Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2017/00881

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2017/00881

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Б.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: И ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн хохиролд 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч И ХХК-г төлөөлөн Гүйцэтгэх захирал Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Б.Б миний бие И ХХК ломбарданд 2016 оны 10 дугаар сарын 28-нд зээлийн гэрээ байгуулж 250 000 төгрөгөөр Samsung брэндийн нөүтбүүк 8 хувийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай зээлж авсан. Хугацаа дуусах бүрт очиж сунгалтаа хийж байсан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр барьцаанд тавьсан эд зүйлээ авахаар очиход өөдөөс шал өөр Dell брэндийн нөүтбүүк гаргаж ирсэн. Иймд миний нөүтбүүк байхгүй учир нөхөн төлүүлэх буюу 700 000 төгрөгийг И ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон гүйцэтгэх захирал шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Иргэн Б.Б нь тус компанийн ломбарданд 2016 оны 10 дугаар сарын 28-нд хуучин Samsung i3 маркийн нөүтбүүк барьцаалж 250 000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Тус ломбард барьцааны эд зүйлийг хадгалахдаа зээлдэгчийн гарын үсэг зуруулж, номер тавьж хадгалдаг. Манай ажлын байр дохиолол хамаагаалалттай, барьцааны эд зүйл хадгалах агуулахтай. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээг дуусгавар болгох гэж ирээд энэ миний нөүтбүүк биш гэж маргаан үүсгэсэн. Тэгэхээр нь дахин шалгаж үзэхэд зээлдэгч Б.Бын зурсан гарын үсэг, номер таарч байсан. Тус компанийн зүгээс зээлдэгчийн эд зүйлсийг солих ямар ч шаардлага байхгүй гэдгээ тайлбарласан. Б.Б нь гар утсаараа Samsung нөүтбүүкний зургийг явуулаадах гэхэд гар утсанд нь нөгөө Samsung i3 нөүтбүүкний зураг ирсэн. Үүнийг хараад их гайхлаа, сольж авсан бол баримтан дээр тэмдэглэл хийгээгүй нь бидний буруу болох байх.

Б.Б нь барьцаанд тавьсан хуучин Samsung нөүтбүүкний үнийг 2 дахин илүү үнэлж, нэхэмжилсэн. Барьцааны эд зүйлсийн сольсон гэж нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй, зах зээл дээр ижил үзүүлэлттэй нөүтбүүк 300 000 төгрөгийн ханштай байгаа бөгөөд тус ломбарднаас авсан 250 000 төгрөгийг хүүгийн хамт өгвөл тохиролцож болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч И ХХК-д холбогдуулан зөөврийн компьютерийн төлбөрт 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, оронд нь өөр нөүтбүүкээр төлөх боломжтой гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ тодорхойлохдоо, И ХХК буюу барьцаалан зээлдүүлэх газраас 250 000 төгрөг зээлж авахдаа Samsung маркийн зөөврийн компьютерийг барьцаалсан бөгөөд тухайн зөөврийн компьютерийг бүрэн бүтэн байлгах үүргээ зөрчсөний улмаас буцаан шилжүүлэх үүргээ биелээгүй гэжээ.

Зохигч талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 250 000 төгрөг зээлсэн, тус зээлийн барьцаанд Samsung I3 маркийн зөөврийн компьютер барьцаалсан болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэргийн 4 дэх талд авагдсан баримтаар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд үүсэн харилцаа, байгуулсан гэрээ, түүний агуулга, хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэн үзэхэд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар Барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээлийн гэрээ байгуулагдсан байна. Гэрээ байгуулсан субъект буюу зээлдүүлэгч талын эрх зүйн байдал болон зээл олгоход баримталж буй нөхцөл болон гэрээний агуулга зэргээс дүгнэхэд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэн холбогдох зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хавтаст хэргийн 4 дэх талд авагдсан баримтаар хангагдсан гэж үзэх бөгөөд хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэж үзэв.

Тус гэрээний дагуу барьцаанд шилжүүлэн авсан хөрөнгийн тухайд зээлдүүлэгч Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт, Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй. гэж зохицуулж өгсөн байна.

Нэхэмжлэгчийн тайлбараар зээлийн гэрээний үүргээ дуусгавар болгон барьцаанд шилжүүлсэн зөөврийн компьютерийг буцаан шилжүүлэхээр шаардлага гаргах үед DELL брэндийн зөөврийн компьютерийг өгсөн бөгөөд түүнийг хүлээн авахаас татгалзсан үйл баримт тогтоогдож байна. Тухайн үйл баримттай нэхэмжлэгч тал маргалдаж, шүүхэд ямар нэгэн тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

Тухайн маргааныг шийдвэрлэхдээ гагцхүү нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн гэдгийг дурдах нь зүйтэй.

Учир нь, зохигч талуудын хооронд 250 000 төгрөг зээлдүүлсэн харилцаатай холбоотой зээлийн төлбөр төлөх болон түүний хүүг төлөх зэрэг гэрээний үндсэн үүргүүдийн зэрэгцээгээр нэмэлт үүргийн хувьд барьцааны зүйлийг шилжүүлэх, түүнийг хадгалах буюу бүрэн бүтэн байдлыг ханган хууль буюу гэрээнд зааснаар шаардлага гаргасан үед буцаан шилжүүлэх зэрэг үүргүүд үүссэн байна.

Зохигч талуудын хооронд зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эрх зөрчигдсөн талаарх маргаан гараагүй байх бөгөөд хариуцагч зээлийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт зааснаар, ...барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг... нь тухайн хөрөнгийг өөр эд хөрөнгөөр солихгүй байх, эвдрэл гэмтэл учруулахгүй байх зэргээр илрэх бөгөөд тухайн хөрөнгөөс өөр хөрөнгө шилжүүлэх үйлдлийг хуулийн мөн заалтанд зааснаар бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ гүйцэтгээгүй зөрчил гаргасан гэж үзнэ.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт, Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж зохицуулснаар барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг зээлдэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагч тайлбартаа, барьцаанд тавьсан хөрөнгийг сольсон байх гэж тайлбарлах боловч барьцааны зүйлийг солихдоо сольсон талаар баримт үйлддэг гэх боловч тухайн тайлбарыг нотлох баримтгүй байна.

Иймд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ барьцаалан зээлдэх газар зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч хуульд зааснаар шаардлага гаргасан гэж үзэв.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн хэт өндөр үнээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан, зах зээлийн үнээс хоёр дахин их үнэ байна гэх боловч зах зээлийн үнийг судалсан байдал болон хэт өндөр үнэ нэхэмжилсэн гэх тайлбараа нотлоогүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон үнийг нотлох зорилгоор нотлох баримт гаргаж өгсөн нь хавтаст хэргийн 18-21 дэх талд авагдсан бөгөөд 2013 оны 06 дугаар сарын 08-ны өдөр худалдан авсан гэх баримтаар 499 еврогийн үнэтэй байсан гэх мэдээлэл байх бөгөөд харин тухайн брэндийн, ашигласан зөөврийн компьютер 299.95 доллар гэсэн дундаж үнэ байгаа тул төгрөгөөр тооцон 700 000 гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй байна.

Хэдийгээр хариуцагч мөнгөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлага хангахгүй, тухайн брэндийн зөөврийн компьютэр худалдаж авч өгч болно гэж тайлбарлах боловч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх арга болон шаардлагыг мөнгөн төлбөрөөр гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ сонгосныг буруутгах боломжгүй байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй боловч мөн хуулийн 9 дүгээр зүйийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар үүргээ зөрчсөнөөс учруулсан хохирлыг шаардах эрх мөн нэхэмжлэгч талд нээлттэй байна.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 700 000 төгрөг гаргуулна гэсэн нь мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт, Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заасан зохицуулалтад нийцнэ гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.    Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И ХХК-иас 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч И ХХК-иас 21 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН