранмандах, С.Лхамжав, О.Сүхбаатар нар нь “мэдэхгүй П.Маас асуу” гэж байсан...” гэх мэдүүлэг,

            - Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,                 - Хөрөнгийн        үнэлгээний   “Дамно           үнэлгээ”         ХХК-ийн        шинжээч

Ц.Түвшинцэнгэлийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн АЦ-25-08 дугаартай дүгнэлтэд (1 тооны ямааг 120.000 төгрөгөө үнэлсэн),

              - Мал амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

              - Яллагдагч П.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн“...хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргахгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нологдон тогтоогдлоо.

 

            Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Бусдын өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, гэж Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдлийн арга халдлагын зүйлээс  хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг ба “мал хулгайлах”  гэмт хэргийн тухайд халдлагын зүйл нь “мал” буюу “хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ” байдгаараа бусад эд хөрөнгө хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

 

Шүүгдэгч П.М нь хохирогчийн өмчлөх эрхэд халдсан,  бусдын өмчлөлийн нэг тооны ямааг хууль бусаар авч хулгайлахдаа өөрийн үйлдлээ хөнгөвчилж машин ашиглан тээвэрлэсэн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байх бөгөөд хууль бус болох нь илэрхий, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу  “машин механизм ашиглаж” үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хуульд заасан бусад гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах өөр хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Иймд шүүгдэгч П.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу  “машин механизм ашиглаж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч П.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж шүүх үнэлээгүй, нотлох баримтаас хасах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчээс хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхүүдийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч сонгон авч оролцсон ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна  гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар бусдаас мөнгө, эд хөрөнгө олж амьдрах гэсэн явуургүй муу заль, ахархан бодол, шууд санаатай, шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч П.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Мөнхцэцэгт 120,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээг гаргасан  шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч А.Мөнхцэцэгт алдсан ямааг хүлээлгэн өгсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлгийг мөрөн шалгах ажиллагааны шатанд хэлж мэдүүлсэн байх тул шүүгдэгч П.Мыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч М.Гансүхээс “...шүүгдэгч П.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр “...шүүгдэгч П.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид алдсан ямааг амьдаар нь хүлээлгэн өгсөн, гэмт хэргийг илэрүүлэхэд туслалцаа үзүүлсэн, эхнэр нь нас барж хоёр охинтойгоо амьдардаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгч П.М “...бага ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч П.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Мад 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус үзсэн.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...” гэж тус тус заасан байна.

 

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2,250,000 төгрөгийг улсын орлого болгох саналтай гэх саналыг гаргасан ба шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс эсэргүүцсэн тайлбар гаргаагүй байна.

 

Шүүгдэгч П.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ О.Сүхбаатарын эзэмшлийн Приус-11 маркийн 30-26 АРН улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.

Иймд хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2,250,000 төгрөгийг улсын орлогод оруулах нь зүйтэй байна.  

 

Шүүгдэгч П.Мад холбогдох хэргийг прокурорын газраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн боловч шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан хугацаанд шүүхэд ирээгүй, хаана байгаа нь мэдэхгүй байсан тул түүнийг албадан ирүүлж, түүнд холбогдох хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шийдвэрлэж, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Шүүгдэгч П.М 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 3 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

               1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Пүрэвсүрэнгийн Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “машин механизм ашиглаж мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

               2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Боржигон ургийн овогт Пүрэвсүрэнгийн Мөнхбат 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

                3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

               4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

               5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ буюу 2,250,000 /хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч П.Маас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

               6. Шүүгдэгч П.М нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

               7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОРХОНТАМИР