Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1077

 

 

 

 

 

 

 

 

 

“ТТ” ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00582 дугаар шийдвэртэй, “ТТ” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “АЛТ” ХХК- болон Д.Э- нарт холбогдох, “ТТ” ХХК--ийн гадаад харилцагчидтай холбогдох, тус компанийн гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг хариуцагч нарт даалгах, 50 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, хариуцагч Д.Э-, хариуцагч “АЛТ” ХХК--ийн төлөөлөгч Б.М, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

Нэхэмжлэгч “ТТ” ХХК--аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон гүйцэтгэх захирал С.Туулаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “АЛТ” ХХК--ийг үүсгэн байгуулагч Б.М, гүйцэтгэх захирал Д.Э- нар нь “АЛТ” компанийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авч байх үедээ “ТТ” ХХК--тай байгуулсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж, хөдөлмөрийн хөлсөө авч ажиллаж байсан юм. Компанийн хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дагуу компанийн Нууцыг хадгалах, Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх гэрээний дагуу үүрэг, хариуцлагаа хүлээж байсан. Гэвч ийнхүү ажиллаж байхдаа "ТТ” ХХК-ийн үйл ажиллагааны процессууд, бизнесийн моделийг, гадаад хамтрагчид, үйлчлүүлэгчдийн мэдээллийг хуулбарлан хулгайлан авч, дээрх Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ижил төсөөтэй компани үүсгэн байгуулахад шаардлагатай мэдээлэл, баримт материалыг цуглуулахаар хоорондоо үгсэн хуйвалдаж, зохион байгуулалтгайгаар хамтран гүйцэтгэсэн болох нь харагдаж байна. Б.Мөнхмандах нь ажлаас халагдах хүсэлтээ гаргахдаа хүнтэй сууж байгаа тул хөтчөөр ажиллаж гадагшаа явах боломжгүй болсон гэдгээ амаар хэлж, өөрийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэн суралцах шалтгаанаа өргөдөлдөө бичиж 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн. Д.Э- 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Австрали улс руу явж суралцана гэж хэлээд хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөх хүсэлтээ өгсөн. Гэтэл энэ 2 хүн “АЛТ” ХХК--ийг байгуулах үйл ажиллагааг аль эрт эхэлсэн төдийгүй Д.Э-ийн ажлаас чөлөөлөгдсөн 2 дахь өдөр, Б.М ажлаас чөлөөлөгдөөгүй байхад буюу 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус компанийг байгуулж, гэрчилгээг авсан. Энэ нь Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх гэрээний үүргээ зөрчсөн төдийгүй, бусдын бүтээсэн оюуны бүтээл, хүч хөдөлмөрийг ёс зүйгүй хулгайлан авч, хуурч мэхлэн худлаа хэлж байсан нь 2 хүний өгсөн өргөдөл, АЛТ ХХК-ийн гэрчилгээгээр нотлогдож байна. “ТТ” ХХК--ийн гадаад аяллын чиглэлүүдэд ижил аялал зохион байгуулж байгаа нь хэрэгт байгаа баримтуудаар нотлогдсон тул үүнийг зогсоох талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан. Аялал жуулчлалын салбар маш амаргүй, өрсөлдөөний дунд үйл ажиллагаа нь явагддаг. Бид олон улсад хамтран ажиллах аялал жуулчлалын итгэлтэй, хариуцлагатай, найдвартай түншээ сонгож өөрийн жуулчдаа хариуцуулахын тулд их хэмжээний хүч хөрөнгө зарцуулж, олон улсын үзэсгэлэн яармагт оролцох шаардлагатай байдаг. Тухайн улсад жуулчинд үзүүлэх аяллын хөтөлбөр зохиохын тулд маршрутыг нь гаргаж судалгаа хийх, монгол жуулчдын онцлогт таарч тохирсон үзвэр, үйлчилгээ, хоол, зочид буудал гээд бүхий л зүйлтэй биечлэн танилцах, сонгох, хамтрагч компанидаа өөрийн стандартаа танилцуулах, харилцан хүлээн зөвшөөрөх гэх зэрэг их ажпын ард аяллын нэг чиглэл нээгдэж, аялал зохион байгуулах боломж нөхцөл бүрддэг. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд харилцан итгэл хүлээх, монгол аялагчдын хүсэлт, сэтгэл зүй, хоол унд гээд бүх зүйлийн талаар мэдлэг туршлагатай болгоход бид ихээхэн хүч хөдөлмөр гаргаж байж бүтдэг ажил юм. Үүнийг хөтчөөр ажиллаж байсан нэг хүн шууд хуулбарлаж аваад харилцагч дээр нь очиж хамтран ажиллах санал тавиад байгааг өмнө нь “ТТ” ХХК--д ажиллаж байсан давуу байдал, танил царайгаа ашиглаж үйлдэж байгааг хулгай хийж байгаатай зүйрлэхүйц үйл ажиллагаа, бусдын бүтээсэн зүйлийг хулгай хийж байгаагийн нэг хэлбэр гэж үзэж байна. “АЛТ” ХХК- нь Аялал жуулчлалын сайдын тушаалаар баталсан 1 жилээс доошгүй хугацаанд гаднаас жуулчин Монголд аялуулсан туршлагатай компани аутбаунд буюу гадаад орон руу монгол жуулчдыг илгээж ажиллах эрх олгогддог журмыг байгуулагдсан цагаасаа эхлэн зөрчсөн. Хариуцагч Д.Э-ээс мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учраас гэрээний дагуу 50 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Д.Э- нь “ТТ” компанид ажиллахаас өмнө аялал жуулчлалын мэргэжлээр ажиллаж байгаагүй, ажлын туршлага байхгүй байсан нь түүний ажилд орохыг хүссэн хувийн анкет дээрээ өөр байгууллагад ажиллаж байсныг тэмдэглэсэн байдлаас харагдах бөгөөд энэ нь “Жи Мобайл” компанийн албан тоот, өмнөх ажлын газрын тодорхойлолт, өөрийн гараар бичиж өгсөн анкет, өргөдөл зэрэг нь нотолно. Д.Э-ийг сургаж туршлагатай боловсон хүчин болгож бэлтгэх, гадаад оронд аялуулах, цалин, урамшуулал зэрэгт “ТТ” ХХК--аас нийт 90 000 000 гаруй төгрөг зарцуулсан. Иймд “ТТ” ХХК--ийн бүхий л материалыг хуулбарлан авч, компани байгуулах хүсэлт, материалаа бүрдүүлсэн, харилцагчдын мэдээллийг хулгайлсан төдийгүй, манай олон жилийн харилцагч томоохон компаниудтай уулзаж, манай компанид ажиллаж байсан байдлаа ашиглан зарим компанийг өөрийн байгуулсан компаниар аялуулсан нь баримтуудаар харагдаж байна. Эдгээр бусармаг үйлдлүүд нь “ТТ” ХХК--ийн удирдлагын итгэлийг олж, үнэнч ажиллана хэмээн харилцан тохиролцож байгуулсан мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээгээ зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа тул гэрээнд заасан үнийн дүн болох 50 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлээ дэмжиж байна. Хэдийгээр “АЛТ” ХХК- нь өөрийгөө нээлттэй зах зээл дээр ажиллаж байгаа гэж тайлбарлаж байгаа ч хүний олон жилийн бүтээл болох оюуны хөдөлмөр, хөлс хүчээ гарган хамтран ажилладаг үнэ цэнэтэй үйлчлүүлэгч, их хэмжээний хөрөнгө заран байж олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгээс бий болгодог харилцагчид, удаан хугацааны судалгаа, туршлага, хөрөнгө хүчээр өөрийн үйлчлүүлэгч нарт тохируулан бий болгодог аяллын хөтөлбөр, маршрутыг хулгайлан авсан, өрсөлдсөн үйлдэл гэж үзэж байгаа болно гэжээ.

 

Хариуцагч “АЛТ” ХХК--ийн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “АЛТ” ХХК--аас гадаад харилцагчтай харилцахгүй, ижил төрлийн маршрутаар аялал хийхгүй байхыг даалгах гэсэн шаардлага гаргасан. Энэ шаардлага нь нотлох баримтаар батлагдсан байх ёстой бөгөөд тайлбараас нь хэлэхэд намайг хүнтэй суух гэж ажлаас гарсан гэх мэт аман байдлаар ховыг шинжтэй зүйл ярьж байна. Тиймээ, би хүнтэй суусан, бие давхар байна. Өөр яах ёстой юм бэ. Би тус компанид 6 гаруй жил хөтөч хийсэн. Д.Э- болон бусад хөтөч нартай мэдээлэл задруулахгүй байх тухай гэрээг хийсэн байдаг. Надтай хийх гэхэд нь тайлбараа өгч, Мэдээлэл задруулахгүй, нууц хадгалах гэрээнд байгаа нөхцөлүүд миний ажлын онцлогтой уялдахгүй байсан учраас гэрээний заалтаа өөрчлөх юм бол би энэ гэрээнд гарын үсэг зурж болно гэдгээ хэлж байсан. Бид нар ч гэсэн судалгааны дагуу аялалаа гаргаж байгаа. Даадаа гэдэг найз минь S.V.D-Express Partnership Limited компанитай намайг холбосон биш, Тайландын Triplink PC Limited Partnership компанитай намайг холбож, 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гэрээ хийгээд хамтарч ажиллаж байгаа. Манай компани S.V.D-Express Partnership Limited компанитай хамтарч ажилласан зүйл байхгүй. Наташа Захарова бол ОХУ-ын “ТТ” ХХК-ийн захирал бөгөөд би ээжтэйгээ хамт Хонг Конгийн чиглэлд энэ хүнтэй хамт аялж байсан. Би хэнтэй уулзах, нөхөрлөх нь миний эрх бөгөөд тэр эрхийн дагуу би харилцдаг. Манай компани ажил хэрэг бизнесийн журмаар нэг ч удаа та хүн явуулаач, надад аялал өгөөч, би Байгаль нуур руу хүн явуулъя гэж “ТТ” ХХК-тай харьцаж байгаагүй. Хөтөлбөрийг бид ч бас нарийн судалсан, “ТТ” ХХК--тай давхцсан, үг булаасан гэсэн зүйл хэлж байна. Аяллын хөтөлбөрийг оюуны өмчөөр патентжуулсан гэрчилгээ байхгүй. Бид Энэтхэгийн Катманду гэх мэт нарийн чиглэлийг гаргадаг, би өөрөө судалдаг. Аяллын ажил чинь заримдаа 2-3 сар ажилгүй, орлогогүй үе ч байдаг, өр зээлтэй хүн өөр юу хийх вэ, өөр компанид хөтчөөр ажиллаад хувиараа ч болтугай хөтчөөр явахыг бодно. “АЛТ” ХХК--ийн зүгээс “ТТ” ХХК--ийн харилцагчийг нь булаасан, өрсөлдсөн зүйл байхгүй. Би “ТТ” ХХК--ийг хүндэтгэдэг. С.Туул захиралтай ийм байдлаар уулзана гэж бодсонгүй. “ТТ” ХХК--ийн харилцагчийг бид манайхтай хамтраач гээд байгааг юугаар нотлоод байгаа юм бэ, “Шунхлай” ХХК-ийн ямар захирал, мөн цахилгаан станцын ямар ажилтан танд манайхтай хамтарч ажиллах гэж тохирсон гэж хэлсэн юм бэ, нэр устай нь хэлмээр байна. Мөн манай компани нь 2018 оны 11 дүгээр сарын 02-нд гадаад орон руу жуулчин илгээх тур операторын ангиллын гэрчилгээг авсан бөгөөд хэрэгт өгсөн. Иймд манай компани нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Д.Э-ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг аялал жуулчлалын менежмент мэргэжлээр төгсөөд, “Наран трэйд” ХХК болон “Жи мобайл” ХХК-д ажиллаж байсан. 2013 оны 07 сард тус компанид мэргэжлийн ажилд орох анкет өгч, би 11 сард ажилд орсон. Би 1-3 жил ажиллана гэдэг хүснэгтийг дугуйлсан. Энэ талаар надаас асуухад нь тухайн үед би цаашдаа найзуудтайгаа нийлээд аялал жуулчлалын бааз нээх төлөвлөгөөтэй байгаа гэдэг хүсэл сонирхлоо илэрхийлж байсан. Ингээд үндсэн ажилтан болсон бөгөөд 2014 оны 06 сард надтай Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх гэрээг байгуулсан. Энэ гэрээг анх танилцуулахдаа энэ гэрээний нөхцөл заалтуудыг надад тайлбарлаж өгөөгүй, маш тулгуу, хүчээр шахуу нэг өрөөнд суулгаж байгаад байгуулж байсан, би С.Лхамжав гэдэг захиралд нь 10 жил гэдэг хэцүү байна, би өөрөө аялал жуулчлалын чиглэлээр төгссөн, би энэ компанид ажиллаж байгаад халагдсаны дараа би юу хийх вэ, энэ хугацаанд хоосон байх юм уу гэхэд би энэ хугацааг ярилцана, чи ямар ч байсан гарын үсгээ зурчих гэж хэлээд гарын үсэг зуруулж байсан. Би тус компанид ажиллаж байхдаа алдаа дутагдал гаргаж байсан нь үнэн, өөрөө хариуцлагаа хүлээж 3 сарын дотор ХААН банк ХХК-аас зээл аваад төлбөрийг төлсөн. “ТТ” ХХК- нь тухайн жилд бүтэн онгоц авсан байсан бөгөөд онгоц дүүрэхгүй байсан учраас ажилтан бүрийг нэг нэг хүнийг ол, аялуул гэж шаардсан. Үүний дагуу ажилтнуудын ойрын төрлийн хүмүүсийг аялуулж байсан, би бас ээжийгээ аялуулсан. Гэвч төлбөрийг нь би цалингаасаа төлсөн. Миний цалин бага, зээл төлдөг байсан учраас энэ аяллын төлбөрийг он дамнуулан төлж байсан нь үнэн. Би “ТТ” ХХК--аас маш их зүйл сурсан, намайг сайн бэлтгэж байсан, би сайн ч ажилласан гэж боддог. Эхний 1-2 жилд мэргэшээд, 3 дахь жилээс миний норм төлөвлөгөөгөө биелдэг болсон, 4 дэх жилээс нилээд сайн туршлагатай болсон. Компани өөрөө урамшуулал тогтоож олгох журмын дагуу надад 21 сая төгрөгийн урамшуулал олгохооор шийдвэрлэж, татварыг нь суутгаад 17 сая төгрөгийг надад бэлэн өгсөн. Үүнд би одоо ч гэсэн талархдаг. Энэ бол 2015-2016 онд ажилласан ажлын үр дүн байсан. Ингээд 2016-2017 онд би ажлаа хийж байсан бөгөөд Австрали улс руу явахаар хөөцөлдөж байсан нь үнэн, энэ тухай “ТТ” ХХК--ийн удирдлага хэлж байгаагүй. Австрали улсаас хариу ирсэн, тэр үед би 2017 оны урамшуулал олгогдох байх, тэр мөнгөө өмнөх урамшууллын мөнгөний хамт сургалтын зардалд төлөх боломжтой гэж бодож байсан бөгөөд хамт ажиллаж байсан 2 ажилтанд энэ тухай хэлсэн байсныг захирал сонссон байна. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 30-ны өглөөний Даваа гарагийн хурал дээр миний хариуцлагаас үл хамаарах, надтай холбоогүй асуудлаар намайг буруутгасан. Би үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд С.Туул захирал чи иймэрхүү байдалтай байх юм бол ажлаа хүлээлгэж өг, одоо гар гэж хэлсэн. Тэгэхээр нь би гаръя гээд өргөдлөө одоо өг гэсний дагуу бичиж өгөөд ажлаас гарсан. Өргөдлөө өгч амжаагүй байхад миний системийн эрхийг хаасан, нярав хажууд зогсоод бүх зүйлийг чамаас хурааж ав гэсэн гээд надаас 1 цаг хүрэхгүй хугацаанд бүх зүйлийг хурааж авсан. Би тэр өдрийн дотор ажлыг хүлээлгэж өгөөд гарсан. Намайг “АЛТ” ХХК--ийг “ТТ” ХХК--д ажиллаж байх хугацаанд байгуулсан гэж байна. Би энэ үед ажлаас халагдсан байсан. “АЛТ” ХХК--ийн үүсгэн байгуулагч Б.Мөнхмандах, н.Амарбаясгалан нар санал тавьсан бөгөөд бид хамтарч ажиллахаар болсон. Би өвчний группт байдаг нагац эгчтэйгээ, охинтойгоо хамт Толгойтод амьдардаг. Амьдралын нөхцөл байдлаа бодож тус компанид орсон. Би Үндсэн хуульд зааснаар хүн сурч хөдөлмөрлөх, ажил хөдөлмөр эрхлэх, хувийн аж ахуй нэгж байгуулах эрхтэй. Иймд надаас 50 000 000 төгрөг гаргуулна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5., 202 дугаар зүйлийн 202.2.2.-т заасныг баримтлан хариуцагч Д.Э-ээс 50 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “ТТ” ХХК--ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь хариуцагч Д.Э-т холбогдуулан гаргасан “ТТ” ХХК--ийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1., 65 дугаар зүйлийн 65.1.3.-т заасныг баримтлан хариуцагч “АЛТ” ХХК--д холбогдуулан “ТТ” ХХК--ийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 59 дүгээр зүйлийн 59.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 150 төгрөгөөс 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 70 2000 төгрөгийг буцаан гаргуулж “ТТ” ХХК--д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд, анхан шатны шүүх хариуцагч Д.Э-ээс 50 000 000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт "Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилсан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ” гэж, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна" Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж, 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт “ ..иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараах нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна”, 202.2.2-т "үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тотоосон...” гэснийг удирдлага болгосон. “ТТ” ХХК- нь Д.Э-ийг 2013 оны 11 дүгээр сард ажилд авахдаа түүнийг мэргэжлийн дадлага туршлагатай болгож, цаашид тус компанид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, олон жил ажиллуулах үүднээс ажилд авсан байдаг бөгөөд компаниас багагүй хөрөнгө зарж, сургаж, бэлтгэж, мэргэжлийн дадлага туршлагатай ажилтан болгож авсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Ийм учраас тус компани нь анх удаагаа Д.Э-тэй 2014 оны 6 дугаар сард "Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээ”-г байгуулсан. Өөрөөр хэлбэл, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн баталгаа болгож уг гэрээг байгуулсан байдаг. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг зааж өгсөн бөгөөд уг аргын нэгд анз байдаг. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт "Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан анзыг торгууль гэнэ” гэж заасан. “ТТ” ХХК- нь Д.Э-тэй гэрээ байгуулахдаа хуулиар зөвшөөрсөн үүргийн гүйцэтгэлийг хангах хэлбэр болох торгууль хэлбэртэй төлбөрийг төлөх талаар гэрээндээ тусгасан гэж үзэж байна. Нөгөө талаар тус компани нь Д.Э-тэй 2014 оны 6 дугаар сард "Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээ"-г байгуулахдаа гэрээний нөхцлүүдийг нэг бүрчлэн харилцан тохиролцож, компани анх удаагаа ийм төрлийн гэрээ байгуулсан байдаг. Хэрэв Д.Энхнимэг нь гэрээний нөхцөлийг зөвшөөрөөгүй бол гэрээнд гарын үсэг зурахгүй байх, түүнчлэн гэрээний зүйл, заалтыг өөрчлөх, гэрээнд нэмэлт оруулах, гэрээг хүчингүй болгуулахаар хандах зэрэг хангалттай хугацаа байхад энэ талаар компани болон эрх бүхий байгууллагад нэг ч удаа хандаж байгаагүй болох нь нотлогддог. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг. “ТТ" ХХК нь Д.Э-тэй байгуулсан "Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээ”-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардаж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон 10 жил байхаар тохирч уг хугацааг тогтоосон. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Д.Э-тэй байгуулсан “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээ”-ний нөхцлүүдийг стандарт нөхцөл гэж үзэхгүй, уг гэрээгээр тохиролцсон хугацааг хэт урт, тодорхой бус гэж үзэхгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “....Үүнээс үзэхэд талуудын хоорондох "Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээ”-ний 5.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, дуусгавар болсоны дараа 10 жилийн хугацаанд гэрээний 3 2 1-3.2.3 заалтуудад заасан үйл ажиллагааг явуулахгүй, эрхлэхгүй байх үүргийг хариуцагч Д.Э- хүлээсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй...” гэж. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах...' гэж тус тус заасантай нийцээгүй зөрчсөн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд дан ганц Д.Э- үүрэг хүлээхээр эаасан, хариуцагч нь өөрийн эзэмшсэн аялал жуулчлалын менежмент мэргэжлийн дагуу ажил үүрэг гүйцэтгэх, хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэхийг урт хугацаанд хязгаарлаж, түүнд хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлийг тохиролцсон нь хүчин төгөлдөр бус болжээ” гэсэн Д.Э- нь "ТТ" ХХК-д өөрийн сонгосон мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллаж, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулан, боломжийн цалин хөлс авч ажиллах боломж нөхцөл нь бүрэн байсан хэдий ч тэрээр компанийн өмнө хүлээсэн үүргээ үл биелүүлэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөд 2 хоноогүй  байх (нэг, хоёр, гурван жил болоод компани байгуулсан бол бас өөрөөр ойлгохсон)-даа тус компанитай адил төстэй үйл ажиллагаа явуулах компанийг байгуулж ажиллуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсоор байхад шүүх үүн дээр үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргалаа. Д.Э- нь анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ". би 1-3 жил ажиллана гэдэг хүснэгтийг дугуйлсан. Энэ талаар надаас асуухад нь тухайн үед би цаашдаа найзуудтайгаа нийлээд аялал жуучлалын бааз нээх төлөвлөгөтэй байгаа гэдэг хүсэл сонирхлоо илэрхийлж байсан" зэргээс үзэхэд тэрээр мэргэжлээрээ өөрийн хүсэл сонирхлын дагуу аялал жуулчлалын бааз байгуулж ажиллуулах, төрөөс аялал жуучлалыг хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч байгаа энэ үед тэрээр мэргэжлийн ур чадвараа сорин энэ талын бодпого боловсруулах чиглэлээр ч ажиллах боломж нөхцөл дүүрэн байхад шүүхийн дүгнэсэнчлэн "мэргэжлийн дагуу ажил үүрэг гүйцэтгэх, хөдөлмөрлөх эрхийг хэрэгжүүлэхийг урт хугацаанд хязгаарлаж, түүнд хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлийг тохиролцсон нь хүчин төтөлдөр бус болжээ" гэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх тус компанийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг "Айланд трэвел' ХХК-д даалгах шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ "Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т."бараа бүтээгдэхүүн гэж... бүх төрлийн ажил, үйлчилгээ.. зэргийг", 4 1.3-т "аж ахуй эрхлэгч гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хувь хүнийг", 4.1.4-т "өрсөлдөгч гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг..." гэж тус тус тодорхойлсон байх бөгөөд үүнээс үзэхэд нэхэмжлэгч "ТТ" XXК, хариуцагч “АЛТ"' ХХК-ийн хэн аль нь аялал жуулчлалын үйл ажиллагааг үндсэн үйл ажиллагааны чиглэлээр тодорхойлсон өрсөлдөгч аж ахуй эрхлэгч гэж үзнэ. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт аж ахуй эрхлэгчээс өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа явуулахыг хориглосон бөгөөд 12.1.3-т “өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах", 12.1.5-д "патент эзэмшигч, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр .. үйлдвэрлэл, худалдааны мэдээлэл, нууцыг худалдах, нийтлэх, бусдад тараах", 12.1.10-д "хууль ёсны ашиг сонирхолд харшлах, арга хэрэглэх' гэж, мөн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт аж ахуй эрхлэгчээс өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулахыг хориглосон бөгөөд 11.2.3-т "өрсөлдөөнд чухал ач холбогдол бүхий хэлцэл, тохиролцооноос хамсан татгалзах" гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хариуцагч “АЛТ" ХХК-аас аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулахдаа хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн эсэхийг, түүнлэн мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан аж ахуй эрхлэгчээс хориглосон хэм хэмжээг зөрчсөн эсэх талаар шалгуулж тогтоолгон, Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26 1, 26.2 дахь хэсэгт заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах, тус газрын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах зохицуулалттай байна" гэсэн. “ТТ" ХХК нь анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч “АЛТ" ХХК-ийг адил төстэй буюу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байна гэж маргалдаагүй, харин тус компанитай гэрээ байгуулсан гадаад харилцагч нартай холбогдох, мөн гадаад аяллын хөтөлбөр, маршрут чиглэлийн дагуу гадаад аялал зохион байгуулж байна гэж маргалдсан. Өөрөөр хэлбэл, Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа явуулсан, өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулсан, патент эзэмшигч зохиогчийн зөвшөөрөлгүйгээр . . үйлдвэрлэл, худалдааны мэдээлэл, нууцыг худалдах, нийтлэх, бусдад тараах зэрэг үйл ажиллагаа явууллаа гэж маргалдаагүй байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэнгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хэргийг хянан хэлэлцэж шийдвэр гаргахад чухал ач холбогдолтой нотлох баримтууд болох Тайланд улсын "Си Ви Ди Экспресс партнершип" компанийн тодорхойлолт, гэрэл зураг, тус компанитай 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ ОХУ-ын "ТТ компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээ, "АЛТ' ХХК болон "ТТ' ХХК-ийн Тайландын Бангкок-Патаяа чиглэлийн хөтөлбөр, гэрчийн мэдүүлгүүдийг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэлгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргалаа. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

 

            Нэхэмжлэгч “ТТ” ХХК- нь хариуцагч “АЛТ” ХХК- болон Д.Э- нарт холбогдуулан тус компанийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг хариуцагч нарт даалгах, хариуцагч Д.Э-ээс Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээний 4.1-д зааснаар 50 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Э-т холбогдох гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсан байна./1хх 1-4, 220 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч “АЛТ” ХХК--ийг үүсгэн байгуулагч Б.Мөнхмандах, Д.Э- нар нь манай компанид хөдөлмөрийн гэрээний дагуу аяллын хөтчөөр ажиллаж байхдаа байгууллагын бүхий л үйл ажиллагааны мэдээлэл, аяллын дүрэм, журам, хөтөлбөр, удирдамж, зөвлөмж, аялал жуулчлалын гэрээ, бусад маягт, баримт бичгүүд, байгууллагын нууцад хамаарах мэдээллийг ашиглан ижил төрлийн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийг байгуулан өрсөлдөн ажиллаж хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь нотлогдсон, хариуцагч Д.Э- нь хөдөлмөрийн гэрээний 8.3-т заасан хөдөлмөрийн харилцаа дууссанаас хойш 3 жилийн дотор ажилтан аливаа шалтгаанаар ажиллах хугацаандаа эзэмшсэн мэдлэг, олж авсан мэдээ, мэдээлэл, мэдээллийн бааз, материал зэргийг нууцлах чандлан хадгалах үүргийг хүлээж, Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээний 4.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноос хойш 10 жилийн хугацаанд “ТТ” ХХК--тай өрсөлдөхгүй байх, уг гэрээний 3.2.1-3.2.3-т заасан өрсөлдөхгүй, үйл ажиллагаа явуулахгүй байх үүргийг ноцтой зөрчсөн учраас 50 000 000 төгрөг гаргуулна” гэж тайлбарлажээ.

 

            Хариуцагч “АЛТ” ХХК--ийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “манай компанийн явуулж байгаа аяллын үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлсөн зүйлгүй, аяллын чиглэл, судалгаа нь нэхэмжлэгчийн аяллын чиглэлтэй болон түүний харилцагч нартай давхцсан, харилцагч, үйлчлүүлэгч нарыг булаасан зүйл байхгүй учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж, харин хариуцагч Д.Э- нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээнд ажилд орохын тулд гарын үсэг зурсан. Энэ гэрээ нь ажлаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 10 жил мэргэжлээрээ ч ажиллах боломжгүй болгож Монгол Улсын Үндсэн хуульд заасан миний эрх ашгийг хохироосон хүчин төгөлдөр бус гэрээ тул 50 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлажээ.

 

            Хариуцагч Д.Э- нь 2013 оны 11 дүгээр сараас эхлэн нэхэмжлэгч байгууллагад аяллын зөвлөхөөр ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 31-нд өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримт хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ХГ-17/02 тоот хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажилд орохыг хүсэгчийн анкет, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Д.Э-ийн “ТТ” ХХК--д ажилд орохыг хүссэн хүсэлт, Нууц хадгалах тухай гэрээ, Нууцын баталгаа, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17/42 тоот Ажилтанг ажлаас чөлөөлөх тухай “ТТ” ХХК--ийн гүйцэтгэх захирлын тушаал зэргээр тогтоогдож байна./1хх 8-20, 22-23 дугаар тал/

 

            Улмаар нэхэмжлэгч байгууллага, хариуцагч Д.Э- нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 02/07 тоот Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээний 3.1-д “Энэ гэрээг хүчинтэй байх хугацаанд ажилтан Э би ...энэхүү гэрээний ...өрсөлдөхгүй байх нөхцөлүүдийг дагаж мөрдөхийг зөвшөөрөв” гэж, 3.2-т “Өрсөлдөөн гэдэг нь дараахь төрлийн бизнесийг эзэмших буюу бизнес эрхлэх, ажиллах, үйл ажиллагаа явуулахыг хэлнэ. 3.2.1. Ажил олгогчтой ижил төрлийн /аялал, жуулчлалын/ үйл ажиллагаа явуулдаг компанид орж ажиллахыг, 3.2.2. ...Ажилтан өөрөө эсхүл бусадтай хамтарч аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх компани байгуулах, 3.2.3. ...Ажилтан өөрөө эсхүл бусдаар дамжуулан аялал жуулчлалын компанид зөвөлгөө өгөх болон бусад хэлбэрээр хамтран ажиллах” гэж, 3.3-т “...гэрээний 5.1-д заасан хугацаанд 3.2.1-3.2.3-т заалтуудад орсон чиглэлийн дагуу ямар ч үйл ажиллагаа эрхлэхгүй байхыг хүлээн зөвшөөрч байна” гэж, 5.1-д “энэ гэрээ...хөдөлмөрийн гэрээ хүчинтэй байх хугацаанд болон хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон эсхүл цуцлагдсанаас хойш ажилтан Э би 10 жилийн хугацаанд ажил олгогч /ТТ ХХК/-тай өрсөлдөхгүй байна” гэж, 4.1-д “Ажилтан Э би энэхүү гэрээний 3.2.1-3.2.3 заалтуудад орсон өрсөлдөхгүй байх үүргээ зөрчвөл 50 000 000 төгрөгийг ажил олгогч /ТТ ХХК/-д төлөхийг зөвшөөрөв” гэж тус тус заасныг хариуцагч Д.Э- хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулжээ. Мөн гэрээний 1.1-д “Энэхүү гэрээ нь ажил олгогч өөрийн дотоод мэдээллийг бусдад алдахгүй байх, зах зээл дээрх өрсөлдөөнд өөрийн байр суурийг хадгалж үлдэхийн тулд ажилтнуудтай мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх талаар сайн дурийн үндсэн дээр байгуулсан болно” гэж зааснаас үзэхэд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө харилцан тохиролцож, тодорхойлсон гэх үндэслэлтэй. Хэргийн баримтаар хариуцагчийн хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхийг зөрчсөн буюу нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

            Харин шүүхээс Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний стандарт нөхцөлийг нэхэмжлэгчээс хариуцагч Д.Э-т хохиролтойгоор болон үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу хуульд үл нийцэх хугацаагаар тогтоосон гэж мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2, 202.2.2-д заасан үндэслэлээр дээрх гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь хариуцагчаас нэхэмжлэгчийн явуулж байгаа аялал, жуулчлалын үйл ажиллагааны талаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах явцад олж авсан мэдээлэлийг задруулахгүй, өөрийнх нь эсрэг ашиглаж өрсөлдөхгүй байх нөхцөлийн талаар тохиролцсон болон мөн гэрээний 5.1-д “энэ гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчинтэй болох бөгөөд хөдөлмөрийн гэрээ хүчинтэй байх хугацаанд болон хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон эсхүл цуцлагдсанаас хойш ажилтан Э би 10 жилийн хугацаанд ажил олгогч /ТТ ХХК/-тай өрсөлдөхгүй байна” гэж заасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэсэнд нийцжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагчид хэт урт, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон гэх үндэслэлд тооцогдохгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна. Мөн энэхүү гэрээнд заасан байгууллагын нууцтай холбоотой мэдээллийг тодорхой хугацаанд задруулахгүй байх үүргийг ажилтан хүлээхээр тохиролцсон нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс, авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхийг зөрчсөнд тооцогдохгүй. Тодруулбал, зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээгээр хориглоогүй, ажил олгогч байгууллагатай холбоогүй бусад ажил үүргийг гүйцэтгэх, үйл ажиллагаа явуулах хариуцагч Д.Э-ийн эрхийг зөрчөөгүй байна.

 

            Түүнчлэн, хүчин төгөлдөр бус байх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Мэдээлэл задруулахгүй, өрсөлдөхгүй байх тухай гэрээний 4.1-д заасны дагуу 50 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “ТТ” ХХК- Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Э-ээс шаардах эрхтэй.

 

            Хариуцагч Д.Э- нь “АЛТ” ХХК--ийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аялал жуулчлал эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй байгуулж, аялал жуулчлалын үйл ажиллагааг явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн үүсгэн байгуулагч нарын анхны уулзалтын тэмдэглэл гэх баримт, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр олгогдсон 6247938 регистрийн дугаартай, 000154947 тоот “АЛТ” ХХК--ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ОТО-1477/с дугаартай гадаад орон руу жуулчин илгээх тур оператор ангиллын гэрчилгээ, тус компанийн “Бангкок-Патаяа-Ко Самит” чиглэлийн аяллын хөтөлбөр, “Итгэлт хамба-Улан-Үд-Байгал нуур”-ын аялал чиглэлийн аяллын хөтөлбөр, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Тайланд улсын Triplink PC Limited Partnership компани болон “АЛТ” ХХК--ийн хооронд байгуулсан Үйлчилгээ үзүүлэх гэрээ, орчуулгын хамт, Тайланд-02, Натранг-02 гэсэн хариуцагч байгууллагын бусадтай байгуулдаг аялал жуулчлалын гэрээний загварууд, зохигчдын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна./1хх 30, 101-113, 115, 187-192 дугаар тал/ 

 

            Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-д бараа бүтээгдэхүүн гэж...бүх төрлийн ажил, үйлчилгээ...зэргийг, 4.1.3.-т аж ахуй эрхлэгч гэж Монгол улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг, 4.1.4.-т өрсөлдөгч гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт, хийж байгаа аж ахуй эрхлэгчийг... гэж тус тус тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд зохигч компаниуд нь аялал жуулчлалын үйл ажиллагааг үндсэн үйл ажиллагааны чиглэлээр тодорхойлсон өрсөлдөгч аж ахуй эрхлэгч болох талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

 Харин Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “аж ахуй эрхлэгчээс өрсөлдөөнийг хязгаарласан үйл ажиллагаа явуулахыг” хориглосон бөгөөд 12.1.3.-д өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулах, 12.1.5.-д патент эзэмшигч, зохиогчийн зөвшөөрөлгүйгээр...үйлдвэрлэл, худалдааны мэдээлэл, нууцыг худалдах, нийтлэх, бусдад тараах, 12.1.10.-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах...арга хэрэглэх гэж, мөн 11 дүгээр зүйлийн 11.1.-д аж ахуй хэрэглэгчээс өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулахыг хориглосон бөгөөд 11.2.3.-т өрсөлдөөнд чухал ач холбогдол бүхий хэлцэл, тохиролцооноос хамсан татгалзах гэж тус тус заасан боловч мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1., 26.2 дахь хэсэгт заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах, тус газрын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах зохицуулалттай байна. Иймд анхан шатны шүүхээс хариуцагч “АЛТ” ХХК--д холбогдуулан нэхэмжлэгч “ТТ” ХХК--ийн гаргасан гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс эцэслэн шийдвэрлэх боломжгүй талаар дүгнэж, түүнд холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

            Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Д.Э-т холбогдуулан тус компанийн гадаад харилцагчидтай холбогдох, гадаад аяллын маршрут, чиглэлийн дагуу аялал зохион байгуулахгүй байхыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг шүүх Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан журмын дагуу баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Э-т холбогдуулан гаргасан зарим шаардлагаасаа татгалзсантай холбогдуулан шүүх улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулахаар шийдвэрлэхдээ 70 2000 төгрөг гэж буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/00582 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э-ээс 50 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ТТ” ХХК--д олгож” гэж,

4 дэх заалтын “70 2000 төгрөг” гэснийг “70 200 төгрөг” гэж өөрчилж, “буцаан гаргуулж” гэсний дараа “хариуцагч Д.Э-ээс 407 950 төгрөгийг гаргуулж” гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч “ТТ” ХХК--ийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

                                                 ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

 

                                                                     С.ЭНХТӨР