Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/126

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,   

Улсын яллагч А.Амгалан,    

Шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,      

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                    

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ц-ийн С-д холбогдох 2428000000205 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт:    

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ц.С нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр багийн нутагт хохирогч Ц.Су-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, биед нь тархи доргилт, бэлэг эрхтэнд шарх, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, баруун гуя, шилбэ, зүүн гуя, хэвлий, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.С-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.    

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Су мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө гэртээ унтаж байтал шөнийн 02 цагийн үед нэг танихгүй дугаараас нэг эрэгтэй хүн залгаад ярьсан. Тухайн хүн утсаар яриад Ө гэх эмэгтэй тасарчихсан байна, энэ дугаарыг өөрөө өгөөд хүргээд өгөөч гэсэн юм хаягаа хэлээч гэж хэлсэн. Би хаягаа зааж өгсөн. Тэгээд гадаа чинь ирчихсэн байна гараад ир гэхээр нь би гараад очтол гурван эрэгтэй хүн намайг машиндаа суулгаад явсан. Тухайн үед тэр гурав ... гэсэн улсын дугаартай хар хөх өнгийн Приүс-30 загварын тээврийн хэрэгсэлтэй байсан. Намайг машинд суухад нэг залуу нүүр рүү цохиод нэг нь машинаа унаад нөгөө хоёр нь машиныхаа ард намайг зодоод эхэлсэн. Тэгээд хэсэг явж байгаад зогсоход аймгийн төвөөс гараад тал дээр ирж зогсоод намайг машинаас буулгаад дахиж үргэлжлүүлэн зодож эхэлсэн. Тэгээд намайг янз бүрээр хэлж айлгаж дарамталсан. Тухайн гурван залуу бүгд нийлээд миний өмдийг тайлаад миний эмзэг эрхтэнг цохиод тамхины цогоор түлсэн. Хэсэг хугацаанд намайг зодож байгаад миний дууг хураагаад энэ бүгд миний буруу шүүх, цагдаагаар явахгүй хэн нэгэнд хэлэхгүй гэж хүчээр хийлгэсэн. Тэгээд 2-3 цаг намайг цохиж зодож байгаад Ө гэх эмэгтэйг очиж аваад намайг гэрийн гадаа буулгасан. Би гэртээ ороход 06 цаг болж байх шиг байсан... Анх эхлээд машинд суулгах үед С болон Б хоёр машины ард талын суудал дээр надтай хамт суугаад Б гэх залуу нь намайг боож аваад С миний нүүр болон хэвлий гэдэс хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Нэг залуу машин бариад явж байсан. Тэгээд тал дээр гаргаж байгаад машин барьж явсан залуу болон Б хоёр миний хоёр талд гараад миний хөл гарыг барьсан тэгээд С гэх залуу миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиод гэдэс хэвлий хэсэгт мөн цохиод байсан. Тэгээд намайг газарт унагааж байгаад С миний хоолой дээр өвдгөлчихөөд миний эмзэг эрхтэн рүү цохиод миний өмдийг шувталчихаад миний бэлэг эрхтэнг татаж чангаагаад дээр нь цохиод тэгээд татаж байсан тамхины цогоороо түлчихсэн юм. Тамхины цогоор хэн түлснийг мэдэхгүй байна. Тухайн гэмтлүүдийг С учруулсан. С миний нүүр толгой хэсэгт цохих үед тархи доргилт, баруун зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл үүссэн бэлэг эрхтэнд учирсан шарх гэмтлийг С учруулсан байх С миний хоолой дээр өвдгөлчихөөд миний бэлэг эрхтнийг татаж чангаагаад цохиж байх үед уг гэмтэл үүссэн. Тэр үед С тамхи татаж байсан. Нөгөө хоёр залуу нь мөн намайг бариад байж байсан. (хавтаст хэргийн 14-18 дахь тал)           

Гэрч Э.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 07 дугаар сарын 25-наас 26-ны өдөрт шилжих шөнийн 01 цагийн үед над руу манай найз С утсаар залгаж гэрийн чинь гадаа очиж байна гараад ир гэж хэлсэн. Тэгээд би гарч очоод С-гийн машинд суугаад С-д юу болсон талаар ярилцахад С манай эхнэр болох Өбаяр өөр залуутай мессежлээд байна гэж надад хэлсэн. Тэр залуугийн фейсбүүк хаягийг С надад харуулсан ба С бид хоёр тухайн үед С-гийн гэр рүү очиж С-гийн эхнэр болох Ө-ын гар утсыг авсан. Тэгээд С-гийн эхнэр болох Ө-ын гар утаснаас нөгөө мессежлээд байгаа залуугийнх нь гар утасны дугаарыг авсан. Тухайн утасны дугаар нь ... гэсэн дугаар байсан ба авсан дугаар руугаа залгасан чинь утсаа аваагүй. Би өөрийнхөө ... гэсэн дугаараас тухайн ... гэсэн дугаар руу “сайн байна уу, энд нэг хүүхэн тасраад унтчихлаа энэ дугаар руу яриад хүргээд өг гэсэн юм аа, хаана хүргэж өгөх вэ хаяг” гэсэн мессеж бичсэн ба дараа нь энэ дугаар руу залгахад утсаа авсан. Тэгээд утсаар ярихад надад хаягаа өгсөн ба С бид хоёр Өмнөговь аймаг Даланзадгад сум, 1 дүгээр баг ... хорооллын ... тоот хашааны гадаа очоод тухайн залууг гараад ирэхээр нь би тухайн залууг Сгийн машин руу татаж суулгасан. С бид хоёр тухайн залууг аваад Нисэх гэр хорооллын баруун талын тал дээр очсон. С машинаасаа тухайн залууг чирч гаргаж ирээд нүүр хэсэгт нь 2 удаа цохисон, мөр хэсэгт нь 2 удаа цохисон, хөлөөс нь татаад газар чирсэн, тэгээд хэсэг зууралдаж байгаад салсан ба тухайн үед бид хэдийн зогсож байгаа газар машин их яваад байхаар нь байсан газраа өөрчлөөд өөр газар зогссон. Өөр газар зогсох үед С тухайн залууд гар хүрээгүй ба тухайн залууд пиво өгөөд ярилцаад суусан. Тэгээд байж байгаад С тус өдрийн 04 цагийн үед эхнэр болох Өбаярыг гэрээсээ аваад тухайн залуутай нүүрэлдэж уулзуулчихаад тухайн залууг шууд гэрт нь хүргэж өгөөд дараа нь намайг буулгасан. Ийм л үйл явдал болсон... Тухайн үед Б бид хоёр Су гэх хүний биед халдсан зүйл байхгүй. С Су хоёр тал дээр очоод маргалдаж С Су-ыг зодоод газарт унагаад хоолой хэсэг дээр нь өвдөглөөд эмзэг эрхтнийг нь гаргахаар Б бид хоёр очоод болио арай хэтэрлээ гээд салгасан. Тэр үед Б бид хоёр тэр хоёрын хэнийх нь гар хөлөөс татаж чангааж С-г болиулсан зүйл байгаа. Б бид хоёрын салгасан үйлдлийг хамт нийлж биед нь халдсан гэж ойлгосон байж магадгүй тэрнээс бид хоёр С-тай нийлж биед нь халдсан зүйл огт байхгүй.” (хавтаст хэргийн 19-20, 27-29, 75 дахь тал) 

Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө хамаатны ах С над руу залгаад намайг хаана байгаа талаар асуухаар нь би байгаа газраа хэлсэн. Тэгээд С, Ба-гийн хамт удалгүй ирж надтай уулзсан. С машин бариад явчих гэж хэлсэн. Би машиныг нь унаад хаачих талаар асуухад ... гэр хороолол орчих гэж хэлсэн. Би явж байтал С нэг хүнтэй утсаар яриад мессежлэж яваад байсан. Тэгээд явж байтал ... гэр хороолол дотор байх засмал замын хажууд зогсож байх нэг залуугийн хажууд очоод зогсчих гэж хэлсэн. Би тухайн залуугийн хажууд очоод зогстол Ба тухайн залууг машинд татаж суулгасан. Тэгсэн С хойшоо тал гарчих гэхээр нь би Гурвансайхан гэр хорооллоос хойшоо тал газарт гараад зогссон. С нөгөө залууг машинаас буулгаад тэр залуутай гадаа ноцолдоод С нөгөө залууг хэд хэдэн удаа цохиж авч байгаа харагдсан. Тэр үед Ба бид хоёр машины нөгөө талд нь тамхи татаад зогсож байсан. С нөгөө залуутай маргалдаж байгаад машинд суучих машин яваад байна арай хол очъё гээд бид хэд машиндаа суугаад тухайн байсан газраас хойшоо 1 километр орчим яваад зогссон. Тэгээд С нөгөө танихгүй залуутай машинаас буугаад машины хойно 2-3 орчим метр зайтай пиво уугаад юм яриад суугаад байсан. Би Ба-гийн хамт машин дотор суугаад юм ярьсан. Хэсэг хугацааны дараа С нөгөө залуутай машинд ирж суугаад эвлэрсэн учраа олсон гэж яриад аймаг оръё гэж хэлсэн. Тэгээд машиныг нь унаад аймаг ортол С гэрийнхээ гадаа очихоор болсон. Би гэрийнх нь гадаа очсон чинь намайг гэрт ороод байж бай эгээгээ дуудчих гэхээр нь би С-гийн гэрт ороод эгч Ө-г дуудаж байна гэж хэлчихээд гэрт нь хүүхдийг нь хараад унтаад өгсөн... Уг хэрэг болох үед Ба бид хоёр машины хажууд зогсож байсан бөгөөд С нөгөө залуутайгаа маргалдаад хэд хэдэн удаа цохиод авч байгаа харагдаж байсан. Бид хоёр хараад зогсож байтал С тамхи татаж зогсож байснаа гэнэт нөгөө залууг барьж аваад газарт унагаад дээр нь дарж суугаад бэлэг эрхтнийг нь гаргахаар нь Ба бид хоёр одоо салгая гэж яриад тэр хоёрыг очиж салгасан. Салгах үед бид хоёр тэр хоёрын гар хөлөөс нь татаж чангааж байж салгасан юм. Бид хоёрын тэр салгаад байгаа үйлдлийг хамтарч биед халдаж байна гэж яриад байх шиг байна. Миний хувьд нийлж цохиж зодсон зүйл байхгүй салгах үедээ бол Суын гар хөлөөс татаж чангааж барьсан зүйл бол байгаа.” (хавтаст хэргийн 22-23, 30-31 дэх тал)             

Гэрч А.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би Су гэх хүнтэй 2022 оноос хойш хамт ажиллах болсон. Су Даланзадгад сумын Засаг даргын тамгын газарт ажилладаг байсан. Би 6 дугаар багийн нийгмийн ажилтнаар ажилладаг байсан бөгөөд ажлын шугамаар нэг нэгнийгээ таньдаг болсон. 2024 оны 05 дугаар сараас эхлэн Су над руу байнга залгаад уулзъя энэ тэр гээд байдаг байсан. Нэг удаа ажлын хамт олноороо ярьж пиво ууж сууцгаасан. Тэгээд харих болоход Су намайг хүргээд өгөөч гээд байхаар нь би гэрт нь хүргэж өгсөн. Тухайн үед би гэрт нь хүргэж өгөөд гэрийнх нь гадаа очсон чинь Су машинаас буухгүй намайг үнсээд миний биед зөвшөөрөлгүй хүрээд байсан. Тэр үед би болохгүй гэж хэлээд машинаас буулгасан. Тэрний дараа заалнаас гараад бас нэг удаа хүргэж өгөөд гэрийнх нь гадаа машин дотор уулзсан. Тэр үед Су бид хоёр бэлгийн харилцаанд орсон. Тэрнээс хойш Су бид хоёр мессежээр харилцдаг байсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сард намайг унтсаны дараа С миний утсанд дуудлага ирэх үед үзээд тэгээд Сутай уулзсан байсан. Тэр хоёр уулзаад юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн хэрэг явдал болдог шөнө С гэрийн гадаа ирсэн. Тэгээд С намайг дуудсан би гараад очиход Б гэрт ороод үлдсэн машин дотор Ба, С, Су гурав байсан. Су-ын нүднийх нь хажууд бага зэрэг улайсан байсан бусдаар зүгээр байсан.” (хавтаст хэргийн 71-73 дахь тал)  

Хохирогч Ц.Су, гэрч Ж.Б нарыг нүүрэлдэж өгсөн мэдүүлэгтээ: “хохирогч Ц.Су Би Ж.Б гэх залууг Ба гэх залуутай андуурсан байна. Б бол намайг боож авсан зүйл байхгүй машин бариад явж байсан залуу байна. Тухайн хүмүүсийг сайн танихгүй учраас нэрийг нь андуурч мэдүүлсэн байна. Гэрч Ж.Б Би Су-ын биед нь халдаж цохиж зодсон зүйл байгаагүй. Би С-г боль гэж хэлээд арагш нь татсан тэрнээс Су-ын биед бол хүрээгүй. Хохирогч Ц.Су Б нь яг миний биед халдаж цохиж зодоогүй. С намайг газарт дараад миний эрхтэнг гаргах үед бол Б хажууд нь хамт байж байгаад миний хөлнөөс барьсан байх шиг байсан. С миний дээр дараад суусан байсан болохоор яг сайн харагдаагүй ямарч байсан тэр үед Б уг газарт байсан. Гэрч Ж.Б Би машины зүүн талаас тамхи асаагаад ирж байсан. Тэр үед С тамхи авад ир гэсэн болохоор нь би тамхи аваад очиж байсан.” (хавтаст хэргийн 56-57 дахь тал)

Шүүгдэгч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 07 дугаар сарын 25-ны орой гэртээ амрах гээд байж байтал манай эхнэрийн утсанд Су гэх хүнээс дуудлага ирсэн. Би уг хоёр дуудлагыг авалгүй байж байгаад гэрээс гараад найз Ба-тэй уулзсан. Тэгээд энэ талаар ярьж байгаад би Су-тай уулзъя гэж бодоод Ба-гийн утсаар Су-тай мессеж бичиж байгаад уулзахаар болсон. Би Б-аар машинаа бариулаад Су-ыг ... тоот хаягаас очиж авсан. Тэгээд Су-ыг би машинд суухад нь нүүр хэсэгт нь нэг удаа, гэдэс хэсэгт нь нэг удаа цохиод авсан. Тухайн газраас хөдөлж яваад нисэх онгоцны буудлын орчимд очсон. Тэгээд Су-тай машинаас буугаад би маргалдаж зууралдаж байгаад хэвлий хэсэгт нь хоёр удаа цохиод, хөл гуя хэсэгт нь өшиглөсөн. Би Су-тай ярилцаад тамхи татаж зогсож байгаад газарт унагаад өмдийг шувталсан. Тэр үед Су эсэргүүцээд би татаж байсан тамхиа бэлэг эрхтэн дээр нь унагаачихсан. Тэгсэн миний хамт явж байсан Ба, Б хоёр ирээд бид хоёрыг боль гээд намайг татаж босгож бид хоёрыг салгаад одоо зодолдоод байлгүй эв зүйгээ олоод ярилц гэж хэлсэн. Тэгээд Су-тай юм ярилцахад Су манай эхнэртэй нууцаар харилцдаг байсан талаараа хэлээд бид хоёр ярилцаж эвээ олоод Суыг гэрийнх нь гадаа буулгаж өгсөн... Тухайн хэрэг болох үед эхлээд Су-ыг машин дотор суулгаад явах үед би Су-ыг цохисон. Тэр үед Ба Су-ыг сугдаад цээжээр нь тэврээд цааш нь татаад байсан бөгөөд тухайн үед Ба намайг боль гэж хэлж байсан. Ба надтай нийлж Су-ын биед хүрсэн зүйл байхгүй. Хэрэг болоход Ба намайг боль гээд салгаж байсан. Тэрнээс нийлж цохиж зодсон зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 41-42, 70 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 411 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Су-ын биед тархи доргилт, бэлэг эрхтэнд шарх, хамрын таславчын мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, баруун гуя, шилбэ, зүүн гуя, хэвлий, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Ц.Су-ын биед үүссэн бэлэг эрхтэнд шарх гэмтэл нь халуун хэмийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ц.Су-ын биед үүссэн тархи доргилт, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, бэлэг эрхтэнд учирсан түлэгдсэн шарх гэмтлүүд нь тус тусдаа хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт, бусад хамрын таславчын мурийлт, баруун гуя, шилбэ, зүүн гуя, хэвлийн үүссэн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хохирлын зэрэг тогтох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.” (хавтаст хэргийн 35-36 дахь тал)  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЕГ0525/531 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Су-ын биед тухайн үед тархи доргилт, баруун, зүүн нүдний алимны доргилт, хоёр зовхи, баруун гуя, шилбэ, зүүн гуя, хэвлий, хуухнагийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шодойд түлэгдсэн шарх гэмтэл учирчээ. Шодойн түлэгдсэн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах шахах механизмаар хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шинжилгээгээр тогтоогдсон гэмтэл нь Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А153/А85 дугаартай тушаалын хавсралт хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 411 дугаартай дүгнэлттэй санал нэг байна.” (хавтаст хэргийн 130-133 дахь тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал)

Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 46 дахь тал)

Төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал)

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дэх тал)

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал)

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хавтаст хэргийн 53 дахь тал).

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.С-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас хохирогч ямар нэгэн баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөр байхгүй. Одоог хүртэл хохирол төлбөр нэхэмжилнэ гэсэн баримтыг гаргаж ирүүлээгүй гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч Ц.С-г Өмнөговь аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгчийн зүгээс тухайн гэмт хэрэг гарсан нөхцөл байдал болоод хохирогчид учруулсан гэмтлийн талаар ямар нэгэн байдлаар маргадаггүй. Энэ байдлаа ч гэсэн өмнөх шүүх хуралдаан болон өнөөдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр тодорхой хэмжээнд мэдүүлж оролцож байна. Нэгэнт өнөөдрийн шүүх хуралдаанаар миний үйлчлүүлэгчийн гэм буруутай эсэх талаарх асуудлыг шийдвэрлэж байгаа учраас энэ шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт миний үйлчлүүлэгч гэм буруутай эсэх, үйлдсэн гэмт хэрэг маань Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтад зааснаар зүйлчлэх эсэх дээр өмгөөлөгчийн зүгээс маргаж мэтгэлцэх зүйлгүй. Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой санал нэг байна. Харин гэмт хэрэг улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээг тогтоох шүүгдэгчээс ямар хэмжээгээр гаргуулах вэ гэдэг дээр бас тодорхой хэмжээний тайлбар гаргая. Өмнө нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болж хэргийг шүүхээс 60 хүртэл хоногоор хойшлуулж тухайн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна гэж шүүгчийн захирамжаар хэргийг буцаасан байдаг. Энэ буцаасан хугацаанд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 531 тоот шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл Сумьяабазарт учирсан эсэхийг тогтоосон. Нэгэнт ингээд гэмтэл тогтоогдсон учраас гэмт хэрэг мөн үү, биш үү гэдэг дээр мөн маргахгүй гэдгээ дахин хэлье. 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан дээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн талаар дурдаж хэлсэн байгаа. Энэ үндэслэлгүй байна. Мөн тухайн хүснэгтээр тогтоох эрх бүхий албан тушаалтан өөрийгөө мэргэшсэн тусгай мэдлэгтэй болохоо баталсан баримтыг хэрэгт өгөөгүй байна. Дээрээс нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлт зайлшгүй гарах ёстой. Тэгэхээр энэ хэргийг шийдвэрлэхдээ анхааран үзнэ үү гэдэг байдлаар өмгөөлөгчийн шүүхэд гаргасан дүгнэлтдээ дурдаж явсан. Дахин дүгнэлт гаргуулъя гэдэг байдлаар би маргаж мэтгэлцээгүй. Тэгэхээр эдийн болон эдийн бус хохирол гэдэг зүйлийг өнөөдөр шүүгдэгчээс гаргуулах эрх зүйн үндэслэл байхгүй гэж хэлнэ. Хавтаст хэргийн 15 болон 18 дугаар тал дээр хохирогчоос 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тус тус мэдүүлэг авдаг. Тухайн мэдүүлэг дээрээ С-гаас эдийн болон эдийн бус хохирлыг нэхэмжилье гэсэн үг өгүүлбэр буюу нэхэмжлээгүй байдаг. Хууль хэрэглээний тал дээр нэгэнт хохирогч эдийн болон эдийн бус хохирол нэхэмжлээгүй байгаа учраас бусдад төлөх төлбөргүй гэдэг байдлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжтой гэх дүгнэлтийг,  

Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх тайлбарыг тус тус гаргав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ц.С нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 9 дүгээр багийн нутагт хохирогч Ц.Су-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас эрх чөлөөнд нь халдаж, биед нь тархи доргилт, бэлэг эрхтэнд шарх, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, баруун гуя, шилбэ, зүүн гуя, хэвлий, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Су-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 14-18 дахь тал), гэрч Э.Ба-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20, 27-29, 75 дахь тал), гэрч Ж.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23, 30-31 дэх тал), гэрч А.Ө-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 71-73 дахь тал), хохирогч Ц.Су, гэрч Ж.Б нарыг нүүрэлдэж өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал), шүүгдэгч Ц.С-гийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42, 70 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЕГ0525/531 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 130-133 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч Ц.С-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Су-ын эрүүл мэндэд тархи доргилт, бэлэг эрхтэнд шарх, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, баруун гуя, шилбэ, зүүн гуя, хэвлий, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ЕГ0525/531 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 130-133 дахь тал)-ээр тогтоогдож байна.      

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Ц.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ц.С-гийн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Су-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч Ц.С нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Су-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Су-ын зүгээс нотлох баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Су-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “сэтгэл санаа болон бие махбодоор хохирч байна” гэж мэдүүлснээс өөр өөр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжилж байгаа талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ч түүний мэдүүлгийг үндэслэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Су-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам” болон Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулахгүйгээр “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-аар гаргасан байх тул энэхүү баримтыг үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.         

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг түүний цалин хөлс бусад орлого олох боломж нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал энэ хэргийн хүрээнд нотлогдсон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл гэрчээр асуугдсан Ө-ын хувьд тухайн болсон үйл явдлын талаар мэдэхгүй ч гэсэн Су-тай гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн талаараа мэдүүлдэг. Тэгэхээр Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүлдээ үнэнч байх журмыг зөрчсөн нөхцөл байдлууд байдаг. Хохирогч Су-ын зүгээс утсаар харилцаатай чаталдаг байсан гэдэг зүйлийг хэлдэг боловч гэрч Өбаярын мэдүүлэг дээрээс миний үйлчлүүлэгчийн эхнэртэй гэр бүлээс гадуурх харилцаа бий болсон нөхцөл байдал нь энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн байгаа. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй гэдэг улсын яллагчийн саналтай санал нэг байна. Мэдээж хариуцлагыг оногдуулахад миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзэх ёстой. Нийгэмшлийн хувьд “Мак” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанид операторын ажил хийдэг, нийгэмшсэн хамт олонтой, хөдөлмөрлөдөг гэдэг байдлыг харгалзаж үзэхийг хүсье. Энэ нь хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор давхар нотлогдоно. Урьд өмнө нь ямарваа нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй байгаа нөхцөл байдлыг мөн эрүүгийн хариуцлагыг ноогдуулахдаа анхааран үзээсэй гэж хүсэж байна. Өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлтэй маргахгүй байгаа нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэх тайлбарыг тус тус гаргав.          

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч Ц.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

Шүүхээс шүүгдэгч Ц.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас хөнгөн буюу торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-г 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх асуудлыг хуульчилж, уг зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болохоор хуульчлахдаа шүүхэд үүрэг болгосон (импратив) шинжтэй бус эрх олгосон заалт байна.

Шүүгдэгч Ц.С-гийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Су-ын биед тархи доргилт, бэлэг эрхтэнд шарх, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, баруун гуя, шилбэ, зүүн гуя, хэвлий, хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал зэрэг олон тооны хохирол, хор уршиг учирсан нөхцөл байдал, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байдал болон эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэх шударга ёсны зарчмыг тус тус үндэслэн торгох ял оногдуулсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Ц.С-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” тухай дүгнэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.

Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Су нь нотлох баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.    

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Т овгийн Ц-ийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овгийн Ц-ийн С-г 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д шүүхээс оногдуулсан 550,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Су нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

7. Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Су нь нотлох баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ