Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ДШМ/58

 

*******т холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                               Даргалагч, шүүгч                              Г.Давааренчин

                                  Шүүгчид                                         Б.Эрдэнэхишиг

                                                                                         Д.Буянжаргал

                               

                                Оролцогчид

                                    Прокурор                                     Т.Нансалмаа                                                   

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч              М.Гансүх                  

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/274 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт  *******ийн Баярт холбогдох эрүүгийн 18310034100126 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 11981 оны 01 дүгээр сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн фермер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 6 дугаар баг, 3 дугаар хэсэг 44 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх ******* овогт *******ийн Баяр /РД: МЮ81011596/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг “Энт финанс” ХХК-ний салбарын захиралтай 2017 оны 10-р сарын 16-ны өдөр фидуциар хангагдсан зээлийн гэрээ байгуулж тоёота эстима маркийн 30-20 СЭҮ улсын дугаартай автомашины өмчлөлийг “Энт финанс” ХХК-д шилжүүлж өөрөө унаж байх нөхцөлтэйгөөр барьцаалж 3.000.000 төгрөгийг 2018 оны 03-р сарын 12-ны өдөр мөн фидуциар хангагдсан зээлийн гэрээ байгуулж тоёота альфард маркийн 55-52 СЭА улсын дугаартай автомашины өмчлөлийг “Энт финанс” ХХК-д шилжүүлж өөрөө унаж байх нөхцөлтэйгөөр барьцаалж 4.000.000 төгрөгийг зээлж улмаар тоёота альфард маркийн 52-55 СЭА улсын дугаартай автомашиныг “Энт финанс” ХХК-ний өмчлөлийнх болохыг мэдсээр байж 2018 оны 08-р сард бусдад 2.000.000 төгрөгөөр зарж завшсан. Тоёота истима маркийн 30-20 СЭҮ улсын дугаартай автомашиныг “Энт финанс” ХХК-ний өмчлөлийн болохыг мэдсээр байж иргэн Д.Шүр-Эрдэнэд 2017 оны 12-р сарын 16-ны өдөр 1.200.000 төгрөгөөр зарж залилсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх *******т  холбогдох хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 274 дугаартай шүүгчийн захирамжаар:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн Баярт холбогдох 18310034100126 тоот эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай,

2. Яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй,

3. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдсугай..Bottom of Form

..” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд хувийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцэлдээ: ... Прокурорын зүгээс шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч” гэнэ, гэж заасны дагуу “Энт финанс” ХХК нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол хүлээлсэн үндэслэлээр 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор тогтоож, компаний захирал М.Нурбек гарын үсэг зурсан. “Энт финанс” ХХК буюу хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй М.Нурбек нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хохирогчийн эрхээ салбарын захирал Б.Энхжаргалд шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдэлж оролцох итгэмжлэлийг олгосон болох нь түүний 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр нотлогддог. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчоор тогтоосон тохиолдолд заавал мэдүүлэг, тайлбар авна гэж хуульчлаагүй байна.

2. ******* нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Энт финанс” ХХК-ний салбарын захиралтай 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр фидуцийн зээлийн гэрээ байгуулж “Тоёота истима" маркийн 30-20 СЭҮ улсын дугаартай автомашины өмчлөлийг “Энт финанс” ХХК-д шилжүүлж өөрөө унаж байх нөхцөлтэйгээр барьцаалж 3.000.000 төфөгийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мөн фидуцийн зээлийн гэрээ байгуулж Тоёота альфард маркийн 55-52 СЭА улсын дугаартай автомашины өмчлөлийг “Энт финанс” ХХК-д шилжүүлж өөрөө унаж байх нөхцөлтэйгээр барьцаалж 4.000.000 төгрөгийг зээлж улмаар уг тээврийн хэрэгслүүдийг бусдад зарж завшсан бөгөөд Энт финанс” ХХК-ны зүгээс “Тоёота Истима” маркийн 30-20 СЭҮ улсын дугаартай автомашины төлбөрийг нэхэмжлэхгүй, харин “Тоёота альфард” маркийн 55-52 СЭА улсын дугаартай автомашины төлбөрийг нэхэмжлэх талаар иргэний нэхэмжлэгч Б.Энхжаргалын “******* гэгч хүн “Энт Финанс” ХХК-д Тоёота Альфард маркийн 50-52 СЭА улсын дугаартай автомашиныг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрээ хийж автомашинаа 4.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж тэрнээс хойш өдийг хүртэл нэг ч төгрөг төлж барагдуулаагүй. Манай байгууллагад ******* нь 4.000.000 төгрөгний өртэй. Энэ мөнгийг төлөх талаар *******тай холбогдож ярилцаж шаардаж байсан боловч сүүлдээ ******* гэгч хүн утас нь холбогдохгүй, утасны дугаар солигдсон, гэрийн хаягаар очих үед хаяг дээрээ байхгүй алга болсон. ...Тоёота Истимо маркийн 30-20 СЭҮ улсын дугаартай автомашиныг ******* мөн зээлийн барьцаанд тавьсан байсан бөгөөд энэ машиныг компанид мэдэгдэлгүй хүнд худалдан борлуулсан байсан. Бид нар энэ талаар мэдээлэл авч тухайн автомашиныг худалдан авсан гэх иргэн Д.Шүр- Эрдэнэ гэгч хүнтэй уулзаж ярилцах үед Д.Шүр-Эрдэнэ гэгч хүн нь автомашиныг зээлийн барьцаанд байсан талаар мэдээгүй, автомашин зарсан ******* гэгч хүн барьцаанд тавьсан талаар хэлээгүй гэсэн зүйл ярьсан байсан бөгөөд Д.Шүр- Эрдэнэ гэгч хүнтэй бид нар уулзаж учир байдлыг тайлбарлан хэлж өгсөн. ...манай байгууллагын зүгээс 50-52 СЭА улсын дугаартай Тоёота Альфард маркийн автомашины зээлийн төлбөр болох 4.000.000 төгрөгийг барагдуулж өгнө үү гэж хүсэх гэсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-н 248-249-р хуудас/, яллагдагч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар аль аль нь маргаагүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд шүүхээс иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдпыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх эрх хэмжээг хуульчилсан байна.

3. Прокуророос яллагдагч *******ыг “Энт финанс” ХХК-ний эзэмшпийн “Тоёота Истима” маркийн 30-20 СЭҮ улсын дугаартай автомашиныг иргэн Д.Шүр- Эрдэнэд зарахдаа “миний өөрийн машин” гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 1.200.000 төгрөгөөр зарж залилсан” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Энэхүү үйл факт нь хавтаст хэрэгт авагдсан Хохирогч Д.Шүр-Эрдэнийн “...Баяр надад хэлэхдээ миний машины мотор нь цохиод эвдэрсэн та хямдхан үнээр худалдаж авах уу гэж анх санал тавьсан. Би энэ талаар бодож байгаад авахаар болсон бөгөөд ******* зарах гэж байсан машинаа өөрөө машинаар чирээд авчирсан. Зарах гэж байсан машин нь угаасаа мотор нь цохисон задалж сэлбэгэнд ашиглахаас өөр аргагүй машин ирсэн. Уг машиныг онхолдоогүй байсан болохоор араамыг нь ашиглахаар шийдсэн юм. ******* гэгч хүн энэ машиныг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд байдаг талаар хэлээгүй, хэрвээ барьцаанд тавьсан талаар нь хэлсэн бол би авахгүй, гэрчилгээ байхгүй байсан. Хүн өөрөө машинаа зарах гэж байна, ямар ч асуудалгүй хямдхан зарах гэж байна, мөнгөний хэрэгцээ гараад гэж хэлсэн. Би энэ ярьсан хэлсэнд нь итгээд худалдан авсан. Би тухайн үед машин босгох гэж байсан болохоор *******ын авчирсан машины рамыг нь ашиглая гэж бодож худалдан авсан. ******* гэгч хүнээс машин худалдан авч янзалж байх үед барьцаалан зээлдүүлэх газраас хүмүүс ирж уулзаж ярилцах үед ******* гэгч хүн надад ямар учиртай машин зарсан талаар нь мэдсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-н 222-223, 250-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Б.Энхжаргалын ...Тоёота Истима маркийн 30-20 СЭҮ улсын дугаартай автомашиныг ******* мөн зээлийн барьцаанд тавьсан байсан бөгөөд энэ машиныг компанид мэдэгдэлгүй хүнд худалдан борлуулсан байсан. Бид нар энэ талаар мэдээлэл авч тухайн автомашиныг худалдан авсан гэх иргэн Д.Шүр-Эрдэнэ гэгч хүнтэй уулзаж ярилцах үед Д.Шүр-Эрдэнэ гэгч хүн нь автомашиныг зээлийн барьцаанд байсан талаар мэдээгүй, автомашин зарсан ******* гэгч хүн барьцаанд тавьсан талаар хэлээгүй гэсэн зүйл ярьсан байсан бөгөөд Д.Шүр-Эрдэнэ гэгч хүнтэй бид нар уулзаж учир байдлыг тайлбарлан хэлж өгсөн” гэсэн мэдүүлэг хх-н 248-249-р хуудас/ хангалттай нотлогдож байна гэж үзэж байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилж болно” гэж заасныг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр хэргийг мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой болохыг дурьдаж байна.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 274 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж маргаан гаргасан үндэслэл нь Улсын дээд шүүхээс гаргасан тогтоолыг прокурорын байгууллага хэрэгжүүлсэнгүй гэж үзэж байгаа юм. Нөгөөтэйгөөр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг прокурорын зүгээс хэт нэг талыг барьж дордуулж байна. Яагаад гэвэл нэг тодорхой үйлдэл хийснийхээ төлөө 2 зүйл ангид яллагдаж байна. Прокурор анхнаасаа хэргийг *******т холбогдуулж үндэслэлгүйгээр яллагдагчаар татсан гэдэг нөхцөл байдалд улсын дээд шүүхээс дүгнэлт хийсэн байгаа. Прокурорын гаргасан санал дээр нэг зүйлийг хэлье. Прокурорын зүгээс хохирогчийн асуудлын талаар хэлж байгаагаас харвал анхан шатны шүүгчийн захирамж үндэслэл бүхий байсан нь харагдаж байна... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорын газарт буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж  шийдвэрлэсэн байна.

 

Прокурорын эсэргүүцлийн дагуу *******т холбогдох эрүүгийн 18310034100126 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д ...Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ... гэж тодорхойлжээ.

*******т холбогдох хэргийн хохирогч нь “Энт финанс” ХХК байх тул тухайн хуулийн этгээдийн үндсэн чиг үүрэг, эрх зүйн байдал, хөрөнгө оруулагчдын тоо,  хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан хөрөнгийн хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нарийвчлан тогтоох шаардлагатай байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Харин шүүгчийн захирамжид заасан бусад ажиллагаануудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ....Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...,

36.3 дугаар зүйлийн 1-д Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно... гэж заасны дагуу шийдвэрлэх боломжтой байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/274 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/274 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН

                            ШҮҮГЧИД                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                     Д.БУЯНЖАРГАЛ