2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1687

 

   2025         07           02                                          2025/ШЦТ/1687

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,

улсын яллагч Ц.Ганцэцэг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2500 00000 0000 дугаартай хэргийг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа цэцгийн лангуу түрээслэн ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Кинг товер хотхоны 000 дугаар байрны 000 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Гөрөөчин овогт Цын И /РД:**0000000/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх үедээ 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 06 цаг 55 минутын орчимд Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Гандантэгчэнлин хийдийн зүүн талын замд Тоёота Кроун маркийн 00-00 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дахин согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 603 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч *******.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн дүгнэлтийг дүгнэн үзээд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан байсан нь Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-7/, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/107 дугаартай шийтгэврээр /хх17/ тогтоогдсон.

Тэрээр жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дахин согтуугаар тоёота кроун маркийн 06-05 УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт тогтоогдлоо.  

Энэ нь согтуурал шалгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд драгер хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр шалгахад 2.33 хувь гэж шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламжийг тодорхойлсон тэмдэглэл /хх4/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.  

            4. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол гэмт хэрэгт тооцохоор заасан.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд зөрчлөөр хариуцлага хүлээлгэсэн хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд зөрчлийн давтамж, учруулж болзошгүй хор аюул ихтэй тул нийгэмд аюултай, эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл гэж хуульчилжээ. Шүүгдэгч *******гийн хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжээр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...зүйлчлэлийн хувьд болон хийсэн хэргийн үйл баримтаа үнэн зөвөөр мэдүүлдэг. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгчийн зүгээс хувиараа бизнес хийх боломжийг хангаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү” гэжээ.

8. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

9. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, согтуурлын зэрэг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг нь харгалзан үзлээ.

10. Хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж 2.700.000-14.000.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. 

11. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял болох торгох ялыг сонгон оногдуулах боломжтой гэж дүгнэн, түүний согтолтын зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 4.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цын Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах хугацааг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР