| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 195/2025/0759/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1620 |
| Огноо | 2025-06-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1620
2025 06 20 2025/ШЦТ/1620
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Ц.Сонинмөнх, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Н, шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******, ******* нарт холбогдох эрүүгийн 2410 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо Номун Виллаж хотхоны 000/0 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж ба 2020 оны 11 дүгээр сарын 09-нд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 625 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, ялыг эдэлж дууссан,
Боржигон овогт Мын Г, /РД:**0000000/
2. Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо 00 байрны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Буянт овогт Дгийн Г, /РД:**00000000/
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 504 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирол төлсөн баримт, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч М.Г, *******
1. Шүүгдэгч*******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, тэдгээрийн өмгөөлөгч нар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбар, мэдүүлэг, гэм буруугийн талаарх дүгнэлтийг дүгнэн үзэхэд шүүгдэгч*******, ******* нар нь хохирогч Ж.Бтай танилын харилцаа холбоотой байсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ж.Бд “тээврийн хэрэгслийг 2 хоног ашиглаад өгье” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүний эзэмшлийн 00-00 УАУ улсын дугаартай Тоёота королла акио маркийн тээврийн хэрэгслийг буцаан өгөх санаа зорилгогүйгээр бусдад заран 13,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
3. Энэ нь хохирогч Ж.Бумбагын “...би 2023 оны 08 дугаар сарын 30-ны Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байхдаа өөрийн найз Гэрэлээд өөрийн эзэмшлийн 00-00 УАУ улсын дугаартай Тоёота королла акио маркийн тээврийн хэрэгслээ Гэрэлээг "Найз гадуур хөөцөлдөх ажилтай байна 2 хоног хэрэглүүлээч" гэж гуйхаар нь өгчихсөн. Ингээд тэр цагаас хойш миний машиныг авч ирж өгөхгүй байгаа бөгөөд Гэрэлээгийн 8810**73 дугаарын утас руу залгахад "Маргааш өгье, маргааш авч ирж өгье" гэж хэлсээр өдийг хүргэсэн..." гэсэн мэдүүлэг /хх-36/, түүний 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “...анх надтай Г ирж уулзаад “манай найз Гд яаралтай ажил гараад байгаа юм. Чи машинаа Гд хэрэглүүлчих, мөнгө төгрөгийг нь өгнө. Бид 2 хамт ажил хөөцөлдөнө” гэж хэлсэн. Үүний дараа******* ирж *******ийн хамтаар надтай уулзсан. ******* нь Г рүү залгаад хаана байна гэхэд “очиж байна” гэж хэлж байсан. ******* болохоор надад “М.Г аваад явсан” гэж хэлдэг байсан.******* болохоор “Дүү нь хөдөө унаад явсан ирээгүй байна, нөхөртэйгөө муудсан чинь грашид цоожилчхоод гаргаж өгөхгүй байна" гэж ярьдаг байсан. Сүүлд ******* надтай ярихдаа Г нь чиний машиныг барьцаад хураалгачихсан байгаа” гэж хэлж байсан. Миний тээврийн хэрэгсэл одоо олдохоосоо угаасаа өнгөрсөн байх. Би тээврийн хэрэгслийнхээ мөнгийг гаргуулж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-38/,
Гэрч М.Хны “...орой 22 цагийн орчимд манай найз машин үзүүлэх гэсэн юм гээд манай гэрийн гадаа ирээд тус хоёр эмэгтэйн хамтаар ирсэн. Тэр үедээ манай найз үнэ тохироод авчих гэсэн бөгөөд тэр машин нь Тоёота Приус-20 маркийн муу машин байсан болохоор би авахгүй гэтэл гурвуулаа намайг шалсаар байгаад надаас 5.000.000 төгрөг аваад оронд нь машинаа үлдээгээд явахаар болсон бөгөөд 5.000.000 төгрөгийг Г гэж арай махлагдуу эмэгтэй нь "Өглөө мөнгө ороод ирэхээр дээр нь хэдэн төгрөг нэмээд авчихна, бүр болохоо боливол зараад буцаагаад мөнгийг нь өгчихнө" гэж хэлээд дансаараа аваад машинаа үлдээгээд явсан. Тэгээд тухайн өдрийн орой шөнийн 02 цаг 30 минутын орчимд мөнгө авсан махлагдуу Г гэх эмэгтэй нь залгаад "Жагаагийн найз байна, өглөө наад машиныг чинь эрт хүүхэд аваад хөдөө явахаар боллоо. Хөдөө өндөр үнээр авъя гэж байна, одоо л авахгүй бол болохоо болилоо би оронд нь өөр машин үлдээчихье" гэж хэлсэн. Ингээд орой 03 цагийн үед намайг гэрээсээ гараад очиход бас өөр Тоёота Приус-20 маркийн машинтай ирээд анх тавьсан машинаа солиод аваад явсан. Тэгээд намайг гэртээ орсны дараа над руу залгаад "Наад машинаа аваад зах руу очоорой, би өдөр очоод авна шүү" гэж хэлсэн. Ингээд маргааш нь намайг машиныг нь аваад Да Хүрээ зах дээр байж байхад залгаад "Зах дээр байна уу? Бид хоёр очиж байна" гэж хэлээд ирэхдээ Тоёота Аксио маркийн машинтай ирсэн. Тэгээд надад "Приус-20 оо буцааж авъя, энийг түр үлдээчихье. Орой энэ Аксиог гэр рүүгээ аваад явчхаарай, орой гэрийн чинь гадаа уулзаад буцаагаад авъя" гэж хэлэхээр нь би тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг нь харахад Б гэж хүний нэр дээр байхаар нь энэ талаар асуухад Г гэж махлагдуу нь "Энэ манай найзын нэр дээр байдаг юмаа, асуудал байхгүй ээ. Хэрвээ авахгүй бол зараад аваарай" гэж хэлэхэд ард нь сууж байсан Г гэх туранхайдуу нь "Тиймээ миний нэр дээр байдаг, асуудал байхгүй" гэж хэлэхээр нь би Тоёота Аксио маркийн машиныг нь аваад үлдсэн. ...гэхдээ тухайн үедээ тэр хоёр эмэгтэй нэгнийхээ машин гэж хэлээд нөгөөх нь минийх гээд байсан болохоор итгээд авсан юм. Одоо энэ машин байхгүй. Тэр тээврийн хэрэгслийг хөдөөний хоёр хүн 5.000.000 төгрөг өгөөд авсан. Сүүлд нь 2.000.000 төгрөг нэмж өгнө гэсэн боловч өгөөгүй байгаа. Тэр үедээ надад 2.000.000 төгрөгийг нь өгөөд нэрийг нь шилжүүлээд авна гэсэн боловч ирээгүй байгаа. Намайг залгахаар энэ хоёр эмэгтэй утсаа огт авдаггүй. Хааяадаа нэг мессеж бичдэг. Би энэ хоёр эмэгтэйгээс өчнөөн удаа "Машинаа буцааж аваад хэдэн төгрөг өгөөдхөөч ээ, нэг бол энэ машиныг чинь зараад би мөнгөө гаргаж аваад илүүг нь өөрсдөө ав" ч гэж хэлж байсан. Тэр болгонд махлагдуу биетэй Г гэдэг нь "Нөхөр нь уурлана, битгий зараа" гээд гуйгаад байдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-46/,
Хөрөнгө үнэлгээний “Тэнцвэрт эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “...2009 онд үйлдвэрлэгдсэн 2019 оны 02 сард Монгол улсад импортлогдсон NZEI416140940 арлын дугаартай цагаан өнгийн Тоёота королла акио авто машины нийт үнэ 13,000,000 төгрөг” гэсэн Х-00045 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-52-53/,
Дэмчигийн Гийн эзэмшлийн 545053**** дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэлд “...2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* нь Хаан банкны 545053**** тоот данс руу орсон 5,000,000 төгрөгийг 1 гэх утгаар гүйлгээ хийсэн нөхцөл байдал тогтоогдож байна” гэсэн тэмдэглэл /хх31/, Нямдагвын Энхзориг болон хамтран эзэмшигч Дийн Гийн эзэмшлийн 5450****88 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-32-33/ шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
4. Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хууран мэхлэх, итгэл эвдэх, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурах, төөрөгдөлд оруулах зэрэг аргаар эд хөрөнгийг нь хууль бусаар өөртөө шилжүүлэн авч, эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг буцаан өгөхгүй, хариу төлбөр төлөхгүй гэсэн гэмт санаа агуулан хохирол учруулсан байх шинжтэй байдаг.
Хэргийн нөхцөл байдлаас шүүгдэгч нар нь хохирогчийн тээврийн хэрэгслийг түр ашиглаад буцааж өгнө гэж гуйж авч яван бусдаас авсан өр зээлд тооцон үлдээсэн, тухайн хүн нь тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан нөхцөл байдал тогтоогдсон. Иймд гэмт хэргийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан буюу 13,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслээрээ хохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэжээ.
Тиймээс шүүгдэгч *******,******* нарыг урьдчилсан тохиролцож, хууль бус үйлдэл хийж байгаагаа мэдэж, залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж дүгнэв.
5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг хуурч нийт 13.000.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар үйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... зэрэгт шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор, шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно гэж заасан.
7. Хохирогч Ж.Б нь хохирлыг бүрэн барагдуулсан, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн хүсэлтийг гаргажээ. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.
9. Шүүгдэгч*******гийн өмгөөлөгчөөс “торгуулийн ялын саналыг дэмжиж байна, миний үйлчлүүлэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нь харагдаж байгаа” гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч *******ийн өмгөөлөгчөөс “хохирлын асуудал дээр бол маргаагүй, машиныг 5 сая төгрөгт зарсан байдаг, тэгэхээр М.Х нь шүүх хуралдаанд иргэний хариуцагчаар оролцуулах нь зүйтэй байсныг дурдаж байна. Гэхдээ шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр дээр маргаагүй. Иймд энэрэнгүй ёсны зарчмыг баримтлаад торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
10. Шүүгдэгч*******, ******* нар нь бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцов. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тул шүүгдэгч нарт ял оногдуулахад харгалзах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалтай байна.
11. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл зэргийг харгалзан үзэв. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь “тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг харгалзлаа.
12. Шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо төлсөн, хохирогчийн эрх сэргэсэн, хохирлын хэмжээ зэргийг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял буюу торгох ялыг сонгон оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.
13. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт тус тус 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
14. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мын Г, Дгийн Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчийг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******, ******* нарт тус бүр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР