| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 308/2025/0154/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/172 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Х,
Хяналтын прокурор Ц.Ц,
Гэрч Э.Т
Шүүгдэгч Б.А, Б.Ц нар
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Э, Ж.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц-аас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419002710309 дугаартай хэргийг 2025 оны 06 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг ,,,,,,,,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
-Өмнөговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, М овогт Бны А /РД:,,,,,,,,,/
Монгол улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Номгон суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум ,,,,,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Б-ийн Ц /РД:,,,,,,,,,,/,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
Яллагдагч Б.Ц нь Б.А-той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн ,,,,,,,,, сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “ ,,,,” гэх газарт Тоёота Приус 20 маркийн ,,,,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Голд монстер 1000 нэртэй металл хайгч төхөөрөмжийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлоход тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн,
Яллагдагч Б.А нь Б.Ц-тай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “,,,,,,” гэх газарт Тоёота Приүс 20 маркийн ,,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Голд монстер 1000 нэртэй металл хайгч төхөөрөмжийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлоход тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлэн гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А, Б.Ц нарт холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2419002710309 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2024 оны 6 сарын 17-нд дэлгүүр орж явсан. Тэгсэн чинь 2 хүний яриагаар ,,,,,,, суманд шар юм гарсан гэж ярилцсан тийм сураг сонсогдсон. Тэр үедээ мартаж байж байгаад оройхон Д гэдэг хүний хэлсэн үг санаанд орсон. Д гэдэг хүн нь урьд нь надад хэлж байсан хайгчаа зарна чи авах хүн мэдэж байгаарай шар юм хум гарсан газар бол хурдан зарагддаг гэнэ лээ. Чи мэдэж байгаарай гэж ярьж байсан юм. Тэр санаанд ороод Д луу залгасан юм. Тэгсэн чинь Д утсаа аваад би хайгчаа зарсан юм уу зараагүй юм уу би зараад өгөх үү гэсэн чинь байгаа чи тэгвэл тэг гэсэн. ,,,,,,,,,шар юм гарч байна гэнэ тэн дээр би аваачаад зарчихаад ирэх үү шар юм гарсан газар бол 2-3 сая хүрдэг гэж хүмүүс ярьж байсан. Ямар ч байсан ашиг гарах юм байна тэрийг чинь аваад явъя гэсэн чинь Д зөвшөөрсөн. Зөвшөөрсний дараа нь би Ц-руу залгасан юм. Ц хоёулаа ,,,,,,,руу яваад хайгч зараад ирэх үү ,,,,, суманд хайгч байна. Тэрийг аваад ханиндаа яваад ирье олсон ашгаа хуваагаад авчихъя гээд ярилцсан байсан юм. Ц зөвшөөрсөн. 22 цагийн үед Өмнөговиос гараад Манлай ороход 02 цаг болж байсан. Д-с хайгчийг нь аваад л Мандахаар дайраад өглөө 8 цагийн үед ,,,,,,,,, сум руу орж ирсэн. Замд мотоциклтой өвгөн ах таарсан. ,,,,,,,сум орохоос 30 километрийн цаана байсан байх. Тэр өвгөн ахаас асуусан шар юм хум гарч байгаа юм уу яаж байгаа юм бол гэсэн чинь гараагүй баахан хүн цуглаад бутарч байгаа. Тэгээд ч шалгалт шүүлэгтэй байгаа гээд тэгсэн. Тэр үедээ буцах байсан боловч бид хоёрын бензин хүрэхгүй байсан. Тэгээд Сайхандулаан сум ороод бензин аваад буцъя даа гээд ороод ирчихсэн. 8 цаг гэхэд колонк хаалттай байсан юм тэгээд 9 цаг хүртэл хүлээж байгаад ирсэн. Ирэхтэй нь зэрэгцээд харсан чинь цагдаа ирчихсэн байсан. Тэгээд бичиг баримтаа гаргаад ир гээд тэгээд бичиг баримтаа өгсөн чинь багаажаа онгойлго гэсэн багаажинд байгаагүй. Кабин дотор байсан хайгчийг аваад л цагдаагийн хэлтэс дээр уулзаарай гээд яваад өгсөн гэв.
2.Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 6 сарын 17-ны орой гэртээ байж байхад А ах залгаад ... тэгээд хоёулаа наашаа Өмнөговиос 10 цагийн алдад гараад 1, 2 цагийн үед Манлай сумаас нөгөө хүнээсээ хайгчаа аваад наашаа Мандах сум гатлаад явж байтал яавтай ах хүү таарсан. Тэр хүнээс асуугаад Сайхандулаан суманд алт гарч байгаа гэсэн бид хоёр металл хайгч аваачиж зарах гээд явж байна гэхэд тэнд хүн амьтан байхгүй цагдаа нар ирчихсэн шалгаж байгаа та 2 тийшээ яваад бүтэхгүй гэсэн. Бид 2 бензин үрэхгүйн улмаас Сайхандулаан ороод бензин аваад буцах гэж байсан. Сайхандулаан сумын цагдаа ирж бичиг баримт шалгаж металл хайгч авч явсан ийм зүйл болсон гэв.
3.Гэрч Ц.Б:“...Миний амьдарч байгаа тэр орчимд уул уурхай байхгүй. Харин 2024 оны 06 дугаар сарын 16-наас 18-ны үед манай тэр орчмоор олон машин тэрэг явах болсон. Учир нь манай тэнд алт гарсан гэж сонссон. Тухайн тээврийн хэрэгсэлтэй хүмүүсийн царай төрх болон тээврийн хэрэгслийн дугаарыг харах боломжгүй байсан. Тухайн үед сумынхаа тамгын газар болон цагдаа нарт мэдэгдсэн гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 17 дугаар тал/
4.Гэрч Э.Т: “...Цагдаагийн газраас дэд хурандаа П.Т даргын бүрэлдэхүүнтэй алба хаагч нар Сайхандулаан суманд ирсэн. 2025 оны 06 дугаар 17-ны өдөр ирж хоночхоод маргааш нь Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ,,,,,,,,,, гэх газарт очиход 10 гаруй тээврийн хэрэгсэлтэй иргэд байсан. Аймгаас ирсэн цагдаагийн бүрэлдэхүүн ирсний маргааш нь тухайн алт гарч байгаа газар болох Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр ,,,,,,,, гэх газар руу явах гэж сумын төвөөс гарах гэж байхад ШТС-ийн дээр өөр аймгийн дугаартай тээврийн хэрэгсэл байхад очиж шалгахад 3 иргэн байсан бөгөөд тухайн иргэдээс ямар асуудлаар явж байгаа талаар асуухад шар /алтанд/ юманд явж байна. Тэр газар нь хаана байдаг вэ гэж зам асууж байсан. Тэгээд цагдаагийн үнэмлэхээ үзүүлээд тээврийн хэрэгслийг нь шалгахад тээврийн хэрэгсэл дотроос металл хайгч гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дугаар тал/,
5.Гэрч Э.Т шүүх хуралдаанд өгсөн: “...Би зарим машиныг нь сайн санахгүй байна. Тухайн үед олон машин байсан. ,,,,,,,, гэдэг газраас нийтдээ 10 гаруй машин саатуулагдсан. Тэнд ухаж явж байгаад зугтаасан газар дээрээс барьсан 10 гаруй машин байгаа.Тухайн үед 10 хэдэн тээврийн хэрэгсэл шалгагдаад олон мэдүүлэг авагдсан. Тэр үед нь андуурч эсвэл мартагдсан байж магадгүй байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг,
6.,,,,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 4-6 дугаар тал/
7.Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 7 дугаар тал/
8.Хас үнэлгээ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2064 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 19-22 дугаар тал/
9.Дорноговь аймаг дахь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 592 дугаартай “...тухайн эргэлтийн цэг нь ,,,,,,,,,, сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр хамаарч байгаа ба улс, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй...” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.А, Б.Ц нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Улсын яллагчаас гэм буруугийн талаар шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ц А нар нь урьдчилан үгсэн тохиролцсон бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ,,,,,,,,, гэх газар тоёота приус 20 маркийн ,,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон гоулд мастер 1000 металл хайгч төхөөрөмжийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлоход тохиромжтой нөхцөл байдлыг бүрдүүлэх гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлд заасан бэлтгэх гэмт хэргийг тухайн хэргийн зүйлчлэлийг баримталсан байгаа. Зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон засан тохинуулсан дээрээс нь урьдчилан үгсэн тохиролцсон энэ нөхцөл байдлууд бол бүгд энэ хэрэгт хангагдаж байгаа. Эрүүгийн хэргийн ерөнхий байдлын онолоор бэлтгэх гэмт хэрэг завдах гэмт хэрэг төгссөн гэмт хэргийг юу гэж үздэг вэ гэхээр бэлтгэх гэмт хэрэг бол тухайн халдлагад өртөж байгаа өртөх гэж байгаа объектод бодитой аюул эхлээгүй байдгаараа. Завдах гэмт хэрэг бол бодит аюул нэгэнт эхэлчихсэн байдаг төгссөн гэмт хэрэг. Бодит аюул учирчихсан байдгаараа ялгаатай байдаг. Тэгэхээр бэлтгэх гэмт хэргийн тухай дээрх хүмүүс бодит аюулыг хийж хэрэгжүүлж эхлээгүй урьдач нөхцөл байдлыг бүгдийг нь бүрдүүлсэн гол нь гэмт хэрэг үйлдэх тохиромжтой нөхцөл байдлаа бүрдүүлэх гээд явж байсан байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг бэлтгэх ойлголтод хамаарч байгаа гэж үзэж байгаа. Дээрээс нь дээрх хүмүүсийн шүүхийн шатанд өгсөн мэдүүлгээр “би Ц-д явъя” гэдэг саналыг тавьсан гэдэг урьдчилсан үгсэн тохиролцсон нөхцөл байдал нь хангагдаж байгаа. Хэргийн материалд авагдсан баримтаар тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл дээр мөрдөгч Т тухайн тэмдэглэлийг үйлдээгүй байна мөрдөгч Т энэ ажиллагаанд оролцоогүй гээд байна. Мөрдөгч Т өнөөдрийн шүүх хуралдаанд хэлсэн би энэ мөрдөн шалгах ажиллагаанд огт оролцоогүй. Яагаад гэвэл би илрүүлэх ажиллагаанд нь оролцсон гээд байгаа. Цагдаагийн албаны тухай хуульд бол цагдаагийн байгууллагын алба хаагч өөрөө илтгэх хуудсаар гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг илрүүлсэн тухайгаа илтгэх хуудсаар танилцуулна гэж заасан байгаа. Тухайн илтгэх хуудас өөрөө нотлох баримтын шаардлагын хэмжээнд үнэлэгддэг. Энэ гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл гарсан уу гарсан. Энэ гомдлыг тэмдэглэсэн тэмдэглэгээндээ зүгээр нэг бичгээр гаргасан гэдэг үг үсэг дээрээ ингээд биччихсэн байна шүү дээ гэдгээрээ энэ гомдол мэдээлэл байхгүй болно гэсэн үг бол биш юм. Дээрээс нь хэрэгт авагдсан Т-ийн мэдүүлэгт бол байгаа дээрх хүмүүс ирсэн байсан. Гол нь энэ хүмүүс хаанаас хаа хүртэл яваад ирсэн бэ гэдэг нь чухал байгаад байгаа юм. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлөөр хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэгт бол бэлтгэсэн гэм буруутайд тооцож өгөх саналыг гаргаж байна. Энэ хэргийн хүрээнд Монгол улсын байгаль хамгааллын журам дүрэм хууль зөрчигдсөн ийм нөхцөл байдалтай байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Э гэм буруугийн талаар шүүх хуралдаанд: Прокурорын газраас шүүгдэгч А Ц нарыг урьдчилан үгсэн тохиролцоод бүлэглээд Дорноговь аймгийн ,,,,,,,,, сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр байрлах ,,,,,,,,, гэдэг газарт хууль бусаар ашигт малтмал олборлохоор бэлтгэсэн гэсэн гэмт хэрэг үйлдсэн. Энийг бол хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэг үүсгэхдээ бол энэ нотлох баримтуудыг үндэслэсэн байдаг. Гэрч Б гээд байгаа. Б тухайн үед нутаглаж байсан газар нь шар юм гарсан байна, машин тэрэг яваад байна л гэж мэдүүлдэг бусдаар тэр газар Ц А 2 очоод алтыг нь олборлох гээд явж байсан ийм зүйл байдаггүй. Энэ нотлох баримт ингэж үгүйсгэж байна. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гээд байна. Энүүгээр шүүгдэгч нар холоос явж байгаа хүмүүс хөнжил гудастай замдаа саатах хөдөө хонох ийм асуудал байдаг. Тийм учраас хол явж байгаа хүмүүс хөнжил гудастай зуух тогоотой идэх уух юмтай явсныг гэмт хэрэг үйлдэх гээд явж байсан шууд ойлгох боломжгүй. Эд мөрийн баримтаар тооцсон металл хайгч дрилл 2-оор нотлох баримтаар үнэлээд хэрэг үйлдэхэд бэлтгэсэн гэж үзээд байгаа. Энэ 2 багажтай явж байсан гэдгээрээ шууд гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн ийм нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ металл хайгч гээд байгаа боловч энэ чинь зөвхөн алт олборлохоор зориулагдсан ийм зүйл биш. Өөр хувийн бусад зүйл алга болсон зүйлүүдийг эрж хайх ийм л зорилготой олон төрлийн зориулалттай ийм багаж. Тэгээд зөвхөн металл хайгчтай явж байсан газар ухах зориулалттай ийм багажтай явж байсан гэдгээр нь хэрэг үүсгээд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тухайн газар нь тусгай нөөцийн хамгаалалтын газар нутагт бол авагдаагүй байна гэсэн Дорноговь аймгийн барилга газрын харилцаа хот байгуулалтын газрын тодорхойлолтыг үндэслээд байгаа юм. Тухайн хэрэг үйлдэхэд яагаад нотлох баримтаар үндэслээд байгааг нь ойлгохгүй л байна. Гэрч Т мэдүүлэг өгсөн гээд байгаа ,,,,, гэх газар шар юм гарсан тээврийн хэрэгсэлтэй хүмүүс явж байсан гэж мэдээлээд байгаа. Гол нь шүүгдэгч нарыг тэнд явж байсан гэж бол мэдүүлсэн зүйл байдаггүй. Мөн шатахуун зөөх станц дээр бол явж байсан гэж мэдүүлдэггүй. Энэ дээр субару простер маркийн ,,,,,,,, гэсэн дугаартай тээврийн хэрэгсэлтэй 3 хүн явж байсан тэд нараас л асуусан гэсэн ийм зүйл мэдүүлэг өгдөг. Тэгэхээр энэ өөр хэрэгтэй холбоотой ийм эдгээр нотлох баримтыг үндэслээд хэрэг үүсгэсэн байдаг. Тухайн хэргийг хангалттай нотлох боломжгүй. Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэх гэдэг бол Эрүүгийн хуулийн 2.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлийг хайж олсон гээд байгаа юм. Энэ дээр зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл бол хайж олсон зүйл байдаггүй. Шинээр хийсэн зүйл байдаггүй. Засаж тохируулсан зүйл байдаггүй. Гэмт хэрэг үйлдэхээр үгсэж тохиролцсон гэж улсын яллагч үзээд байгаа. Яг ямар гэмт хэрэг үйлдэхээр өгсөж тохиролцсон юм. Шүүгдэгч нарт яллагдагчаар мэдүүлэг өгсөн байгаа. Гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ч энийг бол нотлох баримтаар хасчихсан байгаа. Яг алт олборлох гээд явсан тэнд шар юм байсан учраас очиж ухаж олборлох гээд явсан гэсэн мэдүүлэг байдаггүй. Зөвхөн тэнд шар юм гарсан тэгээд л бид нар хайгч аваад л явсан гэсэн яллагдагчаар өгсөн мэдүүлэгтэй байгаа. Тэгээд өнөөдөр шүүх хуралдаанд бол яг ямар зорилгоор явсан гэдгээ тодруулж байна. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн гэж хэрэг үүсгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байгаа гэх дүгнэлтийг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Ч гэм буруугийн талаар шүүх хуралдаанд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар А Ц нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож миний үйлчлүүлэгч нарыг цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд тавьж байгаа. Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ 6 нотлох баримтаар энэ хэрэг нотлогдож байна гэж оруулж ирсэн. Б-ын мэдүүлэг миний оролцсон өмнө нь орсон 4 хавтаст хэргийн 9 хүнд холбогдох хэрэгт яг энэ мэдүүлэг үг үсгээрээ бүгд байж байдаг. Б-ын мэдүүлгээр энэ 2 хүнтэй уулзсан юм энэ 2 хүн ийм ийм машинтай явж байсан гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэчихсэн байсан юм гэсэн мэдүүлэг 1 ч байдаггүй. Энийг шинжлэн судалчихсан учраас дурдаад яах вэ. ,,,,,,,,,гэсэн тээврийн хэрэгслийг хурааж авсан. Энүүгээр гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн байна гэж үзэж байгаа юм. Тэгэхлээр гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн тул тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэхгүй гээд улсын дээд шүүхээр өмнө орсон хэргүүд дээр ингээд үзчихсэн буюу жишиг тогтчихсон гэж үзэж байгаа. Мөн энэ тээврийн хэрэгслийг барьж явснаараа тухайн металл хайгчийг зарах гэж явсан эсвэл энэ газрыг ухах гээд алт ухах гээд явж байсан юм гэж нотолж байгаа нотлох баримт биш юм. Хавтаст хэрэгт болохлоороо гэрчээс асуусан ланд 80 маркийн машин,,,, гэсэн машин гэх мэтчилнээр тээврийн хэрэгслийг ,,,, гэсэн тээврийн хэрэгслийн талаар ямар нэгэн байдлаар мэдүүлэг авагдаагүй байгаа нь гэрчийн мэдүүлэг шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож чадсангүй гэж үзэж байгаа юм. Ингэж үгүйсгэгдэж байна. 3-т эд мөрийн баримтаар тооцсон тогтоол гээд металл хайгчийг тооцсон байгаа гэтэл сая шүүх хуралдаан дээр эд мөрийн баримтыг шинжлэн судлахад дотроос нь молдок гарч ирж байна. Чихэвч гарч ирж байна энэ хэний хэрэгт хамааралтай нотлох баримтууд эд мөрийн баримтууд юм. Эд мөрийн баримтаар тооцсон тогтоолыг болохлоороо юу гэж үгүйсгэж байна гэхлээрээ гэрч Т би гэмт хэрэг үйлдсэнийг бол илрүүлээд нотлох баримтуудыг бүгдийг нь өөрийнхөө ахлахад өгсөн гэсэн чинь хавтаст хэрэгт Т-ийн илрүүлсэн гэсэн ганц ч үг үсэгтэй гарын үсэгтэй цаас ч байхгүй байгааг шүүх анхаарч үзээсэй гэж үзэж байна. Хас үнэлгээгээр металл хайгчийг үнэлсэн байгаа. Энэ үнэлгээ зөвхөн металл хайгч ийм үнэтэй юм л гэж байгаа болохоос биш энийг зарах гэж байсан юм ч гэдэг юм уу эсвэл энийг алт ухахаар аваад явчихсан юм байна гэсэн нотлох баримт биш юм. 5-т болохлоороо бар газрын харилцаа барилга хот байгуулалтын албан бичиг байж байгаа. Энэ ,,,,,,, гэдэг газар нь Дорноговь аймгийн ,,,,,,,,, сумын харьяат байна гэсэн байгаа. Гэрч Т-ийн мэдүүлэг байгаа. Т бол шал өөр машины дугаартай шал өөр мэдүүлгийг мөрдөн байцаалтын шатанд өгсөн байж байгаа. Саяын шүүх хуралдаан дээр ерөөсөө тодорхой мэдүүлгийг өгсөнгүй. Энэ хүмүүстэй уулзсан гэж байгаа боловч энэ хоёр хүн өөрсдийг нь бол үгүйсгэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11-т болохоор мэдээлэл болон мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадаагүй бол дангаараа нотлох баримт болж чадахгүй гэж заасны дагуу Б-ын мэдүүлэг Тийн мэдүүлгүүд нь энэ хэргийг нотлогдсон байна гэж үзэх нотлох баримтад тооцоход бол үнэхээр эргэлзээтэй байгаа юм. Улсын яллагч нь андуурна өөр хэрэгтэй гэрч нь андуурна ийм байж энэ хэргийг гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн байна гэж шүүхэд оруулж ирж байгаа нь үндэсгүй юм. Тэгэхлээрээ яг аль нотлох баримтаар гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэсэн байна гэж үзэж байгаа нь үнэхээр эргэлзээ төрүүлж байна. Энийг нотолсон нотлох баримт байхгүй байна гэж үзэж байна. Хөнжил гудас байгаа гэж байгаа. Холоос явж байгаа хүмүүс хөнжил гудас хоол хүнсний юм тогоо шанага бол хүний өдөр тутамд хэрэглэгддэг эд зүйлс. Тэрнээс энэ гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн завдсан. Энийг нотлох баримтыг үндэслэнэ гэж байхгүй. Тээврийн хэрэгсэл Т би үзлэг хийгээд ирүүл ирүүлсэн гэж байгаа боловч шал өөр У гэж хүн 8 сарын 20-оос 24-нд хийсэн эд мөрийн баримтаар тооцсон ийм тогтоолыг түрүүн шинжлэн судалсан. 69-71 дүгээр хуудсанд хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн нотлох баримт байна. Энэ чинь та 2 гэмт хэрэг үйлдэхэд бэлтгэснээ хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш үү гэж байгаа юм. Энэ хурдан шуурхай хэргийг шийдвэрлэж өгөөч гэж хэлэлцсэний төлөө тэгвэл та хоёр энийг бичээд өгчих гээд үг үсгээр нь хэлсэн хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэнэ гэдэг бол маш тодорхой дүрэм журамтай ийм байдаг. Энийг маш сайн тайлбарлаж өгч бичүүлдэг эд. Тэгэхлээр энэ хууль бус юм хийсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-ыг зөрчиж байна гэж үзэж байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
1.Шүүгдэгч Б.А, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд эхний ээлжинд түүний үйлдэл нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан эсэхийг шалгах учиртай.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.А, Б.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх боломжгүй байна.
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох ,,,, гэх газарт ,,,,,,,,,, улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй иргэд хууль бусаар алт хайж олборлож байна гэх гомдлоор 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ,,,,,,,, дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн /хх-4 дүгээр тал/,
Гэрч Э.Т 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ”..Тус алт гарч байгаа газар ,,,,,,,,, Субару фористер маркийн тээврийн хэрэгсэлтэй иргэдийг хаанаас, хэзээ барьж авсан талаараа ярина уу гэхэд ...ШТС-н дээр өөр аймгийн дугаартай тээврийн хэрэгсэл байхад очиж шалгахад 3 иргэн байсан....” гэж мэдүүлжээ.
Харин гэрч Э.Т шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Би зарим машиныг нь сайн санахгүй байна. Тухайн үед олон машин байсан. ,,,,,, гэдэг газраас нийтдээ 10 гаруй машин саатуулагдсан. Тэнд ухаж явж байгаад зугтаасан газар дээрээс барьсан 10 гаруй машин байгаа.Тухайн үед 10 хэдэн тээврийн хэрэгсэл шалгагдаад олон мэдүүлэг авагдсан. Тэр үед нь андуурч эсвэл мартагдсан байж магадгүй байх гэж бодож байна гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан ба прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хэрэгт гэрч Э.Т-ийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд гэрч Ц.Б-ын мэдүүлэг нь энэ хэргийн талаар мэдүүлдэггүй, өөр бусад байдлын талаар мэдүүлдэг.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн түүнчлэн “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч нарын гэм буруутай болохыг тогтоож чадаагүй.
Дээрх нөхцөл байдлуудаар шүүгдэгч Б.А, Б.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.А, Б.Ц нарын өмгөөлөгч Н.Э, Ж.Ч нарын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч Б.А, Б.Ц нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.А, Б.Ц нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дах хэсэг, 36.6, 36.9 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч М овгийн Б овогт шүүгдэгч А, М овгийн Б овогт шүүгдэгч Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.7 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Шүүгдэгч Б.А, Б.Ц нарын урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Gold moster /голд мостер/ 1000 загварын метал хайгч 1 ширхгийг шүүгдэгч Б.А-д буцаан олгосугай.
4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А, Б.Ц нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ