Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/188

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                    

         Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

         Нарийн бичгийн дарга Э.Н,

         Улсын яллагч хяналтын прокурор Ц.Ц,

      Шүүгдэгч Х.М, түүний өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.М-Д холбогдох эрүүгийн 2519000210190 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сум, 07 дугаар баг, ,,,,,, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

          урьд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн, хэрэг хариуцах чадвартай, Ц овгийн Х овогт шүүгдэгч М (РД:,,,,,,),

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Х.М нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн дүү болох Х.О-ай үл ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг модоор цохиж эрүүл мэндэд нь баруун шуу ясны цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.М нь 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрийн дүү болох Х.О-тай үлд ялих зүйлийн улмаас маргалдан улмаар түүнийг модоор цохиж эрүүл мэндэд нь баруун шуу ясны цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад  “…2024 оны 12 дугаар сарын 16-н өдөр.... ах М ..... мод аваад над руу дайраад миний баруун гар руу цохисон...эмчилгээний зардалд 350.000 төгрөг бэлнээр өгсөн… гомдол санал байхгүй гэх…” мэдүүлэг гэх мэдүүлэг (хх-ийн 06 дугаар хуудас), Сэжигтэн Х.М-ийн “.... миний буруутай үйл ажиллагааны улмаас төрсөн дүү О-ын гар хугарсан байсан. Би дүү О-ын хохирлыг барагдуулж ......350.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9 дүгээр хуудасны тал), Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 35-37 дугаар хуудасны тал), зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш гэм буруутай эсэх талаар хийсэн дүгнэлтдээ: “...үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, гэм буруугийн талаар маргадаггүй. Прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү?...” гэв.

          Шүүгдэгч Х.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Х.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар: Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг Ц овгийн Х овогт шүүгдэгч М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон прокурорын санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Ц овгийн Х овогт шүүгдэгч М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц овгийн Х овогт шүүгдэгч М-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг шүүгдэгч 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

     4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   5.Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус дурдсугай.

       6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ:                   Д.НАРАНЦЭЦЭГ