Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 00226

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Б.Очирбат

Шүүгдэгч Г.Намнан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Намнанд холбогдох эрүүгийн 1725000750032 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд нь 2014 оны 12 сарын 02-ны өдрийн Сум дундын 4 дүгээр шүүхийн 110 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 22-нд тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай гэх Тэрэм овогт Ганбатын Намнан /РД: ГН 85050917/

 

Шүүгдэгч Г.Намнан нь  2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах Надежда хотхоны урд талын зам дээр Тоёото маркийн 76-92 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Очирбатыг мөргөж  биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.Намнангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед баруунаас зүүн тийш чиглэлтэй Надежда хотхоны хажуугаар явж байхад эсрэг талын урсгалаас явсан зорчигч гарч ирээд зам хөндлөн гүйгээд гарахаар нь жолоогоо баруун тийш дарахад машины зүүн урд талын булангаар мөргөсөн. Хохирогчид баримтаар 499.000 төгрөг төлсөн. Миний буруутай үйлдлээс хүний эрүүл мэнд хохирсон нь үнэн. Маргах зүйлгүй, цаашид хохирогчийн эмчилгээний зардлыг төлнө хохиролгүй болгоно гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Очирбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр мал руугаа явах гээд тамхины бөөний цэгээс тамхи авахаар зам хөндлөн гараад явж байсан. Зүүн талаас олон машин ирж байсан. Баруун талыг сайн хараагүй. Зам хөндлөн гараад явж байгаад машинд шүргүүлсэн. Одоо зүүн гар хөндүүр байгаа. Эгэм хугарсан байсан. Эмнэлэгт 10 гаруй хоног хэвтсэн. Баруун гар хөндүүр, толгой дүүрч өвддөг. Надад эмнэлэгт байхад 100.000 төгрөг өгсөн. Эмнэлэг дээр хэрэг болох бүхнийг авч ирж өгч байсан. Мөн эмнэлгийн төлбөртэй өрөөний төлбөрийг төлж байсан. Хэрэгт хохирлын баримт өгөөгүй. Одоо эмчилгээ дуусаагүй, эм тариа авах хүч хүрэхгүй байна. Шүүгдэгчийн ярьж байгаа 499.000 төгрөг төлөгдсөн гэдэг нь үнэн. Цаашдаа эм тариа авах зардлыг өгвөл сайн байна  гэсэн мэдүүлэг,

 

            -Гэрч О.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би Хүлэг хүнсний зах дээр аав Очирбаттай таарсан. Тухайн үед аав Булган аймгийн Орхон сум руу явах гээд Дорж ахын машинтай явж байсан. Манай гэр Булган аймаг руу явдаг зам дагуу байдаг болохоор Дорж ахын машинд суусан. 7 дугаар хорооллын урд талд байрлах тамхины бөөний төвийн харалдаа Дорж ах машинаа зогсоогоод аав тамхи авах гээд зам хөндлөн гараад машинаас буугаад зам хөндлөн гараад замын цаад талын шороон дээр гарчихсан тамхины цэг рүү явж байхад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлд ачааны машин хурдтай ирээд аавыг мөргөсөн. Дорж ах бид 2 яваад очиход аав мөргүүлсний улмаас граж тал руу үсэрчихсэн байсан. Газар аав ухаангүй хэвтэж байсан. Тэгээд бид нар цагдаад дуулага өгөөд эмнэлэгт аавыг хүргэсэн гэсэн мэдүүлэг /хх 20 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 642 дугаартай дүгнэлтэнд:

1. Б.Очирбатын биед зүүн эгэмний ясны хугарал, баруун гарын эрхий хурууны шивнүүр ясны хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, гавлын зүүн талын чамархай ясны цууралт, хуйханд шарх, зүүн сарвуу, бугуй, тохойн дотор хэсэг, баруун хөлийн шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйх, дух, зүүн гарын тохой, өвгөнд зулгаралт үүсчээ.  үүсчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. Зүүн эгэмний ясны хугарал, баруун гарын эрхий хурууны шивнүүр ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины эдийн дунд зэргийн няцрал, гавлын зүүн талын чамархай ясны цууралт, хуйханд шарх, зүүн сарвуу, бугуй, тохойн дотор хэсэг, баруун хөлийн шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарагдана. Хуйх, дух, зүүн гарын тохой, өвгөнд зулгаралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт /хх 26 ху/

 

-Замын цагдаагийн тасгийн 11 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

1. Тоёота маркийн 7692 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Г.Намнан нь МУ-ын  Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдлыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл гэмтэл, техникийн зөрчил 1.3 заалт /Шингэн дамжуулагчтай тоормосны системийн битүүмж алдагдсан/ гэсэн заалтууд зөрчсөн байх үндэстэй байна.

 2. Явган зорчигч Б.Очирбат нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна.

3. Уг осол дүгнэлтийн 1-д зааснаар Г.Намнан нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 1.3 дахь заалтыг зөрчсөнөөр гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 30 ху/,

 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн дүгнэлт /хх 6 ху/

 

-Ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7 ху/

 

-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-10 ху/

 

           -Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12 ху/

 

-Г.Намнанг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 36-38 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 40 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Намнан нь 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах Надежда хотхоны урд талын зам дээр Тоёото маркийн 76-92 БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Очирбатыг мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.Очирбатын “...тамхины бөөний цэгээс тамхи авахаар зам хөндлөн гараад явж байсан. Зүүн талаас олон машин ирж байсан. Баруун талыг сайн хараагүй. Зам хөндлөн гараад явж байгаад машинд шүргүүлсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Отгонжаргалын /хх 20 ху/ мэдүүлэг,  хохирогчийн биед зүүн эгэмний ясны хугарал, баруун гарын эрхий хурууны шивнүүр ясны хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, гавлын зүүн талын чамархай ясны цууралт, хуйханд шарх, зүүн сарвуу, бугуй, тохойн дотор хэсэг, баруун хөлийн шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйх, дух, зүүн гарын тохой, өвгөнд зулгаралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 642 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Г.Намнагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдлалд тооцож, түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй.

            Хохирогч Б.Очирбат нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирлын талаар баримтыг ирүүлээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 499.000 төгрөгийг төлсөн болохыг мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна гэж үзэв. Харин хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.Намнанг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Г.Намнанд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Г.Намнан нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Намнанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА