Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 121/ШШ2022/0141

 

 

2022 оны 10 сарын 19-ний өдөр               Дугаар 121/ШШ2022/0141               Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга *******

    Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга, “*******” ХХК нарын хоорондын “2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулан олгохыг даалгах, Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 1,156,850 төгрөг гаргуулах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад холбогдуулан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын ******* ХХК-ийн ХУ-021190 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулан олгохыг даалгах, Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 1,156,850 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

2. “*******” ХХК нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутаг “Алаг толгой” нэртэй газарт орших 1421 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал хайх ХV-021190 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр авчээ.

Тус тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл гэжээ.

3. “*******” ХХК-аас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутаг “Алаг толгой” нэртэй газарт байрлах XV-021190 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хандсаныг хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга хүлээн авч танилцаад 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн СШ-28-1 дугаартай сонгон шалгаруулалтыг зарлахдаа сум орон нутгаас огт санал аваагүй хууль зөрчсөн гэж үзэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзжээ.

4. Сумын Засаг даргын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч компаниас Өвөрхангай аймгийн Засаг даргад хандан 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12 тоот албан бичгээр гомдол гаргасан байна.

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/176 тоот албан бичгээр гомдлын хариуг хүргүүлжээ.

5. Дээрх албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч “*******” ХХК-аас “Алаг толгой” нэртэй газарт байрлах XV-021190 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22/26 тоот албан бичгийг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад хүргүүлжээ.

6. Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж болно” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн болно.

7. Нэхэмжлэгч “*******” ХХК-аас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Монгол улсын Засгийн газрын 2018 оны 08 сарын 08-ны өдрийн Талбайн солбицол тогтоох тухай 243 дугаар тогтоолын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зарласан “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Алаг-толгой” нэртэй СШ-28-1 дугаартай сонгон шалгаруулалт’’-д “*******” ХХК шалгарч, сонгон шалгаруулалтын үнэ болох 980 000 000 төгрөгийг төлж, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт “Алаг толгой” нэртэй газарт 1421.89 га газарт XV-021190 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр 21.1.1-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын талбайн хилийн дотор хуулийн дагуу ашигт малтмал эрх, хайх эрхтэй.             Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-д энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах,; 38.1.6-д ....төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж өөрчлөлтийг сум дүүргийн Засаг даргаар батлуулах,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 3.5-д Газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын төслөөс бусад ашигт малтмалын хайгуулын төслийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн төслийг хэрэгжүүлж буй сум дүүргийн Засаг даргаар батлуулж, аймаг нийслэлийн байгаль орчны газарт нэг хувийг хүргүүлнэ.                                        Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж тус тус заасан.                                                                                                        

Өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дээрх зохицуулалтын дагуу төслийн талбайд хэрэгжүүлэх Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг талбай байрших сум дүүргийн Засаг даргад хүргүүлэн батлуулснаар тухайн жилийн хайгуулын үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүснэ. Засаг дарга хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор баталгаажуулан олгох үүрэгтэй байна.       Манай компани хуульд заасан эрхийн дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулахаар 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 22/11 тоот албан бичгээр 2022 оны ХУ-021190 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд явуулах хайгуулын ажлын Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад хүргүүлсэн. Зүүнбаян- Улаан сумын Засаг дарга 2022 оны 03 сарын 16-ны өдрийн 1/34 тоот албан бичгээр 2018 оны 10 сарын 15-ны өдрийн СШ-28-1 сонгон шалгаруулалтыг зарлахдаа сум орон нутгаас огт санал аваагүй хууль зөрсөн тул “*******” ХХК-ны 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэж хариу ирүүлсэн.

Бид Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын дээрх шийдвэр нь үндэслэлгүй, хууль бус гэж үзэж Өвөрхангай аймгийн Засаг даргад 2022 оны 03 сарын 16-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д зааснаар гомдол гаргасан. Өвөрхангай аймгийн Засаг дарга 2022 оны 04 сарын 05-ны өдрийн 1/176 тоот албан бичгээр төлөвлөгөөг баталгаажуулан ажиллах чиглэлийг хүргүүлсэн тухай хариу ирүүлсэн. Бид энэхүү албан бичгийг 2022.04.18-ны өдөр хүлээн авч үүний дагуу манай компани дахин 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 22/26 тоот албан бичгээр Өвөрхангай аймгийн Засаг даргын хүргүүлсэн чиглэлийн дагуу 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулан олгож өгнө үү гэсэн хүсэлтийг дахин хүргүүлсэн. Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга дээд шатны байгууллага буюу Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэрийг биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл тус компанийн Байгаль орчны менежментийг төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж олгоогүй байна.           

Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын ******* ХХК-ийн ХУ-021190 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан дээрх шийдвэрийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна:                                                                                    Төлөвлөгөөг хуульд заагаагүй үндэслэлээр батлахаас татгалзсан ба энэхүү үндэслэл нь хууль бус болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байдаг.                                                                                                                           Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хянан батлах, тайлагнах  журмын 3.3.-т тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэхүү журамд заасан шаардлагыг хангаж боловсруулаагүй бол түүнийг хүлээн авч хянах батлахаас татгалзах үндэслэл болно гэж заасан байна. Гэтэл Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга 2018 оны 10 сарын 15-ны өдөр СШ 28-1 сонгон шалгаруулалт зарлахдаа сум орон нутгаас санал аваагүй гэсэн хуульд заагаагүй үндэслэлээр батлахаас татгалзсан байна. Энэхүү үндэслэл нь хууль бус болохыг шүүхээс тогтоосон. Тухайлбал Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга “*******” ХХК-ны 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж олгоогүй эс үйлдэхүй гаргасан тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, баталгаажуулж олгохыг даалгах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа байгаль орчны менежментийг төлөвлөгөөг батлахгүй байгаа үндэслэлээ “...тусгай зөвшөөрөл нь анхнаасаа хууль бусаар олгогдсон, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал аваагүй гэж тайлбарладаг. 2021 оны 06 сарын 11-ний өдрийн Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 121/ШШ2021/0006 тоот шийдвэрээр шүүх ... “хариуцагчаас 2019 оны тус талбайн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсан атлаа дээр дурдсан үндэслэлээр 2020 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчид анх хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд тухайн орон нутгийн зөвшөөрөл аваагүй, ундны эх үүсвэр гэх мэт хуульд заагаагүй үндэслэлээр тус компанийн 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болжээ гэж дүгнэж, төлөвлөгөөг баталгаажуулж олгохыг даалгаж шийдвэрлэсэн”.             Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 сарын 29-ны өдрийн 518 тоот магадлалаар “            Өвөрхангай аймгийн Зүүнбаян-улаан сумын Засаг дарга нь 2019 оны менежментийн төлөвлөгөө баталж, нэхэмжлэгч нь үүний дагуу үйл ажиллагаа явуулсан байх бөгөөд, 2020 оны менежментийн төлөвлөгөөг дээрх үндэслэлээр батлаагүй нь хууль бус эс үйлдэхүй гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байх бөгөөд энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй болжээ гэж” үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 14/05 тоот тогтоолтой давхцаагүй хэсгээр “*******” ХХК-ийн 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулж олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Хяналтын журмаар гаргасан талуудын гомдлыг Монгол улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 321 тоот тогтоолоор хүлээн авахаас татгалзсан.                                                                         

Өөрөөр хэлбэл шүүхээс 2018 оны 10 сарын 15-ны өдөр СШ 28-1 сонгон шалгаруулалт зарлахдаа сум орон нутгаас санал аваагүй гэсэн үндэслэл нь хууль бус болохыг тогтоосон атал дахин энэ үндэслэлээр Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан байна.                                                                                                                                     Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 14/05 тоот Газар тусгай хамгаалалтад авах тухай тогтоолоор сумын тусгай хамгаалалтад авсан газартай ******* ХХК-ийн ХУ-021190 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай 41.2 га-р давхцаж буйг шүүхээс тогтоосон бөгөөд Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу нөхөн олговрыг хуулийн хугацаанд олгоогүй бөгөөд Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 02 сарын 23-ны өдрийн 03 тоот албан бичгээр нөхөн төлбөрийг олгохгүй тухай албан ёсоор мэдэгдсэн тул манай компани тусгай зөвшөөрөл бүхий талбайд бүхэлд нь хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх хуулийн дагуу үүссэн байгаа болно.

Тусгай зөвшөөрөл олгох явц хуулийн дагуу явагдсан, тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр: Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга ******* ХХК-д 2018 онд анх хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 77.7 “Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана. 17.2-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасны дагуу санал аваагүй тул хууль зөрчсөн гэж үзэж байна гэсэн хариуг өгсөн.                         Гэтэл Ашигт малтмал газрын тосны газраас 2018.05.17-ны өдрийн 7/3754 тоот албан бичгээр Өвөрхангай аймгийн Засаг даргад санал авах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Өмнө нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Өвөрхангай аймгийн Засаг дарга, түүний тамгын газарт 2018-2019 оны хооронд ирсэн болон явуулсан бичгийн бичгийн эх хувьд үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр ирсэн бичгийн бүртгэлийн 560 дугаарт Ашигт малтмал газрын тосны газрын 7/3754 тоот албан бичиг бүртгэгдсэн болох нь тогтоогдсон.                    

Хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй тул зөвшөөрсөн гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан бөгөөд ХУ-021190 тоот тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд авсан болох нь АМГТГ-ын 2020.04.07-ны 8/1604 тоот албан бичиг, 2020.02.17-ны өдрийн 3/878 тоот бичиг болон дээрх үзлэгээр тогтоогдсон.         Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын зүгээс тусгай зөвшөөрлийг олгохдоо хуульд заасан журмын дагуу санал аваагүй, хууль зөрчсөн гэж үзсэн бол холбогдох байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй. Өнөөдрийг хүртэл гомдол гаргаагүй бөгөөд хуульд заасан гомдол гаргах хугацаа дуусгавар болсон.                      Ашигт малтмалын тухай хуулийн 53, 56 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл дуусгавар болох, цуцлах нөхцөл байдал үүсээгүй байх тул ******* ХХК-ийн XV- 021190 тоот тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.       

Эндээс дүгнэн үзвэл ******* ХХК-д ХУ-021190 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгох явц хуулийн дагуу явагдсан, тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр, Зүүнбаян- Улаан сумын Засаг дарга тус компанийн 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заагаагүй үндэслэлээр батлахаас татгалзсан, энэхүү үндэслэл хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэгэнт тогтоогдсон байна.                                                                 

Иймд Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын ******* ХХК-ийн ХУ-021190 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, баталж олгохыг даалгаж өгнө үү.

Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 1 156 850 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга ******* ХХК-ийн XV- 021190 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.11-ний өдрийн 121/ШШ2021/006 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021,09.29-ны өдрийн 518 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.11,30-ны өдрийн 321 тоот тогтоолоор тус тус тогтоосон. 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг талуудын маргааныг шүүхээр хянан шийдвэрлэж байгаа тул баталгаажуулан олгохоос татгалзсан.                          

Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын энэхүү хууль бус эс үйлдэхүйн улмаас тус компани 2020,2021 онд Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 -д заасан хайгуулын талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхээ эдэлж үйл ажиллагаа явуулаагүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах эрх хязгаарлагдаж, 2020,2021 оны хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр болон тухайн онуудын хайгуулын үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулахаар төлсөн 1 156 850 төгрөгийн алдагдал буюу хохирол тус компанид учирсан байна. Энэхүү хохирлыг Зүүнбаян-Улаан сумын Засаг даргаас гаргуулж өгнө үү” гэжээ.

7.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “*******” ХХК нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын XV-021190 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. 2018 онд тусгай зөвшөөрлийг авч 2019 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсан. 2020 онд хайгуулын үйл ажиллагаагаа явуулахаар Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүргүүлсэн боловч тус сумын Засаг дарга төлөвлөгөөг баталж өгөөгүй тул Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулан олгохыг даалгах, 2020 болон 2021 онд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг 2022 оны 03 дугаар сард баталгаажуулсан.

2021 онд манай компаниас Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Засаг даргад хүргүүлсэн боловч талуудын маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд тухайн төлөвлөгөөг батлах боломжгүй гэсэн албан хариуг хүргүүлсэн. 2022 онд шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн учир Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиг нь хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрхтэй гэсний дагуу эрхээ эдэлж үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү эрхээ эдлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар тухайн жилийн төлөвлөгөөгөө сумын Засаг даргаар батлуулснаар энэхүү үйл ажиллагаа явуулах эрх нь нээгддэг. Энэ эрхийнхээ дагуу манай компаниас 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус сумын Засаг даргад Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хамгаалуулах хүсэлтээ хүргүүлсэн.

 Гэтэл сумын Засаг дарга нь 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/34 дугаартай албан бичгээр танай компани 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн СШ-28-1 дугаартай сонгон шалгаруулалтыг зарлахдаа сум орон нутгаас огт санал аваагүй хууль зөрчсөн гэж үзэж байгаа учир танай 2022 оны Байгаль орчныг хамгаалах  менежментийн төлөвлөгөөг баталгаажуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Бид энэхүү шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөлгүй Өвөрхангай аймгийн Засаг даргад 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гомдол гаргасан. Өвөрхангай аймгийн Засаг даргаас манай компанид албан бичгийн хариугаа 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/176 дугаартай албан бичиг ирүүлсэн. Албан бичигтээ холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөвлөгөөг баталгаажуулах чиглэлийг хүргүүлсэн гэсэн хариуг өгсөн.

2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар, Уул уурхайн яам болон аймгийн Засаг даргын хамтарсан зөвлөгөөн болсон. Тус зөвлөгөөнд сумын Засаг дарга нар ирж манай компаниас гаргасан нөхцөлийг хүлээн авсан. Мөн аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан бичгийг хүлээж авсан. Аймгийн Засаг дарга чиглэл хүргүүлсний дагуу менежментийн төлөвлөгөөгөө батлуулахаар хүргүүлсэн боловч төлөвлөгөөний баталгаажилтыг олгоогүй үйл явдал болсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн  12.1.1 зааснаар сумын Засаг дарга нь ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, 12.1.2 харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны А/618 тоот тушаалаар батлагдсан  Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах хянан, тайлагнах журам байдаг.

Дээрх тушаалын 3 дугаар зүйлд зааснаар сумын Засаг дарга нь журамд заасан шаардлагыг хангаагүй бол тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл болно гэж заасан. Гэтэл Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга нь танай компанид 2018 онд тусгай зөвшөөрөл олгохдоо манайхаас санал аваагүй нь хууль бус тул тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзсан нь хууль зөрчсөн асуудал гэж үзэж байгаа.

Учир нь төрийн байгууллага албан тушаалтны үйл ажиллагаа нь хуулийг үндэслэсэн байх ёстой. Нөгөө талаас гаргаж байгаа шийдвэр нь бодит нөхцөл байдалтай нийцсэн байх ёстой. Гаргаж байгаа аливаа шийдвэрийнхээ хуулийн үндэслэлийг заах ёстой. Гэтэл Засаг дарга нь дээрх үндэслэлээр төлөвлөгөөг батлахаас татгалзаж байгаа нь хуулиар олгогдоогүй. Мөн өмнө нь 2020 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулж олгоогүй эс үйлдэхүй гаргасан. Үүнийг шүүхээс хууль бус болохыг нь тогтоож, баталгаажуулж олгохоор даалгаж шийдвэрлэсэн.

 Засаг дарга нь шүүхэд гаргасан тайлбартаа 2018 онд тус тусгай зөвшөөрлийг олгохдоо Зүүнбаян-Улаан сумаас санал аваагүй нь хууль зөрчсөн. Мөн Зүүнбаян-Улаан сумын зүгээс орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай, усны эх үүсвэр бүхий газар байна гэж хэлсэн нь өнөөдөр 2022 оны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзахад энэ үндэслэлээ хэлж байсан.

Шүүхээс дээрх үндэслэлийг хууль бус гэж үзэж 2020 оны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулж олгохыг даалгасан. Засаг даргын манай компанийн менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэлийг авч үзвэл анх 2018 онд манай компанид тусгай зөвшөөрөл олгох процессыг ярих хэрэгтэй болж байгаа. Учир нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгохдоо аймгийн Засаг дарга руу тухайн газарт тусгай зөвшөөрөл олгох тухай саналыг Ашигт малтмалын газраас хүргүүлж аймгийн Засаг даргаас сум орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж 45 хоногийн хугацаанд хариу хүргүүлэх үүрэгтэй байдаг. Хэрэв 45 хоногийн хугацаанд хариу хүргүүлээгүй тохиолдолд хүлээн зөвшөөрсөн гэж үзэж сонгон шалгаруулалтыг зарладаг.

Ашигт малтмалын газраас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7/3754 тоот албан бичгээр санал авахаар Өвөрхангай аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Өмнөх шүүх хуралдааны явцад Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн албан бичигт үзлэг хийгдэхэд дээр дурдсан Ашигт малтмалын газрын албан бичгүүд аймгийн бичиг хэргийн бүртгэлд хавсрагдаж, шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон.

Ашигт малтмалын газрын тосны газраас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 8/1604 тоот албан бичгээр манай компанид хариу ирүүлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар 45 хоногийн хугацаанд хариу ирүүлээгүй учир сонгон шалгаруулалтыг зарласан гэдгийг хэлсэн. Мөн 2020 оны 02 дугаар 17-ны өдрийн 3/878 дугаартай албан бичгээр сонгон шалгаруулалтыг нээлттэй сонгон шалгаруулж зарлаж танай компани ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль тогтоомжийн хүрээнд авсан гэдэг мэдэгдлийг манай компанид ирүүлсэн. 

Засаг даргын зүгээс дурдагдсан үндэслэлд орон нутгийн тусгай хамгаалалтын газар нутагтай давхцалтай асуудлыг ярьдаг. Энэ нь 2010 оны тогтоолоор Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар баг буюу Дэвшил багийн нутаг дэвсгэрт байрлах газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Дээрх тусгай хамгаалалтад авсан газартай манай тусгай зөвшөөрөл бүхий талбай ямар нэгэн байдлаар давхцал байхгүй.

Мөн 2019 оны Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 14/05 тоот тогтоолоор газар нутгийн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Тухайн хамгаалалтад авсан газартай “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн 41.2 га газартай давхцаж байгааг шүүхийн шийдвэрийн дагуу тогтоосон. Энэ нь 2019 оны тогтоол буюу хэм хэмжээний акт учир энэ акт түдгэлзэхгүй биелэлт нь хэрэгжиж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар нь хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцаж байгаа тохиолдолд нөхөн олговрыг 1 жилийн дотор олгоно. Олгоогүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж заасан. Манай компанийн зүгээс Зүүнбаян-Улаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд нөхөн төлбөр авах тухай хүсэлтийг хүргүүлсэн.

Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаартай албан бичгээр нөхөн төлбөрийг өгөх боломжгүй гэсэн албан хариуг өгсөн. Мөн хуульд заасан 1 жилийн хугацаа өнгөрсөн учир хууль тогтоомжийн дагуу манай компани нь тус газар дээрээ хайгуулын үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулах эрх үүссэн. “*******” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газраас лавлагаа авахад тус компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтын газартай давхцалгүй байна гэсэн албан бичиг ирүүлсэн.

Мөн Байгаль орчны яамнаас урт нэртэй хуулийн хязгаарлалтад багтаж буй талбайтай давхцаж байгаа эсэх лавлагааг авахад давхцалгүй болох нь тогтоогдсон. Үүнээс үзэхэд хамгийн анх тусгай зөвшөөрөл авах үйл явц хуулийн дагуу явагдсан. Засаг даргын дурдаж байгаа үйл явдал үүсээгүй байгаа. Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь Засаг даргын үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг гаргуулах юм.

Засаг даргын  2020 оны тус компанийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй үйлдлийг хууль бус болохыг тогтоож 3 шатны шүүхээр энэ асуудлыг хэлэлцэж төлөвлөгөөг баталгаажуулж олгохыг шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалаа эрэх, хайх эрхтэй. Энэхүү эрхээ эдлэхээр 2020, 2021 онуудад тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлж хайгуулын ажлын төлөвлөгөөг ашигт малтмал газрын тосны газраар батлуулсан. Гэтэл Засаг даргын хууль бус үйлдлийн улмаас 2020, 2021 онуудад эрхээ эдэлж чадаагүй. Үүний улмаас манай компанид учирсан хохирол буюу 2020, 2021 онуудад төлсөн тухайн жилийн тусгай зөвшөөрлийн төлбөр, хайгуулын ажлын төлбөрийг батлуулахаар ашигт малтмал газрын тосны газарт төлсөн төлбөрийг Захиргааны ерөнхий хуульд зааснаар Захиргааны байгууллагын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.

8.  Хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Тус сумын Дэвшил 6 дугаар багийн нутагт орших Дөлгөөн хайрхан нь дагуул Төгс, Ханги, Жаргалант, Дулаан, хараат, Гүндсамба, Лаанс, Цагаан гэсэн 8 дагуул хайрхантай бөгөөд 1800-аад оны үеэс нутгийн зон олон тахин шүтэж ирсэн билээ. Дөлгөөн хайрхны бэлд “Алаг толгой” гэх нэртэй газар оршдог бөгөөд байгалийн унаган төрхөө хадгалсан, түүх, соёл шинжлэх ухааны болон танин мэдэхүйн ач холбогдол бүхий газар гэж үзэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу Байгалийн цогцолбор газарт хамруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг.

Мөн байгаль орчин, аялал жуулчлалын яамны Онги-Таац голын сав газрын захиргааны 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 75 дугаар албан бичгээр Цорж, Боловсон, Хөдөө цав, Дугант, Хадан булаг, Эхэн дэрс хэмээн булгууд нь Монгол Улсын Усны тухай хуульд заасан усны эх үүсвэр тул тусгай хамгаалалтад авах тухай зөвлөмжийг ирүүлсэн. (Эхэн дэрс хэмээх булаг нь “Алаг толгой”-д байрладаг).

Энэхүү зөвлөмж, нутгийн иргэдийн санал хүсэлтийн дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаар тогтоолоор тус сумын Дэвшил 6 дугаар багт байрлах Боловсон, Дайчин, Цорж, Дугант, Хадан булаг, Эхэн дэрсэн усд хамаарах 2000 га газрыг сумын тусгай хамгаалалтад авсан билээ.

Гэтэл 2019 оноос хойш “*******” ХХК тухайн газруудад хайгуулын үйл ажиллагаа эхлүүлж, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа бөгөөд учир явдлыг тодруултал ашигт малтмал газрын тосны газраас 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ХV-021190 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Алаг толгой” хэмээх тусгай хамгаалалтад авсан байгалийн цогцолбор газарт олгосон байна.

Ийнхүү ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга, иргэдийн саналыг сонсохгүйгээр холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн байна. Энэхүү хууль бус шийдвэр үйл ажиллагаа нь дараах байдлаар хууль, тогтоомж зөрчжээ. Үүнд:

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо: 17.1-д “... төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана” гэж, 17.2-д “Аймаг нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал авах” талаар тус тус зохицуулжээ.

Түүнчлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны А/28 тоот тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журам”-ын 2.2- д “тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авна” гэж заасан байна. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газар “*******” ХХК-д ХV-021190 зөвшөөрлийг олгохдоо орон нутаг сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас огт санал аваагүй юм.

Цаашилбал Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-д “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход Сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж заасан бөгөөд тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо Сав газраас ямар нэгэн санал аваагүй, Усны тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, БОНХАЖСБХБС-ын 2015 оны А230/127 дугаартай хамтарсан тушаалыг зөрчсөн талаар албан бичгийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Байгаль, орчин аялал жуулчлалын яамны Умард Говийн Гүвээт Халхын Дундад талын сав газрын захиргаанаас ирүүлсэн. Иймд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй” гэжээ.

8.1. Хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын хувьд хайгуулын тусгай зөвшөөрлийн “*******” ХХК-ний менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа гол шалтгааны тухай нэхэмжлэгч талаас ярилаа. Би өмнөх байр сууриндаа хэвээрээ байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийг дагаж мөрдөх ёстой байна. Энэ гол баримтлах ёстой хуулийн заалтыг зөрчсөн байдаг. Зөрчсөн тул сумын Засаг даргын зүгээс тухай төлөвлөгөөг батлахгүй байгаа. Аль сумын Засаг дарга сумынхаа нийт иргэдийн эрх ашиг, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө үүрэг хүлээж ажиллах ёстой субъектийн хувьд тухайн төлөвлөгөө батлахгүй байх үндэслэл гэж ойлгож байгаа.

“*******” ХХК-нь та энэ төлөвлөгөөг батлах ёстой гэж ярьж байгаа боловч хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон тухай Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга огт мэдээгүй нь ёс суртахуунгүй үйл явдал болсон гэж үзэж байгаа. Мөн татгалзах үндэслэлүүд байгаа. “Дөлгөөн Хайрханы” хөлд орших “Алаг толгой” гэх нэртэй газар оршдог бөгөөд байгалийн унаган төрөхөө хадгалсан түүх соёл, болон шинжлэх ухаан танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой газар байдаг. Дээрх газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 10 жилийн хугацаатай сумын тусгай хамгаалалтад авсан. Тэгэхээр тухайн тусгай зөвшөөрлийг олгохдоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг зөрчсөн. Энэхүү тогтоолыг гаргахдаа газрын координатаар биш тухайн газрын нэршлээр нь тогтоолд тусгасан. Тухайлбал: Дөлгөөн уул, Улаан овоо, Дэрст худаг, Жороо булга гэсэн 1945.02 өндөрлөг цэг бүхий 30888.04 га газрыг сумын тусгай хамгаалалтад авсан. Үүнд “Алаг толгой” гэх газар багтсан байдаг. Дээр дурдсан төлөвлөгөөг батлахгүй байх гол үндэслэл болох Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн, мөн Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны А/28 дугаар тушаалаар баталсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 2.2-т зааснаар тухайн солбицолыг сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын саналыг авна гэсэн тушаалыг зөрчсөн, Онги Таацын говь газрын сав газрын захиргаанаас Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ирүүлсэн албан бичиг байгаа. Дээрх албан бичигт Усны тухай хуулийг тодорхой хэмжээгээр зөрчсөн буюу тус хуулийн 3 дугаар зүйлд зааснаар тухайн газар нь усан сан бүхий газар мөн болно гэсэн. Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо Ашигт малтмал газрын тосны газар нь Усны тухай хуулийг зөрчсөн буюу тухайн газар нь бүрэлдэх усан сан бүхий газар мөн эсэхийг тогтоолгүй сонгон шалгаруулалт зарлаж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болохыг илтгэж байгаа. Дээрх үндэслэлүүдээр сумын Засаг даргын хувьд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж байгаа. Ер нь Зүүнбаян-Улаан сумын Засаг даргаар төлөвлөгөөг батлуулах ёстой байсан бол тус сумын Засаг дарга болон, иргэдийн Төлөөлөгчдийн хуралд мэдэгдэх ёстой байтал энэхүү асуудлыг мэдээгүй байхад олон жил шүтэж ирсэн Хайрханы хөлийг техник хэрэгсэл авч ирж хайгуулын үйл ажиллагаа явуулна гэснийг ард иргэд нь огт мэдээгүй. Сумын Засаг захиргааны байгууллага нь огт мэдээгүй байхад гэнэт “*******” ХХК 2019 онд хайгуулын үйл ажиллагаа хийнэ гэж ирсэн. Энэ байдал нь сумын удирдлагууд төдийгүй, нутгийн ард иргэд нилээдгүй хүнд цохилт болж байсан. Тийм учраас би тухайн төлөвлөгөөг батлахаас татгалзаж байгаа. Мөн нутгийн ард иргэд ч надтай нэг санаа сэдэл, зорилготой, нутгийнхаа Хайрханы өвөр хөлийг нь хөндүүлэхгүй гэж үзэж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК-аас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад холбогдууланӨвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын ******* ХХК-ийн ХУ-021190 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулан олгохыг даалгах, Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 1,156,850 төгрөг гаргуулах”гэсэн  шаардлага бүхий нэхэмжлэлийг  гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хянан шийдвэрлэлээ.

1.Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын ******* ХХК-ийн ХУ-021190 тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталгаажуулан олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2. Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын сонгон шалгаруулалтад орж шалгарсан “*******” ХХК-д Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Алаг толгой” нэртэй газарт орших 1421.89 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал хайхыг зөвшөөрч XV-021190 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2021 оны 12 сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд олгосон байх ба уг тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад хугацааг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгасан байна.

3. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутаг “Алаг толгой” нэртэй газарт байрлах XV-021190 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 22/11 тоот албан бичгээр хандахад, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 22/26 тоот албан бичгүүдийг хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад хүргүүлсэн боловч 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн СШ-28-1 дугаартай сонгон шалгаруулалтыг зарлахдаа сум орон нутгаас огт санал аваагүй хууль зөрчсөн гэж үзэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан тул нэхэмжлэгчээс шүүхэд хандаж уг төлөвлөгөөг батлахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, уг төлөвлөгөөг батлахыг сумын Засаг даргад даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ. 

4. Хариуцагч Зүүнбаян-Улаан сумын Засаг даргаас нэхэмжлэгч компанийн 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа үндэслэлээ “Тус сумын Дэвшил 6 дугаар багт байх “Дөлгөөн” хайрхан нь ... дагуул 8 хайрхантай ба 1800-аад оноос нутгийн зон олон шүтэж ирсэн. “Дөлгөөн” хайрхны бэлд байх “Алаг толгой” гэх нэртэй байгалийн унаган төрхөө хадгалсан түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдолтой газар гэж үзэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн XV-021190 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Алаг толгой” хэмээх тусгай хамгаалалтад авсан байгалийн цогцолбор газарт олгосон байна. Ийнхүү тусгай зөвшөөрөл олгохдоо манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга, иргэдийн саналыг аваагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2019 оны А/28 тоот тушаалаар баталсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журам”-ын 2.2, Усны тухай хуулийн 17.2 гэх зэрэг хуулийг зөрчсөн” гэж тайлбарлан маргаж байна.

5. Анх нэхэмжлэгчээс дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын 2020 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу баталгаажуулж олгохыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байсныг Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 121/ШШ2021/0006 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар “Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын “*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын 2020 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад “*******” ХХК-ийн 2020 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахыг даалгаж” шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 518 дугаартай магадлалын ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтаар “Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын “*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын 2020 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад “*******” ХХК-ийн 2020 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 14/05 дугаартай тогтоолтой давхцалгүй хэсгээр батлахыг даалгасугай” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн, 

Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг  хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

6. Гэтэл тус сумын Засаг даргаас 2020 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахаас татгалзсантай адил үндэслэлээр буюу “2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн СШ-28-1 дугаартай сонгон шалгаруулалтыг зарлахдаа сум орон нутгаас огт санал аваагүй”, тусгай хамгаалалтад авсан байгалийн цогцолборт газартай давхацсан, усны тухай хууль бусад хууль зөрчсөн гэж маргаж тус компанийн 2022 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

7. Учир нь” Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10/4253 дугаар албан бичгээр “Танай компанийн эзэмшиж буй Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Алаг толгой” нэртэй газарт байрлах ашигт малтмалын хүчин төгөлдөр хайгуулын XV-021190 дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Геологи, уул уурхайн кадастрын бүртгэлд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар шүүж үзэхэд улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаагүй байна” гэсэн албан бичгээс үзвэл сумыг тусгай хамгаалалтад авсан газартай давхцаагүй болох нь тогтоогдож байна.

8. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн38.1-д “Хайгуулынтусгайзөвшөөрөлэзэмшигчньбайгальорчныгхамгаалахталаардараахьүүрэгхүлээнэ”, 38.1.2-д “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах”, 38.1.5-т “хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх”, 38.1.6-д “энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж зааснаар сумын Засаг дарга нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шинэчлэн боловсруулж ирүүлсэн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд хянаж, батлах үүрэгтэй байна.

9. Гэтэл хариуцагчаас 2022 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г дээр дурдсан үндэслэлээр батлахгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна. Тодруулбал, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн СШ-28-1 дугаартай сонгон шалгаруулалтыг зарлахдаа сум орон нутгаас санал аваагүй гэх үндэслэлээр тус компанийн 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болжээ.

10. Хариуцагч Зүүнбаян-Улаан сумын Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын н-д “нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих”, 38 дугаар зүйлийн 38.3-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.8-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна” гэж зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж, биелүүлээгүй бол дээрх хуульд дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхтэй боловч нэхэмжлэгчийн 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн санал хүсэлтийг хүлээн авсан атлаа батлахаас татгалзсан үндэслэл нь хуульд нийцээгүй байна.

Хариуцагч талын хувьд тодорхой төслийг хэрэгжүүлэхэд байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл, сөрөг үр дагаврыг бууруулах, арилгах, авах арга хэмжээг тодорхойлох зорилго бүхий хайгуулын тусгай зөвшөөрөлд холбогдох байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу батлах үүрэгтэй бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.2, 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар сумын захиргааны байгууллагаас харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох,тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй бол энэ талаарх саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргаж дүгнэлт гаргуулах эрхийг хэрэгжүүлэхээр байна.

Иймд нэхэмжлэгчийн 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлахыг хариуцагч Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

12.“Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол болох 1,156,850 төгрөгийг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн энэхүү хохиролтой холбоотой шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцсон ба хариуцагчийн зүгээс уг хохирол гэх 1,156,850 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж хуульчлан заасан байна.

13. Тодруулбал нэхэмжлэгч нь захиргааны үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж болох хэдий боловч хохирлын хэмжээний талаар маргаан гарсан тохиолдолд уг хохирлын маргааныг иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хуулийн зохицуулалт үйлчилж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь захиргааны үйл ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасантай хариуцагч маргаагүй, нөхөн төлүүлэх хохирлын хэмжээний талаар маргаан байхгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх хохирол нөхөн төлбөрийг шийдэж болно. Энэ хэргийн тухайд нэхэмжлэгчийн өөрт учирсан хохирол гэж үзэж нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй төлбөрийн хэмжээний талаар маргаантай байдал тогтоогдож байна. Иймд 1,156,850төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлээ харьяалах иргэний хэргийн шүүхэд хандаж гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар нэхэмжлэгчийн “үүссэн хохирол 1,156,850 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв. 

15. Хариуцагч Засаг даргын зүгээс хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон болон олгох үйл явц нь хууль бус байсан гэсэн утга агуулгатай буюу сум орон нутгаас нь саналыг нь авалгүйгээр тусгай зөвшөөрлийг олгосон, аймгийн Засаг даргад санал авахаар ирүүлсэн гэх албан бичигт хавсаргаж ирүүлсэн СD дээрх мэдээлэлд тусгай зөвшөөрөл олгосон газар болох манай сумын Дэвшил баг Дөлгөөн хайрхан Алаг толгой орчмын газрын мэдээлэл байгаагүй гэж маргаж байна.

16. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу зөвхөн нэхэмжлэлийн агуулгад хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргах үүрэгтэй.

Нэхэмжлэгчээс дээр дурдсан 2 шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлснийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн бөгөөд өөр бусад асуудлаар дүгнэлт өгч шийдвэрлэх боломж хуулиар олгогдоогүй болно.

17. Хэрэв хариуцагч сумын Засаг дарга “*******” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол тусгай зөвшөөрөл олгосон байгууллагатай, Засаг даргад хүргүүлсэн мэдэгдлийг зөвшөөрөхгүй гэж  маргаж байгаа бол мэдэгдэл хүргүүлсэн байгууллагатай, орон нутгаас санал аваагүй гэж үзэж байгаа бол Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтын дагуу орон нутгаас санал аваагүй аймгийн Засаг даргатай маргах эрх нь нээлттэй байна. Тэдгээр байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, санал хүсэлтээ гаргаж маргаж буй асуудлаа тавьж шийдвэрлүүлэх, тэдгээрийн хариуг авах хуулийн бүрэн боломжтой байна.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107.7, 109.2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын “*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайд хийх хайгуулын ажлын 2022 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргад “*******” ХХК-ийн 2022 оны “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлахыг даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн “үүссэн хохирол 1,156,850 /нэг сая нэг зуун тавин зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах” нэхэмжлэлд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                      

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.НЭРГҮЙ