Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 104/ШШ2019/00442

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Партизаны 2 гудамж, Янгир зоогийн газрын байранд байрлах Бумбан толгой ХЗХ /РД:5879477/-ийн

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 31 байр, 70 тоотод оршин суух Тавнанууд Сандагийн Зориг /РД:ЧП63060311/,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 31 байр, 70 тоотод оршин суух Дашийн Даш /РД:УС63043031/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.532.270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантөмөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэхэмжлэгч Бумбан толгой ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Зориг, хамтран үүрэг хүлээгч Д.Алтангэрэл нар нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах чиглэлээр сарын 1.2 хувийн хүүтэй олгодог зээлээс 2.000.000 төгрөгийг 10 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд 18-58 НАА улсын дугаартай суудлын автомшиныг өгсөн. Зээл авснаас хойш 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 224.800 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 220.880 төгрөг нийт 445.680 төгрөг төлсөн. Үүнээс хойш 3 жил 5 сар 1.688.160 төгрөгийг төлөхгүй хугацаа хэтрүүлж байгаа тул гэрээнд заасны дагуу 844.080 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү бодож 2.532.270 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмаржав шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Зориг, Д.Алтангэрэл нар нь 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр авсан зээлээ төлөөгүй. Хөгжлийн бэрхшээлтэй байдлыг нь харгалзан 532.270 төгрөгийг багасгаж 2.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Шүүх хуралдаан түрүүнд нь нэг хойшилсон, мөн л шүүхэд шалтаг хэлээд ирэхгүй хугацаа авч байгаа тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлүүлнэ гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Бумбан толгой ХЗХ нь хариуцагч С.Зориг, Д.Алтангэрэл нараас 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 2.532.270 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2.000.000 төгрөг гаргуулахыг шаардсан. Тэрээр 2.000.000 төгрөгийг үндсэн зээл 1.600.000 төгрөг, хүүнд 88.160 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 311.840 төгрөг гэж тодорхойлсон.

 

Бумбан толгой ХЗХ-ны хариуцагч С.Зориг, Д.Алтангэрэл нараас зээлийн гэрээний үүрэг шаардах эрх зүйн үндэслэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт байна.

 

Хариуцагч С.Зориг, Алтангэрэл нарт шүүхээс нэхэмжлэлийн хувийг 2019 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд гардуулсан ба хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан хугацааны дотор ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.-т зааснаар хариуцагч талыг хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож болох учраас шүүх энэ хуулийн 71.1.-д заасан хугацаа дуусахтай холбогдуулан шүүх хуралдааныг товлон зарлаж хариуцагч нарт энэ тухай мэдэгдсэн.

 

Гэтэл хариуцагч С.Зориг, Д.Алтангэрэл нар нь шүүхийн удаа дараагийн дуудлагад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй зэрэг шалтгааны улмаас шүүх энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т заасан Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3.-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэснийг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч нарын эзгүйд хянан хэлэлцэв.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, бусад баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ байгуулагдсан байна. Уг гэрээнд зааснаар зээлдэгч тал зээлдүүлэгчид сарын 1.2 хувийн хүү төлөх, зээлийн 10 сарын хугацаанд хуваарийн дагуу сар бүрийн 20-ны өдөр төлж байх үүрэг хүлээсэн байна. Гэрээний хугацаанд зээлдэгч нар 2 удаа нийт 445.680 төгрөг төлсөн байна. Үүнийг нэхэмжлэгч зээлийн төлөлтөөс хасч тооцон үндсэн зээлийн үлдэгдэл 1.600.000 төгрөг, хүү 88.160 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байна. Харин гэрээний 1.4-т заасан нэмэгдүүлсэн хүү 311.840 төгрөг шаардсаныг шүүх багасгаж 156.546 төгрөг болгох үндэслэлтэй гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүнд илүү тооцсон 155.294 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1.844.706 төгрөгийг хариуцагч С.Зориг, Д.Алтангэрэл нараас гаргуулж нэхэмжлэгч Бумбан толгой ХЗХ-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч С.Зориг, Д.Алтангэрэл нараас 1.844.706 /нэг сая найман зуун дөчин дөрвөн мянга долоон зуун зургаа/ төгрөгийг гаргуулж Бумбан толгой ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 155.294 /нэг зуун тавин таван мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Бумбан толгой ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55.467 /тавин таван мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Зориг, Д.Алтангэрэл нараас улсын тэмдэгтийн хураамжид 44.465 /дөчин дөрвөн мянга дөрвөн зуун жаран тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бумбан толгой ХЗХ-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5.Шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагч С.Зориг, Д.Алтангэрэл нарт шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5.-д заасан журмын дагуу гардуулахыг шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ