Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/128

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,  

Улсын яллагч О.Батнасан,

Шүүгдэгч Э.Х,       

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,             

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Э-ийн Хо-д холбогдох 2528001160160 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.               

Биеийн байцаалт:    

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг ... тоотод гэртээ тодорхой шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Б-ы үснээс нь зулгааж, баруун гарын бугуй хэсгээс хазсан,

мөн 2025 оны 02 дугаар сард тухайн хаягт байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Б-ыг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсон,

мөн 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гудамжинд явж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр Ц.Б-ы нуруу хэсэгт гараараа цохих, гараараа хоолойг нь боож, үснээс нь зулгааж бие эрх чөлөөнд нь халдаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.                       

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.Х-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч Э.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатад өгсөн мэдүүлэг үнэн нэмж ярих зүйл байхгүй гэв.   

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 19 цагийн үед ажлаа тараад явж байхад миний утас руу залгаад хаана байна гэж Х залгасан. Тэгэхээр нь би Хүрмэн дэлгүүр дээр байна гэж Хо-д хэлсэн. Тэгээд Х Хүрмэн дэлгүүр дээр согтуу архи уучихсан ирсэн. Би нөхрийг гэртээ харьяа гэж хэлээд цуг гэр рүү явж байтал Х гэнэт зангидсан гараараа миний нурууны ар тал руу цохиж авсан. Би Х-ыг яаж байгаа юм бэ гэж асуутал Х юм дуугарахгүй байсан. Тэгээд намайг зодох гээд байхаар нь хажуу талд байсан ажиллахгүй байгаа халуун усны хашаа руу гүйгээд орсон. Тэгсэн Х миний хойноос халуун усны хашаанд орж ирээд хоёр гараараа хоолойноос боож газар унагаад толгойтой үснээс зулгааж газар толгой дээрээс дараад байсан. Би Х-той ноцолдож салаад Ш ах руу залгасан, ахыг ирэхэд үед Х гараараа намайг заамдаж аваад зогсож байснаа тавьсан. Тэгээд ах бид хоёр гэрт орж ирэхэд араас орж ирээд намайг гэрээс зайл гичий минь би гэрээ аваад явлаа гэж хэлээд дахин зодох гээд байсан. 2024 оны 12 дугаар сарын дундуур согтуу гэрт орой 19-20 цагийн хооронд орж ирээд гараараа миний толгойтой үснээс зулгаагаад баруун гарын бугуй хэсгээс хазаж авчихаад тавихгүй байсан. 2025 оны 02 дугаар сарын дундуур гаднаас согтуу орж ирээд гэрийн зүүн талд суусан. Тэгээд би хажууд нь ойрхон сууж байтал гэнэт гараараа миний нүүрэн тус газарт цохиж авсан дахиад зодох гээд байхаар нь би гэрээс зугтаагаад гараад явж байсан. Дараагийн үйлдэл нь 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр болсон асуудал. Би 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэртээ очиж хоноогүй юм. Би тэр өдөр ажлын газрынхаа нэг найзын гэрт очиж хоносон байсан. Тэгээд маргааш өглөө нь шууд найзындаа байж байгаад ажилдаа гараад явчихсан. Би Х-ын хоолойг боосон зүйл байхгүй. 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр намайг халуун усны хашаан дотор хоолой боогоод газар унагахад би Хоос салах гээд нүүрийг нь самардсан асуудал байгаа өөрөөр бол би Хын хоолойг боогоогүй... Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” (хавтаст хэргийн 26-27, 31 дэх тал)

Гэрч Ц.Ш-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2025 оны 03 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед төвд ажилтай явж байхад манай дүү Б миний утас руу залгасан. Ахаа та хүрээд ир манай нөхөр Х намайг зодоод байна гэж хэлсэн. Би тус аймгийн 5 дугаар баг Зүүнсайхан 2 гудамжинд ажиллахаа больсон халуун усны гадаа Б-ыг Х заамдаад зогсож байсан. Би Х-оос Б-ыг салгаж аваад гэрт нь хүргэж өгсөн. Х цаашаа яваад өгсөн. Төд удалгүй Х хойноос хүрээд ирсэн. Х гэртээ ороод Б-ыг ална гээд зодох гээд байсан. Манай дүү Б манай хашаанд цуг амьдардаг. Би байнга Цогтцэций сум аймаг хоёрын хооронд хүн тээвэрт явдаг. 2024 оны 12 дугаар сарын эхээр намайг ажлаасаа ирэхэд Б-ы зүүн талын нүд хөхөрчихсөн байж байсан. 2025 оны 02 дугаар сарын эхээр Б-ы хөл хөхөрсөн байсан. Энэ талаараа өөрөө надад хэлээгүй, хүүхдээс л би сонсон. Харин өнөөдөр Х-ыг зодоод гэж надад утсаар хэлсэн. Х өнөөдөр манай дүү Б-ыг хоёр гараараа хоолойноос нь боож авсан хоолой нь улайсан байсан.” (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 117 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Б-ы биед гэмтэл тогтоогдсонгүй.” (хавтаст хэргийн 44-45 дахь тал)

Эрх бүхий албан тушаалтны согтуурсан хүнийг саатуулсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал)

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дахь тал)

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 77 дахь тал)

Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 47 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 79-80 дахь тал)

Прокурорын 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” 47 дугаартай санал (хавтаст хэргийн 81-82 дахь тал)   

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Э.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сард Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг ... тоотод гэртээ тодорхой шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Б-ы үснээс нь зулгааж, баруун гарын бугуй хэсгээс хазсан,

мөн 2025 оны 02 дугаар сард тухайн хаягт байх гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Ц.Б-ыг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь гараараа цохиж зодсон,

мөн 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт гудамжинд явж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр Ц.Б-ы нуруу хэсэгт гараараа цохих, гараараа хоолойг нь боож, үснээс нь зулгааж бие эрх чөлөөнд нь халдаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон нөхцөл байдал тогтоогдож байна.   

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хо-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27, 31 дэх тал), гэрч Ц.Ш-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 117 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 44-45 дахь тал), эрх бүхий албан тушаалтны согтуурсан хүнийг саатуулсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 16 дахь тал), аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.    

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

Шүүгдэгч Э.Х, хохирогч Ц.Б нар нь 2024 оноос хойш хамт амьдарч дундаасаа 1 хүүхэдтэй болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй байна.     

Энэхүү зүйлд заасан байнга зодсон гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод 3 ба түүнээс дээш удаа халдсан байхыг ойлгох бөгөөд ингэхдээ хохирогчийн бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэрээр илэрч болдог байна. шүүгдэгч Э.Х нь хамтран амьдрагч Ц.Б-ыг 2024 оны 12 дугаар сард, 2025 оны 02 дугаар сард, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, нийт 3 удаагийн үйлдлээр буюу байнга Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг ... тоотод гэртээ, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үснээс нь зулгааж, баруун гарын бугуй хэсгээс хазах, нүүрэн тус газарт нь гараараа цохих, нуруу хэсэгт гараараа цохих, гараараа хоолойг нь боож, үснээс нь зулгаах зэргээр зодсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Э.Х нь хохирогчийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, дээрх байдлаар хохирогчийн эсрэг тухай бүр хүч хэрэглэж зодсон үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлсэн байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “байнга зодсон” гэсэн гэмт хэргийн шинжээр үйлдэгдсэн гэж дүгнэхээр байна.     

Шүүгдэгч Э.Х нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ. 

Иймд Э.Х-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.  

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” (хавтаст хэргийн 31 дэх тал) гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.        

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.         

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Э.Хо-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн тул дээрх ялын саналыг батлуулах саналтай байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн хувьд хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ялыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг тус тус гаргав.            

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.         

Шүүх шүүгдэгч Э.Х-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Э.Ход хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй байна.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Хо-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь тэнсэгдсэн 8 (найм) сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний  нэхэмжлэгч Ц.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

ийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Хо-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.                   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон       

ТОГТООХ нь:       

1. Шүүгдэгч М овгийн Э-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Э.Хо-д хорих ял оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнссүгэй.                                                                   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Хо-д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.            

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х нь тэнсэгдсэн 8 (найм) сарын хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгчид хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.           

5. Шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний  нэхэмжлэгч Ц.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор талууд, оролцогч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Хо-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    

                                                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ВОЛОДЯ