Шүүх | Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чадраабалын Жаргалан |
Хэргийн индекс | 129/2019/00082/И |
Дугаар | 129/шш2019/00315 |
Огноо | 2019-05-16 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 129/шш2019/00315
129/ШШ2019/00315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц.Б-т холбогдох
15.063.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, прокурор Н.Ц, иргэдийн төлөөлөгч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч НДХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Б- нь Үндэсний төв архивын лавлагааг хуурамчаар бүрдүүлэн нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн даатгалын сангаас 15.063.600 төгрөгийн тэтгэвэр авсан болно. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зэрэг заалтуудыг зөрчсөн нь аймгийн Прокурорын газрын 2019 оны 01-р сарын 07-ны 06 дугаар тогтоолоор нотлогдож байна. Иймд хариуцагч Ц.Б-ын илүү авсан 15.063.600 /арван таван сая жаран гурван мянга зургаан зуун /төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын хэлтсийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад Ц.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П- би дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд Ц.Б- нь Үндэсний Архивын лавлагааг хуурамчаар бүрдүүлээгүй. Үндэсний архивын газар нь иргэд, байгууллагын хүсэлтээр лавлагааг гаргаж үйлчлэх эрх, үүрэгтэй. Балбарын тухайд тус архивын газарт Архивын лавлагааг гаргуулан авах хүсэлт гаргаж байгаагүй, уг газраас ямар баримт материал гаргаж ирүүлсэн, уг лавлагааг хэн гаргуулсан талаар мэдэхгүй, өөрөө Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрж өссөн, ажиллаж байсан, одоогоор тухайн нутагтаа амьдарч байгаа, тус сум орон нутагт ажиллаж амьдарч байсан байдал нь түүнд олгосон регистрийн дугаарын “АД” сериэс харагдана. Гэтэл түүний өөрийн хүсэлт, гаргаж өгсөн баримтгүйгээр өндөр насны тэтгэвэр хөнгөлттэй нөхцлөөр олгосон нь иргэний буруутай үйл ажиллагаа биш, тухайн байгууллага албан тушаалтны буруутай үйлдэл гэж үзэж байна. Нийгмийн даатгалын байгууллага нь өндөр настны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт, материал ирүүлсэн иргэний холбогдох материалыг харъяаллын дагуу хүлээн авч, тухайн материалын үнэн зөв байдлыг шалган тогтоож, түүнд үнэлэлт дүгнэлт өгсний эцэст уг хүсэлтийг шийдвэрлэх эрхтэй. Гэтэл Ц.Б- нь нийгмийн даатгалын байгууллагад өөрөө хүсэлт материал өгч хандаагүй. Тухайн байгууллагын нэхэмжлэлд дурдсанчлан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн болохыг Прокурорын байгууллага тогтоогоогүй. Энэ талаар гэм буруу тооцож, эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Балбар нь хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгон нийгмийн даатгалын сангаас 15 063 600 төгрөг авсан учраас уг мөнгийг Балбараас нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Балбарын нийгмийн даатгалын дэвтрийг сая эх хувиар нь өгсөн. Балбар нийгмийн даатгалын дэвтрээс тооцож үзэхэд Балбар тэтгэвэр тогтоолгосноос хойш 13562800 төгрөг авсан байдаг. Балбар яагаад тэтгэвэр авах болсон, түүний тэтгэвэр авах эрхийг хэн үүсгэж өгсөн бэ? гэдэг асуудлыг ярих ёстой. Балбарын тэтгэвэр авах эрхийг нээж түүнд тэтгэвэр олгож байгаа байгууллага бол Нийгмийн даатгалын байгууллага. Нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр авах эрх тогтоож өгөөгүй байхад хэн нэгэн иргэн банкнаас тэтгэвэр авах боломж нөхцөл үүсэхгүй. Би хүсэлт гаргаж Балбарын өмнө нь авч байсан хөдөлмөрийн чадвар алдалтын хувийн хэргийг авсан. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувийн хэрэгт малчин байх үеийнхээ хөдөлмөрийн дэвтрийг өгч хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэвэр тогтоолгосон. Үүнийг нийгмийн даатгалын байгууллага маш сайн мэдэж байгаа. Үүнийг сүүлд өөрсдөө өөрчилсөн гэж Балбар тайлбарладаг. Гэтэл Балбарын хувийн хэргийг үзэхэд хөдөлмөрийн дэвтэр байхгүй, хөдөлмөрийн чадвар алдалт тогтоосон акт болон хувийн хэрэг л байдаг. Тэтгэвэр тогтоосон баримт байхгүй байхад яагаад тэтгэвэр тогтоосон гэдгийг судалж үзэхэд нийгмийн даатгалын байгууллагаас 9 жил 03 сар ажилласан гэж тэтгэвэр тогтоосон хуудсан дээр бичсэн байдаг. Гэтэл өмнөх тэтгэвэр тогтоосон хувийн хэрэгт хөдөлмөрийн дэвтэр байхгүй байдаг. Өмнө нь авч байсан тэтгэврийг өөрчилж тогтоохдоо тухайн тэтгэвэр тогтоосон байцаагч малчны хөдөлмөрийн дэвтрийг үзээгүй байж сүүлд тэтгэвэр тогтоохдоо Балбарт ямарч хамааралгүй Улаанбаатар хотын нефть хангамжийн баазад тос нэрэгчээр ажилласан гэж тэтгэвэр тогтоосон бэ гэдэг асуудал Нийгмийн даатгалын байгууллагад ярих ёстой. Нийгмийн даатгалын байгууллагын гол үүрэг нь тэтгэвэр тогтоолгох өргөдөл болон хувийн хэргийг хянаж, шалган тэтгэвэр тогтоох ёстой. Гэтэл нийгмийн даатгалын байгууллага энэ үүргээ биелүүлээгүй. Хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон гэм буруутай гэж ярьдаг ч Балбарын гэм буруутайг шүүхээр тогтоогоогүй, түүнийг гэм буруутайг тогтоосон баримт хавтаст хэрэгт байхгүй. Прокурор хэрэг нээхээс татгалзсан баримт хэрэгт авагдсан байгаа. Хэрвээ Балбарыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж түүний гэм буруутайг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдсан бол үүнтэй маргах шаардлага байхгүй. Энэ нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Балбарыг гэм буруутай гэсэн зүйлийг ярьж байна. Тэгвэл нийгмийн даатгалын байгууллага хуурамч бичиг баримт гэдгийг нь шалгаж тогтоогоогүй байж Балбарын тэтгэвэр авах эрхийг нээж өгсөн нь тус байгууллагын хариуцлагагүй асуудал гэдгийг яригдах ёстой учраас бид гэм буруугүйн тухайд маргаж байгаа. Нийгмийн даатгалаас тэтгэвэр тогтоосон учраас Балбар тэтгэвэр авсан болохоос биш өөрийн дураар төрийг хууран мэхэлж тэтгэвэр авсан зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Прокурор Н.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон тухай өргөдлийг Цагдаагийн газарт гаргасан. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар Балбар, Долзодмаа нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлж Балбарыг 1974 оноос 1994 он хүртэлх хугацаанд буюу 20 жил Тээврийн яамны харъяа Нефть хангамжийн байгууллагад тос нэрэгчээр ажилласан мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэр тогтоолгох өргөдөл өгч 2010 оны 07 сараас 2017 оны 04 сар хүртэл 15 063 600 төгрөгийн өндөр настны тэтгэвэр авсан болох нь тогтоогдсон. Хуурамч бичиг баримт бүрдүүлж түүнийгээ ашиглан тэтгэвэр авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүгийн хариуцагчаар татаж болохгүй хугацаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй болон хөөн хэлэлцэх хугацааг тусгаж өгсөн. Гэтэл хуурамч бичиг баримт бүрдүүлж бусдад гэм хохирол учруулсан тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас энэ асуудал хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээхээс татгалзсан. Ц.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон байх бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус прокурорын газрын хяналтын прокурор 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Гэхдээ дээрх хүмүүсийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учирсан гэм хорыг арилгах, төлөх үүрэгтэй учраас хохирсон субъект буюу төр өөрөө хохирсон хохиролоо шаардах иргэний эрх зүйн харилцаа үүсч байна гэж үзэж байна. Балбар нь 2010 онд хуулиар тогтоосон өндөр настны тэтгэвэр авах нас хүрээгүй байсан гэдгээ өөрөө мэдэж байгаа. Тэгсэн хэрнээ сүүлд нь та нар өөрсдөө тэтгэвэр тогтоож өгчихөөд түүнийгээ хариуцах ёстой мэтээр тайлбарлаж байгаа нь зохистой асуудал биш байна. Тийм учраас гэмт хэргийн улмаас төрд учирсан 15.063.600 төгрөгийг хариуцагч Балбараас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Архангай аймгийн НДХ- нь хариуцагч Ц.Б-т холбогдуулан 15.063.600 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1.8-д “тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь ...нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж мөн хуулийн 8 дугаар зүйлд даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана гэж тус тус хуульчилжээ.
Нийгмийн даатгалын байгууллагад хандаж гаргасан иргэн Ц.Б-т өндөр насны тэтгэвэр олгохыг хүссэн өргөдөл /хх-48х/, Тээврийн яамны харъяа Нефть хангамжийн төв баазад 1974 оноос 1994 оныг хүртэл 20 жилийн хугацаанд тос нэрэгчээр ажилласан мэтээр үйлдсэн хуурамч тушаалууд / хх49-50х/ зэрэг баримтанд үндэслэн хариуцагч Ц.Б-т хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоосон /хх-47х/ байна. Үүний дагуу хариуцагч Ц.Б- нь хөнгөлөлттэй нөхцлөөр тогтоосон тэтгэврийг 2010 оны 7 сарын 1-нээс 2017 оны 04 сар хүртэл хугацаанд Нийгмийн даатгалын сангаас авч ашигласнаар Нийгмийн даатгалын санд 15.063.600 төгрөгийн хохирол учирсан болох нь Архангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаартай ”Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол /хх 4 ху/, Цээлхаажав овогтой Балбарт олгосон өндөр насны тэтгэврийн тооцоо / хх-3х/, Цээлхаажав овогтой Балбарын тэтгэврийн хувийн хэрэг /хх 46-53 ху/, Төрийн банкны 2019 оны 05 сарын 13-ны өдрийн 368 дугаартай албан бичиг / хх135х/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 72-74 ху/ /хх 136-138 ху/, Ц.Б-ын 0123552 дугаартай тэтгэврийн дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Нийгмийн даатгалын байгууллагад хандан гаргасан тэтгэвэр тогтоолгох тухай өргөдөлд хариуцагч Ц.Б- гарын үсэг зураагүй, Нийгмийн даатгалын байгууллага хариуцлагагүй хандсаны улмаас тогтоох ёстой тэтгэврийг зохих журмын дагуу тогтоогоогүй, Ц.Б- төрийг хохироогоогүй, тэтгэвэр авах боломж олгосон нийгмийн даатгалын байгууллага өөрөө төрийг хохироосон, 15.063.600 төгрөгийн тэтгэвэр аваагүй, 13.062.800 төгрөгийн тэтгэвэр авснаар тэтгэврийн дэвтэрт бичилттэй, 15.063.600 төгрөгийг Ц.Б- төлөх ёсгүй гэж тайлбарлах боловч хөнгөлөлттэй нөхцлөөр тэтгэвэр тогтоолгохоор бүрдүүлж өгсөн бусад баримтууд болох Ц.Б-ын 0238415 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Ц.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар гэх баримтууд хуурамч гэж тогтоогдоогүй, 15.063.600 төгрөгийн тэтгэвэр аваагүй гэдгээ нотлоогүй бөгөөд хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон тэтгэврийг 2010 оны 7 сарын 1-нээс 2017 оны 04 сар хүртэл хугацаанд хариуцагч Ц.Б- санаатайгаар авч ашиглаж Нийгмийн даатгалын санд 15.063.600 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч Ц.Б-аас нийт 15.063.600 төгрөг гаргуулж Нийгмийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч Ц.Б-аас нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 233.268 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод олгохоор шийдвэрлэв.
Иргэдийн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-т заасны дагуу дүгнэлт гаргахдаа “Нөхөр Балбар нь хүний хууль бус саналыг хүлээн авч хууль бус үйлдэлд оролцож, тэтгэврийн мөнгө авч эхэлсэн нь хувь хүний буцаан мөнгө олгох, нэхэмжлэх тал мөнгөө нэхэх үндэслэл болж байна гэж үзэж байна” гэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Б-аас 15.063.600 /арван таван сая жаран гурван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Архангай аймгийн НДХ-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 233.268 /хоёр зуун гучин гурван мянга хоёр зуун жаран найм/ төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Б.ЦЭРЭНПҮРЭВ