Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2017/00626

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 15 өдөр Дугаар 101/ШШ2017/00626 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Г.Г холбогдох,

 

Зээлийн үүрэгт 86 893 967 төгрөгийг гаргуулах, барьцааны үл хөдлөх хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Иргэн Г.Г нь 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр №*********** тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, *********** гудамжны *** дүгээр байрны 0 тоотын 107,54 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 18 сарын хугацаатай 40 000 000 төгрөгийг нэг сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Г.Гтай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан бөгөөд зээлийг төлж барагдуулахаар удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Г.Гаас зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 40 000 000 төгрөг, зээлийн хүүнд 34 379 966,67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 614 000 төгрөг, түүнчлэн 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №*********** тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 7 900 000 төгрөг, нийт 86 893 966,67 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Г 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2016 оны 06 дугаар сарын 10-нд Бид финанс ББСБ-аас 40 000 000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай авсан юм. Гэвч тухайн үеийн нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж уг зээлийг хугацаанд нь бүрэн төлж чадаагүй байгаа болно. Зээлийн эхний 2 сарын хүүг хуваарийн дагуу бүрэн төлсөн бөгөөд бусад сарын хүүг бүрэн төлж чадаагүй юм. Миний хувьд нөөц бололцоогоо шавхан зээл болон зээлийн хүүг төлж барагдуулах болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч БИД Финанс ББСБ нь хариуцагч Г.Гад холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 86 893 967 /86 893 966,67/ төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа үл хөдлөх хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаагүй байх боловч бичгээр ирүүлсэн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэхэд хангалтгүй байна.

Б ХХК болон Г.Г нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр №*********** дугаар бүхий Зээлийн гэрээ байгуулж, 40 000 000 төгрөгийг сарын 4,5%-ийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар зээлж авсан болох нь зохигч талуудын тайлбар болон уг зээлийн гэрээний хуулбараар /х.х-ийн 3 дахь талд/ тогтоогдож байна.

Зохигчид хооронд байгуулсан гэрээний агуулга, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан байна. Тус зээлийн гэрээ нь байгуулсан субъект болон гэрээний агуулга, хэлбэр, түүнчлэн гэрээ байгуулахаар илэрхийлсан талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний зорилгын хооронд /субъектив шинж/ ямар нэг зөрчилгүй хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо, үндсэн зээлийн төлбөрт 40 000 000 төгрөг, зээлийн хүүнд 34 379 967 /34 379 966,67/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 614 000 төгрөг, өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардалд 7 900 000 төгрөг, нийт 86 893 967 төгрөг /86 893 966,67 төгрөг/ гаргуулна гэжээ.

Гэрээний дагуу зээлдэгч нь зээл болон хүүг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдох ба гэрээний дагуу эхний хоёр сарын хүүг төлснөөс өөр төлөлт хийгдээгүй, гэрээний үүргийн хугацааг зөрчсөн талаарх зохигч талууд маргаагүй байна.

Хууль болон гэрээнд зааснаар үндсэн зээлийн төлбөрт 40 000 000 төгрөгөөс төлөлт хийгээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх тул тус шаардлагыг хангах нь зүйтэй. Нөгөө талаар зээлийн хүүнд 34 379 967 төгрөг гаргуулна гэсэн шаардлага гаргаж, тооцооллыг шүүхэд ирүүлсэн, тухайн тооцоолол, үнийн дүнтэй хариуцагч маргаагүй байх тул зээлийн хүү гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч хугацаа хэтэрсэн зөрчил гарснаас хойш нэмэгдүүлсэн хүүг тооцоолон шаардаж байгаа нь хуульд нийцэх бөгөөд нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар хариуцагч маргаагүй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүүнд 34 379 967 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 614 000 төгрөг, нийт 78 993 966 төгрөгөнд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.2-т, Зээлдэгч энэхүү гэрээний 2.2.-т заасан хуваарийн дагуу зээл болон хүүг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгч зээлдэгчээс нэмэгдүүлсэн хүү тооцох ба үүнээс үүдэн гарах зардал, хохирлыг нэмж төлөхийг шаардана. гэж тохиролцжээ.

Нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой зардалд 7 900 000 төгрөг гаргуулна гэсэн нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэж тайлбарлаж байна.

Иргэний хуульд гэрээний үүргийн нэг тал гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор нөгөө тал учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байхаар зохицуулсан. Гэхдээ хууль зүйн туслалцаа авах эсэх нь тухайн гэрээний талуудын сонголт бөгөөд ийнхүү сонголт хийн туслалцаа авсныхаа төлөө төлсөн төлбөрийг өөр нэг гэрээний харилцаанд хохиролд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт төлсөн гэх 7 900 000 төгрөгөнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарт, эхний хоёр сарын хүүний төлбөрийг төлсөн гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөх бөгөөд тухайн төлбөрийг хасч тооцсон гэж тайлбарлаж байна. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд 3 удаа төлөлт хийн /2016 оны 12 дугаар сарын 30-нд 350 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сард 390 000 төгрөг, 300 000 төгрөгөөр хоёр удаа төлөлт хийсэн/ 1 040 000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч тайлбарлаж байх тул тухайн төлөлтийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 77 953 967 төгрөгөнд холбогдох хэсгийг хангаж, үлдэх 8 940 000 төгрөгөнд холбогдох хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний төлбөрийг хариуцагч сайн дураар төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан байна.

Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдөр №*********** дугаар бүхий барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-***********, гэрчилгээний Г-********** дугаар бүхий Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *********** гудамж ***-р байр, 2 тоотод байрлах 107,54 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь тус гэрээний хуулбар /х.х-ийн 4 дэх талд/ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Тус гэрээнд барьцаалуулагчаар зээлдэгч Г.Г гарын үсэг зурсан байх боловч хавтаст хэргийн 5 болон 6 дахь талд авагдсан баримтаар, барьцаалсан үл хөдлөх хөрөнгө нь Хэрээдэй овогт Ганбатын Отгонцэцэгийн өмчлөлд бүртгэлтэй бөгөөд өмчлөгч нь 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр итгэмжлэлээр тухайн орон сууцыг барьцаалах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг Г.Гад олгожээ.

Иймд барьцааны гэрээд барьцаалуулагчийг төлөөлөн гарын үсгийг Г.Г зурсан нь хуульд нийцэх бөгөөд тус гэрээ хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байна.

Барьцааны гэрээ болон тухайн гэрээ байгуулах эрхийг олгосон итгэмжлэлээр илэрхийлсэн өмчлөгчийн хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр байх тул барьцааны гэрээнээс шаардлага хангуулах үр дагаврыг ойлгосон гэж үзнэ.

Иймд дурдсан үндэслэлээр зээлдэгч гэрээний үүргийн шаардлагаас 77 953 967 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангуулах байдлаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт товлон зохигч талуудад мэдэгдсэн. Талууд тов мэдсэнээ баримтжуулсан бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирцтэй холбоотойгоор хүсэлт гаргаж, хариуцагч тал хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй үндэслэлээр хэргийн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэхийг хүссэнийг шүүхээс ханган, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.    Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Гаас 77 953 967 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 940 000 төгрөгөнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч үүргийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ***** гудамж * байр, * тоот хаягт байрших 107,54 м.кв талбайтай,  дугаар бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592 419 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Гаас 547 719 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН