Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон,

Улсын яллагчаар ахлах прокурор Б.Түвшинтөр,

Хохирогч ********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шүүгдэгч ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Түвшинтөрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** холбогдох ******** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ********.

Холбогдсон хэргийн талаар: ******** нь 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** сумын ******** багийн нутагт өөрийнх нь малтай нийлсэн ********, ******** нарын малаас ******** 8 хонь, 2 ямааг, ******** 3 хонь, ******** 1 хонь, нийт 14 бог буюу олон тооны малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ******** 2,750,000 төгрөг, ******** 750,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал, бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч ******** шүүх хэлэлцүүлэгт өгсөн “...Мэдүүлэг өгмөөргүй байна... Маргааш нь буюу 12-ны өглөө мэдсэн” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. Хохирогч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...07 дугаар сарын 11-ны орой наадам болж байхад мал нийлсэн байсныг мэдсэн. Маргааш өглөө манай хотонд 2 ишиг байхаар нь айлын малтай нийлчихсэн байна гэж бодоод хайж явж байгаад энэ хүний хотноос олж авсан. Тэгээд ялгаад авах гэтэл ялгуулаагүй. Хээр талд гарч ялгах гээд хойд толгой дээр нь гарахад 3 хонь хүлээтэй байсан. Тухайн 3 хонийг цагдаа дуудаж үзүүлээд хүлээсийг нь тайлаад малаа ялгаж аваад явсан... Манайх зун болохоор морь барианы цаад талын худаг дээр зусдаг юм. ******** хогийн толгойн ойролцоо нутагладаг. Бид бие биеэ сайн танихгүй... Нийлж байгаагүй... Орой нь 2 айлын ишиг нийлчихсэн байхаар нь айлын малтай нийлсэн байна гэж бодоод маргааш нь нөхөртэйгөө хамт айлуудын малаар шүүгээд энэ хүний хотонд очиход 70-80 мал байж байсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд/хавтаст хэргийн 5-9-р хуудас/,

4. Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “2024 оны 07 дугаар сарын 11-ний орой ямаагаа саагаад ишгээ нийлүүлэх үед манай ишгэнд өөр имтэй хоёр ишиг байсан юм. Тухайн үедээ өөрийнхөө малыг айлын малтай нийлсэн байна гэж бодоод маргааш өглөө нь босоод манай нөхөр ********, хүү ******** нар нь айлуудын малаар орж малаа шүүхээр явсан юм. Манай нөхөр, хүү хоёр 10 цагийн үед буцаж ирээд хогийн толгойн доогуур хойд талд байх ******** гэх айлын малтай манай мал нийлсэн байна. Малаа ялгаад авах гэсэн чинь: Малаа хээрээр ялгаж ав. Манайх урагшаа малаа туугаад гаръя. Танайх урдаас малаа туугаад гараад ир гэж хэллээ гэж хэлсэн. Би тэгээд нөхөр хоёр хүүхдүүдийн гэрээсээ гараад замдаа мал дээрээ бага хүүгээ үлдээгээд бид гурав хойшоогоо гараад малаа ялгаж байя гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр ******** нь: Манай мал нийлсэн айлын хүн их сэжиг бүхий байна. Гайгүй байгаа даа гэж хэлсэн. Тэгэхээр нь би: яав л гэж дээ гэж хэлсэн. Нөгөө айлын малыг хүүхэд нь туучихсан гараад ирсэн. Би сүлжээн дээр гарч охинтойгоо утсаар ярья гэж бодоод хойд талынхаа овоотой толгой дээр гарсан. Тэр овоотой толгой дээр машинтайгаа гараад ирсэн чинь доод талын судагт малын толгой хөдлөх шиг болохоор нь би нөхөртөө: Энэ доор мал бариад хүлчихсэн байна шүү дээ гэж хэлсэн чинь манай нөхөр: Хог хог, хогийн уут л байгаа биз гэж хэлсэн. Би хүү ******** айлын мал руу очоод малаа ялгаж бай. Аав, ээж хоёр нь доошоо очиж үзчихээд араас чинь яваад очьё гэж хэлсэн. Тэгээд машинтайгаа яваад очсон чинь хамгийн түрүүнд манай харлаг хонийг хүлчихсэн байсан, түүний хажуу талд улаан толгойтой хонийг хүлчихсэн байсан. Тэр газрынхаа хойд талын дэн дээр гараад ирэхэд арын судагт нь дахиад шар халзан хонийг бас хүлчихсэн байсан. Би тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Харлаг хонь нь манай өөрийн хонь бөгөөд хондлой хэсгээрээ хөндлөн улаан будагтай, зөв талын чихэн дээрээ шоргоолжин имтэй эр хонь байгаа юм. Харин улаан толгойтой хонь нь айлын тавиул мал бөгөөд хоёр чих нь чихний үзүүр хэсгээсээ цуулбар имтэй, зүүн чихэндээ цэнхэр даавуу сүвлэсэн улаан толгойтой, сэрвээ болон хондлой хэсгээрээ хөндлөн улаан будагтай эр хонь байсан. Шар халзан, зөв талын чих нь цуулбар имтэй, сүүлийн уг хэсэгт улаан будагтай хонь байсан. Дээрх гурван хонийг хээр бариад хүлчихсэн байсан.” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 25-26-р хуудас/

5. Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд манай мал байдаг айлын хүн болох ******** нь утсаар яриад: Жалганд 3 мал хүлчихсэн байна. Нэг мал нь танай мал байна. Танайх ирж малаа бүртгэмээр байна гэж хэлсэн. Би хүүхдүүдийнхээ хамт мал байдаг айл дээрээ очиж малаа бүртгэсэн юм. Тухайн айлд манай хонь ямаа нийлсэн 200 орчим бог мал байдаг юм. Тэгээд малаа бүртгээд үзэхэд манай ямаа бүрэн байсан. Харин нийт 63 хонь байхаас 2 хонь дутсан юм. Мухар харлаг эр нийлсэн бүдүүн хонь, эвэртэй цанхир эр соёолон хонь нийт хоёр хонь дутсан. 2024 оны 07 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Манайх хонио ноосолж, хониндоо тэмдэг тавьсан юм. Манайх хониндоо сүүлний гол хэсэгт улаан будгаар тэмдэг тавьсан, мөн зөв талын чихэндээ ганзага имтэй. Харин ямааныхаа эврэнд дээд талыг нь улаан будгаар, доод талыг нь ногоон будгаар будаж тэмдэг тавьсан. Ямааны зөв талын чихэнд ганзага им болон хойноосоо сам им байгаа...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 31-р хуудас/

6. Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “ 2024 оны 07 дугаар сарын 11-ний орой аймгийн баяр наадмаас гэртээ ирээд ямаагаа саахад манай малд айлын танихгүй хоёр ишиг ирсэн байсан. Манай мал айлын хоньтой нийлсэн юм байлгүй гэж бодоод хоносон. Маргааш өглөө нь эрт босоод хойд талын ******** гэх айлын малд очиход манай мал байхгүй байсан, тэр айлаасаа шууд хогийн толгойн хойд талд байх айлд очсон. Тэгэхэд тэр айлын малд манай өөрийн мал нийлчихсэн байсан. Би тэгээд тэр айлын малаас малаа ялгаж авах гэсэн чинь тэнд ямаа сааж байсан хоёр эмэгтэй: Бид хоёр ямаагаа саагаад аймаг явах гэж байна. Өдөр малаа ялгаад авчих гэж хэлсэн. Би тэгээд малаа ялгаж авна гэж хэлэхэд ******** гэх хүн: хээрээр малаа ялгаад авчихъя. Танайх малаа туугаад ир гэж хэлсэн. Би гэртээ очоод эхнэр хүүхдүүдээ аваад буцаад явсан. Би нэг хүүхдээ мал дээрээ буулгаад, Ханангийн ар дээр малаа туугаад оч гэж хэлсэн. Тэгээд Ханангийн ар талд дээр яваад очиход ******** гэх хүн нь өөрөө байхгүй. Хүүхдээрээ малаа туулгаад ирчихсэн байсан. Бид гурав утсаар ярих гээд арын өндөр дээр гарахад зүүн талын хонхорт хоёр хонь байсан. Хамт явсан хүүхдээ хонио ялгаж бай гэж хэлчихээд нөгөө хонь дээр яваад очиход манай 3 хонины хөлийг нь хүлчихсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд ******** гэх хүнээс: Яагаад манай малыг хээр хүлчихсэн байгаа юм бэ гэхэд: Танай мал тасарч, айлын мал руу явах гээд байхаар нь бариад хүлчихсэн юм гэж хэлсэн. Харлаг хонь нь манай өөрийн хонь бөгөөд хондлой хэсгээрээ хөндлөн улаан будагтай, зөв талын чихэндээ шоргоолжин имтэй эр хонь. Харин улаан толгойтой хонь нь айлын тавиул мал бөгөөд хоёр чих нь чихний үзүүр хэсгээсээ цуулбар имтэй, зүүн чихэндээ цэнхэр даавуу сүвлэсэн улаан толгойтой, сэрвээ болон хондлой хэсгээрээ хөндлөн улаан будагтай эр хонь байсан. Нөгөө хонь шар халзан, зөв талын чих нь цуулбар имтэй, сүүлийн уг хэсэгт улаан будагтай хонь байсан. 2024 оны 07 дугаар сарын 11-ний өглөө би малаа усалж, наадмын талбайгаар урагшаа малаа гаргаад гэрийнхээ хойд өөд өгсүүлсэн юм. Тухайн үед манай малд хүн яваагүй. Би тэр өдөр ******** гэх хүнтэй таараад манай мал үзэгдэнэ үү гэхэд танай мал гэрийнхээ дээд Ханангийн тэнд байна лээ гэж хэлсэн. Мөн хэд хоногийн өмнө намайг малд явж байхад явган бугуйл цээжиндээ хийчихсэн манай малыг үзсэн үү гээд ирсэн. Би тухайн үед мотоциклтой явж байсан учраас малыг нь хайхаар хамт явсан. Тэгэхэд мал нь гэрийнх нь урд байж байхаар нь би гэрт нь хүргэж өгсөн юм.” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 33-34-р хуудас/

7. Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “********, ******** нарыг багаасаа эхлэн таньдаг юм. Бид нар нэг дор нутагладаг хүмүүс байгаа юм. ******** нь манай аавын дүүгийнх нь төрсөн хүүхэд байгаа юм. ******** бүлүүд болдог юм. Харин ******** нь ******** эхнэр байгаа юм. Манай мал нь ******** 2023 оны 09 сараас хойш одоог хүртэл байгаа юм. 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өглөө 09-10 цагийн хооронд ******** нь манай эхнэр рүү залгаад: Хонь нийлсэн байна, малаа ирж бүртгээрэй гэж хэлсэн байсан. Тэрийг манай эхнэр надад хэлээд би малаа бүртгэхээр ******** рүү явсан юм. Тэнд очоод малаа бүртгэх гэсэн чинь ********: Хээр аваачаад 3 хонь хүлчихсэн байна. Тэр гурван хонины нэг нь танай хонь байсан гэж хэлсэн. Би тэгээд малаа бүртгэхэд манай мал бүрэн байсан. Харин ******** 7 хонь, 2 ямаа, ******** ахын 2 хонь дутаж байна гэж хэлсэн. Манай мал хоёр чих нь цуулбар имтэй, зөв талын чихэндээ цэнхэр даавуутай байдаг ба хонь нь хондлой дээгүүрээ болон сэрвээн дээгүүрээ хөндлөн улаан будагтай, ямаа нь хоёр эврийн дотор талдаа улаан будагтай байдаг юм. ******** хонь, ямаа нийлсэн 70 орчим бог мал байдаг юм. Манайх 2024 оны 07 дугаар сарын эхээр хонио ноосолж, тэмдэг тавихдаа малаа бүртгэсэн юм. Тэгэхэд манай мал бүрэн байсан. Сүүлд нь мөн тоолоход бүрэн байсан юм...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 38-р хуудас/

8. Насанд хүрээгүй гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр аймгийн хурдан морины уралдааныг аавтайгаа үзээд явж байгаад манай мал нийлсэн айлын хүнтэй таараад манай аав: Манай мал хаагуур байна гэж асуухад тэр хүн манай малыг ханангийн хөндийд байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн наадмыг үзэж дуусаад шууд гэртээ очиж манайх саадаг ямаа дотор зүс буруу хоёр ишиг байсан. Би тэгээд тэр хоёр зүс буруу ишиг ирсэн талаараа аавдаа хэлсэн. Би 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр аавтайгаа айлуудын малаар ороход манай мал байхгүй байсан. Тэгээд хогийн толгойн тэнд байдаг айлд очиход манай мал тэр айлын малд байсан. Тэгээд малаа ялгаж авах гэсэн тэр хүн нь дурамжхан байсан. бид нар тэгээд ханангийн хөндийн хойд талын хавтгай дээр очиж малаа ялгаж авахад ойролцоогоор 80 орчим мал нийлсэн байсан ялгаж авсан. Манай малд хоёр айлын мал байдаг юм. Би өөрөө бол хээр хүлсэн байхад нь очиж үзээгүй. Тухайн гурван хонийг машинаас буулгаж байхыг харсан. Би ээж, аавынхаа гэрийнхээ дээд тал руу гаргачихаад наадамд явсан. Манай малыг бол хариулсан хүн байгаагүй. Манайх 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр малаа бүртгэсэн. Тэгэхэд манай мал бүрэн байсан юм. Манай мал зөв талын чихэн дээрээ шоргоолж буюу хоёр талаасаа ухам имтэй, ямаа нь эврийнхээ дотор талдаа улаан будагтай, хонь нь хондлой дээгүүрээ улаан будагтай байдаг юм. Би нөгөө хоёр айлын им тамгыг сайн санахгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 39-р хуудас/

9. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “********” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “...хонь 7, ямаа 2 нийт 9 тооны бог малын нийт бодит үнэ цэнийг 2,750,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэх ТХҮ-921/180 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-48-р хуудас/

10. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “********” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “...2 тооны хонины нийт бодит үнэ цэнийг 750,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэх ТХҮ-921/181 дугаартай шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 55-57-р хуудас/,

11. Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өглөө 09-10 цагийн хооронд ******** нь манай эхнэр рүү залгаад: Хонь нийлсэн байна, малаа ирж бүртгээрэй гэж хэлсэн байсан. Тэрийг манай эхнэр надад хэлээд би малаа бүртгэхээр ******** рүү явсан юм. Тэнд очоод малаа бүртгэх гэсэн чинь ********: Хээр аваачаад 3 хонь хүлчихсэн байна. Тэр гурван хонины нэг нь танай хонь байсан гэж хэлсэн. Би тэгээд малаа бүртгэхэд манай мал бүрэн байсан. Харин ******** 7 хонь, 2 ямаа, ******** ахын 2 хонь дутаж байна гэж хэлсэн. Энэ хэрэгтэй холбоотой санал хүсэлт байхгүй...” зэргийг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.         

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд энэхүү гэмт хэрэг бусдын өмчлөлийн малыг хууль бусаар, хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууцаар авч өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой, шууд санаатай үйлдэгддэг онцлогтой.

“Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж,

“Олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус хуульчлан тайлбарласан. 

Дээрх гэмт хэргийг олон тоон мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хүндрүүлэх шинж тус тус хангагдахаар хуульчилсан бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр илрэн гардаг.

Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бөгөөд харин төсөөтэй буюу Алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулах, захиран зарцуулдагаараа зэргээр ялгагддаг. 

Алдуул мал завших, Мал хулгайлах гэмт хэргийн ялгагдах гол онцлог нь “ “...иргэн нь эзэмшигч, өмчлөгч тодорхойгүй малыг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “..орон нутгийн захиргааны байгууллага буюу цагдаагийн байгууллагаад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байна... ” гэж хуульчилсан бөгөөд дээрх үүргээ биелүүлсний дараагаар тухайн малыг хувьдаа завшиж, нядалж зарсан зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангана.

Харин хуулиар хүлээсэн дээрх үүргээ эс биелүүлж, эзэн нь тодорхойгүй малыг өөрийн өмчлөлийн адил хууль бусаар, шунахайн сэдэлтээр захиран зарцуулж буй үйлдэл нь Мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж ойлгоно.

Шүүгдэгч ******** нь хохирогч ******** мал гэдгийг маргааш нь буюу 12-ны өглөө мэдсэн ялгах гээд ирэх үед нь тэдний мал гэдгийг мэдсэн гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгчийн уг мэдүүлэг хохирогч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Манайх зун болохоор морь барианы цаад талын худаг дээр зусдаг юм. ******** хогийн толгойн ойролцоо нутагладаг. Бид бие биеэ сайн танихгүй... Нийлж байгаагүй... Орой нь 2 айлын ишиг нийлчихсэн байхаар нь айлын малтай нийлсэн байна гэж бодоод маргааш нь нөхөртэйгөө хамт айлуудын малаар шүүгээд энэ хүний хотонд очиход 70-80 мал байж байсан...” гэх мэдүүлгээр бататгагдаж байна.

Ингэснээр шүүгдэгч ******** нь 2024 оны 07 дугаар сарын 11-нд 11 тооны бог малыг нядалж борлуулах үедээ хэний мал болохыг асууж сураглалгүйгээр, эзэн нь тодорхойгүй байхад шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатайгаар бусдад худалдан борлуулж, нядлан зарсан байх бөгөөд уг үйлдэлтэй маргаагүй.

 

          Тухайлбал: Шүүгдэгч ******** нь 2024 оны 07 дугаар сарын 11-ны орой Говь-Алтай аймгийн ******** сумын ******** багт нутаглах өөрийнхөө малтай нийлсэн ******** 8 хонь, 2 ямаа, ******** 3 хонь, ******** 1 хонь, нийт 14 (арван дөрөв) тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж, 2024 оны 07 дугаар сарын 11-ний орой 1 тооны малыг нядалж, 10 тооны малыг амьдаар нь зарсан, 2024 оны 07 дугаар сарын 12-ны өглөө үлдсэн 3 тооны хонийг хээр хүлж орхисон байхдаа баригдсанаар энэ гэмт хэрэг бүрэн төгссөн байна.

   Шүүгдэгч ******** нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний орой Говь-Алтай аймгийн ******** сумын ******** багийн нутаг дэвсгэрт эзэн өмчлөгч нь тодорхойгүй өөрийнх нь малтай нийлсэн 14 тооны бог малыг буюу олон тооны мал хулгайлж, хохирогч ******** 2,750,000 төгрөг, ******** 750,000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэм буруутай болох нь энэхүү үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч ******** шүүх хэлэлцүүлэгт өгсөн “...Мэдүүлэг өгмөөргүй байна... Маргааш нь буюу 12-ны өглөө мэдсэн” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

-Хохирогч ******** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...07 дугаар сарын 11-ны орой наадам болж байхад мал нийлсэн байсныг мэдсэн. Маргааш өглөө манай хотонд 2 ишиг байхаар нь айлын малтай нийлчихсэн байна гэж бодоод хайж явж байгаад энэ хүний хотноос олж авсан. Тэгээд ялгаад авах гэтэл ялгуулаагүй. Хээр талд гарч ялгах гээд хойд толгой дээр нь гарахад 3 хонь хүлээтэй байсан. Тухайн 3 хонийг цагдаа дуудаж үзүүлээд хүлээсийг нь тайлаад малаа ялгаж аваад явсан... Манайх зун болохоор морь барианы цаад талын худаг дээр зусдаг юм. ******** хогийн толгойн ойролцоо нутагладаг. Бид бие биеэ сайн танихгүй... Нийлж байгаагүй... Орой нь 2 айлын ишиг нийлчихсэн байхаар нь айлын малтай нийлсэн байна гэж бодоод маргааш нь нөхөртэйгөө хамт айлуудын малаар шүүгээд энэ хүний хотонд очиход 70-80 мал байж байсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд/хавтаст хэргийн 5-9-р хуудас/,

-Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд манай мал байдаг айлын хүн болох ******** нь утсаар яриад: Жалганд 3 мал хүлчихсэн байна. Нэг мал нь танай мал байна. Танайх ирж малаа бүртгэмээр байна гэж хэлсэн. Би хүүхдүүдийнхээ хамт мал байдаг айл дээрээ очиж малаа бүртгэсэн юм. Тухайн айлд манай хонь ямаа нийлсэн 200 орчим бог мал байдаг юм. Тэгээд малаа бүртгээд үзэхэд манай ямаа бүрэн байсан. Харин нийт 63 хонь байхаас 2 хонь дутсан юм. Мухар харлаг эр нийлсэн бүдүүн хонь, эвэртэй цанхир эр соёолон хонь нийт хоёр хонь дутсан. 2024 оны 07 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Манайх хонио ноосолж, хониндоо тэмдэг тавьсан юм. Манайх хониндоо сүүлний гол хэсэгт улаан будгаар тэмдэг тавьсан, мөн зөв талын чихэндээ ганзага имтэй. Харин ямааныхаа эврэнд дээд талыг нь улаан будгаар, доод талыг нь ногоон будгаар будаж тэмдэг тавьсан. Ямааны зөв талын чихэнд ганзага им болон хойноосоо сам им байгаа...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 31-р хуудас/

Гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 11-ний орой аймгийн баяр наадмаас гэртээ ирээд ямаагаа саахад манай малд айлын танихгүй хоёр ишиг ирсэн байсан. Манай мал айлын хоньтой нийлсэн юм байлгүй гэж бодоод хоносон. Маргааш өглөө нь эрт босоод хойд талын ******** гэх айлын малд очиход манай мал байхгүй байсан, тэр айлаасаа шууд хогийн толгойн хойд талд байх айлд очсон. Тэгэхэд тэр айлын малд манай өөрийн мал нийлчихсэн байсан. Би тэгээд тэр айлын малаас малаа ялгаж авах гэсэн чинь тэнд ямаа сааж байсан хоёр эмэгтэй: Бид хоёр ямаагаа саагаад аймаг явах гэж байна. Өдөр малаа ялгаад авчих гэж хэлсэн. Би тэгээд малаа ялгаж авна гэж хэлэхэд ******** гэх хүн: хээрээр малаа ялгаад авчихъя. Танайх малаа туугаад ир гэж хэлсэн. Би гэртээ очоод эхнэр хүүхдүүдээ аваад буцаад явсан. Би нэг хүүхдээ мал дээрээ буулгаад, Ханангийн ар дээр малаа туугаад оч гэж хэлсэн. Тэгээд Ханангийн ар талд дээр яваад очиход ******** гэх хүн нь өөрөө байхгүй. Хүүхдээрээ малаа туулгаад ирчихсэн байсан. Бид гурав утсаар ярих гээд арын өндөр дээр гарахад зүүн талын хонхорт хоёр хонь байсан. Хамт явсан хүүхдээ хонио ялгаж бай гэж хэлчихээд нөгөө хонь дээр яваад очиход манай 3 хонины хөлийг нь хүлчихсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд ******** гэх хүнээс: Яагаад манай малыг хээр хүлчихсэн байгаа юм бэ гэхэд: Танай мал тасарч, айлын мал руу явах гээд байхаар нь бариад хүлчихсэн юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 33-34-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч ******** мөрдөн шалгах ажиллагаанд 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...2024 оны 07 дугаар сарын 11-ний орой наадмын дараа манай саадаг ямаа дотор зүс буруу хоёр ишиг байсан. Би тэгээд тэр хоёр зүс буруу ишиг ирсэн талаараа аавдаа хэлсэн. Би 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр аавтайгаа айлуудын малаар ороход манай мал байхгүй байсан. Тэгээд хогийн толгойн тэнд байдаг айлд очиход манай мал тэр айлын малд байсан... Манайх 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр малаа бүртгэсэн. Тэгэхэд манай мал бүрэн байсан юм. Манай мал зөв талын чихэн дээрээ шоргоолж буюу хоёр талаасаа ухам имтэй, ямаа нь эврийнхээ дотор талдаа улаан будагтай, хонь нь хондлой дээгүүрээ улаан будагтай байдаг юм. Би нөгөө хоёр айлын им тамгыг сайн санахгүй...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 39-р хуудас/

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “********” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “...хонь 7, ямаа 2 нийт 9 тооны бог малын нийт бодит үнэ цэнийг 2,750,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэх ТХҮ-921/180 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-48-р хуудас/

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “********” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “...2 тооны хонины нийт бодит үнэ цэнийг 750,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэх ТХҮ-921/181 дугаартай шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 55-57-р хуудас/,

Хохирогч ******** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр өглөө 09-10 цагийн хооронд ******** нь манай эхнэр рүү залгаад: Хонь нийлсэн байна, малаа ирж бүртгээрэй гэж хэлсэн байсан. Тэрийг манай эхнэр надад хэлээд би малаа бүртгэхээр ******** рүү явсан юм. Тэнд очоод малаа бүртгэх гэсэн чинь ********: Хээр аваачаад 3 хонь хүлчихсэн байна. Тэр гурван хонины нэг нь танай хонь байсан гэж хэлсэн. Би тэгээд малаа бүртгэхэд манай мал бүрэн байсан. Харин ******** 7 хонь, 2 ямаа, ******** ахын 2 хонь дутаж байна гэж хэлсэн. Энэ хэрэгтэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.   

Тиймээс шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын олон тооны “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирлын талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч ******** 2,750,000 төгрөг, ******** 750,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “********” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “...хонь 7, ямаа 2 нийт 9 тооны бог малын нийт бодит үнэ цэнийг 2,750,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэх ТХҮ-921/180 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-48-р хуудас/,

          -Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “********” ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “...2 тооны хонины нийт бодит үнэ цэнийг 750,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэх ТХҮ-921/181 дугаартай шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 55-57-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс уг хохирлыг нөхөн төлж барагдуулаагүй байна.

          Иймд шүүгдэгч ******** 2,750,000 (Хоёр сая долоон зуун тавь мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ********, 750,000 (долоон зуун тавь мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ******** тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар:

     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасны дагуу шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан Бусдын олон тооны Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ******** 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хорих ялыг доод хэмжээгээр оногдуулах саналыг тус тус гаргаж оролцсон бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус  тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч ******** үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2(Хоёр) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******** цагдан хоригдсон 95 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

  1. Бусад асуудлын талаар:

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын олон тооны Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2(Хоёр) жил, 4(дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 2(Хоёр) жил, 4(дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** цагдан хоригдсон 95 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******** 2,750,000 (Хоёр сая долоон зуун тавь мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Говь-Алтай аймгийн ******** сумын ******** багт оршин суух РД: ******** ********, 750,000 (долоон зуун тавь мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Говь-Алтай аймгий ******** сумын ******** багийн ******** тоотод оршин суух РД: ********, ******** тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ОДБАЯР