Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/129

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч О.Батнасан,     

Шүүгдэгч Э.Г,    

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,            

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Э-ийн Г-д холбогдох 2528001450129 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

Биеийн байцаалт:              

                                    

Холбогдсон гэмт хэргийн талаар:      

Шүүгдэгч Э.Г нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын .. дүгээр баг, Гурвансайхан гэр хорооллын ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн охин Г.Э-ийн эрх чөлөөнд нь халдаж биед толгойн орой хэсгийн хуйханд шарх, духанд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.     

              ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Г-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    

Шүүгдэгч Э.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй гэв.         

Насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр аав бид хоёр машин угаагаад байж байтал аав миний толгой руу усны буугаар цохисон. Тэгээд миний толгойноос болон хоёр хамраас ээлжилж цус гарсан. Тэрийг харчихаад хамраас цус гоожоод байсан. Тэгээд толгойныхоо цусыг би угаачихаад гараад ирэхэд аав байгаагүй. Би хичээл рүүгээ явсан. Анги дээр байж байтал толгой чинь хагарчихсан байна гээд ангийн Б.А гэх охинтой хамт явж эмчид очиж үзүүлсэн. Тэгээд толгойгоо оёулчхаад байж байтал эмч намайг яагаад толгойгоо хагалсан юм бэ гэж асуусан. Би толгой дээр юм уначихсан гэж хэлсэн чинь надад оёдол хийсэн эмч худлаа яриад бай гээд цагдаа дуудсан. Тэгээд удаагүй байж байтал цагдаа ирээд аваад явсан. Тэгээд цагдаа дээр ирээд яг юу болсон тухайгаа хэлсэн. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Би аав, дүү, эгч нартайгаа хамт амьдардаг. Одоо надад гомдол санал байхгүй. Миний ааваар цохиулж гэмтсэн энэ хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... Аавыг маань Г гэдэг. Таксинд явдаг. Тухайн өдөр машинаа угааж байхад нь хүн залгаад дуудсан юм билээ. Тэгээд машинаа угааж дуусаагүй байсан болохоороо бага зэрэг хугацаа алдсан. Тэгэхэд нөгөө хүн нь өөр такси дуудлаа гэснээс болж л уурлаж надад уураа гаргаж машин угаагчийн хошуугаар миний толгой хэсэгт 3-4 удаа цохисон.” (хавтаст хэргийн 8-9, 51-52 дахь тал)     

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Өглөө 11:00 цагийн үед духан дээрээ 0,5 см орчим зулгарсан шархтай, толгойн орой, зулай хэсэг дээр 1 см орчим язарсан, зүсэгдсэн шархтай, тав тогтсон шархтай охин ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад өглөө 09:00 цагийн үед хашаандаа ааваараа машин угаадаг буугаар цохиулсан гэж хэлсэн. Тэгээд эмчилгээ хийлгээд хүлээж авах хүн байхгүй байсан учраас Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Хэсгийн мэдээ алдуулалтын доор нэг ширхэг оёдол тавьсан, цэвэр боолт хийж, гэрээр 5 хоног антибиотик уух, гэмтлийн эмчид амбулаториор үзүүлж 5 хоног боолт хийлгэх зөвлөгөө өгч, хүүхдийн байгууллагын хүмүүс, цагдаа ирэхээр нь хүлээлгэж өгөөд явуулсан.” (хавтаст хэргийн 17 дахь тал)                    

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ӨМГ0725/131 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.Э-ийн биед толгойн орой хэсгийн хуйханд шарх, духанд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл. Г.Эийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 35-36 дахь тал)

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 65 дахь тал)

Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 41 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 66-67 дахь тал)

Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 41 дугаартай санал (хавтаст хэргийн 68-69 дэх тал)  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Г-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.     

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.   

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Г нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ... дүгээр баг, Гурвансайхан гэр хорооллын ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн охин Г.Э-ийн эрх чөлөөнд нь халдаж биед толгойн орой хэсгийн хуйханд шарх, духанд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.         

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Э-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 51-52 дахь тал), гэрч Б.А-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ӨМГ0725/131 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.                                                     

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, насанд хүрээгүй хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.                                                                 

Шүүгдэгч Э.Г-гийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Эийн биед толгойн орой хэсгийн хуйханд шарх, духанд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ӨМГ0725/131 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал)-ээр тогтоогдож байна.       

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.                

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Э.Г, насанд хүрээгүй хохирогч Г.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.                

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Э.Г нь насанд хүрээгүй хохирогч Г.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд насанд хүрээгүй хохирогч Г.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “...Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Би аав, дүү, эгч нартайгаа хамт амьдардаг. Одоо надад гомдол санал байхгүй. Миний ааваар цохиулж гэмтсэн энэ хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” (хавтаст хэргийн 8-9 дэх тал) гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.        

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.           

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Э.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,    

Шүүгдэгчийн хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.      

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.       

Шүүх шүүгдэгч Э.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун  мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.   

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв. 

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Э, түүний хууль ёсны төлөөлөгч О.С-т нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.   

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч Б овгийн Э-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун  мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Э, түүний хууль ёсны төлөөлөгч О.С-т нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.               

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.        

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                                                                  

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ