Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/198

 

 

 

 

 

  2025        07           08                                       2025/ШЦТ/198

 

 

 

/


          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж,

Улсын яллагч Т.А

Насанд хүрээгүй хохирогч А.М,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж

Шүүгдэгч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овгийн А-ын А-д холбогдох эрүүгийн 241200392..... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20... оны .... сарын ....-ны өдөр А аймгийн Х  суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт А аймгийн Х сумын 2 дугаар баг, Д хоолой гэх газар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б  овгийн А-ын А , /РД......, ИБД......./      

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.А нь насанд хүрээгүй хохирогч А.М-тэй хамт А аймгийн Т сумын бүрэн дунд сургуулийн ... дугаар ангид суралцдаг бөгөөд урьдын харилцааны явцад үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас 20... оны .... дүгээр сарын ...-ны өдөр А аймгийн Т... сумын У  багийн нутаг дэвсгэр дэх Төвийн орон сууцны ...... тоот дахь А.М-ийн гэрт очиж түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар заамдаж сэгсрэх, нүүрэн тус газарт нь гараараа цохих, толгойн тус газарт нь өвдөгдөх зэргээр биед нь халдан зодож эрүүл мэндэд нь дээд үүдэн 2 шүдний булгарал, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. А аймгийн П-ын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч Т.А: “яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,

Насанд хүрээгүй хохирогч А.М “хохирлоо гаргуулна” гэсэн,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ж “хүүхдийнхээ шүдэнд эмчилгээ хийлгэмээр байна”  гэсэн,

Шүүгдэгч А.А “гэм буруугийн талаар маргахгүй, хавтаст хэргээс тусгайлан уншиж судлуулах зүйл байхгүй” гэсэн байр суурийг тус тус илэрхийлж оролцсон.

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.О-ын 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 458 дугаартай “...1. А.М-ийн биед дээд үүдэн 2 шүдний булгарал, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээд үүдэн 2 шүдний булгарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтэл тус бүр нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг  10% тогтонги алдагдуулна” гэх дүгнэлт/хх-н 13-14 хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...А надад “М-ийн гэрт хамт очоод ирье, М-эй уулзах юм байна” гэхээр нь би хамт явсан. А бид хоёр М-ийн гэрт очоод А М-ийг гэрээсээ гараад ир, уулзах юм байна гэж хэлэхэд М гэрээсээ гарч ирэхгүй байсан. Харин А түүнийг гаргахаар гараараа татаад байж байтал М А-гийн нүүр, толгой хэсэгт олон удаа цохисон. А М-ийг заамдаад түүнийг гэрийнх нь хана руу шахаж түлхээд, М зуухныхаа хажууд байсан галын хайчийг авахаар нь би галын хайчийг нь салгахаар Мийг тэврээд авсан юм. Намайг М-ийг тэвэрч байх үед А М-ийн толгойг татаад нүүр хэсэгт нь хөлөөрөө өвдөглөсөн. Аг өвдөглөхөд М хоёр дүүдээ “миний шүд хугарчихлаа, аав ээжийг дууд” гэж хэлсэн. Ингээд А бид хоёр М-ийн гэрээс гараад явсан. А намайг хамт гэрт нь очоод ирье гэхээр нь би дагаад явсан. ...Би М-ийн нүүр хэсэгт цохиогүй, М-ийг галын хайч барихад нь салгах зорилгоор түүний гар, бугуй хэсэгт гараараа нэг удаа цохисон. А М-ийг толгой нүүр хэсэгт гараараа ганц хоёр удаа цохисон, мөн түүний нүүр толгой хэсэгт хөлөөрөө өвдөглөсөн... Анх бид хоёрыг гэрт нь ороход М зүгээр байсан. А түүнийг өвдөглөж цохиод дараа нь Мийн шүднээс цус гараад М өөрөө миний шүд хугарчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуудас/,

 - А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 07 дугаартай “...1. А.Агийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-н 52 хуудас/,

- Гэрч Э.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “..миний хүү болох М-ийг цохиж зодохдоо манай гэрт байсан зарим нэг эд хогшил, тавилгыг эвдсэн байсан. Гэхдээ одоо тэдгээр эд зүйлсэд гомдол санал байхгүй. ...Харин хүү Мийн эрүүл мэндэд учирсан хохирол гомдлыг нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-н 103-104 хуудас/,

 

- Насанд хүрээгүй хохирогч А.М-ийн дахин өгсөн мэдүүлэг “...тэр хоёр манай гэрт орж ирэхийн өмнө эхлээд хаалга шагайгаад намайг “гараад ир ярих юм байна” гэж дуудсан. Ингэж дуудахаар нь би гэрээс гараагүй юм. Харин тэр хоёрт ярих зүйл байгаа бол гэрт орж ирээд ярь гэж хэлсэн. Үүний дараа А, А хоёр манай гэрт орж ирсэн юм. Түүнээс манай гэрт хүчээр дайрч орж ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 108-109 хуудас/,

 

- Насанд хүрээгүй гэрч А.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Тэр хоёр гэрт орж ирээд А нь манай ах М-ийн хүзүүнээс заамдаж аваад гэрийн хананд шахаад, түлхээд байсан. Удалгүй А гэдэг ах нь манай ах М-ийг тэврээд зогсож байсан. Харин яг тэр үед А нь манай ахыг хөлөөрөө өшиглөөд, эсхүл өвдгөөрөө өвдөглөсөн. ...ах М-ийг А татаж чангаагаад, тэвэрч аваад байгааг нь харсан, мөн гар хөлнөөс нь барьж аваад байсан өөр байдлаар цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-н 111, 113 хуудас/,

-  Насанд хүрээгүй гэрч А.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...А нь манай ах М-ийн хүзүүнээс заамдаж аваад гэрийн хананд шахаад, түлхээд М ахын хүзүүнээс сэгсрээд байсан. Ингээд байж байтал А гэдэг ах нь манай ах М-ийг тэврээд зогсож байсан, харин яг тэр үед нь А нь манай ахыг хөлөөрөө өшиглөөд, эсхүл өвдгөөрөө өвдөглөөд хамар амнаас нь цус гараад байсан. Ингээд А, А хоёр манай гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 116- 117 хуудас/,

- Яллагдагч А.А-гийн 2025 оны 03 сарын 31-ний өдрийн “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 134-135 хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч А.М-ийн 2025 оны 03 сарын 31-ний өдрийн “...Би хэсгийн төлөөлөгч Б.Ө-т эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримт материалаа гаргаж өгсөн байгаа. Өөр нэмж өгөх баримт болон нэхэмжилж байгаа зүйл байхгүй. А.А бид хоёр буцаж учир зүйгээ ололцоод нэг ангид хэвийн суралцаж байгаа...” гэх мэдүүлэг/хх-н 138-139 хуудас/

- Яллагдагч А.А-гийн насыг тоолсон тухай тэмдэглэл /хх-н 145 хуудас/,

- Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээнд шаардлагатай зардлын талаарх баримтууд, баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 57-59, 64-65 хуудас/,

- Насанд хүрээгүй хохирогч А.М нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ аваагүй тухай баримт /хх-н 86 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Хоёр. Шүүхээс тогтоосон үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримтын талаар:

2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр А аймгийн Т  сумын У  багийн нутаг дэвсгэр дэх Төвийн орон сууцны .... тоот гэртээ А.М бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд дээд үүдэн 2 шүдний булгарал, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч А.А нь насанд хүрээгүй хохирогч А.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь

А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Отгонжаргалын 2024 оны 11 сарын 20-ны өдрийн 458 дугаартай “...1. А.Мийн биед дээд үүдэн 2 шүдний булгарал, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээд үүдэн 2 шүдний булгарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт,

 Насанд хүрээгүй гэрч Б.А-ийн “...Намайг М-ийг тэвэрч байх үед А М-ийн толгойг татаад нүүр хэсэгт нь хөлөөрөө өвдөглөсөн. Аг өвдөглөхөд М хоёр дүүдээ “миний шүд хугарчихлаа, аав ээжийг дууд” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Ж-ийн “..Харин хүү Мийн эрүүл мэндэд учирсан хохирол гомдлыг нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг

  Насанд хүрээгүй гэрч А.Э-ийн “...Харин яг тэр үед А нь манай ахыг хөлөөрөө өшиглөөд, эсхүл өвдгөөрөө өвдөглөсөн. ...ах Мийг А татаж чангаагаад, тэвэрч аваад байгааг нь харсан, мөн гар хөлнөөс нь барьж аваад байсан өөр байдлаар цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг,

  Насанд хүрээгүй гэрч А.Т-ийн “...А нь манай ах Мийн хүзүүнээс заамдаж аваад гэрийн хананд шахаад, түлхээд М ахын хүзүүнээс сэгсрээд байсан. Ингээд байж байтал А гэдэг ах нь манай ах Мийг тэврээд зогсож байсан, харин яг тэр үед нь А нь манай ахыг хөлөөрөө өшиглөөд, эсхүл өвдгөөрөө өвдөглөөд хамар амнаас нь цус гараад байсан...” гэх мэдүүлэг,

 Яллагдагч А.А-гийн 2025 оны 03 сарын 31-ний өдрийн “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

 Эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээнд шаардлагатай зардлын талаарх баримтууд, баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл,

Насанд хүрээгүй хохирогч А.М нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ аваагүй тухай баримт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбодод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

А.А нь үл ялих зүйлээр шалтгаалан насанд хүрээгүй хохирогч А.Мийг зодож эрүүл мэндэд нь эрүүл мэндэд нь дээд үүдэн 2 шүдний булгарал, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч А.А-гийн үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн байх ба энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо түүнээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр хууль сануулж авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж үнэлээгүй ба шүүгдэгч А.А-гаас хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан нь шүүгдэгчийн мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, шинжээчийн дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, хүсэлт гаргах зэрэг эрхүүдийг зөрчсөн ноцтой зөрчил гаргасныг дурьдах нь зүйтэй. 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн биеэ зөв авч явах чадвар дутмаг байдал нь шууд нөлөөлжээ.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч А.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.М-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь өөрт учирсан хохирол буюу дээд үүдэн 2 шүдний булгарал, зүүн зовхи, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хохирол учирсан, хохирогч нь шүдний эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт үзүүлж оношлуулсан, үүдэн шүднүүд хийлгэхээр эмчилгээний тодорхойлолт бүхий баримт хэрэгт өгч, уг баримтаар хохирлоо нэхэмжлэхээ илэрхийлсэн. Насанд хүрээгүй хохирогч хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэг явагдах үед эмчилгээ хийлгээгүй байгаа боловч түүний эрүүл мэнд, гоо сайхны байдалд зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай нөхцөл байдлуудыг харгалзан үзэж,

шүүгдэгч А.А-гаас 15,185,000 /арван таван сая нэг зуун наян таван мянга/  төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч А.М-д олгож, насанд хүрээгүй хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Т.Алтанзулаас “...шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сар хэсэгчлэн төлүүлэх...” гэсэн,

Хохирогч “...тусгайлан гаргах санал байхгүй...” гэсэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн,

Шүүгдэгч А.А “...хэлэх зүйл байхгүй....” гэх агуулга бүхий санал дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн,

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч шүүгдэгч Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б  овогт А-ын А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч А.А-гаас 15,185,000 / арван таван сая нэг зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч А.М-д олгож, насанд хүрээгүй хохирогч нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.    

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг цамцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

5. Шүүгдэгч А.А энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн баримт бичиг ирээгүй, түүнд хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч,   насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ОРХОНТАМИР