| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2031001570119 |
| Дугаар | 2020/ДШМ/59 |
| Огноо | 2020-10-20 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2020/ДШМ/59
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч, шүүгч Д.Буянжаргал
Шүүгчид Г.Давааренчин
Б.Эрдэнэхишиг
Оролцогчид
Прокурор Б.Энхтулга
Шүүгдэгч Ц.Нямбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх
Хохирогч Б.Алтанцэцэг
Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ар тогоруутан овогт Цогтжаргалын Нямбаатарт холбогдох эрүүгийн 2031001570119 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн “Хүдэр” суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бүл 3, эхнэр, /07 сартай/ хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Тарвагтай” 1 дүгээр баг, 5-01 тоотод оршин суух, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан, Ар тогоруутан овогт Цогтжаргалын Нямбаатар, РД:/МЮ87042615/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Нямбаатар нь 2020 оны 05 дугаар 06-ны дугаар 20-ны өдөр 20 цагийн орчим согтуугаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр хорооллын сайжруулсан шороон зам дээр 70-16 улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ явган зорчигч Б.Болдбаатарыг мөргөж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Ц.Нямбаатарт холбогдох хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолоор:
“1.Шүүгдэгч Ар тогруутан овогт Цогтжаргалын Нямбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ар тогруутан овогт Цогтжаргалын Нямбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 6 /зургаа/-н сарын хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Ц.Нямбаатарт оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/-н сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Нямбаатарт 5 /тав/-н жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн хугацааг нь тоолсугай.
5.Ялтан Ц.Нямбаатар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлээс амь хохирогчийн “Хаан банк”-наас зээллэсэн 1,000,000 /нэг/ сая төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Нямбаатараас 16,301,124 /арван зургаан сая гурван зуун нэг мянга нэг зуун хорин дөрвөн/ төгрөг гаргуулан, /МП84051666 регистрийн дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг баг, 5-17-28 тоотод оршин суух хаягтай/, хохирогч Сартуул овогт Болдбаатарын Алтанцэцэгт олгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн Ү-131400034 улсын бүртгэлийн дугаартай, 27м2 хэмжээтэй Хүдэр сумын 1 дүгээр багт байрлах үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж, орлогыг амь хохирогчийн оршуулгын зардалд нөхөн төлүүлсүгэй.
9.Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Нямбаатарын 515901 дугаартай, жолоодох эрхийн “В” ангилалийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлж, “Тоёота Корола” маркийн 70-16 СЭҮ улсын дугаартай, тээврийн хэрэгслийн 01978448 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Нямбаатарт буцаан олгосугай...Bottom of Form
” гэж, дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.11-ний өдрийн 2020/ШЦТ/165 тоот шийтгэх тогтоолоор ялтан Ц.Нямбаатарт эрүүгийн хуулийн 27.104 дэх хэсгийн 4.1-т зааснаар 3 жил 6 сар хорих, жолоодох эрхийг 5 жил хассан ял шийтгэл оноосныг ял хариуцлага хөнгөн гэж гомдол гаргаж байна. Гомдол гаргагч Б.Алтанцэцэг болон ар гэр үр хүүхдүүд бидэнд эрүүл саруул 68-хан настай насны хэмжээ нь болоогүй эцгийгээ Хүдэр сумандаа зартай танхай байнга архи ууж бусдыг дээрэлхдэг хүний амь хохироочхоод уучлал гуйж чаддаггүй, хохирлын хэдэн төгрөгөө бөөн нэхэл дагал болж өгдөггүй Цогтжаргалын Нямбаатар гэгчид хөнгөн ял шийтгэсэнд гомдолтой байна. Энэ хүн гэгээн цагаан өдөр архи ууж /байнга/ машинаар хүн дайрчихаад 5-хан жил эрхээ хасуулж ял эдэлсэн нэр зүүх нь дэндүү хөнгөн юм. Бага зэрэг үнэртүүлсэн жолооч 1-2 жил эрхээ хасуулдаг, гэтэл хүн алсан этгээд адилхан шахуу буйд харамсалтай. Ялыг хүндрүүлнэ үү.
Би маш их гомдолтой байна. Яагаад хүний амийг 16,000,000 төгрөгөөр үнэлж байна вэ? Миний аав эрдэнэт амиа алдаж, үхчихээд байна. Энэ хүн бид нараас албан ёсоор уучлалт гуйгаагүй. Өмгөөлөгчөөрөө дамжуулан байж бид нараас уучлалт гуйсан болсон. Энэ хүн хийсэн хэрэгтээ огт гэмшихгүй байна. ... Энэ хүмүүс 16,000,000 төгрөг төлөхгүй гэж гомдож байгаа бол би авахгүй. Харин дээд ялыг нь өг. Болдог бол би амийг амиар нэхэмжилмээр байна. Би нялх хүүхэдтэй, энэ хүнээс болж цааш нааш олон явлаа. Би 6 дугаар сард төрөх байсан бол энэ хүнээс болж 5 дугаар сарын 12-нд төрөх хугацаанаасаа өмнө төрсөн. Би сэтгэл санаа, бусад зүйлсээр байнга хохирч байхад үүнийг яагаад бодож үзэхгүй байгаа юм бэ? гэв.
Шүүгдэгч Ц.Нямбаатар болон түүний өмгөөлөгч М.Гансүх нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дараахь гомдлыг гаргаж байна.
Ц.Нямбаатар нь 2020 оны 05 сарын 06-ны оройн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр хорооллын сайжруулсан шороон зам дээр 70-16 СЭҮ улсын дугаартай “Тоёота Королла” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Б.Болдбаатарыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогдсон.
Миний үйлчлүүлэгч холбогдсон гэмт хэрэгт буруугийн талаар маргаагүй, харин шүүхээс холбогдсон хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь: Хохирогч Б.Алтанцэцэг нь шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20.301.124 төгрөгийг Ц.Нямбаатараас нэхэмжилсэн бөгөөд хохирлыг нэхэмжилсэн бичгийн баримтууд нь шаардлага хангахгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэхэд учир дутагдалтай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна. Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн нэхэмжилсэн хохирлын баримтанд огт дүгнэлт хийгээгүй бөгөөд Ц.Нямбаатараас 16.301.124 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлийг дурьдаагүй байна. Ц.Нямбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 4 сая төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд төлөгдөөгүй хохирлын төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирлыг барагдуулах талаар идэвхи санаачлага гаргасан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдана.
Иймд эрүүгийн хэргийг хянан үзэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анхан шатны шүүх хохирол төлбөр төлөөгүй гэж ял халдаасан нь учир дутагдалтай гэж харж байх тул энэ хохирол, хор уршгийн асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь Ц.Нямбаатарын үйлдсэн хэрэгт шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Яагаад ингэж үзэж байна вэ? гэвэл хохирогч талаас хохирлын баримтуудыг шүүх хурал болсон өдөр яг эхэлж байхад гаргаж өгсөн. ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 508 дугаар зүйлд “оршуулгатай холбогдож гарсан зайлшгүй зардал” гэж хуульчилж өгсөнд энэ зардал нь орох эсэх нь эргэлзээтэй. Өмгөөлөгч миний хувьд орохгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгөөр шүүх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, түүний нотлогдсон байдлыг харгалзаж шийдвэрлэх ёстой байтал зарим нотлох баримт нь уг шаардлагыг хангаагүй байхад үүнийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн алдаа дутагдлыг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй юм гэж үзэж байна гэв.
Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудал буюу шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргаж буй гомдол асуудал нь анх удаа яригдсан зүйл биш юм. Анхан шатны шүүх хуралдаан дээр ярьж л байсан. А.Отгонбаяр өмгөөлөгч мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлж ирсэн. Хохирлын баримтыг А.Отгонбаяр өмгөөлөгч лавлаж асуухад нь 20,000,000 төгрөг гэж шүүх хуралдаан болохоос 2 сарын өмнөөс л хэлж байсан. Тэгээд хурал тэр мөнгийг л оруулж ирсэн юм. Хуульч хүн болон миний хувьд баримталдаг зарчим бий. Хүний амь насыг хохироосон бол зарим баримт нь ямар ч байсан гэсэн “амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй, хэлсэн мөнгийг нь л өг” гэсэн зарчим баримталдаг. Энэ талаараа ч анхан шатны шүүхэд хэлсэн. Дараагийн асуудал бол эрүү, иргэний хэрэг ялгаагүй нэхэмжлэл, хохирлыг давхар шийддэг. Энэ 20,000,000 төгрөгийн баримтын асуудал гарч ирэхэд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь анхан шатны шүүхийн тэмдэглэлд тусгагдсан байгаа. Энэ мөнгийг төлж, барагдуулна гэж хуульд заасан хугацааг авсан. Ийм ч учраас шүүх нотлох баримтыг аль нь хангагдаж байгаа үгүй дээр шүүхийн тогтоол дээр тайлбарлаж, шийдвэрлэсэн. ... Хохирсон хүмүүс бол хохироод л дуусдаг гэдгийг би анхан шатны шүүх хуралдаанд ярьсан, өнөөдөр ч дахин хэлье. Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хэн алиных нь санал, хүсэлтийг харгалзаж хуульд заасан боломжит доод ялыг оногдуулсан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: ... анхан шатны шүүхийн шийдвэрээс гэм буруугийн асуудал тохирсон гэж үзэж байна. Хохирол, төлбөртэй холбоотой асуудал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Харин хохиролтой холбоотой асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4, 36.5 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн асуудлыг нээлттэй үлдээхээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4, 36.5 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг Иргэний журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Ц.Нямбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 03 жил 06 сарын хорих ял оногдуулж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэсэн байна.
Хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын дагуу Ц.Нямбаатарт холбогдох эрүүгийн 2031001570119 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь ХЯНАВАЛ:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 202 дугаартай захирамжаар Ц.Нямбаатарт холбогдох эрүүгийн хэргийн даргалагч шүүгчээр Ц.Амаргэрэлийг томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Гэвч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх эрхийг хэрхэн яаж олгосон эсэх нь тодорхойгүй, эрх хэмжээг хэрэгжүүлэх үүргийг орлон гүйцэтгүүлэхээр болсон ерөнхий шүүгчийн захирамж эсхүл шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг хавтаст хэрэгт хавсаргахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1-д “…Дараахь нөхцөл байдлын аль нэг нь тогтоогдвол шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ...,
39.8 дугаар зүйлийн 1.1-д …шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан…” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Нямбаатарт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ