2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1629

 

   2025         06           23                                          2025/ШЦТ/1629

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

улсын яллагч А.Марал, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2503 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо Марцад 0 дүгээр гудамж 0а тоотод оршин суух, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 831 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 472 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн,

Боржигон овогт Пийн Б /РД:**00000000/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 00 дүгээр хороо, Партизаны замд Тоёота приус 00-00 УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 597 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан нь Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-43/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/3535 дугаартай шийтгэврээр /хх21/ тогтоогдсон.

Тэрээр жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дахин согтуугаар тоёота приус маркийн 00-00 УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь согтуурал шалгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд драгер хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр шалгахад 3.94 хувь гэж шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламжийг тодорхойлсон тэмдэглэл /хх4-6/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.  

            4. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол гэмт хэрэгт тооцохоор заасан.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд зөрчлөөр хариуцлага хүлээлгэсэн хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд зөрчлийн давтамж, учруулж болзошгүй хор аюул ихтэй тул нийгэмд аюултай, эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл гэж хуульчилжээ. Шүүгдэгч *******ийн хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан бол шүүгдэгчээс “...хэлэх зүйлгүй...” гэжээ.

8. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, согтуурлын зэрэг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг нь харгалзан үзлээ.

10. Хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж 2.700.000-14.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

11. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн, хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж, зөвшөөрөгдсөн чиглэл, бүсчилсэн хязгаарын дотор явах үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих, тодорхой тохиолдолд ажиллах, сурах боломжийг олгодог буюу техник, технологийн тусламжтайгаар эрх бүхий байгууллагын хяналт дор хэрэгжүүлдэг Эрүүгийн хуулиар тогтоосон ял, хариуцлага юм.

Шүүгдэгчийн согтолтын зэрэг, үйлдлийн давтамжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Пийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 8 сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР