Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 0222

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, шүүгч Ц.Алтангадас, С.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Д.Х-

Иргэдийн төлөөлөгч Д.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Т.Д-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Д-т холбогдох эрүүгийн 201714000249 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дуучин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ах эгч дүү нарын хамт Орхон аймаг Баян-өндөр сум ** баг ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогтой Т-ын Д- /регистрийн дугаар хх*******/

Шүүгдэгч Т.Д- нь согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** 3-р гудамжинд сүх, чулуу зэрэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрч Д.Х-ын толгойн тус газарт нь цохиж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Т.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн үед болсон асуудлаа мэдэхгүй байсан. Д.Х-ын толгойг цохисноо хүлээн зөвшөөрнө. Яг хаана нь цохисноо мэдэхгүй байна. Хохирогчид манай ах дүү нараас 300.000 төгрөг өгсөн гэсэн. Цаашдаа боломжоороо тусалж дэмжинэ. Энэ хэргийн хувьд маргах зүйлгүй. Би хохирогчийг сүхээр цохисноо мэдэхгүй байна. Нэхэмжилсэн хохирлыг төлнө. 11 дүгээр сар гэхэд төлчих байх. Би өөрийн гэр оронгүй, ах дүү нарынхаараа амьдардаг. Хийсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшиж байна. Хохирогчтой урьд өмнө нь маргалдаж байгаагүй хэлсэн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Х-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Д- гуай миний аав шиг хүн. Надтай хамт хөдөө, гадаа явдаг надад тусалдаг хүн юм. Тэр үед манайд цуг байсан. Машин тэрэг засалцах гээд ирсэн хүмүүс байсан болохоор бид архи, дарс ууцгаасан. Д- гуайн хувьд сэтгэл гаргахгүй байна. Хохиролд 1.300.000 орчим төгрөг нэхэмжилсэн. Урьд нь 300.000 төгрөг өгсөн байгаа. Намайг эхэлж чулуугаар цохиод унасан хойно гэр рүүгээ явж сүх авч ирээд цохисон. Тухайн үед бид 2 муудалцаагүй, юунаас болж намайг цохисныг ойлгохгүй гайхаж байна. Сүхээр дух хэсэгт цохисон. Тэр үед би жаахан архи уучихсан байсан болохоор толгойдоо оёдол тавиулчихаад явчихсан. Тухайн үед гайгүй биз гэж бодсон. Тэгтэл маргаашнаас нь толгой өвдөж эхэлсэн. Цохиулсныхаа дараа түр зуур ухаан алдсан. Хохирол барагдуулчихвал гомдал алга гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Т.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 04 сарын 19-ний өдрийн 12-13 цагийн үед байх одоо энэ хэргийн сэжигтэн гээд байгаа Д- ахын төрсөн ах Э-ийн охин П-гийн хүү болох Боркоо буюу Г-а гэдэг хүүхэд манай гэрт орж ирээд Д ах Б гэж дууддаг Х-ыг чулуугаар цохьчихлоо гээд уйлсаар орж ирсэн. Та цагдаад дуудлага өгөөч гэж хэлсэн юм. Намайг очиход Х-ын толгой нүүр хэсэг нь нил цус болчихсон байсан. Цагдаа ирсний дараа Д- дахин Х-ыг гараараа цохиж дайрсан юм. Тэгэхэд нь цагдаа түүнийг  цааш нь түлхээд унагаасан юм. Х- эмнэлэг яваад ирэхдээ бага зэрэг архи үнэртэж байсан. Болсон хэргийн талаар асуухад Дашаа ахтай цуг гудамжаар явж байхад гэнэт араас чулуугаар цохьсон, тэгээд газар унаад манарч байхад нь Дашаа нь хашаа руугаа ороод сүх барьчихсан гарч ирээд толгой руу нь 2-3 удаа цохьсон, дахиад цохих гэхэд нь гарыг нь гэсэн нь үү, сүхийг нь гэсэн нь үү барьж аваад газар дараад хэвтсэн гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 38 ху/,

 

-Насанд хүрээгүй гэрч П.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тэр өдөр гэрээсээ гараад  найзуудтайгаа тоглох гээд гудамжинд явж байсан. Тэгээд манай гудамжинд байдаг ногоон хашааны ард Д- ах манай аав Х- 2 манай гэрийн зүг рүү хоёулаа явж байсан. Тэр хоёр явж байхдаа хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Би жаахан зайтай байсан учир сайн сонсоогүй. Нэг харсан чинь манай аав Дашаа ахын араас унагаасан юм. Дашаа ах босч ирээд газар байсан чулууг бариад аавын толгойны ар хэсэг рүү нэг удаа чулуугаар цохьсон. Тэгээд гэр лүүгээ зугтаасан. Тэгсэн чинь аав намайг дуудаж гар утас машиныхаа түлхүүрийг өгч цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би шууд Э- эгчид аавын гар утсыг аваачиж өгсөн. Тэгээд Дашаа ах аавыг толгой руу нь чулуугаар цохичихлоо гэж хэлсэн. Буцаад нөгөө газартаа ирэхэд манай аав газар хэвтчихсэн толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгэхэд тэр үед Дашаа ах гэрээсээ сүх барьчихсан ирж байсан  гэсэн мэдүүлэг /хх 50 ху/,

 

          -Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хохирогчийн духанд үстэй хэсгийн урд үүссэн зүсэгдсэн шарх нь үзүүр ирмэгтэй нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Магадлуулагчийн толгойн хэсэг рүүгээ цохиулсан гэх сүх нь харьцангуй том талбайтай, арын хэсэг болон урьд хэсгүүддээ үзүүр ирмэгтэй тул уг зүйлээр нэг удаа цохиход ч дээрх гэмтлүүд үүссэн байхыг үгүйсгэхгүй, учир нь гэмтлүүд ойрхон байрлалтай байгаа. Үзлэгээр хохирогчын дагзанд гэмтэл тогтоогдоогүй. ...чулуугаар цохьсон байхыг ч үгүйсгэхгүй гэсэн мэдүүлэг /хх 34 ху/

 

Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 393 дугаартай дүгнэлтэнд:

1. Д.Х-ын биед гавал тархины битүү гэмтэл, дух ясны хугарал, 2 талын нүдний ухархайн дотор ялтасны хугарал, хамар ясны хугарал, хуйханд  зүсэгдсэн шарх, духанд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ,

2. Эдгээр гэмтэл нь үзүүр ирмэгтэй зүйлийн 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  1. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
  2. Шинэ гэмтэл байна. 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр үүссэн байж болно.

 5. Дух ясны хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.2-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарагдана.

          6. Хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 31 ху/,

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 24, 85, 86 ху/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-8ху/

-Эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтооол /хх 25 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70 ху/

-Шүүгдэгч Т.Д-ийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 76-80 ху/

  -Хохирлын баримт /хх 87-89 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

  Шүүгдэгч Т.Д- нь согтуугаар 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн **ын 3-р гудамжинд сүх, чулуу зэрэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрч Д.Х-ын толгойн тус газарт нь цохиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Х-ын “...Намайг эхэлж чулуугаар цохиод унасан хойно гэр рүүгээ явж сүх авч ирээд цохисон. Сүхээр дух хэсэгт цохисон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Т.Э- /хх 38 ху/, насанд хүрээгүй гэрч П.Г-а /хх 50 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед гавал тархины битүү гэмтэл, дух ясны хугарал, 2 талын нүдний ухархайн дотор ялтасны хугарал, хамар ясны хугарал, хуйханд  зүсэгдсэн шарх, духанд язарсан шарх, зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 393 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан тул шүүгдэгч Т.Д-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар өөрчлөн зүйлчилж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

  Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм хорын хохиролд 1.300.000 орчим төгрөгийг нэхэмжилж байна” гээд нотлох баримтаар Манал оточ эмнэлгийн төлбөр 555.000 төгрөг, толгойн дижитал зураг 30.000 төгрөг, эмнэлгийн үзлэг 25.000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлгийн үзлэг болон толгойн СТ-н төлбөр 350.000 төгрөг, Медипас эмнэлгийн КТГ 150.000 төгрөг, эм тарианы төлбөр 23.200 төгрөг, шатахууны зардал 115.000 төгрөг, нийт 1.225.000 төгрөгний баримтыг ирүүлжээ.

Хохирогчоос ирүүлсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судлаад хохирол 1.225.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж үзэж, үүнээс мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс төлсөн 300.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 925.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй сүх, чулуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Т.Д-ийг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Т.Д-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Т.Д-ээс 925.000 /есөн зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг ** тоотод суух Д.Х-ад /хх**************/ олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийг 6.д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн төмөр иштэй сүх, чулуу зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасуй.

 

 7.  Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ж.БАЙГАЛМАА

                               ШҮҮГЧИД                                    Ц.АЛТАНГАДАС

                                                                                    С.ЦЭРЭНХАНД