| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 313/2025/0019/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/127 |
| Огноо | 2025-07-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/127
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Ц,
Шүүгдэгч Ж.Т, түүний өмгөөлөгч И.О,
Нарийн бичгийн дарга З.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Ж-ийн Т-д холбогдох 2528001550137 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Т нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн орчимд “Toyota Prius 30” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, хоёрдугаар сургуулийн зүүн урд талын хатуу хучилттай автозамын уулзвар хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16. “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг; 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай “Хонда пит” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгслийн жолооч болох Ш.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Т-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Т шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатад өгсөн мэдүүлэг үнэн нэмж ярих зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Үнэлгээгээр 5,900,000 төгрөг гарсан. Даатгалаас 4,500,000 төгрөг олгохоор болсон гэж хэлсэн. Одоогоор орж ирээгүй байна. Эрүүл мэндийн тухайд эмнэлэгт үзүүлсэн. 5 удаа бариачид очиж бариулсан. Ажлаа хийгээгүй 6 хоногийн цалин гээд нийт 9,060,000 төгрөг гарсан. Би гарсан бодит хохирол төлбөрийг нэхэмжилсэн. Бусдаар миний нэг гар өвчтэй хэвээрээ байгаа. Гэхдээ нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Даатгалаас орж ирэх 4,500,000 төгрөг нь дутуу байгаа. Бусад хохирол төлбөрөө төлсөн байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 07 цаг 30 минутын үед би Даланзадгад сумын төвд зүүн талд байрлах хуучин Номин худалдааны төвийн гадна байрлах хот хоорондын Альпард машинд дайвар өгчихөөд буцаад ажил руугаа яваад 2 дугаар сургуулийн зүүн урд талын 4 замын уулзвараар зүүнээс баруун тийш чиглэлд нэвтэрч байтал миний баруун гар талаас нэг машин миний машиныг мөргөөд зогссон. Тэгээд би шоконд орчихоод сууж байсан чинь миний буруу талын хаалга нээгдэхгүй машин мөргөөд зогсчихсон нэг танихгүй эрэгтэй, бас танихгүй 2 эмэгтэй хүн байж байсан. Тэгэхэд миний баруун гар хөндүүрлээд, баруун хөл бас хөдлөхгүй эвгүйрхээд байсан, тэгээд би дүүтэйгээ яриад түргэн цагдаа дуудсан. Би энэ асуудлаас болоод 8 хоног ажилдаа явж чадаагүй, өдөрт 50,000 төгрөгөөр 5 хоног бариачид бариулсан, мөн Улаанбаатар хот руу очиж ирсэн бензиний зардал, эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэсэн зардлуудыг нэхэмжилнэ, мөн миний машиныг засварлуулаад өгөөч л гэж байгаа. Би эдгээр зардлуудыг нэхэмжилнэ. Энэ хүн надад хохирол учруулснаасаа хойш надтай огт холбогдоогүй, хохирол төлөөгүй. Энэ хүн миний хохирлыг төлчихвөл би гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... Ж.Т надад учруулсан хохирлоосоо 4,060,000 төгрөгийг өгсөн, одоо үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож гэрээ хийсэн байгаа. Би сэтгэцийн гэм хорын дүгнэлт гаргуулахгүй, нэхэмжлэхгүй байгаа.” (хавтаст хэргийн 28-29, 31 дэх тал)
Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай компанийн Улаанбаатар хотын салбараас зээл авч зээлийн барьцаанд байгаа тээврийн хэрэгсэл байна. Бид зээлийн түүхийг судалж үзэхэд зээл хэвийн төлөлттэй явагдаж байгаа, ийм учраас манай байгууллагаас энэ хэрэгт ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй.” (хавтаст хэргийн 39 дэх тал)
Шүүгдэгч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 07 цагийн үед Даланзадгад сумын 8 дугаар багийн нутагт байрлах 9 дүгээр байр буюу гэрээсээ гарч өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон яваад Шинэ Даланзадгадад байдаг Баянбулаг хорооллын урд зам дээрээс хамт ажилладаг О, Ж нарыг аваад буцаад ажил руугаа яваад 2 дугаар сургуулийн зүүн талын замаар урагшаа чиглэлтэй яваад уулзвар дээр очоод төв замаар машин ирж байна уу гэж хараад зогссон. Тэгэхэд нэг цагаан машин ирэхээр нь хүлээсэн чинь тэр машин баруун гар тийш эргээд явчихсан. Тэгэхэд араас машин сигналдаад байхаар нь би төв замаар машин алга байна гэж бодоод хөдлөөд явсан чинь гэнэт өмнүүр машин гарч ирээд би тэр машины жолооч талын урд дугуй, хаалга хэсэг рүү нь мөргөөд тоормос гишгээд зогссон. Тэгээд би машинаасаа буугаад үзэхэд жолооч нь нэг эмэгтэй ганцаараа явж байсан, яаж байгаа юм бэ чи намайг мөргөчихлөө гээд байсан... Би Ц-д эхлээд эмнэлэгт үзүүлж харуулна гэхээр нь 500,000 төгрөг шилжүүлсэн, дараа нь машинаа Улаанбаатар хот руу ачуулж явна гэхээр нь замын зардал гэж 620,000 төгрөг шилжүүлсэн байгаа, мөн журмын хашааны мөнгө 198,000 төгрөгийг нь төлсөн. Машин оношилгооны мөнгө 540,000 төгрөг зэргийг шилжүүлсэн.” (хавтаст хэргийн 91-92 дахь тал)
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5958 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ш.Ц-ын биед баруун бугуйн завь, саран, гурван талт, дэгээт ясны чөмөгт хэсгийн хаван, ясны эдийн няцрал, хугарал, баруун гарын 1-р хурууны тэнийлгэгч шөрмөсний уутны урагдал, зүүн сарвуунд шарх, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 75-78 дахь тал)
2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/29 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “... улсын дугаартай “Toyota prius-XW30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16. “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг; 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн болох нь ослын газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Хариулт 2. ... улсын дугаартай “Honda Fit” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ш.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Хариулт 3. Гэрэл зургийн үзүүлэлт, ослын газрын хэмжилт, жолооч нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд жолооч нар хурд хэтрүүлэн явсан гэх үндэслэлгүй байна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд зааснаар суурин газарт 60 км/цаг хүртэл хурдтай явахыг зөвшөөрөхөөр заасан байна. Мөн хурд тохируулаагүй явсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Хариулт 4. ... улсын дугаартай “Toyota Prius-XW30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж.Т-ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс шалтгаалан зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.” (хавтаст хэргийн 83-84 дэх тал)
“Вендо” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 50128 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “... улсын дугаартай “Toyota prius-XW30” загварын тээврийн хэрэгсэлд 4,991,500 төгрөгийн хохирол учирсан.” (хавтаст хэргийн 107-108)
“Вендо” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 50129 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлтэд: “... улсын дугаартай “Honda Fit” загварын тээврийн хэрэгсэлд 5,901,600 төгрөгийн хохирол учирсан.” (хавтаст хэргийн 122-123 дахь тал)
Хохирол төлбөр төлөх талаар харилцан тохиролцож эвлэрсэн тухай гэрээ (хавтаст хэргийн 137 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 96 дахь тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 98 дахь тал)
Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 99 дэх тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 100 дахь тал)
Үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 101 дэх тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 102-106 дахь тал)
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 151 дэх тал)
Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 46 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 155-156 дахь тал)
Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 46 дугаартай санал (хавтаст хэргийн 152-154 дэх тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Т-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгчийн хувьд ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Эрдмийн гараа бага сургуульд бага ангийн багшаар 2024 оны 09 дүгээр сараас хойш ажиллаж байгаа. Хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, дээд боловсролтой хүн байна. Өөрийн гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг хохирогчтой харилцан тохиролцож нийт 9,060,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Одоогийн байдлаар нийт 4,560,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байгаа. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын зүгээс хүлээн авсан. Үлдэгдэл хохирол 4,500,000 төгрөгийг даатгалын байгууллагаас шууд хохирогч Цын данс руу орохоор батлагдсан. Тэр нь гүйлгээ нь хийгдэх шатанд явж байгаа. Тийм учраас 07 дугаар сарын 10-ны дотор үлдэгдэл төлбөр нь орж хохирогчийг хохирол төлбөргүй болгохоор байгаа... гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Ц-ын зүгээс хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй байгаа гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ж.Т нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн орчимд “Toyota Prius 30” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, хоёрдугаар сургуулийн зүүн урд талын хатуу хучилттай автозамын уулзвар хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16. “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг; 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ... улсын дугаартай “Хонда пит” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, тухайн тээврийн хэрэгслийн жолооч болох Ш.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Ц-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29, 31 дэх тал), иргэний нэхэмжлэгч Б.М-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5958 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 75-78 дахь тал), 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/29 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 83-84 дэх тал), “Вендо” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 50128 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлт (хавтаст хэргийн 107-108), “Вендо” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 50129 дугаартай хөрөнгө үнэлгээний дүгнэлт (хавтаст хэргийн 122-123 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/29 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... улсын дугаартай “Toyota prius-XW30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16. “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг; 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн болох нь ослын газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлэг зэргээр нотлогдож байна... ... улсын дугаартай “Toyota Prius-XW30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ж.Т-ын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээс шалтгаалан зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.” (хавтаст хэргийн 83-84 дэх тал) гэх заалтуудыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Ж.Т-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Ж.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Т-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Цын биед баруун бугуйн завь, саран, гурван талт, дэгээт ясны чөмөгт хэсгийн хаван, ясны эдийн няцрал, хугарал, баруун гарын 1-р хурууны тэнийлгэгч шөрмөсний уутны урагдал, зүүн сарвуунд шарх, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 5958 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 75-78 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Т нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Тыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ж.Т нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Цын зүгээс шүүхэд хандан “Үнэлгээгээр 5,900,000 төгрөг гарсан. Даатгалаас 4,500,000 төгрөг олгохоор болсон гэж хэлсэн. Одоогоор орж ирээгүй байна. Эрүүл мэндийн тухайд эмнэлэгт үзүүлсэн. 5 удаа бариачид очиж бариулсан. Ажлаа хийгээгүй 6 хоногийн цалин гээд нийт 9,060,000 төгрөг гарсан. Би гарсан бодит хохирол төлбөрийг нэхэмжилсэн. Бусдаар миний нэг гар өвчтэй хэвээрээ байгаа. Гэхдээ нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. Даатгалаас орж ирэх 4,500,000 төгрөг нь дутуу байгаа. Бусад хохирол төлбөрөө төлсөн байгаа.” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Ж.Т нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Ц-д 4,560,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин үлдэх 4,500,000 төгрөгийн хохирол төлбөрийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь хохирол төлбөр төлөх талаар харилцан тохиролцож эвлэрсэн тухай гэрээ (хавтаст хэргийн 137 дахь тал) гэх баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Т-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Цд олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Ж.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул дээрх саналыг батлуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгож буй ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь манай үйлчлүүлэгч Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь улсын яллагчийн зүгээс 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргасныг хүлээн зөвшөөрсөн байгаа учраас батлуулах саналтай байна гэх дүгнэлтийг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх,
Шүүгдэгчийн хувьд өөрийн гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Ж.Т нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоос 4,560,000 төгрөг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ж.Т-ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Ж.Т-ын ... дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Ц-д 4,560,000 (дөрвөн сая таван зуун жаран мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Ж-ийн Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 3000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-д шүүхээс оногдуулсан 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Т-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Ц-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн шүүгдэгч Ж.Тын ... дугаартай “В” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Ц-д 4,560,000 (дөрвөн сая таван зуун жаран мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ