Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 104/шш2019/00021

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух ******* *******ын ******* /РД:*******/-ын

Хариуцагч: *******,, , тоотод оршин суух ын /РД:/-аас

Орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт, хохирол 1.787.438 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ч.тай 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1 жилийн хугацаатай, нэг өрөө орон сууцыг, нэг сарын 300.000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. Эхний 6 сарын түрээсийн төлбөр болон 1 сарын барьцаа нийт 2.100.000 төгрөгийг авсан. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн хугацаа дуусч дараагийн 6 сарын түрээсийн төлбөр, дулааны мөнгө болон бусад ашиглалтын зардлаа төлөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд Ч. ...танай байр арай үнэтэй байна. Хажуу байранд 2 өрөө байр сарын 250.000 төгрөгөөр түрээсэлнэ гэсэн түрээсээ буулгаж болох уу. Түрээсээ буулгахгүй бол манайх арай хямд байр руу орлоо... гэсэн. Тэгэж хэлэхэд нь ...зуны 4 сарын хугацаанд 50.000 төгрөгөөр түрээсээ буулгах боломжтой... гэж хэлсэн. Тэгээд Ч. ...чамд нэг сарын түрээсийн барьцаа байгаа. Манайх нэг сарын дотор байрыг чинь суллана. Барьцаа төлбөртөө нэг сар амьдаръя... гэж хэлсэн. Тэгэхэд нь би зөвшөөрч ...дулааны мөнгө болон бусад зардал чинь гарсан төлөөрэй... гэж хэлээд би 2018 оны 6 дугаар сарын эхээр байраа түрээслэх зар тавьсан. Зарын дагуу хүмүүс залгаж байрыг 2 хүнд үзүүлсэн. Байр үзсэн хүмүүсийн нэг нь суларсны дараа ирнэ. Нэг нь байр чинь сулраагүй бол түрээслэхгүй гээд явсан. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд өдрийг сайн санахгүй байна ...байрныхаа түлхүүрээ хүлээж аваарай. Манайх нүүсэн... гэж Ч.ын нөхөр Ш. ярьсан. Тэгээд би тэр өдөр нь ******* рүү явж байранд очоод залгахад ...надад гэнэтийн ажил гарчлаа. Манай 10 жилийн ангийн хүүхдүүд тэрэлжид уулзахаар боллоо хэд хоногийн дараа уулзъя... гэсэн. Би энэ хүнээс түлхүүрээ авах гэж маш их хүлээсэн. 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө түлхүүрээ авч байраа түрээслэх шаардлагатай болчихоод утсаар залгахаар холбогдохгүй. Ерөөсөө уулзаж чадахгүй байсан. Ингээд нэг өдөр холбоо барихад Ч. ...байрны чинь түлхүүрийг хүүхэддээ үлдээсэн. Манай хүүхдээс аваарай... гэж хэлсэн. Хүүхэдтэй нь ярихад ...Би *******т байна. Та одоо ирээд түлхүүрээ авчих... гэсэн. Би түлхүүрээ авах гэж ирээд хүүхэд рүү нь залгахад ...би хотод ирчихсэн байна... гэсэн.

Би энэ хүмүүс рүү өчнөөн олон удаа залгаад мессеж бичээд үнэхээр байр сулласан бол түлхүүрээ авъя. Өөрсдийн амьдарсан хугацааны ашиглалтын зардлаа төлсөн бол байрыг минь хүлээж өг гэсэн шаардлагыг байнга тавьсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа энэ хүмүүсээс байраа хүлээж авсан. Одоо би хариуцагчаас байрны түрээсийн 5 сарын төлбөр 1.500.000 төгрөг, 2018 оны СӨХ-ийн 59.400 төгрөг, дулааны 145.005 төгрөг, цахилгааны 38.856 төгрөг, усны 44.117 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.549 төгрөг нийт 1.830.987 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Түрээсийн гэрээний дагуу түлхүүрийг хүлээж аваад байрыг хүлээлгэсэн үед гэрээ ххүчин төгөлдөр болж байгаа. Нүүсэн хугацаагаа нь 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэж надад хэлэхээр нь би тэр хугацаагаар нь ашиглалтын зардлыг төлөөд байр хүлээлгэж өгөөрэй гэсэн. Энэ өдрөөс хойш би байрны түлхүүрийг хүлээж аваагүй. Би хаалгаа эвдэх хүсэл байхгүй байсан учир түлхүүр өгөхийг хүлээсэн. 06 дугаар сард цахилгааны төлбөр гарсан. Харин 07 дугаар сард цахилгааны төлбөр гараагүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа л би энэ хүмүүсээс түлхүүрээ авч байраа хүлээж авсан. Тэгтэл энэ хугацаанд байранд байсан үгүйг би мэдэхгүй. 2018 оны 06 дугаар сараас 11 сарыг дуустал 5 сарын түрээсийн төлбөрийг гаргуулмаар байна. Учир нь энэ хүмүүс байрыг минь хүлээлгэж өгсөн бол энэ хугацаанд миний олох байсан орлого учраас 5 сарын төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн 2018 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд гарсан бүх ашиглалтын зардлыг хариуцагчаар төлүүлж, байр хүлээлгэж өгөөгүй хугацаанд олж болох байсан орлогоо шаардаж байна гэв.

 

Хариуцагч Ч. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарлахдаа: Түрээсийн гэрээг байгуулсны дараа байртай холбоотой бүх урсгал зардлын төлбөрийг төлсөн. Би хүүхдүүдийн зуны амралт болохоор хамт хөдөө явдаг. Манай эхнэр хөдөө орон нутаг руу ажлын шаардлагаар томилолтоор явдаг. Эхнэр С.******* хоёрын хооронд ..байрны түрээсээ буулгаач ээ... гэсэн яриа болсон. Би сайн нарийн учрыг нь юу гэж хэлсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд ...та байраа чөлөөлж чадахуу гэхэд нь за би байр хайя... гэсэн. Манай хүүхэд хотод сурдаг. Хүүхэддээ түлхүүр үлдээгээд хүн ирж авна өгөөрэй гэж хэлсэн. Хүүг маань гэртээ байхад хүн ирээгүй гэсэн. Манайх байрнаас 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нүүсэн. 09 дүгээр сарын 12-ны өдөр байрны түлхүүр өгөх гээд залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 09 дүгээр сарын 13-ны өдөр утсаар ярихад ...ажлын өдөр ирээд түлхүүрээ аваарай гэхэд би амралтын өдөр очие, барьцааны мөнгө 300.000 төгрөг байгаа уулзаад тооцоо хийе... гэж хэлсэн. Энэ өдрөөс хойш утас нь холбогдохгүй уулзъя ч гэж ирэхгүй байсан. Би хүүхдүүдээ аваад хөдөө явахдаа утас руу нь залгаад холбогдохгүй болохоор мессеж бичсэн ...хүүхэддээ байрны түлхүүр үлдээж явлаа хүүхдээс аваарай... тэгээд манай хүүхэд рүү залгаж уурлаад элдэв бусаар загнасан гэсэн. Манай хүүхэд хотод айлд амьдардаг оюутан хүүхэд оройтож гадуур явж болохгүй шүү дээ тэгээд л удаан хүлээгээд ирэхгүй болохоор нь хот руу явсан байх. Бидний зүгээс 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ашиглалтын зардлыг төлнө гэв.

2018 оны 08 сар, 09 сард утас руу залгахад холбогдохгүй байсан гэж байна. Энэ хугацаанд маргах зүйлгүй. Нотлох баримтаар утасны дугаарын дуудлага мессежний хуулгыг гаргаж болно. Байрыг түрээслээд цахилгаан эрчим хүчний төлбөр гарсан тохиолдолд би өөрийн утсанд мессеж ирдэг болгосон. 2018 оны 06 сарын 11-ны өдрөөс 06 сарын 14-ны өдрийн хооронд эрчим хүчний ажилтнаар байрны тогыг таслуулсан. СӨХ, дулааны станц, ус, цахилгааныг бид нарын тухайн байранд амьдарч байх хугацаанд гарсан төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Байрыг бид хүлээлгэж өгөөгүй гээд энэ хугацаанд олж болох байсан орлого гэсэн. Энэ хүн өөрийн хариуцлагагүй байдлаасаа болж байраа хүлээж аваагүй. Мөн бид энэ хугацаанд тухайн байранд амьдраагүй байж төлбөр төлөх ямар ч үндэслэл байхгүй. Өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж үүссэн асуудал гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ч.аас 1. 1.787.438 төгрөг орон сууц хөлслөх гэрээний үүргийг биелэлт, түүнээс учирсан хохирол гэсэн үндэслэлээр шаарджээ.

 

Хариуцагч Ч.СЧанцал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаас 129.947 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч үлдэх хэсгийг гэрээг түрээслүүлэгчийн зөвшөөрснөөр цуцлагдсан үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ч.д өөрийн өмчлөлийн ******* ******* ******* 17 м.кв талбай бүхий орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 300.000 төгрөгөөр хөлслөх гэрээг бичгээр байгуулжээ. Талууд хөлсийг зургаа зургаан сараар төлөх, барьцаа 300.000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр нэхэмжлэгч С.Доржпагамын ХААН банкны харилцах дансанд хийхээр тохиролцсон, хөлслөгч 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр эхний 6 сарын төлбөр 1.800.000 төгрөгийг барьцаа 300.000 төгрөгийн хамт нийт 2.100.000 төгрөгийг С.*******д бэлэн бусаар төлж байрыг хүлээн авсан тухай үйл баримтад маргаагүй.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна.

 

 

Хариуцагч Ч., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч С.******* 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр сүүлийн 6 сарын төлбөрөө төлөхийг шаардах үед үнэ бууруулахыг санал болгоход С.******* хүлээж аваагүй, улмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өөр этгээдэд байрыг хөлслүүлэх тухай үйлдэл хийснээр гэрээ цуцлагдсан гэж үзэж байрнаас нүүж өөр байр хөлсөлсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг няцаасан тайлбар нь нэхэмжлэгч С.Доржпагмын ...2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр сүүлийн 6 сарын төлбөрөө төлөхийг шаардаж Ч. руу утасдсан. танай байр арай өндөр үнэтэй байна. Дулааны улирал ирж байгаатай холбогдуулан сарын хөлсөө бууруулаач гэсэн. Би зуны 4 сард сарын 50.000 төгрөгөөр хөлсийг бууруулж болно гэхэд Чанцал хажуу байранд танайхаас үнэ хямд 2 өрөө байр байр гэхээр нь би ойрын хугацаанд шийдээд хариу өгөөрэй гэсэн. Хариу өгөхгүй болохоо нь би байр түрээслэх зар тавьсан. Түүний дагуу хүн очиж үзсэн юм шиг байна лээ. 7 сараас хойш цахилгааны төлбөр гараагүй ч миний байранд юм хадгалсан байж магадгүй учраас олох байсан орлогоо авна гэсэн тайлбар, гэрч М.Мөнхбаярын бид 2 нэг ангийн андууд. Тэрээр *******ны ******* байрыг хөлсөлж байсан. 20018 оны 5 дугаар сарын 20-д хавьцаа хугацааг сайн санахгүй байна. Бид хоёрыг сууж байхад нэг эмэгтэй ганцаараа орж ирээд байр үзнэ, эзэнтэй нь ярьчихсан, хөлсөх гэж байгаа, хэзээ байраа суллаж өгөх вэ гэж байсныг сонссон. Тэгээд ийнх *******оос удалгүйнүүр 47 дугаар байрны 29 тоот руу нүүж орсон. 6 дугаар сарын 10-н хавьцаа байх. Би нүүлгэж өгсөн гэсэн мэдүүлэг, цахилгаан эрчим хүчний төлбөрийн баримт зэргээр тогтоогдсон учраас урт хугацаатай гэрээг хөлслүүлэгчийн зөвшөөрснөөр цуцлагдсан гэж үзсэн.

 

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ч.ыг байрны түлхүүрийг хүлээлгэж өгөөгүй учраас олох байсан орлого буюу 5 сарын хөлс 1.500.000 төгрөгийг байрны түлхүүр хүлээж авсан үе хүртэлх ашиглалтын зардал 287.438 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

 

Учир нь хариуцагч Ч. уг байрнаас нүүж гарснаас хойш байрны түлхүүрийг хүлээлгэж өгөхөөр идэвхтэй үйлдлийг удаа дараа хийсэн тухай мэдүүлсэн. Үүнийг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д зааснаар хөлслөгч байрыг хүлээлгэн өгөх үүргээ хугацаанд нь гүйцэтгэснийг үүрэг гүйцэтгэгч хүлээж аваагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон учраас С.Доржпагмыг байраа хүлээн авах хугацааг өөрөө хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд хариуцагч Ч.аас олох ёстой байсан орлого 1.500.000 төгрөгийг, 2018 оны 7 дугаар сараас 2018 оны 11 сарыг хүртэл хугацааны ашиглалтын зардлыг шаардах эрхгүй юм.

 

Харин хариуцагч Ч. суусан хугацааны байрны хөлс 300.000 төгрөгийг, ашиглалтын зардалтай төлөхөөр гэрээгээр тохирсон учраас нэхэмжлэгч С.Доржпагмын шаардлагаас эрчим хүч, дулаан, СӨХ, усны төлбөр нийт 161.127 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1., 223 дугаар зүйлийн 223.1-т зааснаар хариуцагч Чойжилын аас 161.127 /нэг зуун жаран нэгэн мянга нэг зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******ын *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.626.311 /нэг сая зургаан зуун хорин зургаан мянга гурван зуун арван нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.549 /дөчин гурван мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.аас 5.484 /таван мянга дөрвөн зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ