| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2018/04627/И |
| Дугаар | 101/ШШ2018/03480 |
| Огноо | 2018-11-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2018/03480
| 2018 оны 11 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2018/03480 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С к ХХк-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т с ББСБ ХХК-д холбогдох,
Үйлчилгээний төлбөр 190.448 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С к ХХК, түүний өмгөөлөгч Г.Батмөнх нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... С к ХХК болон Т сББСБ ХХК-ийн хооронд 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Скаймедиа гурвалсан үйлчилгээний гэрээ байгуулан 17344 тоот скаймедиагийн хэрэглэгч болсон ба сар бүр 121.000 төгрөг төлөхөөр хариуцагч тал үүрэг хүлээсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас 185.948 төгрөг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар хуримтлагдсан байна. Манай байгууллагын зүгээс дээрх төлбөр төлөхийг амаар болон бичгээр удаа дараа сануулж байсан боловч өнөөг хүртэл төлөөгүй. Иймд гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т заасныг үндэслэн 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх үйлчилгээний төлбөр болох 185.948 төгрөг, нотариатын зардал 4.500 төгрөг, нийт 190.448 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т с ББСБ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянжаргал нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай компани нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр С к ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний дагуу үйлчилгээний хөлсийг тогтмол хугацаанд найдвартай төлж ирсэн. Гэтэл 2016 он гарснаар интернэтийн хурд удаан болж, компанийн үйл ажиллагааг явуулахад хүндрэл учирч эхэлсэн. Тиймээс 2016 оны 01 дүгээр сарын 15, 18-ны өдөр тус тус дуудлага өгч, инженерүүд ирж үзсэн боловч компьютерт чинь асуудал байна гээд компьютерийн төхөөрөмж авахыг зөвлөсний дагуу зардал гарган 185.000 төгрөгөөр шинэ төхөөрөмж худалдан тавьсан ч хурд сайжраагүй. Тиймээс дахин дуудлага өгч, борлуулалтын менежер Хулангийн зөвлөснөөр 1 мегабайт нэмж 2 мегабайт болгосон боловч мөн л өөрчлөлт ороогүй. Ийнхүү 3 сарын турш компанийн ажилд саад учруулж, ажил үйлчилгээндээ хариуцлагагүй хандсан гэж үзэн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ цуцлах хүсэлтээ албан ёсоор бичгээр гаргасан. Гэтэл 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацааны үйлчилгээний төлбөр болох 185.948 төгрөг, нотариатын зардал 4.500 төгрөг нийт 190.488 төгрөг нэхэмжилсэн байна. С к ХХК болон Т с ББСБ ХХК-тай байгуулсан гэрээний 4.1, 4.8, 4.9, 5.3, 5.4 дэх заалтуудыг зөрчсөн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С к ХХК нь хариуцагч Т с ББСБ ХХК-д холбогдуулан үйлчилгээний төлбөр 190.448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т с ББСБ ХХК нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.
Зохигчид 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр СС-03/13/Р295 дугаар бүхий скаймедиа гурвалсан үйлчилгээний гэрээ байгуулж, нэхэмжлэгч С к ХХК нь скаймедиа гурвалсан үйлчилгээг үзүүлэх, хариуцагч Т сББСБ ХХК нь үйлчилгээний төлбөр төлөх үүрэг хүлээжээ /хх-5-6/.
Талууд дээрх гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр эсэх талаар шүүхэд маргаагүй, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэлд 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хугацааны үйлчилгээний төлбөрт 185.948 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь нэхэмжлэгчийн үзүүлсэн интернетийн үйлчилгээ доголдсоны улмаас гэрээг цуцалсан гэж маргаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 15, 18-ны өдрийн нэхэмжлэгчийн инженерийн дүгнэлтийн хуудсууд, нэхэмжлэгчид хаягласан 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаар бүхий гэрээ цуцлах тухай албан бичгээс үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн үзүүлж буй интернетийн үйлчилгээний доголдлын талаар дуудлага өгч шалгуулж байсан, улмаар үйлчилгээг шаардлага хангахгүй шалтгаанаар гэрээг цуцлах санал гаргасан болох нь тогтоогдож байна /хх-18-20/.
Түүнчлэн шүүхээс хариуцагчийн хүсэлтээр цахим баримтад хийсэн үзлэгээр нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2016 оны 04 дүгээр сарын төлбөрийн нэхэмжлэхийг хариуцагчид хүргүүлэхэд хариуцагч гэрээг цуцалсан талаар хариу мэдэгдсэн болох нь тогтоогдож байна /хх-34-35/.
Дээрх баримтуудыг нэхэмжлэгч шүүхэд үгүйсгэж маргаагүй.
Талуудын байгуулсан гэрээний 8.1-д үйлчлүүлэгч үйлчилгээ авахаас татгалзаж гэрээг цуцлах хүсэлтэй байгаа бол түүнийгээ нэг сарын өмнө бичгээр илэрхийлнэ, 8.2-т үйлчилгээ үзүүлэгч уг хүсэлтийг үйлчилгээ авахаас татгалзсан мэдэгдэл ирснээс хойш нэг сарын дотор шийдвэрлэнэ гэж тус тус заасан байх ба эдгээр нөхцөл нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх, гэрээнээс татгалзах хугацааг гэрээгээр тогтоож болохоор заасантай нийцжээ.
Гэрээний 2.1, 2.2-т гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал байх, гэрээний хугацаа дуусахад талуудын аль нэг нь цуцлах санал гаргаагүй бол дахин нэг жилийн хугацаагаар сунгасанд тооцохоор тохирсноос үзэхэд гэрээ 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хүчинтэй байна.
Дээр дурдсанаас үзэхэд талуудын байгуулсан скаймедиа гурвалсан үйлчилгээний гэрээ нь хариуцагч санал гаргаснаар хугацаанаас өмнө буюу 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөр цуцлагдсан байх ба уг өдрийг хүртэл талуудын хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.
Нэхэмжлэгч 2016 оны 04 дүгээр сарын үлдэгдэл төлбөр 78.467 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын төлбөр 107.481 төгрөг тус тус тооцсоныг хариуцагч тооцооллын хувьд маргахгүй гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
Иймээс хариуцагчаас скаймедиа гурвалсан үйлчилгээний төлбөрт 2016 оны 04 дүгээр сарын үлдэгдэл төлбөр 78.467 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны төлбөр 45.071 төгрөг /107.481/31*13/, нийт 123.538 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т с ББСБ ХХК-аас 123.538 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С к ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 66.910 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.363 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т сББСБ ХХК-аас 4.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С к ХХК-д олгосугай.
3. Хариуцагч Т с ББСБ ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА