| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 321/2025/0107/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/116 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 17.8.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/116
2025 05 14 2025/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг, улсын яллагч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв, шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ы *******т холбогдох эрүүгийн 2539000000075 дугаартай хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* 4 дүгээр эгнээнд албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч буюу цагдаагийн дэд ахлагч С.*******, М.******* нарын албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан “тээврийн хэрэгслээс буух, жолоодох үйлдлээсээ татгалзах” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, хууль сахиулагч С.*******ыг ******* УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр шүргэж, унагаасан,
Тухайн цаг хугацаанд цагдаагийн албаны ******* хэн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгслийн урд, хойд буфер, цагдаагийн алба хаагчийн дохиур 2 ширхэг, С.*******ын эзэмшлийн Самсунг а-51 маркийн гар утасны дэлгэц зэрэг эд хөрөнгийг гэмтээж бага хэмжээнээс дээш буюу нийт 940,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2539000000075 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв: Яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Б.*******ээс: “Өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно. Хохирогчид хохирол төлсөн. Хийсэн хэргээ хүлээж байна” гэх мэдүүлгийг гаргасан болно.
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* 4 дүгээр эгнээнд албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч цагдаагийн дэд ахлагч С.*******, М.******* нарын “тээврийн хэрэгслээс буух, жолоодох үйлдлээсээ татгалзах” талаар тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, хууль сахиулагч С.*******ыг ******* УКУ улсын дугаартай тээврийн хэрэгслээр шүргэж, унагаасан, улмаар цагдаагийн албаны ******* ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгслийн урд, хойд буфер, цагдаагийн алба хаагчийн дохиур 2 ширхэг, С.*******ын эзэмшлийн Самсунг а51 маркийн гар утасны дэлгэц зэрэг эд хөрөнгийг гэмтээж бага хэмжээнээс дээш буюу нийт 940,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч С.*******ын “...2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагаас 2025 оны 02 дугаар сарын 20-ны шөнийн 03 цагийн хооронд ******* сумын 1-ээс 5 дугаар багт эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч М.*******ийн хамт ******* ХЭН улсын дугаартай Sonata 7 маркийн албаны тээврийн хэрэгслээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр томилгоот үүрэг гүйцэтгэсэн. Би үүргээ гүйцэтгэн дэд ахлагч М.*******ийн хамт 02 цаг 20 минут орчимд ******* сум 5 дугаар баг Сангийн аж ахуйн 4 замын гэрлэн дохиотой уулзвар дээр замын хөдөлгөөний аюулгүй байдал хангах чиглэлээр тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж байхад Ертөнцийн зүгээр баруун талаас ******* УКУ улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл ирээд гэрлэн дохиогоор хойшоо эргэх үед нь зохицуулагчийн дохиогоор зогсоож шалгахаар дохих үед зогсолгүй хурдаа нэмээд хойд зүг рүү явсан. Тэгэхэд дэд ахлагч М.******* бид хоёр өөрсдийн албаны тээврийн хэрэгсэлдээ суугаад дуут гэрлэн дохиогоо асааж хөдлөөд араас нь албаны тээврийн хэрэгслийн чанга яригчаар хөдөлгөөнөө зогсоохыг шаардсан боловч хойш явсаар Содон хүнсний дэлгүүрийн ар талаар буюу ******* сум 5 дугаар баг *******ийн 4 дүгээр эгнээ рүү баруун тийш эргэн орсон. Дэд ахлагч М.******* араас нь дагаад тус эгнээ рүү ороход мухар гудамж байж таараад тус машин мухарт нь тулаад зогссон байсан. Бид хоёр ард нь очиж зогсоод би машинаас түрүүлж буугаад энгэрийн камерын цэнэг дууссан байсан учир өөрийн Samsung Galaxy A51 маркийн гар утсаар бичлэг хийгээд байж байсан. Тэр үед тэр машин тухайн эгнээнээс гарахын тул албаны тээврийн хэрэгслийн жолооч талын урд хэсгийг шүргээд багтахгүй байсан. Тэгээд ухраад албаны тээврийн хэрэгслийн чанх урд бамбай руу дахин 1 удаа мөргөөд буцаж ухран жолоочийн эсрэг тал буюу миний бичлэг хийгээд зогсож байсан тал руу орж ирээд намайг мөргөсөн. Мөргөхөд нь би тухайн тээврийн хэрэгслийн урд хэсэг дээр хоёр гараараа зүүгдэж өөрийн гар утсыг газар алдсан. Тухайн үед хурдаа нэмээд байсан болохоор нь би хажуу жолоочийн эсрэг тал руу нь үсрээд унасан. Тэгээд тэр машин эгнээнээс гараад хурдтай хойш эргээд явсан. Би босоод өөрийн гар утсыг аваад харахад миний гар утасны дэлгэц хагарсан байсан, дэд ахлагч М.******* бид хоёр машиндаа суугаад цагдаагийн газрын ерөнхий жижүүр лүү дотоод богино холбоогоор мэдэгдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
-Хохирогч М.*******ийн “...Мухарт нь тулаад зогссон байхаар нь би араас нь тулж зогсоод бууж тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн цонхон дээр очиж тогшиход шууд хөдлөөд албаны тээврийн хэрэгслийн зүүн бамбай хэсгийг мөргөн ухраад... дэд ахлагч С.*******ыг зөөлөн мөргөсөн. Тэр үед С.******* машины урд хэсэгт зүүгдэн хэсэг яваад хажуу тийшээ үсэрч буусан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
-Иргэний нэхэмжлэгч Ц.*******ийн “...урд талын буфер хэсгийг шинээр худалдан авч өгсөн... гэрэлт дохиур 2 ширхгийг худалдан авч өгсөн. ...Хойд талын буфер үлдээд байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
-Гэрч М.гийн “...Бид хоёр харих гээд урагшаа хөдлөөд явж Сангийн аж ахуйн гэрлэн дохио өнгөрөөд хойш эргэхэд ард цагдаагийн машин явж байсан. Тэгээд Б.******* цагдаа байна гээд Содон дэлгүүрийн хойд талаар нь эргээд нэг эгнээ рүү ороход мухар эгнээ байсан. Тэгээд Б.******* мухарт нь тулж зогсоод байж байтал хоёр цагдаа ирээд хаалга татаж, цонх тогшоод байсан. Тэгтэл гэнэт Б.******* эргээд хөдөлсөн. Тэгэхэд миний талд байсан буюу жолоочийн эсрэг талд зогсож байсан цагдааг шүргээд эргэсэн. Бид хоёрыг эргэж байхад цагдаагийн машин хойно байсан. Би бас согтсон байсан болохоор шүргэсэн эсэхийг сайн мэдэхгүй байна, их л ойрхон байх шиг байсан. Тэгээд би зогс, буугаад цагдаатай уулзаж шалгуул гэхэд Б.******* би эрхээ хасуулахгүй гээд шууд аймгаас Улаанбаатар чиглэлд гараад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-37 дахь тал),
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 38-40, 41-43 дахь тал),
-******* ХЭН улсын дугаартай Hyundai Sonata маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 44-47 дахь тал),
-Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ШД-107 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт (хавтаст хэргийн 72-74 дэх тал),
-Шүүгдэгч Б.*******ийн яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргийн талаар:
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хохирол, хор уршиг учирснаас үл хамааран гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг нь нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж буй төрийн албан хаагчийн шаардлагыг үл ойшоон, түүний эсрэг бие махбодын, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэх, тавьсан шаардлагыг нь үл биелүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж хуульчилсан.
Гэмт хэрэг гарах цаг хугацаанд хохирогч С.*******, М.******* нар Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа ажилтай албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан түүний ажлын газрын үнэмлэх, алба хаагчдын ажлын хуваарь зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч С.*******, М.******* нарыг төрийн тусгай алба хаагч /цагдаа/ гэж үзэх бөгөөд шүүгдэгч нь хууль сахиулагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Өөрөөр хэлбэл, хохирогч С.*******, М.******* нар нь цагдаагийн байгууллагын алба хаагчийн хувьд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэх явцад нь шүүгдэгч Б.******* хүч хэрэглэн эсэргүүцсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн талаар:
Эд хөрөнгө устгасан гэдэгт эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй дахин сэргээн засварлахааргүй болгосныг, эд хөрөнгө гэмтээсэн гэдэгт эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.
Шүүгдэгчийн хувьд хохирогчийн машиныг, гар утсыг тус тус гэмтээсэн буюу дахин сэргээн засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байсан гэж үзэж прокуророос хэргийг зүйлчлэн ирүүлсэн нь зөв, тохирсон байна гэж дүгнэлээ.
Эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байх бөгөөд хууль бусаар устгасан, гэмтээсэн идэвхтэй үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой.
“Бодит Үнэлгээ” ХХК-иас хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг 1.120.000 төгрөгөөр үнэлсэн (хавтаст хэргийн 72 дахь тал) нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна гэж үзэхээр байна.
Иймд шүүхээс Б.*******т бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Прокуророос шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тооцно” гэх заалтыг журамлан 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ын эзэмшлийн Самсунг А51 маркийн гар утас, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын ******* ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд, хойд буфер зэргийг мөргөж, цагдаагийн алба хаагчийн 2 ширхэг дохиурыг хагалж, хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч С.*******, цагдаагийн газарт 940,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.
Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан оногдуулах ялуудыг нэмж нэгтгэн 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Хэнтий аймгийн ******* сумын нутаг дэвсгэр, төвөөс гарч явахыг хязгаарлаж шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг гаргасан бол,
Шүүгдэгч Б.*******ээс: “Надад ямар нэг санал байхгүй” гэжээ.
Шүүгдэгч Б.*******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх боломжгүй. Учир нь түүний үйлдсэн гэмт хэрэг нь санаатайгаар үйлдэгддэг буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан заавал нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял эдлүүлэхгүйгээр өөр төрлийн ял оногдуулах боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад байж Хэнтий аймгийн ******* сумын төв хэсгээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавих үүргийг харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Лэгдэн Хаан ургийн овогт ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэм хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 (арван нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдний оршин суугаа нутаг дэвсгэр болох Хэнтий аймгийн ******* сумын төв хэсгээс гарахыг хориглон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчин явах үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргах хохирол төлбөргүй, шүүгдэгч хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН