Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/57

 

                Э.Эрдэнэсүх, Д.Машбат, П.Шажинбат нарт  

                                  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                              Г.Давааренчин

                                  Шүүгчид                                         Б.Эрдэнэхишиг

                                                                                         Д.Буянжаргал

                               

                                Оролцогчид

                                   Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Д.Уранчимэг

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Ц.Цогзолмаа                                                 

                                   Шүүгдэгчийн өмгөөлөгч                 Ч.Мөнгөнцэцэг                 

                                   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онгод тайж овогт Эрдэнэтуяагийн Эрдэнэсүх,  Боржигон овогт Дагвын Машбат, Өөлд овогт Пэлжирнямын Шажинбат нарт холбогдох эрүүгийн 2032000000064  дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ХАМО” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар баг, Ногоо тасаг 1 дүгээр гудамж, 3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай Онгод тайж овогт Эрдэнэтуяагийн Эрдэнэсүх РД:НЙ90061819

Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Борнуур сумын 3 дугаар баг, Булаг хэсгийн 7 дугаар гудамж, 39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Дагвын Машбат РД:НЙ86011554

Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 15ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Төв аймгийн  Борнуур сумын 1 дүгээр баг, замын урд хэсгийн 3-13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Өөлд овогт Пэлжирнямын Шажинбат РД:НЙ75021516

Холбогдсон хэргийн талаар: Э.Эрдэнэсүх нь 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор трейд” ХХК-ийн эзэмшлийн Цагаанчулуутын алтны уурхайн  тээрэмний үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон санаатай гэмт хэрэг үйлдэхэд Д.Машбат, П.Шажинбат нарт дэмжлэг үзүүлсэн,

Д.Машбат, П.Шажинбат нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор трейд” ХХК-ийн эзэмшлийн Цагаанчулуутын алтны уурхай руу тээрэмний үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх Э.Эрдэнэсүх, Д.Машбат, П.Шажинбат нарт  холбогдох хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Онгод тайж овогт Эрдэнэтуяагийн Эрдэнэсүх, Боржигон овогт Дагвын Машбат, Өөлд овогт Пэлжирнямын Шажинбат нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Эрдэнэсүх, Д.Машбат, П.Шажинбат нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Э.Эрдэнэсүх, Д.Машбат, П.Шажинбат нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 4 дахь хэсэг, 6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Эрдэнэсүх, Д.Машбат, П.Шажинбат нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Э.Эрдэнэсүхийн эзэмшлийн “Тоуоtа Соrоlla” маркийн “98-77” ТӨА улсын дугаартай 2.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоол”-ыг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Эрдэнэсүх, Д.Машбат, П.Шажинбат нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай..Bottom of Form

..” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Шажинбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... П.Шажинбат миний хувьд 2020 оны 02-р сарын 08-ны орой манай Борнуур сумын залуучууд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг Цагаан чулуутын алтны уурхай руу хүмүүс явж алт авч байна гэсний дагуу шороотой алт авах юм байх гэж бодоод Ж.Эрдэнэсүх, Д.Машбат нарын хамт очиход манай сумын бөөн залуучууд алтны уурхай руу ороод гараад явж байсан тэгэхээр нь би очоод уурхайн байшин руу ороод айгаад юм авч чадаагүй гараад явсан. Биднийг очиход хэн эхэлж орсон нь мэдэхгүй хаалга үүд онгорхой, хүн байхгүй байсан. Дараа нь бид цагдаа дээр ирэхэд манай сумын 50-60 залуучууд энэ хэрэгт холбогдсон байсан. Тэнд бид сүүлдэж очсон ба бидний хувьд хэн рүү ч дайраагүй, хэний ч заналхийлж довтолсон айлгасан сүрдүүлсэн зүйл байхгүй. Гэхдээ бусдын эд хөрөнгө рүү дураараа орсон нь миний буруу учир би, өөрийн гэм буруугаа хүлээж, гэмшиж харамсаж байна.

Би эрхэлсэн ажилгүй 2-12 насны 3 хүүхэдтэй, эхнэр бид хоёр ажилгүй, орлогогүй, хувиараа алтанд явж амьдрал ахуйгаа арай гэж болгодог ийм амьдралтай хүмүүс юмаа. Эхнэр маань одоо төрөх гэж байгаа. Амьдралын хувьд үнэхээр хүнд байдалтай байгаа.Би өөрийгөө буруугүй гэж хэлэхгүй бусдын эд хөрөнгө рүү хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар орсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин хэн нэгэн хүн рүү дайрч давшлаагүй, хэн нэгэн хүнийг ямар нэг байдлаар занал хийгээгүй энэ байдлыг минь харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Иймд миний хэргийн болон хувийн байдлыг минь харгалзан үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн 17.2-р зүйлийн 2-д зааснаар зүйлчлэн ял оногдуулсныг 17.2-р зүйлийн 1-ээр зүйлчлэн өөрчилж, хуулийн энэрэнгүй зарчмыг хэрэглэн хорих ялыг тэнсэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч  Д.Машбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Би хэнд ч хүч хэрэглээгүй хэнийг ч занал хийгээгүй хэн нэгэн хүн рүү дайрч довтлоогүй ямар нэг эд зүйл эвдэж устгаагүй. Хэн нэгэн хүнтэй үг зөрж хэрүүл маргаан үүсгээгүй. Намайг буюу биднийг очихоос өмнө чухам юу болоод өнгөрснийг мэдээгүй юм. Гэхдээ би тэр хүмүүсийн араас ороод 3 ширхэг төмөр аваад гарснаа зөвтгөх гээгүй. Энэ бол миний буруу гэдгээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа билээ. Гагцхүү шүүхийн шийтгэх тогтоолд намайг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн тооцож эрүүгийн хуулийн дээрх зүйл ангиар нэг жилийн хорих ялыг биеэр эдлүүлэхээр заасныг хүлээн зөвшөөрөхгүй дахин нягтлан хянуулах хуулийн зүйл ангийг хөнгөрүүлэх хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсч энэхүү өргөдлийг толилуулж байгааг минь хүлээн авна уу гэжээ.

 

Шүүгдэгч П.Шажинбатын өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүх шүүгдэгч П. Шажинбат нарыг 2020 оны 02-р сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн нутаг Цагаан чулуут гэх газар үйл ажиллагаа явуулдаг, “ Сонор трейд “ ХХК- н эзэмшлийн алтны уурхай руу тээрэмний үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Гэтэл шүүгдэгч П.Шажинбат нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар... “ Сонор трейд “ХХК-н Цагаан чулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрэмний төмрийг авахаар хүч хэрэглэж заналхийлж авахаар довтолсон үйлдэл нь хэрэгт авагдсан гэрч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлгээр бүрэн нотлогдон тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Дээрх шүүгдэгч нар нь Сонор трейд  ХХК-н Цагаан чулуутын алтны уурхайн үйл ажиллагаанд ашигладаг тээрэмний төмрийг авахаар хэнд хүч хэрэглэсэн, ямар үйлдэл хийсэн нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэний эрүүл мэндэд хохирол учирсан, П.Шажинбат, П.Машбат, Э.Эрдэнэсүх нар нь ямар үйлдэл хийж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр яаж заналхийлсэн нь   /жишээ нь: тухайн хэргийг үйлдэх үед хэнийг ямар үйлдлээр хүчээр айлган сүрдүүлсэн, үг хэлээр болон сэтгэл санааны хүчирхийлэл автуулсан / үйлдэл нь хэрэгт нотлох баримтаар огт нотлон тогтоогдоогүй. Харин шүүгдэгч П.Шажинбат нар нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан үйлдлээ хүлээн мэдүүлдэг. Иймд дээрх шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 2-д заасан ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж заналхийлж авахаар довтолсон үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон  тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2-д зааснаар ... яллагдагч нарт ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Д.Машбатын өмгөөлөгч Ц.Цогзолмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Давга овогтой Машбатын хүсэлтээр давж заалдах шатнаас түүний өмгөөлөгчөөр оролцохоор Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020.06.30-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Учир нь:

-Хавтаст хэргийн 22 дугаар хуудас 2020.02.14-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлд 2020.02,08-ны орой Э.Эрдэнэсүх, Н.Шажинбат нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр Цагаан чулуутын алтны уурхайд алт олборлох зорилгоор явцгаасан юм. Уурхайн хашаа руу ороход сэндвичин байшин байсан. Би байшингийн араар тойроход жижиг цонхоор хүмүүс ороод байхаар араас нь орсон. Цонхыг хэн эвдэж орсныг мэдэхгүй. Намайг ороход хүмүүс орчихсон байсан. хаалгыг эвдээд онгойлгочихсон байсан. Би байшин руу орж буцаж гарахдаа 3 ширхэг төмөр уутанд хийгээд авч гарсан гэжээ.

-Хавтаст хэргийн 67 дугаар хуудас 2020.03.20-нд яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлд ... би уурхайн байр луу ороод ямар нэг эд зүйл эвдээгүй. Дотроос хүмүүс төмөр аваад байхаар нь 3 ширхэг төмөр авсан. Өөр ямар нэгэн зүйл авч гараагүй. Хүнтэй тааралдаагүй, хүч хэрэглээгүй гэж удаа дараа хөтөлбөргүй мэдүүлсээр иржээ. 

Д.Машбат нь хуульд заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл байхгүй, Цагаанчулуутын алтны уурхайн байранд очоод уг уурхайн ажиллагсад хэнтэй нь ч тааралдаагүй. Хэн нэгэнд сүрдүүлэх, хүч хэрэглэх, заналхийлэх, довтлох үйлдэл огт хийгээгүй.

Гэтэл шүүх Д.Машбатыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, гэмт хэрэг үйлдсэн , гэм буруутайд тооцож 01 жилийн хугацаатай хорих ял оногдуулсан нь учир дутагдалтай байна. Ийм учраас Д.Машбатад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2         дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйчлэн хөнгөрүүлж хуульд заасан доогуур хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Э.Эрдэнэсүхийн өмгөөлөгч Д.Уранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүгдэгч Э.Эрдэнэсүхийг 2020.02.08-наас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор трейд” ХХК-ийн эзэмшлийн Цагаан чулуутын алтны уурхайгаас тээрэмийн үйл ажиллагаанд ашигладаг төмрийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон санаатай гэмт хэрэг үйлдэхэд Д.Машбат, П.Шажинбат нарт дэмжлэг үзүүлсэн хэрэгт гэм буруутайд тооцсон. Дээрх хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор түүнд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах болон цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заалт болон мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн нөхцөл байдлыг нотлон тогтоогүй шүүгдэгч Э.Эрдэнэсүхийн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ... гэмт хэргийг яаж үйлдсэн зэргийг тогтооно гэсэн заалтуудыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна.

Энэ хэрэг дээр нэмж хийлгэх шаардлагатай эргэлзээтэй нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлж чадаагүй учраас Э.Эрдэнэсүхэд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Э.Эрдэнэсүх, Д.Машбат, П.Шажинбат нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тус тус 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

 

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын дагуу Э.Эрдэнэсүх, Д.Машбат, П.Шажинбат нарт холбогдох эрүүгийн 2032000000064 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжийг ...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн авахаар довтолсон бол... гэж заажээ.

Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд ...“заналхийлсэн” гэдэг нь тухайн үедээ хохирогчид хүч хэрэглэх зэргээр шууд биеийн хүчний нөлөө үзүүлээгүй боловч эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдлага эхэлж, хор аюул учруулна гэж үг хэлээр айлган сүрдүүлэн заналхийлж, тэр нь учрах үедээ биелэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан хууль бус үйл ажиллагааг... гэж, ...“довтлох” гэдэг нь гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэхдээ хохирогчийн эсэргүүцэл боломжийг шууд алдагдуулж байгаа хүчтэй, шууд санаатай, идэвхтэй хөдөлгөөнөөр илэрнэ...” гэж тус тус тодорхойлсон байна.

Хэргийг судлан үзвэл: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор трейд” ХХК-ийн эзэмшлийн Цагаан чулуутын алтны уурхайгаас их хэмжээний  алт гарч байна гэсэн цуурхлын дагуу 2020.02.08-наас 09-нд шилжих шөнө Цагаан чулуутын алтны уурхай руу  олон иргэд халдсан гэмт хэрэг гарсан бөгөөд тус хэргийн шүүгдэгч Э.Эрдэнэсүх, Д.Машбат, П.Шажинбат нарын хувьд иргэд уурхай руу  халдсны дараа гэмт хэрэг үйлдэгдсэн газарт очсон  байх ба  хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, дуу, дүрсний бичлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар  тэдгээрийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн авахаар довтолсон  гэх үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Харин Э.Эрдэнэсүх, Д.Машбат, П.Шажинбат нарын 2020.02.08-наас 09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор трейд” ХХК-ийн эзэмшлийн Цагаан чулуутын алтны уурхайд хууль бусаар нэвтрэн орж улмаар тээрмийн үйл ажиллагаанд ашигладаг хуяг төмрийг  авсан  бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл  байх ба энэ нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрчүүд, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг  шалгасан боловч шүүгдэгчийн  гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай шийдвэрлэнэ.” мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “давж заалдах шатны  шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж... болно” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч нарт  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлснийг 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул  шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгчдийн “ ...хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1, 2, 3 дугаар заалтуудад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1, 2, 3 дугаар заалтуудыг дараах байдлаар өөрчлөн найруулсугай. Үүнд:

 

1 дүгээр заалтыг

“1.Шүүгдэгч Онгод тайж овогт Эрдэнэтуяагийн Эрдэнэсүх, Боржигон овогт Дагвын Машбат, Өөлд овогт Пэлжирнямын Шажинбат нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж,

 

2 дугаар заалтыг

“2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Э.Эрдэнэсүх, Д.Машбат, П.Шажинбат нарыг тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

 

3 дугаар заалтыг

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Эрдэнэсүх, Д.Машбат, П.Шажинбат нарт анхааруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1-д зааснаар тэнсэгдсэн этгээдэд бүртгэл хөтөлж, хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Э.Эрдэнэсүх, Д.Машбат, П.Шажинбат нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 .

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                            ШҮҮГЧИД                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                                 Д.БУЯНЖАРГАЛ